Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2023/00599

 

 

 

 

 

2023 07 03

130/ШШ2023/00599

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт К.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт С.Г-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,

Хариуцагч Г, түүний өмгөөлөгч Н,

Гэрч Х, Д, С, Х.Т,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М нь хариуцагч Г-д холбогдуулан Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М би тус аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошантын дэвсэг гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороог хоёр пүнз, өвсний хашааны хамт 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа, хорооны эзэмшигч Ш, түүний хүү Х нараас 500,000 төгрөгөөр худалдаж авсан байх ба энэ талаарх Х-ийн гар баримт өөрт маань хадгалагдаж байна. Үүний дараа 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б сумын Засаг даргаас газар ашиглах гэрчилгээ бичүүлж авсан.

1.2. Би тухайн үед өөрөө Өлгий сумын нутаг дэвсгэрт амьдарч байсан тул тухайн хашаа хороонд өөрийн ах С-ыг хүүхдүүдийн хамт суулгаж ирсэн. С нь 1995 оны үед Казахстан улсад суурьшихаар нүүж явсан ба тэнд очсоны дараа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эхнэрийнх нь бие өвдсөн учир миний бие өөрийн биеэр очиж нүүлгэж ирж өөрийн худалдаж авсан хашаа хороонд тэднийг суулгасан. Тошантын дэвсэг гэх газарт дээд, доод гэх хоёр саравчтай хашаа хороо байсан байх ба 1993 оны их хувьчлалаар дээд талын хашаа хороог Ш, Е, К, Т нарт, доод талын хашаа хороог К, А, Ж, С нарт тус тус хуваарилсан байна. Дээд хашаа хороог авсан К, Е, З нар Казахстан улсад нүүх үед өөрсдийн хувийг Ш- худалдаж, үүний дараа Ш нь М надад худалдсан.

 

1.3. Ш дээд талын хашаа, хороог М-д худалдсаны дараа доод хашаа хороог хувьчилж авсан К Б аймгийн Сум дундын шүүхэд Ш, К нарын хийсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хашаа хорооны дундаа өмчлөх өмчлөгч нь К, А, С, А, К, Т, З нар мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/123 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Б аймгийн шүүхийн Давж заалдах шатны иргэний шүүх хуралдааны 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар магадлалаар К-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ. Ингэж зохих шатны шүүхийн шийдвэр гарсны дараа М би тухайн өвөлжөөний хууль ёсны өмчлөгч болсон. Гэхдээ тухайн хашаа хороог улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, тухайн үед тийм үйл ажиллагаа хийгдэж байгаагүй. Дараа нь К нарын эзэмшлийн, хоорондоо 500 метр зайтай доод хашаа, хороог С нар К, түүний хүү Х нараас худалдаж авч хоёр хашаа хороог хамтдаа ашиглаж иржээ.

 

1.4. Миний бие тэрнээс хойш өөрийн малаа С, түүний хүүхдүүдэд өгч нийлүүлж олон жилийн турш хамтран ашиглаж ирсэн. Гэтэл 2022 оны намраас ах С-ийн хүүхэд болох Г нь энэ хашаа хороо бидний эзэмшлийн хашаа хороо болсон, би аав С-аас худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, одоо танд хамаагүй болсон гэж намайг хөөж тууж малаа битгий авч ир гэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийж эхэлсэн. 2022 оны намар зуслангаас буухдаа М-ийн нийлүүлсэн үхрүүдийг сүргээс тасалж Өлгийд байдаг гэрт нь үлдээж, цаашид тухайн хашаа хороонд таны нэг ч малыг байлгахгүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Бид ах дүү хүмүүс учир хоорондоо учраа олох байх гэж тодорхой хугацаанд хүлээсэн боловч үр дүн гараагүй. Миний бие тухайн хашаа хороог хуульд заасан арга хэрэгслээр худалдаж авсан учир түүний хууль ёсны өмчлөгч нь байх ёстой .Гэтэл дүү болох Г нь өөрийн өмчлөлийн хашаа хороог эзэмшиж ашиглахад нь санаатайгаар саад хийж өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэж байна. Үүнээс болж миний бие өөрийн өмчлөлийн хашаа хороог эзэмшиж, ашиглах боломжгүй болж аргагүйн эрхэнд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

 

1.5. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошантын дэвсэг гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны хууль ёсны өмчлөгч Ш овогт К.М мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г хариу тайлбартаа: Хариуцагч Г би М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

2.1. Миний төрсөн эцэг болох С нь Б сумын Дэвсээн гэх газрыг 1998 оноос хойш хууль журмын дагуу эзэмшдэг байсан юм. Уг газар дээрх байсан хоёр чулуун хаашаа байсныг эцэг маань, материалын үнийг нь тооцож, тэнд байсан чулууг нь 1998 онд 500,000 төгрөгөөр худалдан авсан байна. Анх худалдан авахад тухайн чулуун хашааг ашиглах боломжгүй байсан тул нэг бүрчлэн засан сайжруулаад, дээвэрлээд, хажууд нь өвсний хаашаа, гадна талыг тойруулаад чулуун хаашаа, агуулах, байр сав нэмж барьж түүнээс хойш эцгийн хамт ашиглаж байгаа юм.

 

2.2. Тухайн газар нь М-д огт хамааралгүй бөгөөд дээр нь байсан хувьчлалын өмч хөрөнгийн үлдэгдэл чулуун хаашаа нь ч гэсэн түүнд хамааралгүй юм. Бид тухайн чулуун хашааг 2002-2004 он хүртэл засаж, шинээр барьж ашигласан. Тухайн үед жолооч Х гэдэг хүний тээврийн хэрэгслээр шавар, ус, мод, банз, нуруу мод, чулуу зэргийг хэд хэдэн удаа тээврийн хөлсийг нь өгч зөөлгөж байсан. Тухайн хаашаа хороог миний төрсөн дүү нар болох Х, А, Ха болон эцэг С нарын хамт өөрсдөө барьсан.

 

2.3. М нь өөрийн малаа ах С, түүний хүүхдүүдэд өгч нийлүүлж олон жилийн турш хамтран ашиглаж иржээ хэмээн худал тайлбар бичсэн байна. М нь 2001 онд өөрийнхөө бидэнд нийлүүлсэн 200 тооны ямаа, 14 тооны адууг хүлээн авч, Увс аймгийн Бөхмөрөн сумын малчин Баярмагнай гэдэг хүнд аваачиж нийлүүлсэн. Түүнээс хойш нэг ч малыг бидэнд өгч нийлүүлээгүй. Миний эзэмшлийн хаашаа хороог хамт ашиглаж байсан удаагүй юм. Харин 2022 онд М нь би Б сумын Норд гэх зусланд зусаж байхад 21 үхрийг зуны 2 сард /6 сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл/ 420,000 төгрөг өгч хариулуулж байсан. Гэхдээ тэр үед Дэвсээнд байсан хаашаа хороонд очоогүй юм.

 

2.4. Миний бие 1995 онд хүүхэд байсан учраас 1999-2000 онуудыг маш сайн мэдэж байгаа. Харин түүнээс өмнө хэн хэнээс худалдаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед аавтай хамт мал малладаг байсан. 1999 онд М малаа аваад Бөхөн уул гэх газарт суудаг Баярмагнай гэх хүнд малаа нийлүүлсэн. Дараа нь би 2006-2013 он хүртэл М-ийн туслах жолооч нь болоод ажилласан. Тэгээд 2014 оноос эхлэн би дахин малд гараад мал малласан. Тэгэхэд М миний хэдэн үхрийг чи хариулаад өгөөч би хөлсний мөнгө төгрөг өгөх болно гэж заримдаа гурил гэх зэрэг зүйлийг авч өгдөг байсан. Би Норт гэх газарт зусаж байхад, М бас би үхрүүдтэй эзэн болж чадахгүй байна. Чи надад нэг үхрийг 10.000 төгрөгөөр хариулаад өгөөч гэсэн. Тэгэхэд би та тэгвэл Хатуу гэх газарт дохиулаад өгөөрэй гэсэн юм. М уг газарт үхрүүдээ эхнэр, хүүхдүүдийн хамт туугаад аваад ирсэн. Улмаар бид түүний үхрүүдийг зунжин эзэн болоод намар гол усанд уначих бий гэж бодоод, М-ийн өөрт нь дахин эзэн болж чадахгүй гэдгээ хэлж, бүрэн бүтэн үхрүүдээ хүлээлгэж өгсөн. Би өөрийн аваасаа тус хашаа хороог 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Өнгөрсөн жилээс хойш тус хашаа хороо миний хашаа хороо болж явж байгаа. Миний аав 2014 онд байх Ханан гэх хүнээс худалдаж авсан. Улмаар би ааваасаа тус хороог худалдаж авсан болно. Уг хашаа хороо бид нарын хороо болоод 15 гаруй жил болж байна. Түүнээс өмнө М яагаад миний хороо гэж маргаагүйг би ойлгохгүй байгаа

 

2.5. М нь ямар нэгэн хаашаа хороо эзэмшдэггүй. Хэрэв өмч хөрөнгөтэй байсан бол 1998 оноос хойш 25 жил хаана байсан бэ, 25 жилийн дараа шүүхэд үндэслэлгүй маргаан үүсгэж байгаад гомдолтой байна. Иймд М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.Хуантайн тодорхойлолт орчуулгын хамт, 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон 129-Б дугаартай газар ашиглах гэрчилгээ, их хувьчлалаар хашаа хороо хуваарилсан гэх тодорхойлолт, Б аймгийн Б сумын Засаг даргын 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/123 дугаартай шийдвэр, Б аймгийн шүүхийн Давж заалдах шатны шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаартай магадлал зэргийг,

 

Хариуцагчаас хариу тайлбар, 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон 215-Б дугаартай газар ашиглах гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С-д олгосон 030500028 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 000086426 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон 000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Н-д олгосон итгэмжлэл, 00000001 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000000000 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 222222222 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг, Н-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг зэргийг бүрдүүлсэн болно.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

4. Нэхэмжлэгч М-ийн Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааг 1998 онд Ш, түүний Хуантай нараас 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрөө Өлгий сумын төвд амьдарч байсан тул тухайн хашаа хороонд ах С-ыг хүүхдүүдийн хамт суулгаж ирсэн бөгөөд өөрийн малаа тэдэнд өгч нийлүүлж хамтран ашиглаж ирсэн. Гэтэл 2022 оны намраас ах С-ийн хүүхэд болох Г нь энэ хашаа хороо бидний эзэмшлийн хашаа хороо болсон, би аав С-аас худалдаж авсан, газар эзэмшлийн гэрчилгээ авсан олдоо танд хамаагүй болсон гэж хөөж туж малаа битгий авч ир гэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийж байна гэжээ.

 

6. Хариуцагч Г нэхэмжлэгийг дарах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний эцэг Б сумын Дэвсээн гэдэг газрыг 1998 оноос хойш хууль журмын дагуу эзэмшдэг байсан ба уг газарт байсан 2 чулуун хашаа байсныг эцэг маань материалын үнийг тооцож 500,000 төгрөгөөр худалдаж авсан байна. Тухайн газар нь К.М-д огт хамааралгүй бөгөөд дээр нь байсан хувьчлалын өмч хөрөнгийн үлдэгдэл чулуун хашаа нь гэсэн түүнд хамааралгүй. Бид тухайн чулуун хашааг 2022-2004 он хүртэл засаж, шинээр барьж барьж ашигласан. М нь 2001 онд өөрийнхөө бидэнд нийлүүлсэн 200 тооны ямаа, 14 тооны адууг хүлээн авч, Увс аймгийн Бөхмөрөн сумын малчин Баярмагнай гэдэг хүнд аваачиж нийлүүлсэн. Түүнээс хойш нэг ч малыг бидэнд өгч нийлүүлээгүй. Миний эзэмшлийн хашааг хамт ашиглаж байсан удаагүй. М нь ямар нэгэн хашаа хороо эзэмшдэггүй гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1. Б аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 3/123 дугаартай шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч К нь Тошинтын дэвсээн гэдэг газарт байгаа хашааг Ш нь Мд худалдсан талаар маргасан байх ба шүүхээс Ш, М нарын хийсэн хэлцлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Б аймгийн шүүхийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар хариуцагчийн Х.Ш-ийн давж давж заалдсан гомдлоор хэлэлцэж 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 56 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар Ш.Х-аас М-д 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа хороо худалдсан тухай баримтыг гаргаж өгсөн ба Ш.Хуантайгаас уг баримтыг тухайн үед бичиж өгснийг болон М-д Б сумын Тошинтын дэвсээн гэх газарт байгаа хос хороог худалдсан талаар гэрчилсэн байна.

 

7.2. Б аймгийн Б-ын сумын Засаг даргаас 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С-д Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмших гэрчилгээ олгосон, 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр К овогтой С-д Тошинтын дэвсээн дэх өвөлжөөний доорх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тогтоогджээ.

 

7.3. С.Г-д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/127 тоот шийдвэрийг үндэслэн Б аймгийн Б сумын 4-р баг Тошинтын дэвсээн хаягт байрлах нэгж талбарын 888888888 дугаар бүхий 700 м.кв газрыг Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 37 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0204000160 дугаарт бүртгэж иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №0000000 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн байна.

 

7.4. Шүүхээс Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэх азарт байрлах маргаан бүхий хашаа хороонд үзлэг хийсэн тэмдэглэл болон газрын үзлэгийн үеийн схем зургуудаар иргэн тухайн газарт байгаа объектуудын байршил, хэжээ тогтоогджээ.

 

7.5. Гэрч Д-аас Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн газарт байгаа хашаа хороо миний ах болох Е гэх хүний хашаа хороо байсан. Тухайн үед 2 дугуй хашаа хороо байсан. Тус хашаа хороонд мал төлүүлдэг хашаа хороо байлаа. Уг хашаа хороог Бугай гэх дарга 1986 онд барьж өгсөн. Манай ах 1992 онд Казакстан улс руу нүүгээд явсан ба тухайн үед хашаа хороог Хуантайн аав болох Ш гэх хүнд худалдаж явсан гэж, Гэрч С-аас Хашаа хороог 1999 оноос хойш хүүхдүүдийн хамт эзэмшиж, ашиглаж ирсэн. Харин М-ийн хэдэн малыг хөлсөөр миний хүүхдүүд хариулж өгдөг байлаа. Миний хувьд ерөөсөө мал хариулж байгаагүй. Г-д тус хашаа хороог худалдсан. Тус газарт өвлийн байшин болон хэд хэдэн хашаа хороог нийлүүлээд 35,000,000 төгрөгөөр худалдсан. Харин түүний мөнгийг би авчихсан гэж, гэрч Х.Худабайгаас Манай суманд байдаг Тошинтын дэвсээн гэх газарт 1999 оноос хойш С Казакстан улсаас нүүж ирснээс хойш тус газарт С-ийн хүүхдүүд одоо хүртэл амьдарч байгаа. М-ийн хувьд өөрөө ирээд сууж мал маллаж байсан удаагүй. Харин түүний малыг төрөл сандангийн хувьд Сейлханы хүүхдүүд хариулж байсан. Тус хашаа хороог Сейлхан гэх хүн хэзээ хэнээс ямар байдлаар авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Сейлхан болон түүний хүүхдүүд тус хашаа хороог сайжруулсан зүйл байхгүй, байгаа зүйлүүд байсаар байгаа. Өмнөх хашаа хороо одоо хүртэл байгаа гэж, гэрч Х-ийн С болон түүний хүүхдүүд Тошинтын дэвсээн гэх газарт Казакстан улсаас 1998 онд нүүгээд ирснээс хойш тэнд амьдарч байгаа. Тус хашаа хороог хэзээ хэнээс авсан талаар мэдэхгүй. Тус газарт Хуантайн аав Ш гэх хүн ганц хоёр жил өвөлжсөн. Нэгдэлийн үед тус хашаа хороонд Е болон Д гэх хүмүүс мал маллаж байсан. Сейлхан тус хашаа хороог хүү нь болох Г-д худалдсан талаар мэдэхгүй. гэж тус тус мэдүүлжээ.

 

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

 

9. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 3/123 дугаартай шийдвэр болон Б аймгийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 56 дугаартай магадлал үзэхэд нэхэмжлэгч Тошинтын дэвсээн гэдэг газарт байгаа хашааг Ш нь М-д худалдсан талаар маргасан байх ба шүүхээс Ш, М нарын хийсэн хэлцлийг хүчингүйд тооцуулахыг хүссэнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Б аймгийн шүүхийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдал болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Ш-ийн Хуантайгаас Мд 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа хороо худалдсан тухай баримт, гэрч Ш.Хуантайгаас уг баримтыг тухайн үед бичиж өгснийг болон М-д Б сумын Тошинтын дэвсээн гэх газарт байгаа хос хороог худалдсан талаар гэрчилсэн зэргээр нэхэмжлэгч М-ыг маргаан бүхий хашаа хорооны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл түүнийг няцаах нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй байна. Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны өмчлөгч М-аас өмчлөх эрхээсээ татгалзсан, өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Хариуцагч Г-ын хувьд тухайн газарт газар эзэмшиж, байшин барьж сууж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч уг эзэмшиж байгаа газарт М-ийн саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашаа хамаарахгүй байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон болно. Хариуцагчийн зүгээс уг маргаан бүхий саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааг худалдаж авсан гэж боловч энэхүү үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа, тухайн хашаа хороог С өмчлөх эрхтэй болох нотлогдоогүй, үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.М-ыг Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дэвсээн гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК