Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2023/00595

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2023/00595

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Т.Н-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С сумын Засаг дарга /Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, С сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н, түүний өмгөөлөгч З, Д.Айбек,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Б, С /цахим сүлжээгээр/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би 2020 оноос эхлэн тус С сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон ажилласан юм. Би ажиллаж хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны шалгалтад орж тэнцсэн юм.

1.2 Би тухайн ажлыг авах үед тус байгууллага нь батлагдсан орон тооноос илүү 8 хүн ажиллаж байсан, ажилчдын илүү цагийн нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг олгож чадахгүй, аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын Эрүүл мэндийн төвүүдийн ажлыг дүгнэхэд сүүлийн 3-4 жилд сүүлийн байруудад орж байсан, 40-45 сая төгрөгийн өртэй байгууллага байсан. Би С сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хүлээж авсан 2 жилийн хугацаанд маш үр дүнтэй ажиллаж, аймгийн Эрүүл мэндийн газар 3 талт гэрээг дүгнэхдээ 3-4 дүгээр байранд оруулсан ба ажилчдын цалин хөлс, бензин шатахуун, аж ахуйтай холбоотой үүссэн 40-45 сая төгрөгийн өр зээлийг барагдуулж ажилласан.

1.3 Би анх Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдох үед манай байгууллагын нягтлан бодогч аудитаас сүүлийн 3-4 жилд хязгаартай гэсэн үнэлгээ авч байсан хүн байсан. Надтай хамт ажилласан сүүлийн 2 жилд сөрөг дүгнэлт авч байсан. Тэрээр мэргэшлийн нягтлан бодогч биш учраас мэдлэг чадвар нь хүрэлцээгүйн улмаас санхүүгийн дүгнэлтийг зохих түвшинд гаргаж чадахгүй байсан. Би энэ талаар сумын удирдлагуудад хэд хэдэн удаа танилцуулж байсан. Нягтлан бодогч С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд сумын Засаг дарга томилох эрхтэй хүн байсан.

1.4 С сумын Засаг дарга Б уг ажилд томилогдоод 3 хоногийн дараа намайг албан тушаал бууруулах тухай мэдэгдэх хуудас өгсөн. Сумын Засаг дарга Б нь санхүүгийн тайланг алдаатай гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар намайг С сумын эрхлэгчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах захирамж гаргасанд маш гомдолтой байна.

1.5 Хариуцагч Б аймгийн С сумын Засаг дарга нь маргаан бүхий тус сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан байх тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тус сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

1.6 Мөн дээрх хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж хандсан боловч уг хороо нь “талууд тохиролцоонд хүрээгүй тул уг гомдлыг шүүхээр шийдвэрлүүлсэн нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан юм.

1.7 Иймд Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн С сумын Засаг дарга Б-ийн хариу тайлбар, татгалзал: Хариуцагч тус аймгийн С сумын Засаг дарга Б би нэхэмжлэгч Н-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Тус төвийн дарга Н нь байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргасан, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаж, нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллого, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан, урьд онуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг хүний их эмчийн ажилд ажиллуулахыг Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгчид чиглэл болгосон юм. Одоогийн байдлаар Н нь тус төвд их эмчийн ажлыг хэвийн гүйцэтгэж байна.

2.2 С сумын Эрүүл мэндийн гарын дарга, нягтлан бодогч нар төрийн аудитын шалгалтаас жил дараалан буюу 2020, 2021 онуудад хязгаартай үнэлгээ, 2022, 2023 онуудад сөрөг үнэлгээ авсан. Тийм учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудаас сумын Засаг дарга утсаар болон амаар Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь ажил хийх чадвартай хүмүүсийг авч ажиллуулаарай гэсэн шаардлагыг тавьж байсан. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн С сумын Эрүүл мэндийг төвийн дарга Н-д сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ирүүлэх тухай албан шаардлага ирсэн. Тийм ч учраас миний зүгээс Н-д албан тушаал буруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан. С сумын өмнөх Засаг дарга өнгөрсөн жил Н-д цалин бууруулах сахилгын шийтгэл авсан. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалсан арга хэмжээ авсан гэж үзэж байна.

2.3 Н-ыг тус төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг өөрт нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан юм. Түүнчлэн ажил олгогчоос Нд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын зөрчил гаргасан тул түүний үндсэн цалинг 1 сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан юм. Ингээд Н нь зөрчлийг давтан гаргасан тул сумын Засаг даргын 2023 оны 03 дугар сарын 29-ний өдрийн Б\08 дугаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан юм. Н-ы гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон гэж үзэж байна.

2.4 Мөн тус сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/08 дугаартай захирамжийн зарим зүйл, заалт нь хууль зүйн хувьд алдаатай гарсныг залруулан захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг үндэслэн дараах байдлаар дахин гаргасан юм.

Тодруулбал, Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг "Байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргаж ирүүлсэн, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаагүй, нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллогоо, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, өмнөх оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй байдал, аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” албан шаардлагуудыг хэрэгжүүлэх ажлын шаардлагыг харгалзан Тилеубайн Нурланыг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, захирамжийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, захирамжийн бусад заалтууд нь хэвээр байгаа юм.

2.5 Учир нь холбогдох хууль тогтоомжуудаар сумын Засаг даргад сумын Эрүүл мэндийн төвийн даргад сахилгын шийтгэл ногдуулахад албан тушаал буруулах эрх хэмжээ олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргад ажилтныг шууд ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сарын үндсэн цалинг тодорхой хэмжээгээр хасах, нээлтэй болон хаалттай сануулах арга хэмжээ авах эрхтэй байна.

2.6 Иймд нэхэмжлэгч Ны сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/08 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Төрийн албан зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай зөвлөлийн тогтоол, Б аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 дугаартай захирамж, Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Сумдын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2023 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ, Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 51/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай акт хавсралтын хамт, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 114/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай сөрөг дүгнэлт, Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамж, Д.Айбектэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай хуралдааны тэмдэглэл, З-тай байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Б/15 дугаартай захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/21 дугаартай захирамж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/27 дугаартай захирамж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай захирамж зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаартай хязгаарлалттай дүгнэлт, мөн газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32/АО470231 дугаартай акт, мөн газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33/АО470231 дугаартай албан шаардлага хавсралтын хамт, мөн газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/АО470231 дугаартай албан шаардлага, Б аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаартай захирамж, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай сөрөг дүгнэлт, мөн газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 125/АО470231/БӨА-2022/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145/АО470231/БӨА-2022/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шалгалтын танилцуулга, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Сумдын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2023 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ, Сум, тосгоны  Эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай сөрөг дүгнэлт, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 114/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, мөн газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 115/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сонсох ажиллагаа хийсэн талаарх мэдэгдэл, сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын зөрчил гаргагчид сахилгын шийтгэл ногдуулах болсон талаарх мэдэгдсэн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны тайлбар хүргүүлэх тухай тэмдэглэл, бүртгэл хяналтын картууд, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаартай албан бичиг, Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамж, С-тэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ, Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамж, Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, Б-тай байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, 2023 оны 04, 05, 06 угаар сарын 2-р хагасын цалин олгох хүснэгт, Б аймаг дахь Төрийн аудитын газрын  Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэл, мөн газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 51/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай акт хавсралтын хамт, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагаа хийсэн талаарх мэдэгдэл, мөн өдрийн Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 113/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Н-ы  Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, С сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2020 оноос эхэлж С сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажиллаж байгаа бөгөөд ажилласан хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй байхад шинээр томилогдсон сумын Засаг дарга нь санхүүгийн тайланг алдаатай гаргасан гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Эрүүл мэндийн төвийн дарга нь байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргасан, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаж, нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллого, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан, урьд онуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, түүнийг хүний их эмчийн ажилд ажиллуулахыг Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгчид чиглэл болгосон ба одоогийн байдлаар Н нь их эмчийн ажлыг хэвийн гүйцэтгэж байна. Н-д 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын зөрчил гаргасан тул түүний үндсэн цалинг 1 сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан ба Н нь зөрчлийг давтан гаргасан тул сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар Н-ыг Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байна. Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, 123.3, 123.7-д заасныг баримтлан байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргасан, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаж, нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллого, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан, урьд онуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба  мөн даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжаар 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг “Н-ыг Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсөн нь тогтоогджээ.

7.2 Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдийн төлбөр барагдуулах тухай актаар хууль тогтоомж зөрчиж олгосон үр дүнгийн урамшууллын 2,099.2 мянган төгрөгийг хавсралтад заасан албан тушаалтнуудаар нөхөн төлүүлэхээр акт тогтоож, уг актын биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг Эрүүл мэндийн төвийн дарга Н, нягтлан бодогч Т нарт хариуцуулсан болох нь, мөн Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 114/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ, 115/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай албан шаардлагуудаар Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төсвийн зарцуулалтад тавих дотоодын хяналтыг хэрэгжүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй, албан үүргээ биелүүлээгүй нягтлан бодогч А.Төлеубайд сахилгын шийтгэл ногдуулахыг С сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д даалгасан болох нь, мөн Төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Эрүүл мэндийн төвийн дарга Н-д сахилгын шийтгэл ногдуулахыг С сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-д  тус тус даалгасан болох нь тогтоогджээ.

7.3 Б аймгийн С сумын Засаг дарга, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, С сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сумдын Засаг дарга, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2023 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ байгуулж сум тосгоны эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тогтоосон болох нь тогтоогджээ.

7.4 Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай сөрөг дүгнэлтийг С сумын  Эрүүл мэндийн төвийн даргад хүргүүлж байсан байна.

7.5 Б аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн төвийн дарга Н-д үндсэн цалинг 1 сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

7.6 Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 115/БӨА-2023/86/НА-СТА-ТШЗ дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  албан шаардлагаар Төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн С сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 25-ны дотор аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг С сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-д даалгасан байна. Мөн 2023 оны 02  дугаар сарын 24-ний өдөр Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл үйлдэж С сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн тайлангийн аудитын талаар, Сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагын талаар  С сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-д танилцуулж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-д мэдэгдэх хуудас өгсөн болох нь тогтоогджээ.

7.7 Тус аймгийн С сумын Засаг даргаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлээр Эрүүл мэндийн төвийн дарга Нд Хөдөлмөрийн тухай хулийн 123 дугар зүйлийн 123.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах болсныг мэдэгдэж тэмдэглэл үйлдэж гардуулсан болох нь тогтоогджээ.

7.8 Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Н-ыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн яаралтай тусламжийн эмчээр томилсон байна.

 

8.Нэхэмжлэгчээс ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

9.Ажилтны ажлаас чөлөөлсөн шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн хуулийн 123 дугаар сарын 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар тухайн зүйл, хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож  ногдуулахаар  тус тус заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч буюу ажил олгогчоос Н нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж сахилгын зөрчил гаргасныг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзлээ.

Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар Б аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага, дүгнэлтийг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримтууд нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийн ямар заалтыг зөрчсөнийг нотлон тайлбарлаж чадаагүй, мөн хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй тул Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н нь сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

10. Б аймгийн С сумын Засаг дарга нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргасан, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаж, нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллого, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан, урьд онуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг оновчтой сонгож, хэрэглэж чадаагүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлөхөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.1-123.2.3, 123.2.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах бүрэн эрхтэй боловч сумын Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн төвийн бүтэц, бүрэлдэхүүнд харьяалах албан тушаалд бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь хууль зүйн боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад заасан “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан нь тогтоогдсон ажилтны ажиллаж байгаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалыг ажиллах нөхцөл, хангамж, бүрэн эрхийн хувьд дордуулж, ажлын байрыг нь ажил олгогчийн санаачилгаар өөрчлөх буюу бууруулахыг ойлгох бөгөөд ажилтны буурч байгаа ажил, албан тушаал нь тухайн ажилтны ажиллаж байгаа байгууллага дотор, эсхүл түүний харьяа нэгжид харьяалагдахаас гадна ажил олгогч ажилтныг ажиллаж байгаа байгууллага болон түүний харьяа нэгжээс өөр байгууллагад албан тушаал бууруулан томилж байгаа бол тухайн бууруулж байгаа ажлын байранд ажил олгогч томилох хуульд заасан бүрэн эрхтэй байх шаардлагатай.

 

11.Гэтэл  Б аймгийн С сумын Засаг дарга нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буурсан Н-ыг мэргэжлийн дагуу их эмчийн ажилд томилж ажиллуулахыг тус Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгчид үүрэг болгосон нь хуульд заасан дээрх шалгуурыг хангаагүй. Тухайлбал, С сумын Засаг даргад тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид “албан тушаал буурсан Н-ыг мэргэжлийн дагуу их эмчийн ажилд томилж ажиллуулахыг үүрэг болгох” эрхийг хуулиар олгоогүй бөгөөд сумын Засаг дарга нь Эрүүл мэндийн төвийн даргад “албан тушаал бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нэрийдлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

12. Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг үндэслэн  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг “ ... Н-ыг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж, 2, 3 дахь заалтаар Уг захирамжийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр байгааг дурдаж өөрчлөлт оруулжээ. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж тус тус заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй  болно.  Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авахаар заасан байх ба хариуцагч С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах болсон талаар мэдэгдсэн тэмдэглэл, Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, нэхэмжлэгч Н-ы 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны тайлбар зэрэг нь ажил олгогчийн зүгээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нотолж байгаа, мөн хариуцагчаас шүүх хуралдаанд Н-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар тайлбарласан байх тул 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.  Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох аудитор Б.Үүрийнтуяагаас 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б.Жанарын Сонсох ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл зэргээс үзэхэд тус аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн тайлангийн аудитын талаар, Сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагын талаар  С сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-д танилцуулж, мэдэгдсэнээр ажил ологчид зөрчил илэрхий болсон байх бөгөөд ажил олгогчийн зүгээс хуульд заасан зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг өнгөрөөсөн байна.

 

14.Иймээс нэхэмжлэгч Н-ы гомдлыг хангаж, Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Н-ыг Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н-ы гомдлыг хангаж, Б аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Н-ыг Б аймгийн С сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б аймгийн С сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК