Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1099

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Т,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “М” ХЗХ-ноос 40 000 000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалан зээлж авсан.

“М” ХЗХ-той эвлэрлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар болсон боловч хугацаандаа төлбөрийг төлөөгүй.

Н газарт 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг нь хугацаа зааж төлөхөөр тохиролцсон байсан хэдий ч шийдвэр гүйцэтгэгч жирэмсний амралт авч өөр шийдвэр гүйцэтгэгч томилогдсон бөгөөд бид тохиролцож чадаагүй.

Н газар үл хөдлөх эд хөрөнгийг 62 812 300 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувиар бодож 43 968 610 төгрөгөөр 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон.

Н газар мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр надад өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 150 000 000 төгрөг байхад Н газар 43 968 300 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Би үлдэгдэл төлбөр 51 737 580 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах графикийг шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгсөн. Иймд үнэлгээг хүчингүй болгож, дуудлага худалдааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01014 дугаар захирамжаар Ч.Таас 61 951 038 төгрөгийг гаргуулж “М” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн ба уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг.

Үүний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Манай байгууллага талуудаас үнийн дүнгийн санал ирүүлэхийг хүссэн боловч талууд ирүүлээгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон бөгөөд Ч.Тт шинжээчийн үнэлгээг танилцуулахад шинжээчийн дүгнэлтэд байгаа 62 812 300 төгрөгөөс багагүй үнээр худалдан борлуулж, төлбөрийг төлж барагдуулах хүсэлт бичиж өгсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл болно.

Шийдвэр гүйцэтгэх газрын хоёр удаагийн албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан, тухай бүрт нь Ч.Т мэдэгдэж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХЗХ нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ч.Ттай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг зээлдүүлэн үүргийн гүйцэтгэлд 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан.

Талууд үнийн дүн дээр тохиролцоогүй учраас шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилж үнэлгээ гаргуулж үнийг нь талуудад танилцуулсан. Нэхэмжлэгчид шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан нэг сарын хугацаанд шинжээчийн дүгнэлтээс багагүй үнийн дүнгээр худалдан борлуулах эрхийг олгосон ба тухайн үед нэг сарын хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг өөрөө гараараа бичиж өгсөн.

Нэхэмжлэгчийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шүүх харгалзан үзэх хэрэгтэй, хөрөнгийн үнэлгээний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй.

Ч.Т нь үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй байсан. Барьцаа хөрөнгө 150 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Н газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дуудлага худалдааг түр түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “М” ХЗХ-ноос 40 000 000 төгрөгийг зээлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас Н газраас ажиллагаа явуулж, 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг нь хугацаа зааж төлөхөөр шийдвэр гүйцэтгэгч н.Эрдэнэцэцэгтэй төлбөр барагдуулах график гарган, 2019 оны 7 дугаар сарын 30-ны дотор өрийг төлж барагдуулахаар тохиролцсон.

н.Эрдэнэцэцэг нь жирэмсний амралтаа авсан учраас хэргийг дэслэгч н.Мөнхцэндэд шилжүүлсэн. Дэслэгч н.Мөнхцэнд үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар оруулах тухай мэдэгдлийг 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн.

Хариуцагч байгууллагаас орон сууцыг 62 812 300 төгрөгөөр үнэлж, 70 хувиар тооцож 43 968 610 төгрөгөөр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаа зохион байгуулан худалдан борлуулах болсон.

Одоогоор манай байрны зах зээлийн үнэлгээ 150 000 000 төгрөг байхад хариуцагч 43 968 300 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие нь одоо барилгын ажил эхэлж байгаа тул үлдэгдэл төлбөр болох 51 737 580 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Одоо миний орон сууцад надаас гадна миний төрсөн эгч, төрсөн ах гэр бүлийн хамт, ахын охин гэр бүлийн хамтаар амьдарч байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Т хариуцагч Н газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/01014 дүгээр захирамжаар Ч.Таас 61 737 580 төгрөг гаргуулж “М” ХЗХ-д олгож, барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх 5-6, 49, 51-52, 53/

 

Н газар нь Ч.Тын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206001110 дугаартай, Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, 120 мянгат 07 дугаар байрны 02 тоот, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, дээрх орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.       /хх 55, 58/

 

Төлбөр төлөгч Ч.Т 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 150 000 000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан, байхад анхан шатны шүүх талууд санал ирүүлээгүй гэж буруу дүгнэжээ. Төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоороо шинжээч томилсон ажиллагааг буруутгах боломжгүй байна.  /хх 60, 63/

 

Н газраас томилогдсон шинжээч уг орон сууцны зах зээлийн үнийг 62 812 000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон 43 968 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/2288 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ч.Тт мөн өдрөө мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нь 62 812 300 төгрөгөөс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтийг гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 74, 75/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байх бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, дээрх хугацааг хэтрүүлэн 64 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь буруу гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Төлбөр төлөгч Ч.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй хугацаа тохиролцсон, төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримт гаргаж өгөөгүй, хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй тохиролцсон тэмдэглэл байхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА