Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Н-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2023/00595 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн *******-т оршин суух Т.Н-ы нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Г сумын Засаг дарга /К.Б/-д холбогдох, 

 

“Г сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Тилеубайн Нурланд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Г сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлоор авч хэлэлцэх иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн өмгөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Би 2020 оноос эхлэн тус Г сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон ажилласан юм. Би ажиллаж хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны шалгалтад орж тэнцсэн юм.

1.2. Би тухайн ажлыг авах үед тус байгууллага нь батлагдсан орон тооноос илүү 8 хүн ажиллаж байсан, ажилчдын илүү цагийн нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг олгож чадахгүй, аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын Эрүүл мэндийн төвүүдийн ажлыг дүгнэхэд сүүлийн 3-4 жилд сүүлийн байруудад орж байсан, 40-45 сая төгрөгийн өртэй байгууллага байсан. Би Г сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хүлээж авсан 2 жилийн хугацаанд маш үр дүнтэй ажиллаж, аймгийн Эрүүл мэндийн газар 3 талт гэрээг дүгнэхдээ 3-4 дүгээр байранд оруулсан ба ажилчдын цалин хөлс, бензин шатахуун, аж ахуйтай холбоотой үүссэн 40-45 сая төгрөгийн өр зээлийг барагдуулж ажилласан.

1.3. Би анх Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдох үед манай байгууллагын нягтлан бодогч аудитаас сүүлийн 3-4 жилд хязгаартай гэсэн үнэлгээ авч байсан хүн байсан. Надтай хамт ажилласан сүүлийн 2 жилд сөрөг дүгнэлт авч байсан. Тэрээр мэргэшлийн нягтлан бодогч биш учраас мэдлэг чадвар нь хүрэлцээгүйн улмаас санхүүгийн дүгнэлтийг зохих түвшинд гаргаж чадахгүй байсан. Би энэ талаар сумын удирдлагуудад хэд хэдэн удаа танилцуулж байсан. Нягтлан бодогч Г сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд сумын Засаг дарга томилох эрхтэй хүн байсан.

1.4. Г сумын Засаг дарга К.Б уг ажилд томилогдоод 3 хоногийн дараа намайг албан тушаал бууруулах тухай мэдэгдэх хуудас өгсөн. Сумын Засаг дарга К.Б нь санхүүгийн тайланг алдаатай гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар намайг Г сумын эрхлэгчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах захирамж гаргасанд маш гомдолтой байна.

1.5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг дарга нь маргаан бүхий тус сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан байх тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тус сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

1.6. Мөн дээрх хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж хандсан боловч уг хороо нь талууд тохиролцоонд хүрээгүй тул уг гомдлыг шүүхээр шийдвэрлүүлсэн нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.

1.7. Иймд Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус төвийн дарга Т.Н нь байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргасан, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаж, нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллого, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан, урьд онуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг хүний их эмчийн ажилд ажиллуулахыг Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг хавсарган гүйцэтгэгчид чиглэл болгосон юм. Одоогийн байдлаар Т.Н нь тус төвд их эмчийн ажлыг хэвийн гүйцэтгэж байна.

2.2. Г сумын Эрүүл мэндийн гарын дарга, нягтлан бодогч нар төрийн аудитын шалгалтаас жил дараалан буюу 2020, 2021 онуудад хязгаартай үнэлгээ, 2022, 2023 онуудад сөрөг үнэлгээ авсан. Тийм учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудаас сумын Засаг дарга утсаар болон амаар Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь ажил хийх чадвартай хүмүүсийг авч ажиллуулаарай гэсэн шаардлагыг тавьж байсан. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Г сумын Эрүүл мэндийг төвийн дарга Т.Н-д сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ирүүлэх тухай албан шаардлага ирсэн. Тийм ч учраас миний зүгээс Т.Н-д албан тушаал буруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан. Г сумын өмнөх Засаг дарга өнгөрсөн жил Т.Н-д цалин бууруулах сахилгын шийтгэл авсан. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалсан арга хэмжээ авсан гэж үзэж байна.

2.3. Т.Н-ыг тус төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг өөрт нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан юм. Түүнчлэн ажил олгогчоос Т.Н-д 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын зөрчил гаргасан тул түүний үндсэн цалинг 1 сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан юм. Ингээд Т.Н нь зөрчлийг давтан гаргасан тул сумын Засаг даргын 2023 оны 3 дугар сарын 29-ний өдрийн Б/08 дугаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан юм. Т.Н-ы гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон гэж үзэж байна.

2.4. Мөн тус сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн Б/08 дугаартай захирамжийн зарим зүйл, заалт нь хууль зүйн хувьд алдаатай гарсныг залруулан захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг үндэслэн дараах байдлаар дахин гаргасан юм. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг "Байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргаж ирүүлсэн, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаагүй, нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллогоо, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, өмнөх оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй байдал, аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагуудыг хэрэгжүүлэх ажлын шаардлагыг харгалзан Тилеубайн Нурланыг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Г сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж өөрчилж, захирамжийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, захирамжийн бусад заалтууд нь хэвээр байгаа юм.

2.5. Учир нь холбогдох хууль тогтоомжуудаар сумын Засаг даргад сумын Эрүүл мэндийн төвийн даргад сахилгын шийтгэл ногдуулахад албан тушаал буруулах эрх хэмжээ олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргад ажилтныг шууд ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сарын үндсэн цалинг тодорхой хэмжээгээр хасах, нээлтэй болон хаалттай сануулах арга хэмжээ авах эрхтэй байна.

2.6. Иймд нэхэмжлэгч Т.Н-ы сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн Б/08 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2023/00595 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Н-ы гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, мөн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Т.Н-ыг Баян-Өлгий аймгийн Г сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Т.Ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргад холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг дарга К.Б нь нэхэмжлэгч Т.Н-ыг байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргаж ирүүлсэн, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаагүй, нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллогоо, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй, өмнөх оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй байдал, аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” албан шаардлагуудыг хэрэгжүүлэх ажлын шаардлагыг харгалзан Тилеубайн Нурланыг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Г сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

4.3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Т.Н-ыг ажлаас чөлөөлсөн захирамжийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон юм. Учир нь холбогдох хууль тогтоомжуудаар сумын Засаг даргад сумын ЭМТ-ийн даргад сахилгын шийтгэл ногдуулахад албан тушаал буруулах эрх хэмжээ олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга ажилтныг шууд ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сарын үндсэн цалинг тодорхой хэмжээгээр хасах, нээлтэй болон хаалттай сануулах арга хэмжээ авах эрхтэй байна.

4.4. Гэтэл анхан шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхэд зөвхөн нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна гэж үзэж байна.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2023/00595 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Н-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст хариуцагчтай хамт очсон. Тухайн үед хариуцагчид Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Н-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах” тухай захирамж нь алдаатай байна гэж хэлснээр хариуцагч дахин 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамж гаргасан байна.

5.2. Би зөрчил гаргаагүй. Албан үүргээ биелүүлээгүй нягтлан бодогч Т-гаас болж Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас албан шаардлага авсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч тус аймгийн Г сумын Засаг даргад холбогдуулан, Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Тилеубайн Нурланд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Г сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Н нь Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байхад тус сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай “Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Нд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, улмаар мөн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай “Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг “Т.Ныг Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт ажилтныг сахилгын зөрчил гаргасанд тооцохын тулд ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон байх шаардлагатай.

Хариуцагчаас “нэхэмжлэгч Т.Н нь байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг алдаатай гаргасан, эмийн зарцуулалтын тайланг нэгтгэж гаргаж, нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу хөтлөөгүй, өмч хөрөнгийн бүртгэл тооллого, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан, урьд онуудын санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлүүдийг давтан гаргасан, сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар түүнд албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 дугаартай захирамжаар Сумын Засаг даргын 2023 оны Б/08 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг өөрчилж нэхэмжлэгч Т.Н-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж татгалзлаа тайлбарладаг боловч хариуцагчийн тайлбарт дурдагдсан нэхэмжлэгч Т.Н-ы гаргасан гэх үйлдэл, эс үйлдэхүйг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод сахилгын зөрчилд тооцохоор заасан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч Т.Н хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөнийг шүүхэд нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

10. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар түүний сахилгын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдох шаардлагатай. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг дарга нь ажилтан тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Н-ыг сахилгын зөрчил гаргасныг нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Иймээс энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

11. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан тул Баян-Өлгий аймгийн Г сумын Засаг даргад тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Нд албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрх олгогдоогүйгээс гадна ажил олгогчоос ажилтанд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг ч давж заалдах гомдолд заасан үндэслэлээр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

12. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, гомдолд дурдсан үндэслэлээр болон хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил олгогчийн гаргасан 2 удаагийн шийдвэрийг тус тус хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

13. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2023/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн өмгөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК