Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00110

 

 

Г.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00611 дүгээр шийдвэртэй,  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух Молхы овогт Гафугийн Амантайн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга /орлогч Х.Нурболат/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлоор авч хэлэлцэх хөдөлмөрийн эрхийн маргааныг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхад аймгийн Засаг дарга Д.Б надад "... аймгийн Боловсролын газрын даргаар түр хугацаанд ажиллах уу. Сүүлийн жилүүдэд аймгийн боловсролын чанар муудаж, улсын хэмжээнд дандаа сүүл мушгиж байна. Иймд аймгийн боловсролын чанарыг дээшлүүлэх удирдлага хэрэгтэй байна” гэхээр нь хүсэлтийг нь хүлээн авч, Ө сумын Засаг дарга Д.Еад Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаж, улмаар аймгийн Засаг даргын 2021 оны Б/32 дугаартай захирамжаар намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.

1.2. Тухайн үед аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Ковид-19 цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Энэ тохиолдолд намайг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж, тухайн орон тоог хэвээр хадгалж, цаашид аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон тохиолдолд өмнөх ажиллаж байсан Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай байтал Ө сумын Засаг дарга Д.Е нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх дахь заалтыг үндэслэл болгосон нь хуулийг зөрчиж, миний эрх ашгийг дордуулсан буюу хууль бус захирамж болсон.

1.3. Учир нь, тухайн үед би Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, үүнээс гадна намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Боловсролын газраас ямар нэгэн санал гаргаагүй болно. Аймгийн Засаг даргын намайг Боловсролын газрын даргаар томилсон 2021 оны Б/32 дугаартай захирамжийн үндэслэл болгосон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсноор миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргаас намайг өмнөх ажилд маань томилж өгнө үү гэж уулзахад таныг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн гэж хэлснээр миний бие Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжтай танилцсан бөгөөд өмнө нь намайг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн гэсэн ойлголттой явж байсан билээ.

1.4. Иймд Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга /орлогч Х.Нурболат/ хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан ба уг өргөдөлдөө Миний бие аймгийн Боловсролын газрын даргаар томилогдож байгаа тул намайг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. Ингээд Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Г.А-г тус сумын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2.2. Тухайн үед сургуулийн захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөх, хүлээлцэх үйл ажиллагаанд Г.А өөрийн биеэр оролцсон. Г.А нь аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын албан тушаалд 2 жил гаруй хугацаанд хууль бус томилгоотой гэх шалтгаанаар уг албан тушаалаас чөлөөлөгдөх болсон үед тус сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай хүсэлт гаргаж байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна.

2.3. Мөн Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчаас төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд шууд шилжүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалт байхгүй ба зөвхөн төрийн албаны тусгай шалгалтаар сонгон шалгаруулж тухайн албан тушаалд зохицуулалттай юм.

2.4. Иймд нэхэмжлэгч нь Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдсан тул шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд томилогдох боломжтой бөгөөд Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Т.Амантайг ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг уг орон тоонд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00611 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Молхы овогт Гафугийн Амантайг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргаас 70,200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийн үйл баримтад хариуцагчийг буруутгах байдлаар шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

4.2. Ө сумын Засаг дарга 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар Г.А-г ажлаас чөлөөлөхдөө түүнийг гаргасан өргөдлийг, тодруулж хэлбэл ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлийг үндэслэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон гол үндэслэл нь түүний өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан өргөдөл бөгөөд тухайн өргөдөлд ажлаас түр чөлөөлөх, ажлын байрыг хадгалах талаар ямар ч үг, үсэг байхгүй. Г.А нь тухайн үед өөрөө өргөдлөө гаргаж ажлаас чөлөөлөгдсөн.

4.3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийг “...ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байна” гэж буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр түүнийг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй нь үнэн боловч захирамжлах хэсэгт “...Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирал Г.А нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж тодорхой зааж өгсөн. Энэ нь тухайн захирамжаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Г.А-г үүрэгт ажлаас чөлөөлснийг нотлох бөгөөд урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох үндэслэл болохгүй.

4.4. Ажлаас чөлөөлсөн захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй нь түүнийг ажилд эргүүлэн тогтоох үндэслэл болохгүй. Мөн шүүхийн шийдвэрт ажил олгогч захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримталсан ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй” гэж хуульчилсан учир дээрх заалтыг баримталсан нь үндэслэлгүй болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй” гэж хуульчилсан нь УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулгын заалт бөгөөд Г.А-г ажлаас чөлөөлөх үед энэ хууль дагаж мөрдөөгүй байсан.

4.6. Харин тухайн үед 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль үйлчилж байсан бөгөөд дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг баримталсан.

4.7. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгийг захирамжид баримталсан нь үндэслэлгүй болсон байна гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Боловсролын тухай хуулийн дээрх заалтаар Сумын Засаг даргад ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг олгосон байдаг.Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд ажилд томилох, чөлөөлөх эрх эдлэх ажил олгогч нь болдог.

4.8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах нь ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг юм, ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захирамжийг гардуулсан, танилцуулж өгч байсан талаарх баримтаа шүүхэд гарган өгч нотолж чадаагүй болно гэж ажил олгогчийг буруутгасан.

4.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсгийн заалт нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн заалт бөгөөд Г.А-г ажлаас чөлөөлөх үед энэ хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан. Г.А нь ажлаас чөлөөлсөн захирамжийн дагуу ажил хүлээлцэх ажлын хэсгийн хамт сургууль дээр ирж, сургуулийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бусад баримт бичгүүдийг Ж.Р-д хүлээлгэж өгч явсан ба тухайн үед захирамжийн хувийг гардуулж өгч байсан.

4.10. Г.А-г ажлаас чөлөөлөх үед дагаж мөрдөж байсан 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх, 33 дугаар зүйлд сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх, 34 дүгээр зүйлд ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх талаар тус тус хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлийг гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно гэж хуульчилсан Г.А-г Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан нь дээрх үндэслэлд хамаарахгүй.

4.11. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт ажил олгогч дараах үндэслэл, хугацаагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулж болно, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт энэ хуулийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түр шилжүүлсэн хугацаа нь дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэжээ гэж Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн заалтыг баримталжээ. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан 6 үндэслэлээс аль үндэслэлийг баримталсан талаар шийдвэрт тодорхой заагаагүй боловч утга агуулгаас нь үзэхэд 58.1-т заасан “ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд түр шилжүүлсэн” гэх заалтыг баримталсан гэж үзэхээр байна.

4.12. Хуулийн дээрх зохицуулалтыг баримтлахын тулд дараах нөхцөл байдлуудыг анхаарах ёстой. Нэгдүгээрт түр шилжүүлэх шийдвэрийг тухайн ажил олгогч өөрөө гаргасан байх ёстой. Г.А-н хувьд түүнийг Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг ажил олгогч Ө сумын Засаг дарга биш Баян-Өлгий аймгийн Засаг дарга гаргасан. Хоёрдугаарт ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд түр шилжүүлэх ёстой. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын ажлыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилтай адил чанарын ажил гэж үзэх боломжгүй. Үүнийг тухайн үед мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Захирал, эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааж өгснөөс харж болно. Гуравдугаарт шийдвэр нь тухайн ажилд түр шилжүүлсэн байх ёстой. Г.А-г Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болохоос тухайн ажилд түр шилжүүлж томилоогүй.

4.13. Нэгэнт Г.А-г ажил олгогч буюу Ө сумын Засаг даргын шийдвэрээр өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд түр шилжүүлээгүй учир Ө сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түр шилжүүлсэн хугацаа нь дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

4.14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тухайн үед намайг ажлын зайлшгүй шаардлагаар Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, дээрх хугацаанд намайг ажлаас түр чөлөөлж, ажлын байрыг хадгалж байх ёстой гэдэг байдлаар тодорхойлсон байдаг.Тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах 8 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд Г.А-г Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон явдал нь эдгээр үндэслэлүүдийн аль алинд ч хамаарахгүй байна. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн авах 3 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд энэ үндэслэлүүдэд мөн адил хамаарахгүй байна.

4.15. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00611 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч давж шаалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч талаас Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын ажлыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилтай адил чанарын ажил гэж үзэж байгаагаа тайлбарласан. Боловсролын ерөнхий хууль шинээр батлагдсан. Тухайн хуульд сургуулийн захирлаар томилогдох хүн ямар ямар шаардлагыг хангасан байх талаар зааж өгсөн. Боловсролын салбарт 10-аас дээш жил ажилласан, удирдах ажилд 5-аас дээш ажил ажилласан хүнийг аймгийн Боловсролын газрын даргаар томилно гэж хуульд тодорхой заасан.  

5.2. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын ажлыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилтай адил чанарын ажил гэж үзэж байгаад гайхаж байна. Хуульд зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал хийж байгаа хүн аймгийн Боловсролын газрын даргын ажлыг хийж болно. Боловсролын нэг салбар учраас ерөнхий боловсролын сургуулийн захирал хийж байгаа хүн аймгийн Боловсролын даргын ажлыг хийж болохгүй, аймгийн Боловсролын даргын ажлыг хийж байгаа хүн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хийж болохгүй гэсэн ойлголт байхгүй.

5.3. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 дугаар захирамжийн үндэслэл нь буруу байсан. Яагаад гэвэл хуучин Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.15 дугаар зүйлд “Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын шийдвэрийг үндэслээд сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж, томилно” гэж заасан. Надад холбоотой аймгийн Боловсрол соёл урлагийн газраас шийдвэр гараагүй. Миний бие Баян-Өлгий аймгийн Ө сумын ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд 10 жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтаас Баян-Өлгий аймагт улсын сургуулиудаас нэгдүгээр байр эзэлж байсан. Миний энэхүү ажлын амжилтыг харгалзан Баян-Өлгий аймгийн Засаг дарга аймгийн Боловсролын газрын даргаар томилсон.

5.4. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга Боловсролын тухай хуулийг буруу сонгосон байна. Төрийн үйлчилгээний удирдах ажилтан учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Тухайн үед би 2 ажил давхар хийж байсан. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үед Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар сургуулийн захирлаар хэвээр ажиллаж байсан. Аймгийн боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба тухайн үед би Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар сургуулийн захирлын ажил маань хэвээр хадгалагдан үлдээх байх гэх үндэслэлээр өргөдөл гаргасан болно.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгосон шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан байна.

6.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай бичсэн байна гэдгийг үндэслэл болгож тайлбар гаргаж байна нь тушаал, шийдвэр, захирамжийн хэлбэрийн шаардлага, хууль ёсны байх шаардлага, хуулийн үндэслэлээ бичээгүй нөхцөл байдал нь Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа. Анхан шатны шүүхээс хуулийг зөв хэрэглэн тайлбарлаж, хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6.3. Нэхэмжлэгчийн олон жил аймгийн боловсролын түвшнийг ахиулж байсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргаас тухайн туршлагыг ашиглах зорилгоор аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. 2 ажлыг зэрэг хийх боломжгүй болсон байна. 2006 оны Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарын 14 дүгээр зүйлд ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны үүрэг гэдэгт нь тухайн ажилтны хүсэл зоригийг заавал анхаарна гэж заасан.

6.4. Г.А Боловсролын газрын даргын ажлыг түр гүйцэтгэж байгаа, энэ ажлаас чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө *** дугаар сургуулийн захирлын ажилд томилогдоно гэж ойлгож байсан. С.Х гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн үед Г.А даргад таны орон тоог хадгалж Боловсролын газрын даргаар түр хавсран гүйцэтгэж өгөх тухай санал тавьж байсан гэдгээ дурдсан. Нэхэмжлэгчийг өөр ажилд түр шилжсэнтэй холбоотой Баян-Өлгий аймгийн Ө сумын ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын орон тоо хадгалагдах ёстой байсан. Адил чанарын ажил тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож Г.А-д аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ажилд томилсон байна.

6.5. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А-н Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.

 

9. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, Г.А-н ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ажил олгогчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

10. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

- Нэхэмжлэгч Г.А-г 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/32 дугаартай “Г.А-г албан тушаалд түр томилох” тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 42.1.8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Авлигатай тэмцэх газрын албан бичгийг тус тус үндэслэн Ковид-19 цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирал Г.А-г 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.  

- Нэхэмжлэгч Г.А нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ө сумын Засаг дарга Д.Е-ад “Миний бие аймгийн боловсролын газрын даргаар томилогдож байгаа тул намайг Ө сумын ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаас 2021 оны 9 дүгээр сарын 13-аас эхлэн чөлөөлнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаснаар Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирал Г.А нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир түүнийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан байна.

- Нэхэмжлэгч Г.А нь 2023 онд Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөний  дараа “Тухайн үед аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Ковид-19 цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн намайг аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ тохиолдолд намайг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж, тухайн орон тоог хэвээр хадгалж, цаашид аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдсон тохиолдолд өмнөх ажиллаж байсан Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай байтал Ө сумын Засаг дарга Д.Е нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар миний эрх ашгийг дордуулсан буюу хууль бус захирамж болсон байна. Учир нь, тухайн үед би ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, үүнээс гадна намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Боловсролын газраас ямар нэгэн санал гаргаагүй болно. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргаас намайг өмнөх ажилд маань томилж өгнө үү гэж уулзахад Таныг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн гэж хэлснээр миний бие Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжтай танилцсан бөгөөд өмнө нь намайг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлсөн гэсэн ойлголттой явж байсан билээ. Иймд Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.” гэж гомдол гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

11. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлд  дүгнэлт хийхдээ:

- “…Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм. Ажил олгогчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.А-г Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэж, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх асуудлаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байх ба ажил олгогч уг заалтуудыг захирамждаа баримталсан үндэслэлгүй болсон” гэж,

- “хариуцагч Ө сумын засаг дарга нэхэмжлэгч Г.А-г Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамждаа чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаагүй, чөлөөлсөн захирамжаа нэхэмжлэгч Г.А-д танилцуулж, гардуулаагүй ” гэж,

- “2012 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 1.7-д хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэнэ ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино гэжээ. Гэтэл ажил олгогч энэхүү ажлаас чөлөөлж өгнө үү гэж гаргасан ажилтны хүсэлтийг гаргах болсон шалтгааныг тодруулаагүй эрхийн актыг гаргасан байх ба ажлаас чөлөөлсөн эрхийн акт буюу захирамжийн үндэслэлийг тодорхой заагаагүй, холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй нь үндэслэлгүй болсон” гэж,

- “...Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан байх ба энэхүү хуулийг үйлчлэл нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд дээрх захирамжид заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.А-г Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэл нь үндэслэлтэй байна. ...Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэж дүгнэж нэхэмжлэгч   Г.А-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт байгаа нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож чадаагүй, нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

 

12. Нэхэмжлэгч Г.А нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар Ө сумын Засаг даргад ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаас 2021 оны 09 дүгээр сарын 13-аас эхлэн чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өөрөө, сайн дураараа гаргаснаар түүнийг ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаас мөн өдөр  чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтад нийцсэн байна. Ажил олгогч Сумын Засаг даргын ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл явдлыг баталгаажуулсан буюу Г.А-г түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн шийдвэртээ Г.А-н бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэл болгосон байх бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалд холбогдох хууль тогтоомжийг баримталсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй явдал нь ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлдээ үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй.

 

13. Анхан шатны шүүх ажил олгогчийг “ажилтан Г.А-д түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй, мэдэгдээгүй” гэж дүгнэн, энэ нь ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгох үндэслэл болгожээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ажилтан Г.А ажил олгогчид хандаж 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түүнийг Ө сумын *** дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж, эрхэлж байсан ажил, албан тушаалаа хүлээлгэн өгч, үүнээс өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон үйл баримт тогтоогдсон бөгөөд үүнээс үзвэл түүнийг өөрийнх нь санаачилгаар Ө сумын *** дугаар сургуулийн захирлын үүрэг ажлаас чөлөөлсөн ажил олгогч Ө сумын Засаг даргын шийдвэр мэдэх бүрэн боломжтой, мэдэх ёстой байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заасан байхад нэхэмжлэгч Г.А нь уг хугацааг өнгөрөөж шүүхэд гомдол гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн. Учир нь нэхэмжлэгч Г.А нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон,  2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар тэрээр Ө сумын *** дугаар сургуулийн захирлаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсныг лавтай сайн мэдсэн бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр өөр ажилд томилогдсон, мөн уг Боловсролын газрын даргын албан тушаалаас 2023 онд чөлөөлөгдсөний дараа урьд эрхэлж байсан Ө сумын *** дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

15. Ажилтан Г.А нь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түүнийг Ө сумын *** дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх үед “албан ажлын зайлшгүй шаардлагаар”, “урьд өмнө захирлаар ажиллаж байхдаа гаргасан амжилт, ур чадварыг нь үнэлж түр хугацаагаар”, “адил чанарын ажил, албан тушаалд сэлгэн ажиллуулсан”, “түр шилжүүлэн ажиллуулсан”, “ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй тул ажлын байр хэвээр хадгалагдах байсан” гэх тайлбарлах боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд зааснаар түүнийг өөр ажилд түр шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах хуульд заасан нөхцөл, үндэслэл бий болсон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна.

16. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсгийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А-н  Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00611 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.А-н  Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай “Г.А-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Г.А-н нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР                                                                                                                            

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ