Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 144/ШШ2023/00134

 

 

      2023            06                20                                                           144/ШШ2023/00134                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: *************, *****************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************** холбогдох,

*************-ний өдрийн ************* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч ***************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***************, хариуцагч *********************, хариуцагчийн өмгөөлөгч **************, гэрч *************, *****************, ************, *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч*********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Намайг ********* гэдэг. ********** мэргэжилтэй. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 29 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилд орсон. Анх энэ ажилд тус цэцэрлэгийн эрхлэгч ************** нь надад хамтран ажиллах саналыг тавьснаар хүлээн зөвшөөрч ажилласан. Тус цэцэрлэгт ажиллаад 2 жил гаруйн хугацаанд би бээр ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь ажлын гологдолгүй, чин сэтгэлээсээ үр дүнтэй хийсээр ирсэн.

Гэтэл 2023 оны 02 дугаар сарын сүүлчээр эрхлэгч ************** намайг өрөөндөө дуудаад, та ажлаас гарах хүсэлтээ өг гэсэн. Би гайхаад эхлээд үнэмшээгүй, тэгтэл үнэн яриад байна та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчих гэхээр нь би, юу яриад байгаа юм бэ, би яасан гэж ажлаас халагдах өргөдөл өгдөг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь эрхлэгч өргөдлөө өгөхүй бол би таныг ажлаас халах тушаал гаргана гэж хэлсэн. Ямар үндэслэлээр, яагаад ажлаас халах болсон шалтгааны талаар огт хэлээгүй.

Ингээд **********-ний ************* дугаартай эрхлэгчийн тушаалаар ************ намайг ажлын цагийг баримталдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалдаг 2023 оны 01 дүгээр сард ажлын 4 өдөр, 2023 оны 02 дугаар сард ажлын 5 өдөр чөлөө зөвшөөрөлгүй удаа дараа ажил тасалсан, нягтлан бодогчийн буруугаас байгууллагын 2 албан хаагчийн 12 сарын нутгийн дэм олгогдоогүй, хамт олны ажил, хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, хүний нөөцийн программыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэнэ гэсэн үндсэн дээр сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдлийг авч байсан боловч мэдээллийг 2023 оны 01 сар хүртэл шинэчлэн засварлаагүй зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр миний хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгосонд маш ихээр харамсаж байна.

Ажил олгогчийн зүгээс хэдэн сарын хэдний өдөр, ямар алдаа зөрчил гаргасан, тэрхүү алдаа зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон талаараа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар ...хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах... үүрэгтэй гэж заасныг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т ...ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө... гэж хуульд заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд ***************-ний өдрийн ***************дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.”  гэжээ.

 

2. Нэхэмжлэгч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 03 дугаар сарын 01-ны өглөө ажлаа хийгээд тайлан мэдээгээ гаргаад сууж байсан. ************* дарга утсаар залгаад өрөөнд ороод ир гээд намайг ороод очсон чинь “...ажлаас гарах өргөдлөө өг” гэхээр нь би гайхаад юу болоод өргөдлөө өгөх билээ гэтэл “...ажлаас чинь чөлөөлөх тушаал гаргана” гэсэн. Тэгээд 03 дугаар сарын 01-ны өглөө тушаалаа гаргаад ажлаасаа чөлөөлөгдөөд явсан байгаа. Намайг хэзээ ямар зөрчил гаргасныг урьд өмнө хэлж мэдэгдэж байгаагүй. Гэнэт ажлаас намайг чөлөөллөө гээд халсан байгаа. Тиймээс би өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Намайг 1 дүгээр сард 4 хоног, 2 сард 5 хоног ажил тасалсан гэж тушаал дэр бичигдсэн байгаа боловч цаг ашиглалтын бүртгэл дээр 1 дүгээр сард ажиллавал зохих 22 хоногоос 22 хоногийн цалин бодогдож олгосон. Цагийн бүртгэл дээр ажил таслаагүй гэж оруулж ирсэн. 2 сард ажиллавал зохих 17 хоног байснаас 17 хоног ажилласан гэж оруулж ирсэн байгаа. Хоёрдугаарт хоёр албан хаагчийн 12 сарын нутгийн дэмийг олгоогүй гэж байгаа ч би олгосон. Хүний нөөцийн программ мэдээллийг шинэчилж засварлаагүй гэж байгаа боловч миний ажил албан тушаалын тодорхойлолтод заасан үүрэг даалгавар биш. Тиймээс би үүнийг хийх үүрэг байхгүй. Тэгээд би өнөөдрийг хүртэл 3 сар 13 хоног ажилгүй байсны 3.997.705 төгрөгийг хариуцагч ***************ээс нийгмийн даатгалаа төлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч ************ыг ******************ийн эрхлэгчийн тушаалаар **************-ны өдрийн ********** дугаартай тушаалаар ажлаас нь халсан байна. Ажлаас халсан гэх үндэслэлээ эрхлэгчийн зүгээс дараах үйл баримтыг хэлдэг. 2023 оны 01 дүгээр сарын ажлын 4 өдөр, 2023 оны 02 дугаар сард ажлын 5 өдөр чөлөө зөвшөөрөлгүй удаа дараа тасалсан. Дараагийн үндэслэл нь нягтлан бодогчийн буруугаас байгууллагын хоёр албан хаагчийн 12 дугаар сарын нутгийн дэм олгогдоогүй. Хамт олны ажил сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, хүний нөөцийн программыг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэнэ гэсэн үндсэн дээр сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдэл авч байсан боловч мэдээллийг оруулаагүй зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж тушаал гаргасан байгаа. Хавтаст хэргийн хүрээнд цаг олголтыг байгууллагын зүгээс хоёр нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Нэг нь цаг ашиглалтын бүртгэл буюу Сангийн сайдын 2017 оны 347 дугаартай тушаалын хавсралт гээд НХЦ маягт нэг, үүнд ажлын цаг ашиглалтын бүртгэл гэдгийг байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгч байгаа. Энэ хүрээнд ************** тасалсан гэдэг нь харагддаггүй. Өөрөөр хэлбэл тасалсан, өвчтэй, чөлөөтэй гэсэн тэмдэглэгээ хийгдсэн баримт хэргийн хүрээнд байдаггүй. Энэ баримтын хүрээнд 2 гэсэн маягтыг бүртгэлийн хувьд ***************д хандсаны хүрээнд цалин бодогддог юм байна. Миний үйлчлүүлэгчийн 2023 оны 02 дугаар сарын бүртгэлд ажиллавал зохих 17 хоногоос 17 хоног ажилласан. 136 цаг ажиллахаас 136 цаг ажилласан байна гэдэг байдлаар оруулсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын бүртгэл дээр мөн ажлын 22 хоногоос 22 хоног ажилласан. 176 цаг ажиллахаас 176 цаг ажилласан 100 хувийн ирцтэй байна гэдгийг бүртгэлийг хянасан эрхлэгч *************, тэмдэглэл хөтөлсөн нярав *************гэсэн баримтууд хэргийн хүрээнд авагдсан байгаа нь энэ хүн тухайн цаг үед ажил төрлөө хийж гүйцэтгэж байсан байна гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдож байдаг. Хавтаст хэргийн хүрээнд нягтлан бодогчийн буруугаас 12 дугаар сарын нутгийн дэм олгогдоогүй гэж тушаал дээр бичигдсэн боловч хавтаст хэргийн хүрээнд олгосон, олгогдоогүй гэдэг нотлох баримтыг хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй. Мөн миний үйлчлүүлэгчийг хүний нөөцийн программыг бүртгээгүй гэдэг. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон, ажлын байрны тодорхойлолтод зааснаар миний үйлчлүүлэгч хүний нөөцийн программыг бүртгэх нь ажил үүргийн хуваарьт байхгүй байгаа. Ийм учраас энэ ажлыг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажил олгогчийн зүгээс шаардах эрх нь Хөдөлмөрийн тухай хуульд хориотой байгаа. Иймээс дээрх ***********-ны өдрийн ************дугаартай * эрхлэгчийн ************гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгч өөрөө тайлбартаа давхар хэлж байна. 03 дугаар сарын 01-ны өдөр өрөөндөө ажлын байрандаа байхад нь эрхлэгч дуудаад таныг ажлаас халлаа өргөдлөө өгчих гэж хэлсэн байгаа юм. Тэгээд миний үйлчлүүлэгч юу болоод намайг ажлаасаа гар гэж байгаа юм гэсэн шалтгаанаа асуугаад ирэнгүүт “...өөрөө өргөдлөө өгөхгүй юм бол тушаалаа аваад гар” гэдэг байдлаар тушаалыг нь өгсөн байдаг. Үүнээс тушаалд дурдагдаад байгаа үйл баримтыг *************ийн зүгээс шалгаж тогтоогоогүй. Тухайн өдөр нь мэдэгдэлгүй шууд өрөөндөө дуудаад тушаал гардуулсан байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үйл ажиллагаа хийгээгүй ноцтой зөрчил харагдаж байна гэдэг агуулгаар анхны тайлбараа гаргая. Ингээд ***********-ны өдрөөс ************* өдрийн байдлаар миний үйлчлүүлэгч 03 сар 13 хоног цалингүй байгаа юм байна. Энэхүү тооцооллоо Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралт 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар цалингийн тооцооллыг бодож гаргасан байгаа. Энэхүү тооцооллоор өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч 3.997.705 төгрөгийг ажил олгогч 29 дүгээр цэцэрлэгээс гаргуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт хэргийн хүрээнд авагдаагүй, нотлогдоогүй учраас дээрх зөрчил нь үгүйсгэгдэж байна гэж үзэж анхны тайлбараа гаргаж байна” гэв.

 

4. Хариуцагч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нягтлан ******** нь ажлын цагийг маш их цалгардуулдаг. 03 дугаар сарын 01-ны өглөө ажлын байран дээрээ тайлан тооцоогоо хийж байхад намайг дуудаж уулзсан гэдэг худлаа. Хөдөлмөрийн хуульд ажлын 8 цаг ажиллах ёстой гэж хөдөлмөрийн гэрээ, ажлын цаг, дотоод журамд заагаад өгчихсөн байхад ажлын 8 цагтаа ажилладаггүй. Ажилд ирдэг цаг нь 10 цаг 30 минут, 11 цаг, цайны цаг нь 13 цагаас 14 цагийн хооронд байх ёстой байтал тэр нь 11 гээд ирсэн бол 12 гээд явдаг ч юм уу байгууллагын ажилтан биш юм шиг ажилладаг. Удаа дараа энэ үйлдэл, зөрчлийг гаргасан. Бид ярилцаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ёс зүйн хороогоор хуралдуулж энэ хүнд хурлын гарын үсэгтэй нотлох баримтыг танилцуулж энэ алдаа дутагдлыг засаж, залруулж ажиллая гэхэд үүнийг засаж ажиллаагүй. Цагийн бүртгэлийн тухайд жижүүрийн цагийн бүртгэлд тодорхой бичээстэй байдаг. Чөлөө авсан буюу өвчтэй байсан хүмүүсийг бүртгээд цалинг нь хасдаг. Ажил тасалсан хүнийг асууж сураглаж байж хасдаг. Миний хувьд цалинг нь бүтэн олгосон дээр энэ хүн яриад байна. Ажил тасалснаа мэдэхгүй яваад байгаа юм уу зүгээр цаасан хавтгай дээр цалинг нь бүтэн олгосон дээр ажиллаад байх шиг байна. Ард нь энэ хүнийг би бодоод л явж байсан болохоос биш цалинг нь хасна гэсэн зүйл надад байгаагүй. Хамт олноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд огт оролцдоггүй. 29 дүгээр цэцэрлэгийн албан хаагч, энд ажилладаг гэхэд маш хэцүү. Манай байгууллага сар дамжиж цалин орж байсан түүхтэй.Өөрөө үүнийгээ мэдэж л байгаа. 2023 оны 02 дугаар сард санхүүгийн баримт дээр манай нягтлан ажилдаа очоогүйн улмаас огт гарын үсэггүй бүтэн тайлан одоо хүртэл байгаа. Аудитын шалгалт ирэхэд акт хүлээх хэмжээний тайлан байгаа. Би үндэслэлгүй энэ хүнийг халаагүй. Энэ хүн өөрөө үндэслэлээ ойлгохгүй байна гэж бодож байна. Энэ хүн цалинг нь бүтэн олгосон учраас ажил таслаагүй гэж тайлбар хэлээд байгаа учраас гэрчийг оролцуулж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хүн алдаа дутагдалтай ажиллаж, ёс зүйн алдаа гаргаж ажлаа цалгардуулж ажилладаг байсан нь үнэн” гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч **********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэлт тайлбар байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ хариуцагч маань бүрэн тайлбарлалаа” гэв.

 

6. Гэрч ************* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...**********т 2022 оны 08 сараас эхэлж **********ажиллаж байгаа.  Манай ажлынхан 9 цагаас ирдэг. 9 цагаас өмнө ажилдаа ирсэн ажилчдыг бүртгэдэг. Бид нар ирсэн цагаар нь бүртгэнэ. Өдөр 13 цагаас 14 цагийн хооронд цайндаа явдаг. Орой 5 цагаас 5 цаг 30 минутын хооронд явдаг. Шаардлагатай бол 8, 9, 10 цаг хүртэл сууж ажилладаг. Бид нар цагийг нь бүртгээд явдаг. *********** миний ээлжид заримдаа 10 цаг, 9 цагийн үед ирэх. Өдөр цайндаа явчхаад орой 9, 10 цаг хүртэл сууж ажиллах үе байдаг. Ажил тасалж байсан эсэх талаар мэдэхгүй. Байгууллагаас зохион байгуулсан хурал цуглаанд ирдэг. Тасалсан, өвчтэй, чөлөөтэйг бүртгэхэд өглөө ирснээр нь бүртгээд ажилтай үед нь ажилтай, чөлөөтэй үед нь чөлөөтэй гээд тавьдаг. Хагас бүтэн сайн өдөр бүртгэдэггүй. Ажлын өдрүүдэд ирээгүй өдрүүдийг нь  хоосон орхидог. Би хэдэн цагт орж ирж байна тэгээд л бүртгэдэг” гэв.

7. Гэрч ************ шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...***********т 2021 оны 09 сараас эхэлж ажиллаж байгаа. ***********ийн ажлын цаг бүртгэлийг жижүүрүүд хөтөлдөг. Багш, тогооч гээд тус тусдаа ажлын цаг хуваарьтай. Миний хувьд өглөө 09 цагаас 13 цаг, 14 цагаас 17 цаг гэж ажилладаг. Намайг ажиллаж байх хугацаанд ************ нь ажилдаа хэдэн цагт ирээд хэдэн цагт явдаг, ажил тасалж байсан, ажлын цагаар явж байсан эсхүл хоцорч байсан талаар сайн мэдэхгүй байна. ************* нь байгууллагаас зохион байгуулдаг сургалтад ирэн очин байдаг. Зарим сургалтад байдаг. Зарим сургалтад байдаггүй” гэв.

8. Гэрч ************* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...************т 2019 оноос хойш ажиллаж байгаа. Одоо ёс зүйн хороонд ажиллаж байгаа. ************** нь ажлын цагаар ажил дээрээ ирдэггүй. Ажлын цагийг цалгардуулдаг. 1-р сард 3,4 хоног, 2-р сард 4,5 хоног байхгүй байсан. *********** олон нийтийн ажилд огт оролцдоггүй. Миний мэдэж байгаагаар намраас хойш сургалт цуглаанд оролцоогүй. Байгууллагын нягтлан бодогчийн буруугаас сахиул ************, хөдөлгөөн эрүүл мэндийн багш *************гэх хүмүүст нутгийн дэм  олгогдоогүй.  Цагийн бүртгэлийг жижүүрүүд өөрсдөө бүртгэдэг. Ажлаас чөлөөлөх талаар ************д эрхлэгч дуудаж танилцуулсан. Өөрийг нь дуудаад тушаалыг нь ийм үндэслэлээр гаргасан гээд өгсөн. Би ёс зүйн хорооны гишүүнээр ажилладаг. ************-ны өдрийн *********** дугаартай тушаалыг өгөхөд би байлцсан. Эрхлэгч ийм үндэслэлээр ажлаас халах хүсэлтэй байгаа гэж хэлсэн.  **************ыг ажлаас халахтай   холбоотой хуралдаан зохион байгуулаагүй. Эрхлэгч л зөрчил гаргасан гэж хэлсэн. Ёс зүйн хороо нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй. Эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, туслах багш нар байдаг. Миний хувьд 2022 оны 09 сард ёс зүйн хорооны гишүүн болсон. Намайг ёс зүйн хорооны гишүүн болсноос хойш дотроо өөр нэг асуудлаар нэг удаа хуралдсан. Тэмдэглэл хөтөлсөн зүйл байхгүй” гэв.

9. Гэрч ****************** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...**************т 4 дэх жилдээ ажиллаж байгаа. **************ийн ажилчдын цагийн бүртгэлийг 4 жижүүр ээлжлээд 3 өнжөөд 1 удаа гардаг. Тэгээд өглөө ирснийг, өдөр цайнд явсан цагийн бүртгээд, орой явсан цагийн бүртгээд үүдэнд сууж байдаг. Бүртгэхгүй оруулж байсан тохиолдол байхгүй. Яг ирсэн, явсныг нь бүртгэдэг. Ажиллаж байх хугацаанд 2023 оны 1, 2 дугаар сард ************* өглөө хэдэн цагт ирээд, хэдэн цагт явдаг талаар би 3 өнжөөд 1 удаа гардаг. Тэгээд ирснийг нь ирснээр бичээд, ирээгүйг ирээгүйгээр бичдэг. ************** 1, 2 дугаар сард ажилдаа ирсэн, ирээгүй сайн мэдэхгүй байна. Гурав өнжөөд нэг удаа гарахад амралтын өдөр ч таарч байгаа ажлын өдөр ч таарч байгаа. Байгууллагаас зохион байгуулсан хурал зөвлөгөөнд оролцдог. ***************** нэг, хоёр удаа оролцоогүй байх. Хурал цуглаанд оролцсон хүмүүсийн ирцийн бүртгэлд гарын үсэг зурдаг. Ирсэн бүх хүмүүс зурдаг. Ирцийг бүртгэхдээ өглөө цагийн бүртгэлд ирсэн, ирээгүй, өвчтэй, чөлөөтэй гэж бүртгэдэг. Ирсэн хүмүүсийг ирснээр нь өвчтэй, чөлөөтэй гэж бичдэг. Тасалсныг бичээгүй. Өвчтэй, чөлөө авсныг бичдэг. Тасалсан байвал онгорхой, бичээгүй орхисон байгаа Цалин тавих үед дарга, нягтлан хоёр дээр цаг ашиглалтын бүртгэлийг аваачиж өгдөг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* нь хариуцагч*************д холбогдуулан **************-ний өдрийн ********** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            1. Нэхэмжлэгч *********** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Ажил олгогчийн зүгээс хэдэн сарын хэдний өдөр, ямар алдаа зөрчил гаргасан, тэрхүү алдаа зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон талаараа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар ...хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах... үүрэгтэй гэж заасныг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т ...ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө... гэж хуульд заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэж тайлбарладаг.

2.  Хариуцагч *************** нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “…нягтлан ************* нь ажлын цагийг маш их цалгардуулдаг. **********-ны өглөө ажлын байран дээрээ тайлан тооцоогоо хийж байхад намайг дуудаж уулзсан гэдэг худлаа. Хөдөлмөрийн хуульд ажлын 8 цаг ажиллах ёстой гэж хөдөлмөрийн гэрээ, ажлын цаг, дотоод журамд заагаад өгчихсөн байхад ажлын 8 цагтаа ажилладаггүй. Ажилд ирдэг цаг нь 10 цаг 30 минут, 11 цаг, цайны цаг нь 13 цагаас 14 цагийн хооронд байх ёстой байтал тэр нь 11 гээд ирсэн бол 12 гээд явдаг ч юм уу байгууллагын ажилтан биш юм шиг ажилладаг. Удаа дараа энэ үйлдэл, зөрчлийг гаргасан. Бид ярилцаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ёс зүйн хороогоор хуралдуулж энэ хүнд хурлын гарын үсэгтэй нотлох баримтыг танилцуулж энэ алдаа дутагдлыг засаж, залруулж ажиллая гэхэд үүнийг засаж ажиллаагүй. Цагийн бүртгэлийн тухайд жижүүрийн цагийн бүртгэлд тодорхой бичээстэй байдаг. Чөлөө авсан буюу өвчтэй байсан хүмүүсийг бүртгээд цалинг нь хасдаг. Ажил тасалсан хүнийг асууж сураглаж байж хасдаг. Миний хувьд цалинг нь бүтэн олгосон дээр энэ хүн яриад байна. Ард нь энэ хүнийг би бодоод л явж байсан болохоос биш цалинг нь хасна гэсэн зүйл надад байгаагүй. Хамт олноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд огт оролцдоггүй. 29 дүгээр цэцэрлэгийн албан хаагч, энд ажилладаг гэхэд маш хэцүү. 2023 оны 02 дугаар сард санхүүгийн баримт дээр манай нягтлан ажилдаа очоогүйн улмаас огт гарын үсэггүй бүтэн тайлан одоо хүртэл байгаа. Аудитын шалгалт ирэхэд акт хүлээх хэмжээний тайлан байгаа. Би үндэслэлгүй энэ хүнийг халаагүй. Энэ хүн өөрөө үндэслэлээ ойлгохгүй байна гэж бодож байна. Энэ хүн цалинг нь бүтэн олгосон учраас ажил таслаагүй гэж тайлбар хэлээд байгаа учраас гэрчийг оролцуулж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хүн алдаа дутагдалтай ажиллаж, ёс зүйн алдаа гаргаж ажлаа цалгардуулж ажилладаг байсан нь үнэн тул ажлаас халсан нь үндэслэлтэй” гэж тайлбарлажээ.

3.  Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас хууль бусаар халсан гэж үзэж нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ.

4. *************ийн ************** тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 15 дугаар зүйлийн 15.2.6, ***********тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.6, 7.6.4, 7.14 дэх заалтыг үндэслэн тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан **********ыг ажлын цаг баримталдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалдаг, нягтлан бодогчийн буруугаас байгууллагын 2 албан хаагчийн 12 сарын нутгийн дэм олгогдоогүй, хамт олны хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, хүний нөөцийн программыг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэнэ гэж үндсэн цалин дээр сар бүр 25%-ийн ур чадварын нэмэгдэл авч байсан боловч 2023 оны 01 сар хүртэл шинэчлэн засварлаагүй зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 5-р хуудас/,

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана, 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

6. Хариуцагч байгууллагаас нягтлан бодогч ***********ыг дээрх зөрчилтэй нь холбогдуулан байгууллагын ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж тогтоосон гэх боловч 2022 оны 03 сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцсэн байна. 2023 оны 01 сард ажлын 4 өдөр, 02 сард 5 өдөр чөлөө зөвшөөрөлгүй удаа дараа ажил тасалсан, 2 албан хаагчийн 12 сарын нутгийн дэм ороогүй, хамт олны хурал, сургалт зөвлөгөөнд оролцдоггүй, хүний нөөцийн программыг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэнэ гэж үндсэн цалин дээр сар бүр 25%-ийн ур чадварын нэмэгдэл авч байсан боловч 2023 оны 01 сар хүртэл шинэчлэн засварлаагүй зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан нь гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаар энэ талаар хэлэлцсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл бүрэн гүйцэт тогтоогдохгүй,  мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “…жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх/ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж хуульд заасан журмыг зөрчиж нягтлан бодогч ************тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчээс ирүүлсэн “жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч” гэсэн баримтаар тогтоогдож байна. 

                7. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ***********ны өдрийн ********** дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг  илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан журмыг зөрчсөн байна.       

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүл, бичилт хийх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин

2022 оны 12 дугаар сард 1,356,049,  2023 оны 01 дүгээр сард 964,869, 2023 оны 02 дугаар сард 964,869 төгрөгийн цалин 2023 оны 03 сарыг 01-ний  өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 78 хоногоор тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,997,705  төгрөг болно.           

Иймд хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын 29 дүгээр цэцэрлэгээс 3,997,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *************д олгож, ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч ***************ыг *************ийн ажилд эгүүлэн томилохоор тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар *************ээс ажилгүй байсан хугацааны олговорт 3,997,705 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***********д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагч ************т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА