Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2023/00411

 

 

 

 

   2023              05            03     

                        130/ШШ2023/00411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын Засаг дарга /Х.Е/

Хариуцагч: Б аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суух, Ш овогт А-ын А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 /таван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн АААААААААА тоот дансанд төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга /Х.Е/ нь хариуцагч О.Х-т холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 /таван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн АААААААААА тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн А.А нь сум хөгжүүлэх сангаас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан бөгөөд 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг сар бүр төлөх ёстой байсан ч төлөөгүй. А.Ад зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй юм. А.А-ын авсан зээл үндсэн зээл болох 5,000,000 төгрөг зээлийн хүү 142,500 төгрөг нийт 5,142,500 төгрөг болж байна.

Иймд А.Агаас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 /таван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн АААААААААА тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Энэхүү Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулснаас хойш өнөөдрийн хүртэл нийт 11 жил 7 сар 7 хоног болж байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүйгээс бусад тохиолдолд ямар нэгэн этгээдээс үйлдэл хийх хийхгүй байх нь хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. 2011 оны 7 дугаар сарын 27-оос 2014 оны 7 дугаар сар хүртэл 36 сарын хугацаатай хийгдсэн гэрээ хугацаа нь аль хэдийн өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Тийм учраас зээлийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж байна. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0029 дүгээр гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлийг баримталсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх түүнийг зарцуулах, хяналт тавих чиг үүргийг зээлдүүлэгчийн чиг үүрэг дотор тусгасан. 3.3-д авсан зээл, түүний хүү төлбөрийг зээлдүүлэгч төлөөгүй тохиолдолд түүний харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх болон бусад арга хэмжээг авна гэж байгаа. 3.4-д гэрээний үүрэгт хяналт тавина гэж зээлдүүлэгчийн эрх үүргийг тусгаж өгсөн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан. Хавтаст хэрэгт танилцахад, эргэн төлөлтийн хуваарийг харахад, эхний жилд ямар ч хүү тооцогдохгүй гэж тохиролцсон байна. 2012 оны 7 дугаар сар хүртэл хүүгүй, 2012 оны 8 дугаар сараас эхэлж хүү тооцохоор байна. Хариуцагч А.А 2014 оны 7 дугаар сарын 27-ны хүртэл зээлээ төлөх ёстой байсан байна. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар татгалзаж байна. А.Ад зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэхдээ А.А-аас удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлж байгаагүй. Тэр талаар авагдсан нотлох баримт байхгүй. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 11 жил 7 сар 7 хоногийн хугацаа болсон учраас уг зээлийн гэрээний үүргийг зээлдэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ гэрээ 36 сарын хугацаатай байгуулагдсан учраас гэрээний хугацаа дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогсоосон зүйл байхгүй. Гэрээний 4.3-д энэхүү зээлийн гэрээний маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхэд хандахыг тусгаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны хүртэл гомдлын шаардлага гаргаж, гэрээний 3.3-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж заасан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд эрх зүйн шинжийг агуулгагүй. Нэхэмжлэгч тал шаардах хугацаагаа хэтрүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасан. Мөн хуулийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.2, 75.2.1, 76.1, 76.4, 77.1, 82.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 204.5, 223 дугаар заалтуудыг үндэслээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0029 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 0205451 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 000143711 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, К.Д-д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас О.Х-т олгосон итгэмжлэл, Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаартай тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 81 дугаартай тогтоол зэргийг гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6. Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга /Х.Е/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Н сумын иргэн А.А нь сум хөгжүүлэх сангаас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан юм. А.А нь одоог хүртэл зээлээ барагдуулаагүй тул Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн АААААААААА тоот дансанд төлүүлж өгнө үү гэв.

7. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулснаас хойш өнөөдрийн хүртэл нийт 11 жил 7 сар 7 хоног болж байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүйгээс бусад тохиолдолд ямар нэгэн этгээдээс үйлдэл хийх хийхгүй байх нь хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 65.1-д заасан үндэслэлүүд байсан. Мөн хуулийн 65.1-д заасны дагуу иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж шүүгчийн захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж ИХШХШТХуулийн 171.2-т зааснаар эцсийн шийдвэр болгож, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ. 

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Н сумын Засаг дарга болон хариуцагч /зээлдэгч/ А.А нар нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 29 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч зээлийн үндсэн хүүг сарын 0,25 хувиар тооцож, нэг дор төлж дараа жилээс эхлэн үндсэн хүүг үндсэн зээлтэй  сарын 216,500 төгрөгөөр тооцож бар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөрт багтаан сангийн 020855401 тоот дансанд төлнө гэж авсан болох нь нотлогдож байна.

8.2.Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сан болон А.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 282.1-т зааснаар талууд зээлийн хүүг тохиролцсон байна.

8.3.2011 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 29 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.4-т энэхүү гэрээний 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0,1 хувийн торгууль төлнө гэж талууд харилцан тохиролцсон байх ба эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд хуваарийн дагуу төлж дуусган гэж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт мөн талууд гарын үсэг зурж, зээлийн гэрээний хугацааг тодорхойлсон байна.  

8.4. Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга болон хариуцагч (зээлдэгч) А.А нар гарын үсэг зурсан Барьцааны гэрээ гэж байгуулсан байх ба барьцааны гэрээний огноо, дугаар бичигдээгүй, барьцааны зүйлийг /барьцаа хөрөнгийг жагсаалт/ бичээгүй, ямар эд хөрөнгө барьцаалсан нь тодорхой бус байгаа тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны эрх үүсээгүй байна.

8.5. Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга болон хариуцагч (зээлдэгч) А.А нар гарын үсэг зурж 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 29 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-нд хавсралтаар зохицуулсан заалт байхгүй ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг үйлдэхдээ талууд Хаан банкны загвар баримтыг ашигласан хэдий ч уг баримтад зээлдүүлэгчийг төлөөлж Н сумын Төрийн сангийн төлөөлөгч болон зээлдэгч нар гарын үсэг зурж, тамга дарсан байна.

9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

9.1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг баталсан ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах Сум хөгжүүлэх сан-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

9.2. Мөн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга нь санд ирүүлсэн орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцсэн төсөлд зээл олгох шийдвэр гаргаж, төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах үүрэгтэй байна.

9.3. Дээрх Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын дагуу хариуцагч А.А-д Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон эсэхийг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ба зөвхөн зээлдэгч (хариуцагч) А.А-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 29 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.1-т заасан зориулалтаар зарцуулсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч А.А нь Сум хөгжүүлэх сангаас сумын ЖДҮ, шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх сэргээх , шинээр ажлын байр бий болгох зориулалтаар зээл авахад холбогдох төсөл бусад баримтуудыг тухайн үед бүрдүүлж өгсөн эсэх нь хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

10. Нэхэмжлэгч талаас урьд өмнө зээлийг буцаан төлөхийг шаардаж байсан тухай нотлох баримт байхгүй боловч хариуцагч А.А нь Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчимтай болно.

10.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

10.2.  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дуусан боловч 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргээ зөвшөөрч байсан ба нэхэмжлэгч тал шаардаж байсан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

10.3. Зээлийн гэрээний 4.3-т энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаас үзэхэд эхлээд талууд харилцан зөвшилцөөд боломжгүй тохиолдолд шүүхэд хандах нөхцөлийг тохирсон байх тул энэ журмаар шүүхэд хандсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах үйлдлийг хийх ёстой бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.    

11. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй болно.

12. Иймд нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.А-аас Н сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 /таван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн АААААААААА тоот дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Агаас 97,230 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хуулбар иргэн А-ын  А-ны 2011 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 0305451 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, А-ын А-ны 2011 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 000143711 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнлээгүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-ийг тус тус баримтлан Ш овогт А-ын А-аас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн АААААААААА тоот дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.А-гаас 97,230 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К