Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00094

 

Баян-Өлгий аймгийн Л сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00411 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн Л сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч **********-т оршин суух Ш овогт А.А-д холбогдох,

 

“Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Л сумын төрийн сангийн ***** тоот дансанд төлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Иргэн А.А нь сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан бөгөөд 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан юм.

1.2. Гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг сар бүр төлөх ёстой байсан ч төлөөгүй. А.Ад зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй юм. А.А-ны авсан зээл үндсэн зээл болох 5,000,000 төгрөг зээлийн хүү 142,500 төгрөгийн хамт нийт 5,142,500 төгрөг болж байна.

1.3. Иймд А.А-гаас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 /таван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Л сумын төрийн сангийн ************* тоот дансанд төлүүлж өгнө үү

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 11 жил 7 сар 7 хоног болж байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүйгээс бусад тохиолдолд ямар нэгэн этгээдээс үйлдэл хийх хийхгүй байх нь хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. 2011 оны 7 дугаар сарын 27-оос 2014 оны 7 дугаар сар хүртэл 36 сарын хугацаатай хийгдсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн өнгөрсөн.

2.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0029 дүгээр гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлийг баримталсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх түүнийг зарцуулах, хяналт тавих чиг үүргийг зээлдүүлэгчийн чиг үүрэг дотор тусгасан ба 3.3-д авсан зээл, түүний хүү төлбөрийг зээлдүүлэгч төлөөгүй тохиолдолд түүний харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх болон бусад арга хэмжээг авна, 3.4-д гэрээний үүрэгт хяналт тавина гэж зээлдүүлэгчийн эрх үүргийг тусгаж өгсөн.

2.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасан. Эргэн төлөлтийн хуваарийг харахад, эхний жилд ямар ч хүү тооцогдохгүй гэж тохиролцсон байна. 2012 оны 7 дугаар сар хүртэл хүүгүй, 2012 оны 8 дугаар сараас эхэлж хүү тооцохоор байна. Хариуцагч А.А 2014 оны 7 дугаар сарын 27-ны хүртэл зээлээ төлөх ёстой байсан байна. Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

2.4. А.А-д зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлөөгүй гэж нэхэмжлэлд дурдсан байна. Гэхдээ А.А-аас удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлж байгаагүй. Тэр талаар авагдсан нотлох баримт байхгүй. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 11 жил 7 сар 7 хоногийн хугацаа болсон учраас уг зээлийн гэрээний үүргийг зээлдэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ гэрээ 36 сарын хугацаатай байгуулагдсан учраас гэрээний хугацаа дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогсоосон зүйл байхгүй.

2.5. Гэрээний 4.3-д энэхүү зээлийн гэрээний маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхэд хандахыг тусгаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны хүртэл гомдлын шаардлага гаргаж, гэрээний 3.3-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан. Мөн хуулийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.2, 75.2.1, 76.1, 76.4, 77.1, 82.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 204.5, 223 дугаар заалтуудыг үндэслээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00411 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-ийг тус тус баримтлан Ш овогт А.А-аас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,142,500 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Л сумын төрийн сангийн ***** тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.А-аас 97,230 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судлан үзэж  нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгоогүй байдалд гомдолтой. Анхан шатны шийдвэрийн тогтоох хэсэгт Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 283.1-д заасан хуулийн заалтыг буруу хэрэглэж тайлбарласанд гомдолтой байна. Сум хөгжүүлэх сангийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0029 тоот зээлийн гэрээг Л сумын Засаг дарга А.А-тай байгуулснаас хойш Баян өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л сумын Засаг дарга Х.Е 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 11 жил 7 сар 7 хоног өнгөрсөн ч анхан шатны шүүх нэг талыг баримталж, хуулийн 3 жилийн дотор шаардлага гаргах тухай хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй байна.

4.2. Иргэний хуулийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай. Анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацаа мөн гэрээгээр тохирсон шаардлага гаргах хугацааг ялгахгүй байгаад гомдолтой. 3ээлийн гэрээний тусгай хуулийн хөөн хэлэлцэх хугацаа бий эсэхийг Иргэний хуулийн 75.2.1-д заасан мөн гэрээний тохиролцоогоор тогтсон /2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 36 сарын дотор/ хугацааг, байхгүй бол ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа /арван жилийг/ нягтлах дарааллаар шаардлага хэрэгжүүлэх хугацааг, анхан шатны шүүх хэрэгжүүлэн тодорхойлж тогтоохгүй байгаад гомдолтой. Зээлийн гэрээ 2011 оны 7 дугаар сарын 27-ноос 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаа хэрэгжиж өнгөрсөн. Нэхэмжлэгч тал хуульд шаардлага гаргах эрхээ хэтрүүлсэн, Иргэний хуулийн 204.5 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгосон 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цуцлагдсан, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байсныг тогтоохгүй байгаадаа гомдолтой.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт  зааснаар мөн хуулийн 65.1.1, 65.1.3-т заасан үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байхад хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгч тогтоол захирамж гаргаагүй байдалд гомдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар шаардлага үндэслэл нотлох баримт нэхэмжлэлийн бүрдүүлбэр болох бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар ямар үндэслэлээр шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн шаардах эрхийг хэтрүүлсэн, цуцлагдан дуусгавар болсон зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 65.1-д заасан үндэслэлүүд 65.1.3 , 65.1.5 нь байсан ба Иргэний хуулийн 74.1, 75.2, 75.2.1 76.1, 76.4, 77.1, 82.1, 204.5, 223.2 дахь заалтаар мөн хуулийн 65.1-т заасны дагуу иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамж тогтоол гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүйдээ гомдолтой.

4.4. Иргэний хуулийн 282.1-т заасан талуудын зээлийн хүү Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дууссаныг, мөн үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдсаныг нотлон харуулж байхад үнэн бодитоор тал бүрээс судлан харьцуулж шийдвэрлэхгүйдээ гомдолтой. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.4-т энэхүү гэрээний 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд хуваарийн дагуу эргэн төлж дуусгана гэж эргэн төлөлтийн хуваарьт талууд гарын үсэг зурж зээлийн гэрээний хугацааг тодорхойлсон байна гэж дүгнээд шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 283.1-т заасны дагуу зээлийн гэрээний хугацаа тогтогдоогүй гэж шийдвэр гаргасанд гомдолтой.

4.5. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Л сумын Засаг дарга А.А болон хариуцагч, зээлдэгч А.А нар гарын үсэг зурсан барьцааны гэрээнд огноо дугаар бичигдээгүй, барьцаа хөрөнгийн жагсаалт байхгүй, ямар эд хөрөнгө барьцаалсан нь тодорхой бус учраас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны эрх үүсээгүй гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгч Л сумын Засаг дарга Х.Е, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Дарига нар А.Аы үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000143711 дугаартай гэрчилгээ, 03055451 дугаартай хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг А.Аы өмчлөх эрхэд халдаж дураараа шүүхэд гаргаж өгснийг шүүх хурлын явцад нотлох баримтаар шинжлэн судлуулсан ч шийдвэрт жинхэнэ эх хувь нь биш гэж дүгнэлт хийгээгүйдээ гомдолтой.

4.6. 2011 оны Л сумын Засаг дарга А.А, зээлдэгч А.Ал нар гарын үсэг зурж 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн зааврын тохиролцсон хугацааны Хаан банк гэсэн хавсралтаар зохицуулсан заалт байсан ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хаан банк гэсэн буцаан төлөх хуваарьт 36 сард хуваарилалт хийж эхний 12 сар буюу 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 27-ны хүртэл эргэн төлөлт байхгүй, дараагийн 24 сараас буюу 2012 оны 8 дугаар сарын 27-ээс эхлэн үндсэн зээл хүүтэйгээ эргэн төлөгдөх хуваарь хийж, он сартайгаа бичиж, 2011 оны Засаг дарга А.А Хаан банкийг төлөөлж гарын үсэг зурсан ба төрийн сангийн төлөөлөгч М зээлийн эдийн засагч гэдэг газарт гарын үсэг зурсныг нотолсон Л сумын Засаг даргын Тамгын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч С-гийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 97, 98 дугаар бүртгэлээр бүртгэж баталгаажуулсан нотариатчийн хуулбарыг гэрчилсэн нотариатын улаан тамгаатай нотлох баримтыг үнэлэхгүйгээр, зээлдүүлэгчийг төлөөлж зөвхөн Төрийн сангийн төлөөлөгч болон зээлдэгч гарын үсэг зурж тамга дарагдсан мэтээр анхан шатны шүүх учир дутагдалтай дүгнэсэнд гомдолтой.

4.7. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14 ний өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах хяналт тавих журмын сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах, сум хөгжүүлэх санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхдээ холбогдсон харилцааг зохицуулсныг үндэслэсэн ч Засгийн газрын газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам болон Засгийн газрын газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай 2 дугаар хавсралт, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолын 4 дэх хэсгээр хүчингүй болсонд тооцсон ба Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт журам батлах тухай 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолыг хүчингүй тооцсон тул Баян өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх 2023оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 411 тоот шийдвэрт Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үр дагавар үүсэхгүйг анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлахгүйгээр дүгнэлт хийсэнд гомдолтой.

4.8. Нэхэмжлэгч Л сумын Засаг дарга Х.Е зээлдэгч А.А-аас урьд өмнө зээлийг буцаан төлөхийг шаардаж, мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн нотолсон нотлох баримт байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэлт хийж 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу 36 сарын дотор дуусгавар болсон, цуцлагдсан, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг Иргэний хуулийн 75.2.1 заасан хуулийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа хэрэгжиж өнгөрсөн 11 жил 7 сар 7 хоногийн хугацаанд хөөн хэлэлцэх тусгай хугацаа тасалдаагүй, түр зогсоогүй ба А.А нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс 2012 оны 8 дугаарын 27-ны өдрөөс эхлэн татгалзаж байгааг маш тодорхой болгож Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шүүхэд албан ёсны тайлбарыг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд мэтгэлцээний зарчмаар тогтоож байсан атлаа анхан шатны шүүх илтэд буруу үнэлж, нэг талыг баримталсанд гомдолтой.

4.9. Иргэний хуулийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Иргэний хуулийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсэн тул шаардах үе 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш сар бүр, мөн нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн Хаан банк гэсэн загварын гэрээгээр 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс үүссэн учраас Иргэний хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах тусгай хуулийн хөөн хэлэлцэх хугацаа буюу гурван жилийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа аль хэдий өнгөрсөн тул гэрээний үүргийг мөн өдрөөс эхлэн татгалзаж байгаа албан ёсны тайлбарыг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шүүхэд өгч, шүүх хурал хэрэг хянан шийдвэрлэх явцад мэтгэлцэж анхан шатны шүүх илт буруугаар нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрч байсан мэтээр, нэхэмжлэгч тал шаардаж байсан мэтээр, хариуцагч үүргээ биелүүлээгүй байсан мэтээр илтэд гуйвуулан мушгиж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгож нэг талыг баримтлан нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4.10. 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0029 тоот зээлийн гэрээний 3 3-д авсан зээл түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлүүлэх шаардлагатай бусад арга хэмжээ авна гэж, 3.4-т гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зээл хүүгийн төлөлтөд хяналт тавина гэж тус тус зээлдүүлэгчийн эрх үүргийг тусгасан. Зээлийн гэрээний гол нөхцөлтэйгөөр зээлдүүлэгчийн үүрэг болгож харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно гэж заасан. Тухайн үеийн Л сумын Засаг дарга А.А нэхэмжлэлд дурдсан үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр буцаан төлөх хуваарийн дагуу буюу 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шаардаж, зээлдүүлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж үйлдэл хийх ёстой байсан ч уг үйлдлээ хийгээгүй тул шаардах үе 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш сар бүр буцаан төлөх хуваарийн дагуу 2012 оны 8 дугаар сарын 27 ний өдрөөс эхлэн үүссэн учраас иргэний хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах тусгай хуулийн хөөн хэлэлцэх гурван жилийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа аль хэдий өнгөрсөн тул гэрээний үүргийг мөн өдрөөс эхлэн татгалзах үндэслэлийн хөөн хэлэлцэх хугацаа тогтоогдож нотлон харуулж байхад анхан шатны шүүх иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөв хэрэглэхгүй байгаа гомдолтой.

4.11. Зээлийн гэрээний 4.3-т энэхүү зээлийн гэрээтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол маргааныг шүүхээр шийдвэрлэнэ гэсэн ч ИХШХШТХуулийн 65.1.3-т урьдчилан шийдвэрлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн, энэ журмыг хэрэглэж урьдчилан шийдвэрлэх нөхцөлд 2011 оны 7 дугаар сарын 27-ноос 2014 оны 7 дугаар сарын 27-ны дотор буюу 36 сарын хугацааны дотор зээлийн гэрээний үүргийг хангуулж шийдвэрлэсэн зүйл огт байхгүй.

4.12. Хариуцагч сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл, хүүгийн хамт 5.142.500 төгрөгийн үнийн дүн дээр маргасан ба хариуцагч А.А үндсэн зээлд 500,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус төлж нийт 800,000 төгрөгийг төлсөн хэдий ч төрийн сангийн төлөөлөгч нар гаргаж өгөөгүй байгаа.  Иргэний хуулийн 282   дугаар зүйлийн 282.1-т заасан талуудын зээлийн хүүг тохиоролцоо нь үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуссанаар нэмэгдэл үүргийн буюу хүү, анз авах хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дууссаныг, үүрэг гүйцэтгүүлэгчийн хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргээс нь болж мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхийг алдсаныг анхан шатны шүүх анхаарахгүйгээр чирэгдүүлж байгаад гомдолтой. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

4.13. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 411 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангахаас татгалзаж бүхэлдээ хэрэгсэхгүй болгож, эсвэл анхан шатанд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, оновчтой дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь дээрх хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна. Учир нь зээлдүүлэгч Л сумын Засаг дарга 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч А.А-ы өмчлөлд  5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлж, зээлдэгч мөнгөн хэлбэрээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр уг мөнгийг зээлдэж авсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан байна.

Тиймээс нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Л сумын Засаг дарга хариуцагч А.А-тай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0029 дүгээр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлээр олгосон мөнгийг буцаан олгохыг шаардах эрх үүссэн ба зохигч, тэдгээрийн төлөөлөгчид талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

7. Зээлдүүлэгч, зээлдэгч нар зээлийн гэрээний 2.3-д зээлийн хүүгийн талаар тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгчээс хүү шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 500,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус төлснийг  анхан шатны шүүх анхаараагүй” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас зээлийн үндсэн төлбөрт эргэн төлөлт хийсэн талаар мэтгэлцээгүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

            9. Хариуцагч талаас “зээлийн гэрээ 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж, гэрээний үүрэг дуусгавар болох 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх өнгөрсөн тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан” гэж маргасан.

            Талууд зээлийн гэрээ байгуулахдаа гэрээтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхээр, хэрэв харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэх боломжгүй бол шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоологддог тул нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэв. Иймд анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хийсэн хууль зүйн дүгнэлтийг тухайн асуудлыг зохицуулсан материаллаг хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            10. Хариуцагч “нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргах ёстой байсан” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээг зээлдүүлэгчийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Л сумын Засаг дарга байгуулсан учир нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн талууд гэрээндээ уг гэрээнээс үүдэлтэй гарсан маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг заавал хэрэглэхээр тохиролцсон эсэх нь тогтоогдоогүй,  хариуцагчийн мэтгэлцэж байгаа үндэслэл нотлох баримтад тулгуурлаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            11. Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны-ний өдрийн 130/ШШ2023/00411 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИР