Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00579

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00579

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газар /Ерөнхий прокурор Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт М.Д-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 41,011,126 /дөчин нэгэн сая арван нэгэн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д,

Хариуцагч Д, түүний өмгөөлөгч Н /цахим сүлжээгээр/,

Иргэдийн төлөөлөгч М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д-д холбогдуулан Төрд учруулсан хохирол 41,011,126 /дөчин нэгэн сая арван нэгэн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 М овогтой Д нь 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд “Ш” дээд сургуулийн №0000000 дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч бакалаврын дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилд орж төрд 41,011,126 төгрөгийн хохирол учруулсан.

1.2 Дийн дээрх үйлдэлд тус аймгийн Прокурорын газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын 1913001570097 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдөр 5/12 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар яллагдагч Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1.3 Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэх заалт,

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт 'Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хуульд заасан шаардлагад нийцнэ.

1.4 Дийн хууль бус үйлдлийн улмаас төрд 41,011,126 төгрөгийн хохирол учирсан байх тул төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С нь Д-аас төрд учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан байна. Иймээс прокурор төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл бичиж байна.

1.5 Дийн цалингийн жагсаалтаар 44,536,453 төгрөг гэж дурдсан байгаа боловч тэрээр 2018 оны 05, 06 дугаар саруудад С компаниас 480,000 төгрөгийн цалин болон Б аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар тухайн газарт дасгалжуулагчаар томилогдож авсан 2018 оны 11, 12, 2019 оны 1, 2 дугаар сарын цалин болох 3,345,327 төгрөг нийт 3,825,327 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд М овогтой Д нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд “Ш” дээд сургуулийн 0000000 дугаартай багш дасгалжуулагч мэргэжlийн хуурамч бакалаврын дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилд орж төрд учруулсан 41,011,126 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Дийн хариу тайлбар, татгалзал: Д би Б аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Миний бие 2006 онд тус аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Багаасаа волейболоор хичээллэсэн ба өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хүүхдийн спортын их наадмуудад удаа дараалан хэд хэдэн удаа аваргалж байсан билээ.

2.2 Спортын амжилтыг маань харгалзан 2006 оны 9 дүгээр сараас Монгол Улсын Боловсролын их сургуулийн “спорт тоглоомын дасгалжуулагч”-ийн ангид элсэн суралцаж эхэлсэн билээ. 2009 оны 12 дугаар сар хүртэл буюу 4 дүгээр курсийн эхний улирал хүртэл суралцаж байхад ээжийнхээ бие өвдсөн тул хичээлээ орхиж гэртээ ирсэн билээ. Учир нь, ээж маань хүнд өвчтэй болж асаргаа шаардлагатай болсон учраас аргагүйн эрхэнд суралцаж байсан сургуулиа орхих болов. Төгсөх жилийнхээ хавар улсын шалгалт эхлэхээс өмнө сургуульдаа эргэн очиж улсын шалгалтаа өгч, төгсөх гэсэн боловч намайг улсын шалгалтад оруулахаас татгалзсан. Миний үеийн хүүхдүүд бүгдээрээ дээд боловсролын диплом авч байгаа учраас би ч гэсэн төгсмөөр санагдаж энэ тэндээс сургуулиа төгсөх ямар нэгэн арга байгаа эсэхийг хайсан. Тэр үед Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулиас төгсгөж, дээд боловсролын диплом олгож болно гэсэн. Би ч гэсэн баярлаж тус сургуулийн сургалтын төлбөр гэдгийг өгч, дипломоо авч төгссөн. Гэхдээ би тухайн дипломыг хуурамч гэдгийг огт мэдээгүй байсан.

Учир нь тухайн дипломыг надад олгохдоо чи 4 дүгээр курст элсэн орж суралцаж байсан тул Боловсролын яаманд төгсөх ангийн оюутны бүртгэл дотор орсон байгаа учраас түүнийг төгсгөх эсэхийг дээд боловсролын сургууль шийдвэрлэх юм байна, төлбөрөө төлбөл төгсгөж өгнө гэж намайг тухайн үед итгүүлж байсан. Оюутан байхдаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн биеийн тамирын шигшээ багт орж сургуулийн аварга, биеийн тамируудын сургуулиудын бүх оддын тоглолтод нэгдүгээр байранд орж байсан.

2.3 Би төгсөж ирээд аймгийн волейболын шигшээ багт орж тоглож байсан намайг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б дуудаж “2011 оны Хүүхдийн Спортын VI - их наадмын волейболын баг тамирчдыг бэлтгэн дасгалжуулах зорилгоор 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч Дийг дасгалжуулагчаар авч ажиллуулсугай” гэсэн тушаал шийдвэр өгч байсан. Тухайн үед намайг их сургууль төгссөн дипломыг харж ажилдаа аваагүй бөгөөд миний гаргасан амжилтыг хараад 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч хэмээн үнэлж хүүхдүүдийг тэмцээнд бэлтгэхэд миний туршлагаас хуваалцахын тулд анх ажилд томилсон. Би ч гэсэн эхэндээ байгууллагын бүтэц орон тоонд байхгүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажлын байранд цалин хөлсгүй ажиллаж эхэлсэн. 2010 оны 12 дугаар сарын сүүлээр буюу тэмцээн уралдаанд хүүхдийг бэлтгэх дасгалжуулагчийн төсөв хэмээн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлуулан намайг цалинжуулж эхэлсэн. Би хүүхдүүдийг тэмцээн уралдаанд гар бөмбөгөөр дасгалжуулан ажилласныхаа төлөөх хөлсөө авч ажиллаж эхэлсэн. Тэгээд манай байгууллага 2014 онд Соёл, Спорт, аялал жуулчлал, Биеийн тамир спортын газар болж өөрчлөгдөх үед шинээр бүтэц орон тоо батлагдсан юм. Шинээр бий болсон волейболын дасгалжуулагч гэсэн орон тоонд намайг томилон ажиллуулж эхэлсэн. Тухайн үед диплом шаардлагатай гэсэн учраас би өөрийнхөө Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулийн дипломыг аваачиж өгсөн. Хэрэв би тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдсэн бол аваачиж өгөхгүй байх байсан юм. Учир нь намайг анх ажилд авахдаа ямар нэгэн диплом шаардаагүй ба хэд хэдэн жил ажиллаж ирсэн намайг шинээр бий болсон орон тоонд үргэлжлүүлэн дасгалжуулагчаар ажиллуулах болсон тул диплом байгаагүй ч ажиллах боломжтой байсан гэж бодож байна.

2.4 Цагдаагийн газраас намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж мэдүүлэг авахдаа “чиний энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нь хаах саналтай, чи гэм буруугаа хүлээн зөвшөөрчих” гэж хэлсэн учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдүүлэг өгч байсан. Нэгэнт намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн шүүхээс тогтоож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хэмээн гаргуулаагүй тул би өөрийнхөө цалин хөлсийг хохирол гэж үзэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж заасан тул би гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой цалин хөлс авч ажилласан тул надаас нэхэмжилсэн хөлс төлбөрийг буцаан төлөх боломжгүй.

2.5 Б аймгийн Прокурорын газрын энэхүү нэхэмжлэлийг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа нэхэмжлэлийг дахин шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж байна. Иймд Б аймгийн Прокурорын газрын энэхүү нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М: “Д нь аймгийн болон улсын хэмжээнд маш олон амжилт гаргаж байсан чадварлаг багш бөгөөд гэм буруугүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1913001570097 дугаартай прокурорын тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоол, Дийн цалингийн жагсаалт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Биеийн тамирын Ш дээд сургуулийн 0000000 дугаартай диплом, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн яллагдагч Дээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 440 дугаартай албан бичгээр Д.Дуламжавт олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хариуцагч тайлбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаартай тогтоол, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 153/ШТ2023/00010 дугаартай тогтоол, Н-ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29/1 дугаартай албан бичгээр гаргасан нэхэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/314 дугаартай албан бичгээр Д.Дуламжавт олгосон итгэмжлэл, Б аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 28 дугаартай тушаал, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 11/92 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай тушаал, Дэд олгосон 2017 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн Монголын Волейболын Холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн медалийн үнэмлэх, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн Засаг даргаас олгосон Тэрүүний ажилтны тэмдгийн үнэмлэх, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөс олгосон Хүндэт тэмдгийн үнэмлэх, 2011 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Биеийн тамир, спорт-90 медалийн үнэмлэх, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1358 дугаартай Биеийн тамир, спортын тэргүүний ажилтны тэмдгийн үнэмлэх, 2019 оны өргөмжлөл, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6692 дугаартай  Хөдөлмөрийн алдар тэмдгийн үнэмлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2866 дугаартай Алтан медалийн үнэмлэх, Дийн авч байсан өргөмжлөл, талархал, батламж,  диплом, гэрчилгээнүүд, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ТМ2023/00028 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын хариуцагч Дээс төрд учирсан хохирол 41,011,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

6.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д нь 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд “Ш” дээд сургуулийн №0000000 дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч бакалаврын дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилласан ба Д-ийн дээрх үйлдэлд тус аймгийн Прокурорын газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5/12 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Санат нь Дээс төрд учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан тул Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрд учирсан хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Дээс төрд учирсан хохирол 41,011,126 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Миний бие Ш дээд сургуулиас олгосон дипломыг хуурамч гэдгийг огт мэдээгүй. Би Ш дээд сургуулийг төгсөж ирээд аймгийн волейболын шигшээ багт орж тоглож байсан намайг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б дуудаж “2011 оны Хүүхдийн Спортын VI их наадмын волейболын тамирчдыг бэлтгэн дасгалжуулах зорилгоор 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч Дийг дасгалжуулагчаар авч ажиллуулсугай” гэсэн тушаал өгсөн. Тухайн үед намайг их сургууль төгссөн дипломыг харж ажилдаа аваагүй бөгөөд миний гаргасан амжилтыг хараад 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч хэмээн үнэлж хүүхдүүдийг тэмцээнд бэлтгэхэд миний туршлагаас суралцахын тулд анх ажилд томилсон. Би хүүхдүүдийг тэмцээн уралдаанд гар бөмбөгөөр дасгалжуулан ажилласныхаа төлөөх хөлсөө авч ажиллаж эхэлсэн. Дараа нь 2014 онд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Биеийн тамир спортын газар болж өөрчлөгдөх үед шинээр бүтэц орон тоо батлагдаж миний бие уг орон тоонд ажиллаж эхэлсэн. Тухайн үед диплом шаардлагатай гэсэн учраас би өөрийнхөө Ш дээд сургуулийн дипломыг аваачиж өгсөн. Цагдаагийн газраас намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мэдүүлэг авахдаа чиний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нь хаах саналтай, чи гэм буруугаа хүлээн зөвшөөрчих гэж хэлсэн учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн гэжээ.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1913001570097 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Д “Ш” дээд сургуулийн №0000000 дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч бакалаврын дипломыг ашигласан тул хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

8.2 Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор “Д нь Ш дээд сургуулийн №0000000 дугаартай хуурамч дипломыг 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ашигласан болох нь хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтуудаар тогтоогдсон боловч гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Д-д холбогдох эрүүгийн 1000000000 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

8.3 Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаас гаргаж өгсөн Дийн цалингийн жагсаалтаар 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 44,836,453 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогджээ.

8.4 Иргэний нэхэмжлэгч Б.Санатын мөрдөн байцаалтын шатанд “ ... Д нь манай байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа сар бүр дүгнүүлж, сарын цалин хөлсөө авдаг байсан, манай байгууллагын нэр төрд болон эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар, хохирол учраагүй тул түүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж хохирол нэхэмжлэхээс татгалзсан нь тогтоогджээ.

8.5 Хариуцагч Д-с мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Би Ш дээд сургуулийн дипломыг 800000 төгрөгөөр худалдан авч  2010 оны 10 дугар сарын 07-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газарт багш дасгалжуулагч мэргэжлээр томилогдсон. Би Ш дээд сургуулийн хуурамч дипломыг ашиглаж ажилд орж, долоон жил ажилласан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч нь тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогджээ.

8.6 Б аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тушаалаар 2011 оны Хүүхдийн спортын IV их наадмын волейболын баг тамирчдыг бэлтгэн оруулах зорилгоор 1-р зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч Дийг 2010 оны 10 дугаар сарын 07-ноос эхлэн багш дасгалжуулагчаар авч ажиллуулсан байна.

8.7 Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2008-2022 оны хооронд авч байсан Биеийн тамир, спортын тэргүүний ажилтны болон Б аймгийн Тэргүүний ажилтны үнэмлэх, өргөмжлөл, талархал зэрэг баримтуудаар Дийн өөрийн оролцсон болон түүний ахалсан, дасгалжуулсан баг тамирчдын гаргасан амжилтын талаар тусгагдсан байна.

 

9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас намайг ажилд авахдаа дипломыг гол болгоогүй бөгөөд миний хувийн чадварыг үнэлж ажилд томилсон, мөн 2010-2017 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлсний хөлсөө авч байсан, миний дасгалжуулсан баг тамирчид  уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

10.Хариуцагч Д нь  хуурамч диплом ашиглаж, Б аймгийн Биеийн тамир, спортын газарт волейболын багш дасгалжуулагчаар ажилд орж 2010 оны 10 сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан байх ба түүнийг хуурамч диплом ашигласан  үйлдэлтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгах үед Д   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

11.Б аймгийн Биеийн тамир спортын газрыг төлөөлж оролцсон иргэний нэхэмжлэгч С нь  Д нь манай байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа сар бүр дүгнүүлж, сарын цалин хөлсөө авдаг байсан, манай байгууллагын нэр төрд болон эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар, хохирол учраагүй тул түүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээс үзэхэд  эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан байна.

12.Прокурорын тухай болон  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор иргэний хэрэгт санаачилгаараа оролцож болохоор заасан байдаг.  Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл гаргаж, нэхэмжлэл гаргахаас татгалзсан  тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.

13.Хариуцагч Д нь Ш дээд сургуулийг зохих журмаар суралцаж төгсөөгүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон байна. Иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзэж, түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцно.

14. Монгол Улсын Үндсэн хууль,  Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай. Гэвч Д нь санаатайгаар хууль бус үйлдэл хийж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, хуулийн дагуу эрхлэх үндэслэлгүй байсан албан тушаалд ажилласан байх тул түүнийг гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, түүний эрх ашиг дээр дурдсан хуулиар хамгаалагдах үндэслэлгүй байна.

15.Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаас гаргаж өгсөн Дийн цалингийн жагсаалтаас үзэхэд хариуцагч нь хуурамч бичиг баримт ашиглаж 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 04 сар хүртэл хугацаанд нийт 41,011,126 төгрөгийн цалин хөлс авч төрд хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

16. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй болно.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-ээс төрд учирсан хохирол 41,011,126 /дөчин нэгэн сая арван нэгэн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАНГИЛИК

                                                  ШҮҮГЧИД                              К.БҮЛДИРГЕН

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК