Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2023/00125

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00774 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ****багт оршин суух М овогт Н.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** багт оршин суух М овогт М.А-т холбогдох,

 

“2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1.Миний бие Н.Х- нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн М.А-тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

1.2.Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-д худалдагч нь Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 5 дугаар баг, Алтан чулуу 6-ны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Нур-жанат цогцолбор хорооллын байрны 11 орцны 03 давхрын 48,6 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий тоот орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

1.3. Мөн гэрээний 2.1-д орон сууцны байшингийн нэг метр квадрат талбайн худалдах үнийг 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байхаар, 2.2-д орон сууцны байшингийн худалдах нийт үнэ 87,480,000 /наян долоон сая дөрвөн зуун наян мянган / төгрөг байхаар, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг гүйцэтгэгчийн ХААН банкны ************ тоот дансанд урьдчилгаа болгон шилжүүлж, үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орсны дараа шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

1.4. Би гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж, урьдчилгаа 26,000,000 /хорин зургаан сая / төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М.А-ийн ХААН банкны ************ тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний 3.1.2-т зааснаар худалдагч М.А- нь гэрээгээр харилцан тохиролцсон нийтийн орон сууцны байшинг холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл худалдагч М.А- нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж дуусгаагүй, 2022 онд 5 давхар орон сууцны зөвхөн 1 давхрын өрлөгийн ажлыг хийсэн. Би 2023 онд барьж дуусгах болов уу гэсэн хүлээлтээр хүлээсэн боловч 2023 оны эхний 7 сарын байдлаар зөвхөн 2 давхрын арматурыг зангидсан байдалтай байгаа ба орон сууцыг барьж дуусгах ямар ч боломжгүй болох нь харагдаж байна.

1.5. Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр, 4.3-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар тохиролцсон. М.А- нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй учир 2023 онд ашиглалтад оруулах байх гэж хүлээсэн боловч энэ онд ашиглалтад оруулах боломжгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй. Би М.А-т энэ талаар удаа дараа мэдэгдэж, мөнгөө буцааж авахыг хүсэж шаардсан боловч одоогоор чамд өгөх мөнгө байхгүй, орон сууцны барилга баригдаж ашиглалтад орж, байрууд борлогдсоны дараа мөнгийг буцааж өгнө гэсэн хариу өгсөн. Гэтэл орон сууц нь хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй учир миний бие эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

1.6. Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр тохиролцсон талаар дээр дурдсан. Гэрээ ёсоор худалдагч нь орон сууцны барилгыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой боловч 2023 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар 8 сарын хугацаа хэтрүүлээд байна. 8 сар буюу 240 хоногийг 0.5 хувиар алданги тооцохоор 120 хувь болохоор байна. Иргэний хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан учир шилжүүлсэн урьдчилгаа 26,000,000 төгрөгийн 50 хувь буюу 13,000,000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй.

1.7. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч М.А-ээс урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,00,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, байрны урьдчилгааны мөнгө гэж 26.000.00 төгрөг авсан маань үнэн. Байр маань хугацаандаа баригдаж дуусаагүй гол шалтгаан нь өнгөрсөн жил Ковид-19 цар тахлын өвчин үүссэнтэй холбогдуулан барилгын материалын үнэ хэд дахин нэмэгдсэн. Тийм учраас би алдагдалтай байр барихыг хүсээгүй учраас барилгын ажлыг зогсоосон.

2.2. Энэ жил барих барилгын компанид би мөнгийг нь тушаасан. Гэхдээ тус компанийн захирлын эхнэр нь өвдөж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хожимдож барилгын ажлаа эхэлсэн. Одоогийн байдлаар 1-3 дугаар давхар хүртэл өрлөг нь хийгдсэн. 4-р давхрын карказ нь баригдаж байгаа. Харин цэвэр ус, бохир ус болон халаалтад бүрэн холбогдсон. Энэ жилдээ багтааж дуусаагүй байрыг ашиглалтад өгөх болзлоор 3 давхар хүртэл 11 айлын байрыг өгөх бодолтой байгаа. Одоо нэхэмжлэгч байраа авах бол байраа өгнө. Хэрвээ байраа авахгүй бол урьдчилгааны мөнгө болох 26,000,000 төгрөгийг өгөх болно. Түүнээс биш хүү болох 13,000,000 төгрөгийг өгөх ямар ч боломжгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00774 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х-, хариуцагч М.А- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалж, М.А-ээс 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулан Н.Х-т олгож, алданги 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 /гурван зуун тавин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.А-ээс 287,950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-т олгож шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00774 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч “Шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч Н.Х- нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч М.А-тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-д худалдагч нь Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 5 дугаар баг, Алтан чулуу 6-ны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Нур-жанат цогцолбор хорооллын байрны 01 орцны 03 давхрын 48,6 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий          тоот орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Мөн гэрээний 2.1-д орон сууцны байшингийн нэг метр квадрат талбайн худалдах үнийг 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байхаар, 2.2-д орон сууцны байшингийн худалдах нийт үнэ 87,480,000 /наян долоон сая дөрвөн зуун наян мянган / төгрөг байхаар, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг гүйцэтгэгчийн ХААН банкны ************ тоот дансанд урьдчилгаа болгон шилжүүлж, үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орсны дараа шилжүүлэхээр тус тус тохиролцсон. Н.Х- нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж, урьдчилгаа 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М.А-ийн ХААН банкны ************ тоот дансанд шилжүүлсэн.

4.3. Гэрээний 3.1.2-т зааснаар худалдагч М.А- нь гэрээгээр харилцан тохиролцсон нийтийн орон сууцны байшинг холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл худалдагч М.А- нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж дуусгаагүй, 2022 онд 5 давхар орон сууцны зөвхөн 1 давхрын өрлөгийн ажлыг хийсэн. Н.Х- нь 2023 онд барьж дуусгах болов уу гэсэн хүлээлтээр хүлээсэн боловч 2023 оны эхний 7 сарын байдлаар зөвхөн 2 давхрын арматурыг зангидсан байдалтай байгаа ба орон сууцыг барьж дуусгах ямар ч боломжгүй болох нь тодорхой болсон.  Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр, 4.3-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, бүгд 39,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

4.4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч М.А-ээс 26,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, алданги 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Алданги 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй учир эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.5. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь: Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болохоос албадах эрхтэй субъект биш. Тийм учраас харилцан итгэлцлийн үндсэн дээр нөгөө талыг үүргээ сайн дураараа, тогтоосон цаг хугацаанд хийж гүйцэтгэнэ гэсэн итгэл найдварын үндсэн дээр сайн дураараа гэрээ байгуулдаг. Гэвч үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тохиолдол гардаг бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, үүрэг гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хийж гүйцэтгэх талаар тодорхой сэдэл бий болгох зорилгоор тодорхой аргуудыг хэрэглэдэг. Үүнийг иргэний эрх зүйд үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга гэх бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжид тусгагдсан байдаг.

Анх талуудын хооронд гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анз /алданги/ төлөхөөр тусгаж байгаагийн гол зорилго нь үүргийг тогтоосон цаг хугацаанд гүйцэтгэх нөхцөлийг хангуулах зорилготой. Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд нэхэмжлэгчийн захиалсан Нур-жанат цогцолбор хорооллын.....байрны 01 орцны 03 давхрын 48,6 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий......тоот орон сууцны ажлыг огт хийж гүйцэтгээгүй.Өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон ажлыг огт хийж гүйцэтгээгүй.Нэмэлт хугацаа тогтоож 9 сар хүлээсэн боловч мөн ямар ч ажил хийгээгүй.

4.6. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-д “...худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөх”-өөр харилцан тохиролцсон учир нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд алданги нэхэмжлэх эрхтэй.

4.7. Хариуцагч буюу худалдагч нь орон сууцны байшинг барьж, гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид шилжүүлж өгөөгүй, өөрөөр хэлбэл үүргээ огт гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой үүргийн нийт үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож нэхэмжлэх боломжтой байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хийж гүйцэтгэх нийт ажлын үнийн дүнгээр алданги нэхээгүй, харин өөрийн урьдчилгаанд шилжүүлсэн 26,0 сая төгрөгийн хэмжээнд л алданги нэхэмжилсэн.Үүнийг буруутгах үндэсгүй бөгөөд нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги төлөхөөр харилцан тохиролцсон учир нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой.

4.8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үүнийг “...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх заалтын агуулгаас үзэхэд тухайн заалт нь нэхэмжлэгчийн урьдчилгаа болгож өгсөн 26,000,000 төгрөгөөс алданги тооцохоор харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ огт гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд буюу урьдчилгаанд шилжүүлсэн 26,000,000 төгрөгийн хэмжээнд алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

4.9. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00774 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.А-ээс алданги 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-т олгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

 

            6. Нэхэмжлэгч Н.Х- нь хариуцагч М.А-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26.000.000 төгрөг, алданги 13.000.000 төгрөг, нийт 39.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 26.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг буюу алданги 13.000.000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            7. Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ээр худалдагч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Алтан чулуу 6-ны нутаг дэвсгэрт баригдаж буй Нур жанат цогцолбор хорооллын байрны 1-р орцны 3 давхрын 48.6 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу чанартай барьж дууссаны дараа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны байшингийн 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгөөр үнэлж, худалдагчид нийт 87.480.000 төгрөг төлөхөөр тохиролцож, үүнээс урьдчилгаанд 26.000.000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр, үлдэгдэл төлбөрийг орон сууцыг өөрийн өмчлөлд авсны дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож буй дээрх үйл баримтыг талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

            8. ХААН банкны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар худалдан авагч Н.Х-аас худалдагчийн дансанд урьдчилгаанд 26.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, харин хариуцагч гагцхүү алданги төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж зөв дүгнэсэн боловч “урьдчилгаа болгон өгсөн 26.000.000 төгрөгөөс алданги тооцохоор харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, алданги 13.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, гэрээгээр хүлээсэн талуудын тохиролцоо, үүрэгт нийцээгүй байна.

 

            10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ” гэж, мөн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

 

11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т худалдагч орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож худалдан авагчид алданги төлөхөөр харилцан тохиролцож, анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байна. Гэтэл анхан шатны шүүх худалдан авагчийн урьдчилгаа болгон худалдагчид шилжүүлсэн 26.000.000 төгрөгийг “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн”-д тооцох үндэслэлгүй тул түүнээс гэрээнд зааснаар алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нэхэмжлэлийн алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нийт үнэ 87.480.000 төгрөг бөгөөд худалдагч нь 3 давхрын 48.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь илэрхий тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд алдангийн хэмжээг буюу гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийг урьдчилгаанд төлсөн 26.000.000 төгрөгөөс тооцсоныг шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй, хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.

12. Иймд хариуцагч М.А-ээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 26.000.000 төгрөг, алданги 13.000.000 төгрөг, нийт 39.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Х-т олгож, нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00774 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Х-, М.А- нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалж, хариуцагч М.А-ээс 39.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Х-т олгосугай” гэж,  2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.А-ээс 352.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Х-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусдад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК