Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00587

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01043 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1099 дүгээр магадлалтай,

Ч.Т-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Майкапитал ХЗХ-ноос 40.000.000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалан зээл авсан. Энэ нь би тухайн үед Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг барих ажилд туслан гүйцэтгэгчээр ажил эхлүүлсэн. Гэтэл ажил хийлгэж байсан толгой компани нь бид нарыг удаан ажил хийлээ гэж хэлээд мөнгө өгөхгүй гэсэн. Манай удирдлагууд Майкапитал ХЗХ-той уулзаж эвлэрлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар болсон боловч манай ажил мөн хугацаа хойшилсны улмаас хугацаанд нь төлж барагдуулаагүй. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт би 10.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай байрыг 62.812.300 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь бодож 43.968.610 төгрөгөөр 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаа зохион байгуулан зарах болсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр надад өгсөн. Одоогоор манай байрны зах зээлийн үнэ 150.000.000 төгрөг байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 43.968.300 төгрөгөөр үнэлсэн байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний бичиж өгсөн үнэлгээнээс 3 дахин доогуур үнэлж дуудлага худалдаа зарласан байсан учраас би шүүхэд хандсан. Иймд үнэлгээг хүчингүй болгож, дуудлага худалдааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01014 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.Т-аас 61.951.038 төгрөгийг гаргуулж Майкапитал ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн учраас манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Манай байгууллага талуудаас үнийн дүнгийн санал ирүүлэхийг хүссэн боловч талууд ирүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, үнийн дүн гаргуулсан. Ч.Т-т шинжээчийн үнэлгээг танилцуулахад шинжээчийн дүгнэлтэд гарсан 62.812.300 төгрөгөөс багагүй үнээр худалдан борлуулж, төлбөрийг төлж барагдуулах хүсэлт бичиж өгсөн байдаг. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Майкапитал” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Майкапитал ХЗХ нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ч.Т-тай зээлийн гэрээ байгуулж түүний хүссэн 40.000.000 төгрөгийг зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэгч нь 6 сарын хугацаа олгож өгнө үү гэж хүссэний дагуу бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Нэхэмжлэгчид шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан нэг сарын хугацаанд шинжээчийн дүгнэлтээс багагүй үнийн дүнгээр худалдан борлуулах эрхийг олгож нэг сарын хугацаа өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө нэг сарын хугацаа олгож өгнө үү гэдэг хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийг үнэлгээг хангалттай танилцаж мэдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл нь надад мөнгө орж ирнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01043 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дуудлага худалдааг түр түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1099 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төгсбаатар миний бие Сонгинохайрхан Дүүргийн 20-р хороо Нефтийн цэцэрлэгийн барилгад зориулж 2015 оны  6 дугаар сарын 25-нд “Май Капитал” Хадгаламж Зээлийн Хоршоотой гэрээ байгуулж, гишүүнээр элсэн өөрийн эзэмшлийн орон сууцны байрыг барьцаалан 40 сая (дөчин сая төгрөг)-ийг 3.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авснаас хойш эхний саруудад зээл, зээлийн хүүний төлбөр болох 40.868.480 төгрөгийг тухайн үед төлсөн болно. Бид харилцан тохиролцож төлбөрөө төлөхөөр Эвлэрлийн Гэрээ байгуулсан. Жич: Зээлийн хуулийг хавсаргасан болно. 2018 оны 08 дугаар сарын 7 нд 10.000.000 төгрөгийг төлж байтал хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна гээд “Май Капитал” Хадгаламж Зээлийн Хоршоо нь шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өгсөн болно. Дэслэгч Мөнхцэнд хэлэхдээ танай байрыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг 03 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдлийг гардуулж өгсөн. НШШГГ-нь манай байрыг 62.812.300 төгрөгөөр үнэлж, үүний 70% -аар нь бодож 43.968.610 төгрөгөөр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаа зохион байгуулан зарах болсон. Одоогоор манай байрны зах зээлийн үнэлгээ 150 сая төгрөг байхад НШШГГ-ын үнэлсэн 43.968.300төгрөг үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь одоо барилгын ажил эхэлж байгаа тул үлдэгдэл төлбөр болох 51.737.58 төгрөгийн төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах болно. 2019оны 3-р сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 10 сая төгрөгийн төлбөр тухайн үед төлснийг “Май Капитал” ХЗХ нь биднээс аваагүй гэж 61,737,580 төгрөгийг нэхэмжилсэн байна гэжээ. (баримтыг хавсаргав)

ХЯНАВАЛ

Ч.Т- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

Хяналтын шатны шүүхэд гаргасан “үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт  гаргасан албадан дуудлага худалдааны шийдвэрийг хүчингүй болгуулна’’ гэх нэхэмжлэгчийн  гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01014 дүгээр захирамжаар Ч.Т- нь “Майкапитал” ХЗХ-нд 61.737.580 төгрөг төлөх үүрэгтэй байна. /хх5-6/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Ч.Т- төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан дарааллын дагуу явуулж, улмаар Ч.Төгсбаатрын өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2206001110 дугаартай, Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, 120 мянгат 7 дугаар байрны 02 тоот, 28м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлэх ажиллагаа явуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана.

Орон сууцны  зах зээлийн үнийг 62.812.300 төгрөгөөр тогтоосныг, төлбөр төлөгч Ч.Т-т 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/2288 тоот мэдэгдлээр хүргүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон  ба, тэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 3 дугаар сарын 12 өдөр гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. /хх-34/

Нэгэнт хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бодитой байсан эсэх талаар болон уг үнэлгээг үндэслэн явуулж буй дуудлага худалдааны талаарх гомдлыг шүүх хянан хэлэлцэж  дүгнэлт өгөх боломжгүй гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.             

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуульд заасан гомдол гаргах хугацааны талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1099 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7  дугаар сарын  05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.          

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР