Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 189/ШШ2023/00032

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ХК /РД:*******1/

 

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овогт ийн /РД:/,

 

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овогт ийн /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,585,360.28 төгрөг, нотариатын төлбөр 13,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., М.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* ХК-тай зээлдэгч П., Б. нар нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/202146690767 дугаар зээлийн гэрээг байгуулж, өмнөх үлдэгдэл 11,113,561.57 төгрөг дээр 15,500,000 төгрөгийг нэмж нийт 26,613,561.57 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4, сарын 1.2% хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингаа барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хуваарийн дагуу үндсэн зээл 5,494,102 төгрөг, зээлийн хүү 3,425,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,390 төгрөг нийт 8,933,649 төгрөг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс 192 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Иймд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 21,119,459,30 төгрөг, зээлийн хүү 1,420,287,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613,39 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 13,000 төгрөг нийт 22,598,360,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., М. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч П., Б. нар 2015 оноос хойш авсан зээлээ хугацаанд нь төлж, гэрээг зохих ёсоор гүйцэтгэж байсан учраас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 11,113,561.57 төгрөг дээр нэмж 15,500,000 төгрөгийн зээлийг олгон шинээр гэрээ хийсэн. Зээлийн үлдэгдлийн тооцоо нийт 26,613,561.57 төгрөг болсон. Зээлдэгч нар гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, зээлийн гэрээнд дугаар дансанд мөнгийг шилжүүлнэ гэж заасан. Тухайн үед харилцагчаас асууж, цалингийн харилцах данс дугаар данс руу 15,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөр хүний данс руу мөнгө шилжээгүй. Уг зээлийн гэрээний хугацааг 2 удаа зээлдэгч нарын хүсэлтээр сунгаж өөрчилсөн. Зээлийн төлбөрт хариуцагч нар нийт 8,933,649 төгрөг төлсөн. Хариуцагч нараас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр нэхэмжилсэн. Зээлдэгч нартай зээл хариуцсан эдийн засагч ярихад зээлээ төлнө, боломжгүй байна гэсэн хариуг хэлдэг байсан. Үүнийг уулзалтын тэмдэглэлээр баталгаажуулсан.  Зээлдэгч нартай 2015 оноос хойш байгуулсан зээлийн гэрээ, хүсэлтүүд зэрэг баримтуудыг шүүхэд шинээр өгсөн. Одоо зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт нийт 22,585,360 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүсэж байна гэв.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлийг өмнө бичиж байсан, нэхэмжлэлийн үндэслэл нь баримттай нийцэхгүй байна. Мөн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 26,613,561 төгрөгийг аваагүй, 15,500,000 төгрөгийг авсан. Уг мөнгийг гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаас өөр дансанд шилжүүлсэн, банк хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир гэрээг үндэслэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Хариуцагч П. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдаж, зээлийн төлөлтөд хүндрэл үүссэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шүүхэд бичгээр гаргах ёстой. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, мөнгийг авсан нь үнэн гэв.

 Нэхэмжлэгч тал шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын төлбөр төлсөн баримт, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/2021466690767 дугаартай зээлийн гэрээ, БГХ202146690767 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/202146690767-1, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/202146690767-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5770/02/365, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5750/04445 дугаартай зээл төлөх мэдэгдэл, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгч нартай холбоо барьсан болон уулзалтын тэмдэглэл, банкны тодорхойлолт, П., Б. нарын дансны дэлгэрэнгүй хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, Зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, банканд гаргасан хүсэлтүүд, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч тал тайлбар, татгалзал зэрэг баримт өгсөн болно.

 ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 2.Нэхэмжлэгч Хаан банк ХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч П., Б. нар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/75012/15/51 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг авсан. Нэмж 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-10732-16-31 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201642644304 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201743339956 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 4,800,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201843474772 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулж, 2,000,000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201843737248 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулж, 2,500,000 төгрөгийг, мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/201844162983 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулж, 100,000 төгрөгийг тус тус авч байсан, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/202146690767 дугаар зээлийн гэрээ байгуулж, өмнө авсан зээлийн үлдэгдэл 11,113,561.57 төгрөг дээр нэмж 15,500,000 төгрөгийг авч нийт 26,613,561.57 төгрөгийг жилийн 14.4, сарын 1.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогоо барьцаалсан. Уг зээлээс үндсэн зээлд 5,494,102 төгрөг, хүүд 3,425,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,390 төгрөг нийт 8,933,649 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 192 хоног хугацаа хэтрүүлсэн, уг зээлийг төлөхийг хариуцагч нарт 2 удаа мэдэгдсэн.

 3.Хариуцагч П., Б. нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/2021146690767 дугаартай зээлийн гэрээгээр 26,613,561 төгрөг зээлж аваагүй, уг гэрээгээр нэмж авсан 15,500,000 төгрөгийг авсан. Уг мөнгийг гэрээнд заасан данснаас өөр дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээл олгох хүсэлтүүд, зээлийн болон барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, зээлийн бүртгэлийн карт, дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбарууд зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Хариуцагч П., Б. нар 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс тухай бүр хүсэлт гаргаж, Хаан банк ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.1.1-д зээлийн үлдэгдэл 11,113,561.57 төгрөг, 2.1.1.2-т олгох зээлийн хэмжээ 15,500,000 төгрөг, 2.1.1.3-т нийт зээлийн хэмжээ 26,613,561.57 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэйгээр №ЗГ/202146690767 дугаар гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд барьцааны гэрээ байгуулж, хөргөгч, зурагт, угаалгын машин зэрэг хөрөнгө, цалингийн орлого зэргийг барьцаалж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зээлдүүлэгч талаас нэмж зээлж авсан 15,500,000 төгрөгийг үндсэн зээлдэгч П.ын цалингийн дугаар дансанд шилжүүлсэн. Тухайн зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг талууд өөрчлөн 2021 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд 2 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Мөн зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч талаас 2021 оны 11 дүгээр сарын 29, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд 2 удаа буюу зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн.

Зээлдэгч нар 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрт 5,494,102 төгрөг, хүүд 3,425,157 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,390 төгрөг, нийт 8,933,649 төгрөгийг төлсөн байна. /хх-6-13, 15-16, 89-126 дугаар тал/

 Талууд дээрх гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон нь хуульд харшлаагүй байна. /Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1/

 5.Хариуцагч нар 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 26,613,561.57 төгрөгийг аваагүй. Харин 15,500,000 төгрөгийг гэрээнд заасан дансанд шилжүүлээгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулсныг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, анх шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу хариуцагч тал үгүйсгэснээ баримтаар нотлоогүй байна.

 6.Гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ. /Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1/

 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус заасан байна.

 Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зээл, түүний хүүг тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр буцаан төлөх үүргээ хариуцагч нар зөрчсөн нь талуудын уулзалтын тэмдэглэлд тодорхой бичигдсэн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Хаан банк ХК зээлийн хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээгээр нэмж зээлсэн 15,500,000 төгрөгийг гэрээнд заасан дансанд бус зээлдэгчийн цалингийн харилцах дансанд шилжүүлснийг зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй гэж үзэх боломжгүй, хариуцагчийн цалингийн харилцах данс, зээлийн төлбөр төлөх харилцах данс хаагдсан талаарх Хаан банкны тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-32-33/ зээлдэгч нарын дансанд бодитой шилжүүлсэн байна гэж үзлээ.

 7.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 13,000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1-д заасны дагуу хариуцагч нараас хохирлоо шаардах эрхтэй.

 8.Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, хаягийг өөрчилж, Хаан банк ХК /нээлттэй/ болж байгуулагдсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд бичгээр тодруулсан байна.

 Иймд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлд 21,119,459.30 төгрөг, хүүд 1,420,287.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45,613.39 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 22,598,360.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 270,942 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч овгийн ийн , овгийн ийн нараас зээлийн үлдэгдэл 21,119,459.30 төгрөг, зээлийн хүү 1,420,287.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,613.39 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 22,598,360.28 /хорин хоёр сая таван зуун ерэн найман мянга гурван зуун жаран төгрөг, хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,942 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П., Б. нараас 270,942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ