Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 124/ШШ/2023/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

 “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн О.Б нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар холбогдох иргэн, хуулийн этгээд, үүний дотор 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжийн О.Б-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000161452 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч О.Б-д маргаан бүхий актыг Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.Иймд нэхэмжлэгч О.Баттулгыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгч О.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай заасан байдаг. Миний бие О.Б нь газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан Иргэнд гэр бүлийнхэн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-аас илүүгүй байна гэсэн заалтын хүрээнд Увс аймгийн 3 дугаар багын нутаг дэвсгэрт 300 /0.03 /м2 га газар хууль ёсны дагуу эзэмшдэг иргэн юм. Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны А/814 дугаартай захирамж гарч миний 300 /0.03/ м2 га газрыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарчээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Энэ хүрээнд Увс аймгийн Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох ёстой билээ.

Гэтэл Засаг даргын А/814 дугаартай захирамжийн хууль эрх зүйн үндэслэх хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг заасныг барьж, газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан байна.

Иймд Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан.  Би анх энэ газрын хууль ёсны эзэмшигч яаж болсон бэ гэвэл манайх 2010 онд номын сангийн арын хашаанд амьдарч байгаад мөн ондоо Галданбошигтын 10-02 тоотод амьдарсан. Энэ байр нь тухайн үед төрийн албан хаагчийн 24-р байр гэх нэртэй 10 машины зогсоолтой байр байсан.Байрны ойролцоо хог новш болчихсон газрыг цэвэрлээд 2010 онд гараашны зориулалтаар объект барьсан. 2011 онд би энэ гараашны хогийг цэвэрлээд 10 гаруй жил хууль ёсны дагуу эзэмшсэн. Тухайн газрын хууль ёсны эзэмшигчийн хувьд Улаангом сумын 3-р багийн иргэдийн төлөөлөгчдөд өргөдлөө гаргаж өгсөн. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг тэргүүнд ээлжид олж авах давуу эрхтэй гэж заасан. Энэ заалтын дагуу уг газрыг эзэмшиж болохоор байсан тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид саналаа тавихад хууль журамд заасны дагуу судлаад хариу өгнө гэж хэлсэн. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулиар өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалттай. Дахин шалгаж шийдвэрлэх шаардлагатай бол 2 сарын хугацаатай байдаг. Хурлын төлөөлөгч аймгийн Засаг дарга болсны дараа орж уулзаад би энэ газрыг эзэмшихээр танд албан ёсоор өргөдөл өгсөн. Миний өгсөн өргөдлийн шийдвэрлэлт ямар түвшинд явж байгаа бол гэж асууж тодруулахад харьяаллын дагуу Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар луу шилжүүлсэн байгаа Г.О даргатай очиж уулзана уу гэж хэлсэн. Маргааш нь Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын даргатай очиж уулзаад энэ газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшмээр байна. Хэрвээ энэ газар надад олгогдвол 2 хүн цалинжуулж ажиллуулах нөхцөл боломж гарна гэж хэлсэн. Үүний дараа газрын албанаас таны эзэмшиж байсан газар албан ёсоор хууль дүрэмд нийцсэн гэрчилгээтэй болж гарч байна гэж хэлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод Хүнс хөдөө аж ахуй яамны захиргаа удирдлагын газрын даргын албан тушаал хашиж байгаад ээлжийн амралтаараа ирчхээд О-дын өрөөнд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гардаж авсан. Нэгж талбарын 8516014447 дугаартай, газар эзэмших эрхийн гэрээтэй гэрчилгээг гардан авсан. Улаанбаатар хотоос өнгөрсөн жил шилжиж ирээд Улаангом сумын 3-р багийн иргэн болоод амьдраад явж байгаа. Эзэмшлийн газар дээрээ авто угаалгын газартай болохоор тооцоолж байтал миний хүссэн санаа талаар өнгөрч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/814 тоот захирамжаар миний эзэмшлийн газрыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан. Уг захирамжаар олон хүний газрыг хүчингүй болгосон. Энэ захирамжийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гарга гэж хэлсэн. Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэр нь нэг боловч иргэнийг дэмжсэн төрийн бодлого юм болов уу гэж бодож байсан. Гэтэл гаргасан бодлогоо өөрөө хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Үүнд 40.1.1 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.2 газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 40.1.3 шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 40.1.4 байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон; 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7 газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэж заасан. Гэтэл Засаг дарга тухайн газрыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй. Хэрэв эдгээр заалтуудыг оруулж захирамжаа гаргасан бол үндэслэлтэй байх байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр хүний газар эзэмших эрхэд халдаж  байгаа нь хууль бус байна. Иймд миний эрхийг зөрчсөн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, надад холбогдох хэсгийг сэргээж өгнө үү? гэв

5. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Аймгийн Засаг даргаас шийдвэр гаргахад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын агентлагийн даргын шийдвэр болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Иймд О.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж хуульчилсан. О.Б-ын эзэмшиж байгаа газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байдаг. Геодези зураг зүйн газраас гаргасан хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлтийн 11 дүгээр хэсэгт тусгагдсан гэж гэрчийн мэдүүлэг авагдсан байдаг. Тухайн дүгнэлтээр юу гэж заасан вэ гэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт иргэн аж ахуйн нэгж байгууллагад нэгж талбарын дугаар үүсгэж, гэрчилгээ олгож байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан. Хууль тогтоомж гэдэгт нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар эзэмшүүлэх ашиглуулах харилцааг зохицуулна гэж заасан байгаа учраас тухайн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлэх боломжгүй учраас Засаг даргын А/814 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс “...Миний бие нь Газрын тухай хуульд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр,орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-аас илүүгүй байна гэсэн заалтын хүрээнд 300м2 газрыг эзэмшдэг.Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалтын хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох ёстой.Гэтэл Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг барьж гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.Засаг дарга тухайн газрыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй...” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Засаг даргаас шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. О.Б-д эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ,үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг тус тус үндэслэн зарим иргэн,хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Увс аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжийн Орсоогийн Баттулгад холбогдох хэсгийг,тус захирамжийг үндэслэн олгосон 000161452 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

5. Нэхэмжлэгч О.Б нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны болон мөн оны 06 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон Газрын албаны дарга Отгонболд нарт “байрныхаа гадна 2 автомашины хүйтэн гарааш барьж авсан ба тухайн гараашаа 10 гаруй жил эзэмшиж байгаа тул газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг, тойм зургийн хамт өгчээ.

6. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1,аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тогтоолыг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 3-р багийн нутагт Р.С-т 156м2 газрыг худалдаа үйлчилгээний газар,төв цогцолборын зориулалтаар, О.Б-д 300м2 газрыг барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр О.Б-д газар эзэмших эрхийн 000161452 дугаартай гэрчилгээ олгогдож, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

7. Нэхэмжлэгч О.Б-д эзэмшүүлсэн газарт шүүхийн үзлэгийг хийсэн ба үзлэгээр О.Б-ын эзэмшлийн газарт кадастрын зургийн дагуу хэмжилтийг хийж үзэхэд О.Б-ын эзэмшлийн 2 гарааш нийтийн орон сууцны ойролцоо зэргэлдээ байршилтай, уг газрын ойролцоо иргэдийн авто гараашууд баригдсан, О.Б-ын эзэмшлийн 2 авто граашийн ар талд залгаа баригдсан 3 авто гарааш кадастрын зураг дахь 300 м 2 газарт багтсан байв.

Бусдын 3 гарааш О.Б-д эзэмшүүлэхээр тусгасан газарт орсон байх ба гараашийг эзэмшдэг иргэдийг танихгүй, гараашийг буулгасны дараа авто угаалгын газар барихаар төлөвлөсөн тул холбогдох зардал,төлбөрийг нь иргэнд төлөх бодолтой талаар нэхэмжлэгч тайлбарласан, уг 3 гараашийн эздийг хэн болохыг тодорхойлох боломжгүй байгаа талаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1/63 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

Шүүхээс уг 3 авто гараашийн эздийг гэрчээр асуух зайлшгүй шаардлага үүсээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:

33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;

33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус  зохицуулжээ.

9. Нэхэмжлэгч О.Б маргаан бүхий газрыг гэр, хашааны зориулалтаар иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн талаар тайлбарласан ба тус газар нь нийтийн орон сууцны ойролцоо байршилтай, 5 машины гарааш баригдсан, нэхэмжлэгч өргөдөл гаргахдаа 2 машины гарааш эзэмшдэг тул доорх газрыг нь эзэмшихээр хүсэлт гаргаж байсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг тухайн газрыг гэр, хашааны зориулалтаар эзэмшсэн гэж үзэхгүй. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжаар О.Б-д барилга, байгууламжийн зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн байна.

10. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсан байх ба хавсралтын хүснэгт 1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил,хэмжээг баталжээ.Уг байршил хэмжээний Улаангом гэх хэсэгт гараашийн барилга байгууламжийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна. Мөн Хүснэгт 6-д иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээг батлахад Улаангом суманд 3-р багт гэр хашааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна.

11. Иймд Увс аймгийн Засаг даргаас О.Б-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгаагүй газрыг О.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

12. Увс аймгийн Засаг даргаас “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр О.Б-д өмнө нь газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож  шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зохицуулсантай нийцсэн байна.

13. Маргаан бүхий актад Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэснийг, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэсэн байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг гэж баримталсан баримтыг шүүхээс нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд холбогдох байгууллагаас шүүхэд гаргаж өгөхийг даалгасан боловч Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын Удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 241 дугаартай албан бичгээр “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А814 дүгээр захирамжийн үндэслэл болсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Увс аймгийн газрын харилцааны талаар хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан манай архивт хадгалагдаж үлдээгүй байх тул гаргаж өгөх боломжгүй байна” гэх хариуг ирүүлсэн, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн төслийг би боловсруулж бэлтгэсэн. 2021 оны 9 сард Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын мэргэжилтнүүд манай аймагт ирж газрын талаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн. Энэ ажлын дүгнэлтээ 2021 оны 10 дугаар сард манайд ирүүлсэн байсан. Уг дүгнэлтийн 11 дэх хэсэгт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газрыг хүчингүй болгуулах талаар зөвлөмж ирүүлсэн. Тиймээс уг дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газруудын эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрүүд гарсан” гэж мэдүүлсэн, мөн Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/930 дугаар албан бичигт “2021 онд хийгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайланг Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт бичгээр хүргээгүй” талаар дурджээ.

14. Харин Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэргэжилтнүүд орон нутагт томилолтоор ажилласан тухай 2021.11.16-ны өдрийн тайланд “Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт газрын зөрчил, маргаан шийдвэрлэлтийн байдалд зөвлөмж өгсөн” тухай тэмдэглэгдсэн, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ,үнэлгээний тайлангийн Ес.Зөвлөмж гэх хэсэгт Газар зохион байгуулалтын чиглэлээр:-2021,2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд олгосон захирамж шийдвэрүүдийг хянаж, зөрчил арилгах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар зөвлөжээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д бичгээр гарах захиргааны актад тавигдах шаардлагын нэг болгож “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал,хууль зүйн үндэслэлийг заасан” байхаар зохицуулсан.

Хариуцагчаас маргаан бүхий актад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй хэдий ч захиргааны хэргийн шүүхээс иргэн, хуулийн этгээдийн хуульд заасны дагуу үүссэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээх үүргийг гүйцэтгэдэг, хариуцагчаас тухайн нөхцөлд өөр шийдвэр гарах боломжгүй тул “холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй” гэх зөрчлийг маргаан бүхий актыг хүчингүй болгоход нөлөөлөхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

16. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” тохиолдолд захиргааны байгууллага хүчингүй болгохоор заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий актыг гаргасан байна.

17. Захиргааны байгууллагаас газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зөв тул нэхэмжлэгчийн “ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай захирамжаар О.Б-д газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч О.Б-ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Цаашид хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болно.

18. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ