Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00611

 

 

 

 

    2023           07            07     

                     130/ШШ2023/00611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, М овогт Г.А

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Засаг дарга /орлогч Х.Н/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Гэрч С.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхад аймгийн Засаг дарга Д.Б надад "... аймгийн Боловсролын газрын даргаар түр хугацаанд ажиллах уу. Сүүлийн жилүүдэд аймгийн боловсролын чанар муудаж, улсын хэмжээнд дандаа сүүл мушгиж байна. Иймд аймгийн боловсролын чанарыг дээшлүүлэх удирдлага хэрэгтэй байна” гэхээр нь би хүсэлтийг нь хүлээн авч, Ө сумын Засаг дарга Д.Е Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаж, улмаар аймгийн Засаг даргын 2021 оны Б/32 дугаартай захирамжаар намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Тухайн үед аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа “Ковид-19” цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Энэ тохиолдолд намайг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж, тухайн орон тоог хэвээр хадгалж, цаашид аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон тохиолдолд өмнөх ажиллаж байсан Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай байтал Ө сумын Засаг дарга Д.Е нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” дахь заалтыг үндэслэл болгосон нь хуулийг зөрчиж, миний эрх ашгийг дордуулсан буюу хууль бус захирамж болсон байна. Учир нь, тухайн үед би Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, үүнээс гадна намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Боловсролын газраас ямар нэгэн санал гаргаагүй болно. Аймгийн Засаг даргын намайг Боловсролын газрын даргаар томилсон 2021 оны Б/32 дугаартай захирамжийн үндэслэл болгосон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсноор миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргаас намайг өмнөх ажилд маань томилж өгнө үү гэж уулзахад Таныг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн” гэж хэлснээр миний бие Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжтай танилцсан бөгөөд өмнө нь намайг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн гэсэн ойлголттой явж байсан билээ.

1.2. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг дарга /орлогч Х.Н/ хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан ба уг өргөдөлдөө “Миний бие аймгийн Боловсролын газрын даргаар томилогдож байгаа тул намайг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж чөлөөлж өгнө үү” гэж хүсэлт гаргасан юм. Ингээд Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Г.А тус сумын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед сургуулийн захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөх, хүлээлцэх үйл ажиллагаанд Г.А өөрийн биеэр оролцсон. Г.А нь аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд 2 жил гаруй хугацаанд хууль бус томилгоотой гэх шалтгаанаар уг албан тушаалаас чөлөөлөгдөх болсон үед тус сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай хүсэлт гаргаж байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Мөн Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчаас төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд шууд шилжүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалт байхгүй ба зөвхөн төрийн албаны тусгай шалгалтаар сонгон шалгаруулж тухайн албан тушаалд зохицуулалттай юм. Иймд нэхэмжлэгч нь Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдсан тул шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд томилогдох боломжтой бөгөөд Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Т.А ажлаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг уг орон тоонд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШЗ2023/00884 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамж, Б аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/32 дугаартай захирамж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/95 дугаартай албан тоот, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШТ2023/00027 дугаартай тогтоол, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, өмгөөлөгч С.Н байгуулсан өмгөөллийн гэрээ, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системээс авсан Сул орон тоо нөхөн сонгон шалгаруулалтын зар, Б аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/730 дугаартай захирамж, АААААА, ААААААА дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ЭЕШ-д сүүлийн 5 жилээр хийсэн дүн шинжилгээ, нэхэмжлэгч 2023 ошны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Арабын нэгдсэн улсад зорчих  талаарх материал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Г.А 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ө сумын Засаг даргад гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамж, Б аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай захирамж, Б аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2/332 дугаартай албан бичгээр М.С олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх М Г.А 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ө сумын Засаг даргад гаргасан хүсэлтийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.1.Нэхэмжлэгч Г.А нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоохыг хүсжээ.

7. Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд

7.1. Миний бие Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхад аймгийн Засаг дарга Д.Б гаргасан хүсэлтийг нь хүлээн авч, Ө сумын Засаг дарга Д.Е Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаж, улмаар аймгийн Засаг даргын 2021 оны Б/32 дугаартай захирамжаар намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Тухайн үед аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа “Ковид-19” цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ тохиолдолд намайг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж, тухайн орон тоог хэвээр хадгалж, цаашид аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон тохиолдолд өмнөх ажиллаж байсан Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай байтал Ө сумын Засаг дарга Д.Е нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар миний эрх ашгийг дордуулсан буюу хууль бус захирамж болсон байна. Учир нь, тухайн үед би ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, үүнээс гадна намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Боловсролын газраас ямар нэгэн санал гаргаагүй болно. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргаас намайг өмнөх ажилд маань томилж өгнө үү гэж уулзахад Таныг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн” гэж хэлснээр миний бие Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжтай танилцсан бөгөөд өмнө нь намайг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн гэсэн ойлголттой явж байсан билээ. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг дарга /орлогч Х.Н/ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан хүсэлтийн дагуу Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Г.А тус сумын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед сургуулийн захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөх, хүлээлцэх үйл ажиллагаанд Г.А өөрийн биеэр оролцсон. Г.А нь аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд 2 жил гаруй хугацаанд хууль бус томилгоотой гэх шалтгаанаар уг албан тушаалаас чөлөөлөгдөх болсон үед тус сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай хүсэлт гаргаж байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Мөн Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчаас төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд шууд шилжүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалт байхгүй ба зөвхөн төрийн албаны тусгай шалгалтаар сонгон шалгаруулж тухайн албан тушаалд зохицуулалттай юм. Иймд нэхэмжлэгч нь Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдсан тул шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд томилогдох боломжтой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

8. Нэхэмжлэгч Г.А нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргасан байна гэж үзлээ.

8.1. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны шатанд ажлаас чөлөөлсөн захирамж гарсныг мэдэж байсан, тухайн үед ажлаа хүлээлгэж өгч байсан, энэхүү захирамжийг тухайн үед нэхэмжлэгч Г.А гардуулсан гэж тайлбарлаж маргасан боловч энэхүү ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захирамжийг гардуулсан, танилцуулж өгч байсан талаарх баримтаа шүүхэд гарган өгч нотолж чадаагүй болно.

8.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах нь ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэжээ.

8.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг, 4.1.2 дахь хэсэгт “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 4.1.9 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог тус тус ойлгоно гэжээ.

9. Хариуцагч Б аймгийн Ө сумын засаг даргад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч Г.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо гомдлыг  хүлээн авч талуудыг оролцуулан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай тэмдэглэлээр талууд тохиролцоонд хүрээгүй тул уг гомдлыг шүүхээр шийдвэрлүүлсэн нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна гэж шийдвэрлэсэн байна.

10.2. Б аймгийн Ө сумын засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “ Г.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн захирамжлах нь 1. Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Г.А нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир 2021 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн эрхийн акт гаргаж Г.А ажлаас нь чөлөөлсөн байна. 

10.3. Нэхэмжлэгч Г.А  чөлөөлсөн бол ажил олгогч тушаалдаа үндэслэлээ тодорхой дурдаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан учир Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан эрхийн акт гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байна.

10.4. Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

10.5. Ажил олгогчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.А  сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэж,

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх асуудлаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байх ба ажил олгогч уг заалтуудыг захирамждаа баримталсан нь үндэслэлгүй болсон байна.  

11. Хариуцагч ... Г.А нь 2021 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр Ө сумын засаг дарга бөгөөд Ө хотын захирагч Д.Е танаа “миний бие аймгийн боловсролын газрын даргаар томилогдож байгаа тул намайг Ө сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаас 2021 оны 09 дүгээр сарын 13-аас эхлэн чөлөөлнө үү” өргөдөл гаргасан гэж гарын үсгээ зурсан хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж, нэхэмжлэгч Г.А нь аймгийн боловсролын газрын даргаар ажиллахыг санал болгосон саналыг хүлээн авч, намайг томилсон, Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн гэсэн ойлголттой явж байсан гэж тус тус маргасан боловч хариуцагч Ө сумын засаг дарга нэхэмжлэгч Г.А Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамждаа чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаагүй, чөлөөлсөн захирамжаа нэхэмжлэгч Г.А танилцуулж, гардуулаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзлээ.

11.1. 2012 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 1.7-д хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэнэ ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино гэжээ. 

Гэтэл ажил олгогч энэхүү ажлаас чөлөөлж өгнө үү гэж гаргасан ажилтны хүсэлтийг  гаргах болсон шалтгааныг тодруулаагүй эрхийн актыг гаргасан байх ба ажлаас чөлөөлсөн эрхийн акт буюу захирамжийн үндэслэлийг тодорхой заагаагүй, холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй нь үндэслэлгүй болсон байна.

11.2. Нэхэмжлэгч Г.А нь ...аймгийн Засаг дарга намайг Боловсролын газрын даргаар томилсон 2012 оны Б/32 дугаартай захирамжийн үндэслэл нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсноор миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргаас намайг өмнөх ажилд маань томилж өгнө үү гэж уулзахад ... “Таныг Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн” гэж хэлснээр миний бие Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжтай танилцсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгэж чадаагүй болно.

12. Нэхэмжлэгч Г.А 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б аймгийн Засаг даргын Б/32 дугаартай “Г.А албан тушаалд түр томилох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 42.1.8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Авлигатай тэмцэх газрын албан бичгийг тус тус үндэслэн 1.“Ковид-19” цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Г.А 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай гэсэн эрхийн актаар нэхэмжлэгч Г.А аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан байна.

12.1. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Х ... Г.А удирдаж ажиллаж байсан сургуулийн аймгийн тэргүүний сургуулийн нэг байсан бөгөөд удирдах албан тушаалыг хашиж чадан гэж ажлын хэсэг ярилцаж, Г.А  аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ажлыг 3 удаа санал болгож байсныг сайн мэднэ, эхний удаа уг саналыг хүлээж аваагүй, дараа нь дахин дуудаж санал болгосноор уг саналыг хүлээн авч, тэгээд аймгийн Засаг дарга дээрх албан тушаалд томилж байсныг сайн мэдэж байна гэсэн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Г.А аймгийн Боловсролын газрын даргаар ажиллахыг санал болгосноор уг албан тушаалд томилж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан байх ба энэхүү хуулийг үйлчлэл нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд дээрх захирамжид заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.А  Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэл нь үндэслэлтэй байна.

12.2. Б аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/95 дугаартай  “Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Г.А танаа” гэх албан бичигт “Таны гаргасан өргөдөлтэй танилцлаа. Ө сумын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн учир нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүсье. Таныг уг ажлын байранд томилох нь хууль зөрчсөн үйлдэл болно гэж үзлээ. Учир нь таны өргөдөлдөө дурдсан 43.4 дэх заалт ажил хавсран гүйцэтгэх үед хэрэглэх заалт байна. Иймд өргөдлөө Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн удирдлагуудад гаргаж шийдвэрлүүлэхийг хүсье” гэсэн хариу өгч байсан байна.

12.3. Нэхэмжлэгч Г.А нь ... Боловсрол газрын даргаар түр томилсон буюу шилжүүлэн ажиллуулсан тул миний орон тоо хэвээр хадгалагдах ёстой байсан. Шилжүүлэн ажиллуулсан хугацаа дууссан учраас би эргэж ажилдаа томилогдохыг хүсэж Е даргад очиход таныг 5 дугаар сургуулийн захирлын ажилд томилох боломжгүй гэсэнд маш их гомдолтой байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр өөр ажилд түр шилжүүлсэн тул намайг өмнөх эрхэлж байсан ажилд томилогдох ёстой гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.1 дэх хэсэгт ажил олгогч дараах үндэслэл, хугацаагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулж болно, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт энэ хуулийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түр шилжүүлсэн хугацаа нь дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэжээ.       

13. Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М овогт Г.А Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргаас 70,200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М овогт Г.А Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Засаг даргаас 70,200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К