Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00114

 

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00579 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн *****-т оршин суух М.Д-д холбогдох,

 

“Төрд учирсан хохирол 41,011,126 /дөчин нэгэн сая арван нэгэн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд хариуцагч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. М.Д нь 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Шонхор-Олимп дээд сургуулийн №***** дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч бакалаврын дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилд орж төрд 41,011,126 төгрөгийн хохирол учруулсан.

1.2. М.Дийн дээрх үйлдэлд тус аймгийн Прокурорын газраас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын 1913001570097 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2019 оны 6 дугаар сарын 17-ний өдөр 5/12 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар яллагдагч М.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1.3. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хуульд заасан шаардлагад нийцнэ.

1.4. М.Дийн хууль бус үйлдлийн улмаас төрд 41,011,126 төгрөгийн хохирол учирсан байх тул төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Е.С нь М.Д-ээс төрд учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан байна. Иймээс прокурор төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл бичиж байна.

1.5. М.Дийн цалингийн жагсаалтаар 44,536,453 төгрөг гэж дурдсан байгаа боловч тэрээр 2018 оны 5, 6 дугаар саруудад С компаниас 480,000 төгрөгийн цалин болон Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар тухайн газарт дасгалжуулагчаар томилогдож авсан 2018 оны 11, 12, 2019 оны 1, 2 дугаар сарын цалин болох 3,345,327 төгрөг нийт 3,825,327 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд М.Д нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Шонхор-Олимп дээд сургуулийн ***** дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч бакалаврын дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилд орж төрд учруулсан 41,011,126 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие 2006 онд тус аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Багаасаа волейболоор хичээллэсэн ба өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хүүхдийн спортын их наадмуудад удаа дараалан хэд хэдэн удаа аваргалж байсан билээ.

2.2. Спортын амжилтыг маань харгалзан 2006 оны 9 дүгээр сараас Монгол Улсын Боловсролын их сургуулийн спорт тоглоомын дасгалжуулагчийн ангид элсэн суралцаж эхэлсэн билээ. 2009 оны 12 дугаар сар хүртэл буюу 4 дүгээр курсийн эхний улирал хүртэл суралцаж байхад ээжийнхээ бие өвдсөн тул хичээлээ орхиж гэртээ ирсэн билээ. Учир нь, ээж маань хүнд өвчтэй болж асаргаа шаардлагатай болсон учраас аргагүйн эрхэнд суралцаж байсан сургуулиа орхих болов. Төгсөх жилийнхээ хавар улсын шалгалт эхлэхээс өмнө сургуульдаа эргэн очиж улсын шалгалтаа өгч, төгсөх гэсэн боловч намайг улсын шалгалтад оруулахаас татгалзсан. Миний үеийн хүүхдүүд бүгдээрээ дээд боловсролын диплом авч байгаа учраас би ч гэсэн төгсмөөр санагдаж энэ тэндээс сургуулиа төгсөх ямар нэгэн арга байгаа эсэхийг хайсан. Тэр үед Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулиас төгсгөж, дээд боловсролын диплом олгож болно гэсэн. Би ч гэсэн баярлаж тус сургуулийн сургалтын төлбөр гэдгийг өгч, дипломоо авч төгссөн. Гэхдээ би тухайн дипломыг хуурамч гэдгийг огт мэдээгүй байсан.

2.3. Учир нь тухайн дипломыг надад олгохдоо чи 4 дүгээр курст элсэн орж суралцаж байсан тул Боловсролын яаманд төгсөх ангийн оюутны бүртгэл дотор орсон байгаа учраас түүнийг төгсгөх эсэхийг дээд боловсролын сургууль шийдвэрлэх юм байна, төлбөрөө төлбөл төгсгөж өгнө гэж намайг тухайн үед итгүүлж байсан. Оюутан байхдаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн биеийн тамирын шигшээ багт орж сургуулийн аварга, биеийн тамирын сургуулиудын бүх оддын тоглолтод нэгдүгээр байранд орж байсан.

2.4. Төгсөж ирээд аймгийн волейболын шигшээ багт орж тоглож байсан намайг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга О.Б дуудаж 2011 оны Хүүхдийн Спортын VI их наадмын волейболын баг тамирчдыг бэлтгэн дасгалжуулах зорилгоор 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч М.Д-ийг дасгалжуулагчаар авч ажиллуулсугай гэсэн тушаал шийдвэр өгч байсан. Тухайн үед намайг их сургууль төгссөн дипломыг харж ажилдаа аваагүй бөгөөд миний гаргасан амжилтыг хараад 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч хэмээн үнэлж хүүхдүүдийг тэмцээнд бэлтгэхэд миний туршлагаас хуваалцахын тулд анх ажилд томилсон. Би ч гэсэн эхэндээ байгууллагын бүтэц орон тоонд байхгүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажлын байранд цалин хөлсгүй ажиллаж эхэлсэн. 2010 оны 12 дугаар сарын сүүлээр буюу тэмцээн уралдаанд хүүхдийг бэлтгэх дасгалжуулагчийн төсөв хэмээн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлуулан намайг цалинжуулж эхэлсэн. Би хүүхдүүдийг тэмцээн уралдаанд гар бөмбөгөөр дасгалжуулан ажилласныхаа төлөөх хөлсөө авч ажиллаж эхэлсэн.

2.5. Тэгээд манай байгууллага 2014 онд Соёл, Спорт, аялал жуулчлал, Биеийн тамир спортын газар болж өөрчлөгдөх үед шинээр бүтэц орон тоо батлагдсан юм. Шинээр бий болсон волейболын дасгалжуулагч гэсэн орон тоонд намайг томилон ажиллуулж эхэлсэн. Тухайн үед диплом шаардлагатай гэсэн учраас би өөрийнхөө Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулийн дипломыг аваачиж өгсөн. Хэрэв би тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдсэн бол аваачиж өгөхгүй байх байсан юм. Учир нь намайг анх ажилд авахдаа ямар нэгэн диплом шаардаагүй ба хэд хэдэн жил ажиллаж ирсэн намайг шинээр бий болсон орон тоонд үргэлжлүүлэн дасгалжуулагчаар ажиллуулах болсон тул диплом байгаагүй ч ажиллах боломжтой байсан гэж бодож байна.

2.6. Цагдаагийн газраас намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж мэдүүлэг авахдаа чиний энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нь хаах саналтай, чи гэм буруугаа хүлээн зөвшөөрчих гэж хэлсэн учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдүүлэг өгч байсан. Нэгэнт намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн шүүхээс тогтоож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хэмээн гаргуулаагүй тул би өөрийнхөө цалин хөлсийг хохирол гэж үзэхгүй байна.

2.7. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж заасан тул би гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой цалин хөлс авч ажилласан тул надаас нэхэмжилсэн хөлс төлбөрийг буцаан төлөх боломжгүй.

2.8. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын энэхүү нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа нэхэмжлэлийг дахин шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын энэхүү нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Маралын дүгнэлт:

М.Д нь аймгийн болон улсын хэмжээнд маш олон амжилт гаргаж байсан чадварлаг багш бөгөөд гэм буруугүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Д-ээс төрд учирсан хохирол 41,011,126 /дөчин нэгэн сая арван нэгэн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Энэхүү нэхэмжлэлийг урьд шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд уг хэргийн талаарх гомдлыг бусад шүүх хүлээн авахаас татгалзах ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.2. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” 15 дугаар тогтоолын 1.3.-т “Мөн зүйлийн 115.3.-т эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно" гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмаас үүдэлтэй тул гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй хэмээн тайлбарласан байна.

5.3. М.Д-ийн гэм бурууг шүүхээр тогтоолгоогүй бөгөөд түүний шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие 2006 онд Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Багаасаа волейболоор хичээллэсэн ба өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хүүхдийн спортын их наадмуудад удаа дараалан хэд хэдэн удаа аваргалж байсан билээ. Спортын амжилтыг маань харгалзан 2006 оны 9 дүгээр сараас Монгол улсын Боловсролын их сургуулийн “спорт тоглоомын дасгалжуулагч”-ийн ангид элсэн суралцаж эхэлсэн билээ. 2009 оны 12 дугаар сар хүртэл буюу 4 дүгээр курсийн эхний улирал хүртэл суралцаж байхад ээжийн бие өвдсөн тул хичээлээ орхиж гэртээ ирсэн билээ. Учир нь ээж маань хүнд өвчтэй болж асаргаа шаардлагатай болсон учраас аргагүйн эрхэнд суралцаж байсан сургуулиа орхих болов. Төгсөх жилийнхээ хавар улсын шалгалт эхлэхээс өмнө сургуульдаа эргэн очиж улсын шалгалтаа өгч төгсөх гэсэн боловч намайг улсын шалгалтад оруулахаас татгалзсан. Миний үеийн хүүхдүүд бүгдээрээ дээд боловсролын диплом авч байгаа учраас би ч гэсэн төгсмөөр санагдаж энд тэндээс сургуулиа төгсөх ямар нэгэн арга байгаа эсэхийг хайсан. Тэр үед Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулиас төгсгөж, дээд боловсролын диплом олгож болно гэсэн. Би ч гэсэн баярлаж тус сургуулийн сургалтын төлбөр гэдгийг өгч, дипломоо авч төгссөн. Гэхдээ би тухайн дипломыг хуурамч гэдгийг огт мэдээгүй байсан. Учир нь тухайн дипломыг надад олгохдоо чи 4 дүгээр курст элсэн орж суралцаж байсан тул Боловсролын яаманд төгсөх ангийн оюутны бүртгэл дотор орсон байгаа учраас түүнийг төгсгөх эсэхийг дээд боловсролын сургууль шийдвэрлэх юм байна, төлбөрөө төлбөл төгсгөж өгнө гэж намайг тухайн үед итгүүлж байсан. Оюутан байхдаа МУБИС-ийн биеийн тамирын шигшээ багт орж сургуулийн аварга, Биеийн-тамирын сургуулиудын бүх оддын тоглолтод нэгдүгээр байранд орж байсан. Би төгсөж ирээд аймгийн волейболын шигшээ багт орж тоглож байсан намайг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга О.Бахыт дуудаж “2011 оны Хүүхдийн Спортын VI их наадмын волейболын баг тамирчдыг бэлтгэн дасгалжуулах зорилгоор 1-р зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч М.Дийг дасгалжуулагчаар авч ажиллуулсугай”-гэсэн тушаал шийдвэр өгч байсан. Тухайн үед намайг их сургууль төгссөн дипломыг харж ажилдаа аваагүй бөгөөд миний гаргасан амжилтыг хараад 1-р зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч хэмээн үнэлж хүүхдүүдийг тэмцээнд бэлтгэхэд миний туршлагаас суралцахын тулд анх ажилд томилсон. Би ч гэсэн эхэндээ байгууллагын бүтэц орон тоонд байхгүй, ажлын байрны тодорхойлолтгүй ажлын байранд цалин хөлсгүй ажиллаж эхэлсэн. 2010 оны 12 дугаар сарын сүүлээр буюу тэмцээн уралдаанд хүүхдийг бэлтгэх дасгалжуулагчийн төсөв хэмээн аймгийн ИТХ-аас батлуулан намайг цалинжуулж эхэлсэн. Би хүүхдүүдийг тэмцээн уралдаанд гар бөмбөгөөр дасгалжуулан ажилласныхаа төлөөх хөлсөө авч ажиллаж эхэлсэн. Тэгээд манай байгууллага 2014 онд Соёл, Спорт, аялал жуулчлал, Биеийн тамир спортын газар болж өөрчлөгдөх үед шинээр бүтэц орон тоо батлагдсан юм. Шинээр бий болсон Волейболын дасгалжуулагч гэсэн орон тоонд намайг томилон ажиллуулж эхэлсэн. Тухайн үед диплом шаардлагатай гэсэн учраас би өөрийнхөө Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулийн дипломыг аваачиж өгсөн. Хэрэв би тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдсэн бол аваачиж өгөхгүй байх байсан юм. Учир нь намайг анх ажилд авахдаа ямар нэгэн диплом шаардаагүй ба хэд хэдэн жил ажиллаж ирсэн намайг шинээр бий болсон орон тоонд үргэлжлүүлэн дасгалжуулагчаар ажиллуулах болсон тул диплом байгаагүй ч ажиллах боломжтой байсан гэж бодож байна. Цагдаагийн газраас намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж мэдүүлэг авахдаа “Шонхор олимп биеийн тамирын дээд сургуулийн дипломыг хуурамч гэдгийг 2017 онд хуурамч гэдгийг мэдсэн, нэгэнт хуурамч учраас өөрийгөө буруутай хэмээн” мэдүүлэг өгч байсан. Гэхдээ намайг тухайн үед яллаж байсан зүйл ангид зааснаар “хуурамч байсан гэдгийг мэдсээр байж ашигласан” бол гэмт хэрэгт тооцохоор байжээ. Би хууль мэдэхгүй учраас мөрдөгчөөс намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгахад айсандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж хэлсэн. Гэхдээ миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж хэлснээр намайг гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй хэмээн үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, гэм хор, хохирол учруулсан гэдгийг гагцхүү шүүхээс л тогтоодог гэж ойлгодог байсан. Тэгээд ч цагдаагаас “чиний энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нь хаах саналтай, чи гэм буруугаа хүлээн зөвшөөрчих” гэж хэлсэн учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдүүлэг өгч байсан.” гэж шүүхэд тайлбар хүргүүлсэн. Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, 82.2-т “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно”, 36.4-т “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан тул М.Д-ийг гэм хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй учраас гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

5.4. Хэрэв шүүхээс М.Д-ийг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж үзээд түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгох үндэслэлтэй гэж шийдвэрлэх байсан бол М.Дийн зөвхөн хуурамч мэргэжлийн диплом ашиглаж өөртөө давуу байдал үүсгэж илүү авсан цалинг л хураах, хохиролд тооцон шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл М.Д мэргэжилгүй байсан ч аливаа ажил үүргийг хийж гүйцэтгэсний төлөө тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй юм. М.Д нь ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, бүтэн цагаар ажиллаж байсан. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаар тогтоолоор К.Нуржанарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хуурамч бичиг баримт ашиглан олсон орлогыг хураахтай холбоотой тогтоолоор тайлбарласнаас өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн байх тул М.Дийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзээд, олсон орлогыг хурааж шийдвэрлэх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хохирлоос хасаагүйд гомдолтой байна.

5.5. Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “хуурамч диплом ашиглан Баян-Өлгий аймгийн ***** газарт учруулсан гэм хорын хохирлыг М.Д-ээс гаргуулан Баян-Өлгий аймгийн ***** газарт олгуулж өгнө үү” хэмээн тодорхойлсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилж, төрд учирсан хохирол 41,011,123 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай хэмээн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т “Анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 115.2.1-т “нэхэмжлэлийн шаардлагыг хангах”; 115.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох”; 115.2.3-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасан. Прокурорын газрын нэхэмжлэл М.Дээс гэм хорын хохирол гаргуулан Баян-Өлгий аймгийн ***** газарт олгуулахыг хүссэн ч шүүх 41,011,123 төгрөгийг М.Дээс гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

5.6. Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т “Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргахдаа гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь эгүүлэн олгох бөгөөд хэрэв эзэмшигчийг тогтоох боломжгүй бол улсын орлого болгох талаар шийдвэрлэнэ” гэж заасан. М.Дэд холбогдох хэргийг хэрэгсэхүй болгосон тогтоолд гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогыг хураах талаар ямар нэгэн заалт оруулаагүй бөгөөд тухайн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй хэмээн мэдүүлэг өгч байсан. Нэгэнт тухайн тогтоол хүчинтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэж орлого олсон хэмээн дүгнээгүй, хэрэв орлогыг хураах байсан бол тухайн тогтоолоор хамтад нь шийдвэрлэх ёстой байсан.

5.7. Анхан шатны шүүх М.Д-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ийг баримтлан хохирол гаргуулсан нь үндэслэлгүй болсон. Энэ бол гэм хорын хохирол биш бөгөөд түүнийг гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан журмаар зохицуулагдсан “гэмт үйлдлийн замаар олсон орлогыг хураах, гаргуулах” ажиллагаа юм. М.Д нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулаагүй юм. Тодруулбал эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Е.Санатаас, байгууллагад ямар нэгэн хохирол, гэм хор учраагүй учраас, хохирол нэхэмжлэхгүй хэмээн мэдүүлэг өгсөн байсан.

5.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсхүл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хариуцагч М.Д-д холбогдуулан гаргасан төрд учирсан хохирол 41,011,126 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нэхэмжлэлийн үндэслэлээ  “...М.Д нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Шонхор-Олимп дээд сургуулийн ***** дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч бакалаврын дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилд орж төрд учруулсан 41,011,126 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэж тайлбарласныг хариуцагч М.Д “...би тухайн дипломыг хуурамч гэдгийг огт мэдээгүй байсан, тухайн үед намайг их сургууль төгссөн дипломыг харж ажилдаа аваагүй бөгөөд миний гаргасан амжилтыг хараад 1 дүгээр зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч хэмээн үнэлж хүүхдүүдийг тэмцээнд бэлтгэхэд миний туршлагаас хуваалцахын тулд анх ажилд томилсон, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж заасан тул би гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой цалин хөлс авч ажилласан тул надаас нэхэмжилсэн хөлс төлбөрийг буцаан төлөх боломжгүй, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын энэхүү нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа нэхэмжлэлийг дахин шийдвэрлэх боломжгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.  

            8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч М.Д нь биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэг аваагүй атлаа “Шонхор-Олимп” дээд сургуулийн ***** дугаар бакалаврын диплом гэх хуурамч дипломыг Баян-Өлгий аймгийн Биеийн Тамирын спортын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тушаалаар тус газарт багш-дасгалжуулагчаар томилогдсоноос 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Мон-Алтиус дээд сургуулийг төгсөх хүртэл ашиглаж, энэ хугацаанд төсвийн байгууллагаас цалин хөлс авч хохирол учруулсан нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1913001570097 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай тогтоолоор тус тус нотлогджээ.

 

9. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1913001570097 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор М.Д-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан ба улмаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор М.Д нь Шонхор-Олимп дээд сургуулийн №***** дугаартай бакалаврын диплом гэх хуурамч дипломыг 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ашигласан нь хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтуудаар тогтоогдсон боловч гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын дээрх тогтоол, түүнд дурдсан буюу тогтоогдсон үйл баримтын талаар хариуцагч М.Д нь зохих журмын дагуу дээд шатны прокурорт болон холбогдсон хэргээ ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаагүй, энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд дурдсан үйл баримтыг тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж дүгнэв.

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн “...М.Д-ийг гэм хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй учраас гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

            10. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хариуцагч М.Дийг “Шонхор-Олимп” дээд сургуулийн ***** дугаар бакалаврын диплом гэх хуурамч дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн ***** газарт 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан хугацаанд 41,011,126 төгрөгийн цалин хөлсийг  авч, хохирол учруулсан” гэж үзсэнийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

           

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ хариуцагч М.Д нь хуурамч диплом ашиглаж тус аймгийн Биеийн тамир, спортын газарт багш-дасгалжуулагчаар 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс томилогдон ажилласан боловч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Мон-Алтиус дээд сургуулийг спорт тоглоомын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн гэх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна түүний энэ хугацаанд авсан цалин хөлсийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэх нь ажилтны хөдөлмөрлөх, түүнд тохирсон цалин хөлс авах эрхийг бүхэлдээ хязгаарласан буюу шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Түүнчлэн шүүх хариуцагчийн төрд учруулсан хохирлоос түүний хуурамч диплом ашиглаагүй хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сард авсан цалин хөлсийг хасаж тооцоогүй нь алдаатай болсон.

 

12. Хариуцагч М.Д нь Баян-Өлгий аймгийн ***** газарт багш-дасгалжуулагчаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс авч байсан тул түүний хуурамч боловсролын диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн ***** газарт багш-дасгалжуулагчаар ажилласан 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд /2018 оны 4 дүгээр сард тухайн байгууллагаас цалин хөлс авсан талаар нотлогдоогүй ба 5, 6 дугаар сард өөр ажил олгогчоос цалин хөлс авсан/ авсан цалин хөлснөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зөрүү тооцож, үлдсэнийг нь төрд  учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь ажилтны цалин хөлс авах үндсэн эрх болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Хариуцагч М.Д нь “Шонхор-Олимп” дээд сургуулийн ***** дугаар бакалаврын диплом гэх хуурамч дипломыг ашиглан Баян-Өлгий аймгийн ***** газарт 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарыг дуустал багш-дасгалжуулагчаар ажиллах хугацаанд 40,537,174 төгрөгийн цалин хөлс авсан нь хэрэгт авагдсан түүний цалингийн жагсаалтаар тогтоогдсон. Хариуцагчийн хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан багш-дасгалжуулагчийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

 

14. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 108,000 төгрөг байхаар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс сард 140,400 төгрөг байхаар, мөн хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 192,000 төгрөг байхаар, мөн хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 240,000 төгрөг байхаар тус тус тогтоож байжээ.

 

15. Хариуцагч М.Д-ийн 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 3 дугаар сарыг дуустал авсан 6 сарын цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөгөөр тооцоход 648000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 8 дугаар сарыг дуустал авсан 29 сарын цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөгөөр тооцоход 4,071,600 төгрөг, 2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал авсан 40 сарын цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцоход 7,680,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал авсан 15 сарын цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөр тооцоход 3,600,000 төгрөг, нийт 15,999,600 төгрөг болж байна.

 

16. Тиймээс анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулсан хохирлын тооцоог зөвтгөж, хариуцагч М.Д хуурамч боловсролын диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн ***** газарт 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал багш-дасгалжуулагчаар ажилласан хугацаанд авсан нийт цалин хөлс 40,537,174 төгрөгөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон 90 сарын цалин хөлс 15,999,600 төгрөгийг болон хариуцагчийн 2018 оны 7 дугаар сард буюу хуурамч диплом ашиглаагүй хугацаанд авсан цалин хөлс болох 473,952 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд М.Д-ийн авсан нийт цалин хөлсийг буруу тооцож нэхэмжилсэн 41,011,126 төгрөгөөс 24,537,574 төгрөгийг /40,537,174-15,999,600/ хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Мөн дээр дурдсанчлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “М.Д мэргэжилгүй байсан ч аливаа ажил үүргийг хийж гүйцэтгэсний төлөө тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй юм. М.Д нь ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, бүтэн цагаар ажиллаж байсан. М.Дийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзээд, олсон орлогыг хурааж шийдвэрлэх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хохирлоос хасаагүйд гомдолтой байна” гэх хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

17. Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын “энэхүү нэхэмжлэлийг урьд шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд уг хэргийн талаарх гомдлыг бусад шүүх хүлээн авахаас татгалзах ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШТ2023/00005 дугаар тогтоолоор тус аймгийн Прокурорын газрын хариуцагч М.Д-д холбогдуулан гаргасан “2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Шонхор олимп дээд сургуулийн ***** дугаартай багш дасгалжуулагч мэргэжлийн хуурамч дипломыг ашиглан тус аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилд орж төрд учруулсан хохирол 41011126 төгрөгийг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дансанд оруулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг “Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь тус аймгийн Биеийн тамир, спортын газрыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хавсарган өгснөөр хариуцагч М.Д-ийн хуурамч диплом ашиглаж Баян-Өлгий аймгийн ***** газарт багш-дасгалжуулагчаар ажилласнаар тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсан тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын энэ асуудлаар дахин гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэгч, эсхүл хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл иргэний нэхэмжлэгч буюу хохирогчоос тухайн байгууллагыг төлөөлөн иргэний нэхэмжлэл гаргасан, татгалзсан эсэхээс үл хамааран, төр, нийтийн ашиг сонирхлын үүднээс өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх үүргийг эдэлж, оролцох хууль зүйн боломжтой.

 

18. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч М.Дэд буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2023/00579 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Д-ээс төрд учирсан хохиролд 24,537,574 /хорин дөрвөн сая таван зуун гучин долоон мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16,473,552 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,050 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч М.Дэд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК