Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-н нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү      

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “...Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дугаар захирамжийн О.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 09 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 124/2023/0002

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Б  нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дугаар захирамжийн О.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-н Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дугаар захирамжийн О.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тогтоолоор Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд программ нэвтрүүлж, аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлсэн газрын кадастрын “Лэнд менежер” программ хангамж нэвтүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбилцлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах захирамжыг кадастрын мэдээллийн сан болон газар дээрх бодит талбайтай харьцуулан гаргасан 19 сумын 6434 нэгж талбарын зөрүүг арилгах тухай арга хэмжээг авч ажиллахыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга /Г.О/-д үүрэг болгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байдаг. Дээрх ажлын үр дүнд буюу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолын хүрээнд Увс аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу миний гражын зориулалтаар ашиглаж байсан обьект нь газрын хууль тогтоомжийн дагуу зөрчилтэй хууль ёсны газар ашиглах, эзэмших гэрчилгээгүй байсныг газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, газрын албаны мэргэжилтэн хэмжилт хийж 300 /0,03/ м2 га газрын иргэн О.Б  миний нэр дээр газар эзэмшүүлэх аймгийн засаг даргын 2021 оны А/466 дугаартай захирамж хуулийн хүрээнд гарсан шийдвэр юм. Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дугаартай захирамж гарч миний 300 /0.03/ м2 га газрыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар заасан байна. Газрын тухай хуулийн 40.1 “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Үүнд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-д “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.4-д “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.7-д “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” зэрэг заалтуудын хүрээнд Увс аймгийн Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох ёстой билээ.

3.3. Гэтэл засаг даргын А/000 дугаартай захирамжийн хууль эрх зүйн үндэслэх хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг заасныг барьж, газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан байна. Аймгийн засаг даргын газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгохдоо удирдлага болгож барьсан заалт болох Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэж О.Б  миний хууль ёсны 15 жил эзэмших ёстой газрыг хүчингүй болгосон ба Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг гэдэг нь тухайн захиргааны хэргийн баримтад нотлох баримтаар байдаггүй, тухайн газрын албаны мэргэжилтнүүд болон холбогдох ажилтнуудаас асуухад тийм дүгнэлт байхгүй, илт хууль бус захирамжыг аймгийн Засаг дарга гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.

3.4.  2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийдвэр гаргахдаа иргэн О.Б  миний зүгээс гаргасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д тус тус нэрлэсэн заалтуудаар Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо удирдлага болгох ёстой атал газрын тухай хууль тогтоомжийн нэг ч заалт засаг даргын гаргасан захирамжид дурьдагдаагүй, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг заасныг барьж шийдвэрлэсэн илт хууль бус шийдвэр болж, тухайн Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг нь газрын алба болон аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын алба болон хууль зүйн хэлтэс зэрэг газруудаас асууж тодруулахад тийм дүгнэлт байхгүй зэрэг нь хууль ёсны болж чадаагүй, хий хоосон дүгнэлт зохиож иргэн О.Б  миний газар эзэмших эрхэнд халдаж, газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарсан байхад, Увс аймаг дахь захиргааны хэргийн шүүх миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хууль ёсны шийдвэр болж гарсангүй, дахин иргэн О.Б  миний газар эзэмших эрхийг ноцтой зөрсөн учраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

3.5. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүх газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсон нь хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газрын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймгийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 тоот захирмажаар Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт О овогтой Б-д 300м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр албан ёсны шийдвэр гарсан байдаг. 3ахиргааны хэргийн шүүхээс газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэж хэрэгсэхгүй болгосон заалт нь хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, таслан зогсоох гэсэн заалт юм. Харин Увс аймгийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 тоот захирмажаар Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт О овогтой Б-д 300м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр албан ёсны шийдвэрийг шүүхээс хууль бус гэж дүгнэсэн нь өөрөө хууль бус шийдвэр боллоо.

3.6. Дээрх ажлын үр дүнд буюу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолын хүрээнд Увс аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу миний гражийн зориулалтаар ашиглаж байсан обьект нь газрын хууль тогтоомжийн дагуу зөрчилтэй хууль ёсны газар ашиглах, эзэмших гэрчилгээгүй байсныг газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, газрын албаны мэргэжилтэн хэмжилт хийж 300 /0.03/ м2 га газрын иргэн О.Б  миний нэр дээр газар эзэмшүүлэх аймгийн засаг даргын 2021 оны А/466 дугаартай захирамж хуулийн хүрээнд гарсан шийдвэр юм.

3.7. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана гэсэн заалтын хүрээнд: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тогтоолоор Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд программ нэвтрүүлж, аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлсэн газрын кадастрын “Лэнд менежер” программ хангамж нэвтүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбилцлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах захирамжыг кадастрын мэдээллийн сан болон газар дээрх бодит талбайтай харьцуулан гаргасан 19 сумын 6434 нэгж талбарын зөрүүг арилгах тухай арга хэмжээг авч ажиллахыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга /Г.О/-д үүрэг болгосон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан байдаг.

3.8. Мөн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэж миний захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж гарсангүй. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан нь өөрөөр хэлбэл О.Б  миний хууль ёсны 15 жилээр эзэмшиж буй гражийн обьекттой 300 м2 газар нь газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар биш харин ч 0.07 га газрын хагас нь хүрэхгүй газар байдаг бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулах газар биш юм.

3.9. Захиргааны хэргийн материал дотор ач холбогдол бүхий Засаг даргын газрын гэрчилгээ хүчингүй болгосон захирамжиндаа удирдлага болгосон Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг заалт болох нотлох баримт нь тухайн захиргааны хэрэгт нотлох баримтаар байдаггүй, газрын алба болон аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын алба, хууль зүйн хэлтэс зэрэг газруудаас асууж тодруулахад тийм дүгнэлт байхгүй зэрэг нь хууль ёсны болж чадаагүй, хий хоосон дүгнэлт зохиож, Увс аймгийн засаг дарга Ч.Ч 2022 оны 12 дугаар сарын 30-ны А/000 дугаартай захирамж гаргаж миний 300 /0.03/ м2 га газрыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарч илт хууль бус захиргааны шийдвэр гарсан байна. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаартай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолд шүүхээс дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй зэрэг нь анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус шийдвэр байгаа тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож иргэн О.Б  миний өчүүхэн 300 м2 газрын эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч О.Б  нь 2021 оны 02 дугаар сарын 26, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус Увс аймгийн Засаг дарга, Газрын албаны дарга нарт “... байрныхаа гадна 2 автомашины гарааш барьж авсан. Тухайн газрын хэмжээ 22х16 харьцаатай газар байгаа тул тухайн газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.

2.2. Уг хүсэлтийн дагуу Увс аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаартай захирамжаар “... газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор ... О  овогтой Б д 300 м2 газрыг барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж” шийдвэрлэж, тус захирамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр О.Б д газар эзэмших эрхийн 000161452 дугаартай гэрчилгээг олгон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

2.3. Улмаар маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар ... 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжийн О  овогтой Б д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000161452 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Нэхэмжлэгчээс ...Газрын тухай хуульд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр,орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га газраас илүүгүй байна гэсэн заалтын хүрээнд 300 м2 газрыг эзэмшдэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалтын хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Гэтэл Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг барьж гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Засаг дарга тухайн газрыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй...” гэж маргажээ.

2.5. Анхан шатны шүүх ... Нэхэмжлэгчийг тухайн газрыг гэр, хашааны зориулалтаар эзэмшсэн гэж үзэхгүй. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсан байх ба хавсралтын хүснэгт 1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталжээ. Уг байршил хэмжээний Улаангом гэх хэсэгт гараашийн барилга байгууламжийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр, хүснэгт 6-д иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээг батлахад Улаангом суманд 3 дугаар багт гэр хашааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна. Иймд Увс аймгийн Засаг даргаас О.Б д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгаагүй газрыг О.Б д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Увс аймгийн Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн гэх үндэслэлээр О.Б д өмнө нь газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.6. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-аас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гээд 33.1.1“энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” 33.1.2“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, 33 дугаар зүйлийн 33.4-д “... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

2.7. Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн маргаан бүхий газар нь түүнд газар эзэмшүүлсэн цаг хугацаанд буюу 2021 оны Увс аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн газарт тусгагдаагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” газарт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Газрын тухай хуулийг зөрчсөн өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон хариуцагч Засаг даргын үйлдлийг шүүхээс буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

2.8. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар олгох ёсгүй байсан газарт газар эзэмшүүлж, хууль зөрчсөн өөрийн шийдвэрээ эргэн харж, өмнөх шийдвэрээ хүчингүй болгох эрх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу хариуцагч Засаг даргад олгогдсон.

2.9. Өөрөөр хэлбэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан тохиолдолд хүчингүй болгох шаардлага тавигдахгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хариуцагчаас зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2.10. Учир нь нэхэмжлэгч О.Б  нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр 10 гаруй жил тухайн газрыг ашигласны дараа захиргааны байгууллагаас газрын тухай хууль зөрчиж газар эзэмшүүлсэн алдаатай шийдвэрээ  аймгийн Засаг дарга хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3“Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасантай нийцжээ.

2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ