Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00774

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00774

Баян-Өлгий аймаг

 

                     

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Н.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, М овогт М.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бббб,

Хариуцагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч А-т холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Х нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн А-тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

1.2 Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-д худалдагч нь Б аймаг, Ө сумын 5 дугаар баг, Алтан чулуу 6-ны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Н цогцолбор хорооллын    байрны 11 орцны 03 давхрын 48,6 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий тоот орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

1.3 Мөн гэрээний 2.1-д орон сууцны байшингийн нэг метр квадрат талбайн худалдах үнийг 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байхаар, 2.2-д орон сууцны байшингийн худалдах нийт үнэ 87,480,000 /наян долоон сая дөрвөн зуун наян мянган / төгрөг байхаар, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг гүйцэтгэгчийн ХААН банкны 5180142678 тоот дансанд урьдчилгаа болгон шилжүүлж, үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орсны дараа шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

1.4 Би гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж, урьдчилгаа 26,000,000 /хорин зургаан сая / төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А-ийн ХААН банкны 0000000 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний 3.1.2-т зааснаар худалдагч А нь гэрээгээр харилцан тохиролцсон нийтийн орон сууцны байшинг холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл худалдагч А нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж дуусгаагүй, 2022 онд 5 давхар орон сууцны зөвхөн 1 давхрын өрлөгийн ажлыг хийсэн. Би 2023 онд барьж дуусгах болов уу гэсэн хүлээлтээр хүлээсэн боловч 2023 оны эхний 7 сарын байдлаар зөвхөн 2 давхрын арматурыг зангидсан байдалтай байгаа ба орон сууцыг барьж дуусгах ямар ч боломжгүй болох нь харагдаж байна.

1.5 Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр, 4.3-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар тохиролцсон. А нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй учир 2023 онд ашиглалтад оруулах байх гэж хүлээсэн боловч энэ онд ашиглалтад оруулах боломжгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй.  Би Ат энэ талаар удаа дараа мэдэгдэж, мөнгөө буцааж авахыг хүсэж шаардсан боловч одоогоор чамд өгөх мөнгө байхгүй, орон сууцны барилга баригдаж ашиглалтад орж, байрууд борлогдсоны дараа мөнгийг буцааж өгнө гэсэн хариу өгсөн. Гэтэл орон сууц нь хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй учир миний бие эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

1.6 Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр тохиролцсон талаар дээр дурдсан. Гэрээ ёсоор худалдагч нь орон сууцны барилгыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой боловч 2023 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар 8 сарын хугацаа хэтрүүлээд байна. 8 сар буюу 240 хоногийг 0.5 хувиар алданги тооцохоор 120 хувь болохоор байна. Иргэний хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан учир шилжүүлсэн урьдчилгаа 26,000,000 төгрөгийн 50 хувь буюу 13,000,000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй.

Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч А-ээс урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,00,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байрны урьдчилгааны мөнгө гэж 26.000.00 төгрөг авсан маань үнэн. Байр маань хугацаандаа баригдаж дуусаагүй гол шалтгаан нь өнгөрсөн жил Ковид-19 цар тахлын өвчин үүссэнтэй холбогдуулан барилгын материалын үнэ хэд дахин нэмэгдсэн. Тийм учраас би алдагдалтай байр барихыг хүсээгүй учраас барилгын ажлыг зогсоосон. Энэ жил барих барилгын компанитай би мөнгийг нь тушаасан. Гэхдээ тус компани захирлын эхнэр нь өвдөж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хожимдож барилгын ажлаа эхэлсэн юм. Одоогийн байдлаар 1-3 дугаар давхар хүртэл өрлөг нь хийгдсэн. 4-р давхрын карказ нь баригдаж байгаа. Харин цэвэр ус, бохир ус болон халаалтад бүрэн холбогдсон. Энэ жилдээ багтааж дуусаагүй байрыг ашиглалтад өгөх болзлоор 3 давхар хүртэл 11 айлын байрыг өгөх бодолтой байгаа. Одоо нэхэмжлэгч байраа авах бол байраа өгнө. Хэрвээ байраа авахгүй бол урьдчилгааны мөнгө болох 26,000,000 төгрөгийг өгөх болно. Түүнээс биш хүү болох 13,000,000 төгрөгийг өгөх ямар ч боломжгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, ХААН банкны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Банк хоорондын шилжүүлэг, нэхэмжлэгчээс Б-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Х-ын хариуцагч А-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, алданги 13,000,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Миний бие Х нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн А-тэй орон сууц захиалан бариулах гэрээ  байгуулж Ө сумын 5-р баг, Алтан чулуу 6-ийн нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны 3 давхрын  48.6 кв.м талбайтай 2 өрөө бүхий орон сууц авахаар тохиролцож урьдчилгаа 26,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дээрх гэрээгээр  А нь орон сууцыг стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид шилжүүлэн өгөхөөр үүрэг хүлээсэн боловч 2023 оны эхний 7 сарын байдлаар 2 давхрын арматурыг зангидсан байдалтай байгаа ба орон сууцыг барьж дуусгах ямар ч боломжгүй болох нь харагдаж байна. Үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцалж, хариуцагч А-ээс урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байрны урьдчилгааны мөнгө гэж 26.000.000 төгрөг авсан маань үнэн. Байр маань хугацаандаа баригдаж дуусаагүй гол шалтгаан нь өнгөрсөн жил Ковид-19 цар тахлын өвчин үүссэнтэй холбогдуулан барилгын материалын үнэ хэд дахин нэмэгдсэн. Тийм учраас би алдагдалтай байр барихыг хүсээгүй учраас барилгын ажлыг зогсоосон. Энэ жил барих барилгын компанитай би мөнгийг нь тушаасан. Гэхдээ тус компанийн захирлын эхнэр нь өвдөж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хожимдож барилгын ажлаа эхэлсэн юм. Одоогийн байдлаар 1-3 дугаар давхар хүртэл өрлөг нь хийгдсэн. 4-р давхрын карказ нь баригдаж байгаа. Харин цэвэр ус, бохир ус болон халаалтад бүрэн холбогдсон. Энэ жилдээ багтааж дуусаагүй байрыг ашиглалтад өгөх болзлоор 3 давхар хүртэл 11 айлын байрыг өгөх бодолтой байгаа. Одоо нэхэмжлэгч байраа авах бол байраа өгнө. Хэрвээ байраа авахгүй бол урьдчилгааны мөнгө болох 26,000,000 төгрөгийг өгөх болно. Түүнээс биш хүү болох 13,000,000 төгрөгийг өгөх ямар ч боломжгүй гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч Х, хариуцагч  А нар нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 105 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж худалдагч А нь Б аймгийн Ө сумын Алтан чулуу 6-ны нутаг дэвсгэрт баригдаж буй Н цогцолбор хорооллын байрны 1-р орцны 3 давхрын 48.6 м.кв талбайтай 2 өрөө бүхий байрыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны байшингийн нэг метр квадрат талбайн худалдах үнэ 1,800,000  төгрөгөөр тооцож нийт үнийг 87480000 төгрөгөөр тохиролцож үүнээс урьдчилгаа 26000000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр, үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсны дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

7.2 Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон ХААН банкны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар худалдан авагч Х-аас урьдчилгаанд 26,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон байна. 

 

8.Талууд гэрээ байгуулагдсан талаар болон худалдан авагчаас 26,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй байх ба хариуцагчийн зүгээс алданги төлөх боломжгүй  гэж маргажээ.

 

9. Нэхэмжлэгч Х болон хариуцагч А нар нь Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч зохигчдын тайлбар болон гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

10.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч А нь орон сууцны байшинг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргийг зөрчиж одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Нэхэмжлэгчээс үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан боловч үр дүн гараагүй гэж тайлбарласан ба уг тайлбарыг хариуцагчийн зүгээс няцаагаагүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан. Хариуцагч А нь гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгээгүй байх ба түүнд үүргээ хугацаанд гүйцэтгэхийг шаардаж байсан байх тул нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэрээний  аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн урьдчилгаа болгож өгсөн 26,000,000 төгрөгийг хариуцагч А-ээс гаргуулах нь зүйтэй байна.

 

11.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

12. Нэхэмжлэгч алданги 13,000,000 төгрөг гаргуулах үндэслэлээ гэрээний 4.2-т худалдагч орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хуцгаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх заалтын агуулгаас үзэхэд тухайн заалт нь нэхэмжлэгчийн  урьдчилгаа болгон өгсөн 26,000,000 төгрөгөөс алданги тооцохоор харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Харин нэхэмжлэгч хуулийн дээрх заалтын дагуу хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

13.Иймд нэхэмжлэгч Х-ын  хариуцагч А-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, алданги 13,000,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14.Нэхэмжлэгч Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-ээс 287,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х,   хариуцагч А нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, А-ээс 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулан Х-т олгож,  алданги 13,000,000  /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 /гурван зуун тавин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-ээс 287,950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК