Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2023/00115

 

 

К.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00599 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн *****-т оршин суух, К.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн *****-т оршин суух С.Г-д холбогдох

 

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “***** *****” гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Нэхэмжлэгч К.М би тус аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороог хоёр пүнз, өвсний хашааны хамт 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа, хорооны эзэмшигч Х.Ш, түүний хүү Х нараас 500,000 төгрөгөөр худалдаж авсан байх ба энэ талаарх Ш.Х гар баримт өөрт маань хадгалагдаж байна. Үүний дараа 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бугат сумын Засаг даргаас газар ашиглах гэрчилгээ бичүүлж авсан.

1.2. Би тухайн үед өөрөө Өлгий сумын нутаг дэвсгэрт амьдарч байсан тул тухайн хашаа хороонд өөрийн ах К.С-ыг хүүхдүүдийн хамт суулгаж ирсэн. К.С нь 1995 оны үед Казахстан улсад суурьшихаар нүүж явсан ба тэнд очсоны дараа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эхнэрийнх нь бие өвдсөн учир миний бие өөрийн биеэр очиж нүүлгэж ирж өөрийн худалдаж авсан хашаа хороонд тэднийг суулгасан. ***** гэх газарт дээд, доод гэх хоёр саравчтай хашаа хороо байсан байх ба 1993 оны их хувьчлалаар дээд талын хашаа хороог Х.Ш, Е, К, К, З нарт, доод талын хашаа хороог К, А, Ж.С, Х.Т нарт тус тус хуваарилсан байна. Дээд хашаа хороог авсан Е, К, К, З нар Казахстан улсад нүүх үед өөрсдийн хувийг Х.Ш-д худалдаж, үүний дараа Х.Ш нь К.М надад худалдсан.

 

1.3. Х.Ш дээд талын хашаа, хороог К.М-д худалдсаны дараа доод хашаа хороог хувьчилж авсан А.К Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд Ш, М нарын хийсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хашаа хорооны дундаа өмчлөх өмчлөгч нь К, А, С, А, Е, Т, К, К, З нар мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/123 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн шүүхийн Давж заалдах шатны иргэний шүүх хуралдааны 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар магадлалаар А.К-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ. Ингэж зохих шатны шүүхийн шийдвэр гарсны дараа К.М би тухайн өвөлжөөний хууль ёсны өмчлөгч болсон. Гэхдээ тухайн хашаа хороог улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, тухайн үед тийм үйл ажиллагаа хийгдэж байгаагүй. Дараа нь А.К нарын эзэмшлийн, хоорондоо 500 метр зайтай доод хашаа, хороог К.С нар А.К, түүний хүү З.Х нараас худалдаж авч хоёр хашаа хороог хамтдаа ашиглаж иржээ.

1.4. Миний бие тэрнээс хойш өөрийн малаа К.С, түүний хүүхдүүдэд өгч нийлүүлж олон жилийн турш хамтран ашиглаж ирсэн. Гэтэл 2022 оны намраас ах К.С-ы хүүхэд болох С.Г нь энэ хашаа хороо бидний эзэмшлийн хашаа хороо болсон, би аав К.С-аас худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, одоо танд хамаагүй болсон гэж намайг хөөж тууж малаа битгий авч ир гэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийж эхэлсэн. 2022 оны намар зуслангаас буухдаа К.Мы нийлүүлсэн үхрүүдийг сүргээс тасалж Өлгийд байдаг гэрт нь үлдээж, цаашид тухайн хашаа хороонд таны нэг ч малыг байлгахгүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Бид ах дүү хүмүүс учир хоорондоо учраа олох байх гэж тодорхой хугацаанд хүлээсэн боловч үр дүн гараагүй. Миний бие тухайн хашаа хороог хуульд заасан арга хэрэгслээр худалдаж авсан учир түүний хууль ёсны өмчлөгч нь байх ёстой. Гэтэл дүү болох С.Г нь өөрийн өмчлөлийн хашаа хороог эзэмшиж ашиглахад нь санаатайгаар саад хийж өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэж байна. Үүнээс болж миний бие өөрийн өмчлөлийн хашаа хороог эзэмшиж, ашиглах боломжгүй болж аргагүйн эрхэнд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

1.5. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны хууль ёсны өмчлөгч К.М мөн болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний төрсөн эцэг болох К.С нь Бугат сумын ***** гэх газрыг 1998 оноос хойш хууль журмын дагуу эзэмшдэг байсан юм. Уг газар дээрх байсан хоёр чулуун хаашаа байсныг эцэг маань, материалын үнийг нь тооцож, тэнд байсан чулууг нь 1998 онд 500,000 төгрөгөөр худалдан авсан байна. Анх худалдан авахад тухайн чулуун хашааг ашиглах боломжгүй байсан тул нэг бүрчлэн засан сайжруулаад, дээвэрлээд, хажууд нь өвсний хаашаа, гадна талыг тойруулаад чулуун хаашаа, агуулах, байр сав нэмж барьж түүнээс хойш эцгийн хамт ашиглаж байгаа юм.

2.2. Тухайн газар нь К.Мд огт хамааралгүй бөгөөд дээр нь байсан хувьчлалын өмч хөрөнгийн үлдэгдэл чулуун хаашаа нь ч гэсэн түүнд хамааралгүй юм. Бид тухайн чулуун хашааг 2002-2004 он хүртэл засаж, шинээр барьж ашигласан. Тухайн үед жолооч Х гэдэг хүний тээврийн хэрэгслээр шавар, ус, мод, банз, нуруу мод, чулуу зэргийг хэд хэдэн удаа тээврийн хөлсийг нь өгч зөөлгөж байсан. Тухайн хаашаа хороог миний төрсөн дүү нар болох Х, Х, А, Х болон эцэг К.С нарын хамт өөрсдөө барьсан.

2.3. К.М нь өөрийн малаа ах К.С, түүний хүүхдүүдэд өгч нийлүүлж олон жилийн турш хамтран ашиглаж иржээ хэмээн худал тайлбар бичсэн байна. К.М нь 2001 онд өөрийнхөө бидэнд нийлүүлсэн 200 тооны ямаа, 14 тооны адууг хүлээн авч, Увс аймгийн Бөхмөрөн сумын малчин Баярмагнай гэдэг хүнд аваачиж нийлүүлсэн. Түүнээс хойш нэг ч малыг бидэнд өгч нийлүүлээгүй. Миний эзэмшлийн хаашаа хороог хамт ашиглаж байсан удаагүй юм. Харин 2022 онд К.М нь би Бугат сумын Норд гэх зусланд зусаж байхад 21 үхрийг зуны 2 сард /6 сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл/ 420,000 төгрөг өгч хариулуулж байсан. Гэхдээ тэр үед *****д байсан хаашаа хороонд очоогүй юм.

2.4. Миний бие 1995 онд хүүхэд байсан учраас 1999-2000 онуудыг маш сайн мэдэж байгаа. Харин түүнээс өмнө хэн хэнээс худалдаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед аавтай хамт мал малладаг байсан. 1999 онд К.М малаа аваад Бөхөн уул гэх газарт суудаг Баярмагнай гэх хүнд малаа нийлүүлсэн. Дараа нь би 2006-2013 он хүртэл К.М-ы туслах жолооч нь болоод ажилласан. Тэгээд 2014 оноос эхлэн би дахин малд гараад мал малласан. Тэгэхэд К.М миний хэдэн үхрийг чи хариулаад өгөөч би хөлсний мөнгө төгрөг өгөх болно гэж заримдаа гурил гэх зэрэг зүйлийг авч өгдөг байсан.

2.5. Би Норт гэх газарт зусаж байхад, К.М би үхрүүддээ эзэн болж чадахгүй байна. Чи надад нэг үхрийг 10000 төгрөгөөр хариулаад өгөөч гэсэн. Тэгэхэд би та тэгвэл Хатуу гэх газарт дөхүүлээд өгөөрэй гэсэн юм. К.М уг газарт үхрүүдээ эхнэр, хүүхдүүдийн хамт туугаад аваад ирсэн. Улмаар бид түүний үхрүүдийг зунжин эзэн болоод намар гол усанд уначих бий гэж бодоод, К.М-ы өөрт нь дахин эзэн болж чадахгүй гэдгээ хэлж, бүрэн бүтэн үхрүүдээ хүлээлгэж өгсөн.

2.6. Би өөрийн аваасаа тус хашаа хороог 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Өнгөрсөн жилээс хойш тус хашаа хороо миний хашаа хороо болж явж байгаа. Миний аав 2014 онд байх Ханан гэх хүнээс худалдаж авсан. Улмаар би ааваасаа тус хороог худалдаж авсан болно. Уг хашаа хороо бид нарын хороо болоод 15 гаруй жил болж байна. Түүнээс өмнө К.М яагаад миний хороо гэж маргаагүйг би ойлгохгүй байгаа

2.7. К.М нь ямар нэгэн хаашаа хороо эзэмшдэггүй. Хэрэв өмч хөрөнгөтэй байсан бол 1998 оноос хойш 25 жил хаана байсан бэ, 25 жилийн дараа шүүхэд үндэслэлгүй маргаан үүсгэж байгаад гомдолтой байна. Иймд К.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00599 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Көксегений М-г Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** ***** гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Г-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.М-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй нэхэмжлэлийг бүхэлдээ ханган шийдвэрлэж хариуцагч С.Г-ын өмлөх эрхийг зөрчиж шийдвэр гаргасан юм.

4.2. Хариуцагч С.Г нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгч, өөрийнхөө төрсөн эцэг болох К.С-аас худалдан авсан гэх Бугат сумын ***** газарт байгаа хашаа хороог К.М-аас “өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулж өгөхийг шүүхээс хүссэн юм. Учир нь К.М нь С.Г-ын олон жилийн турш өмчилж ирсэн хашаа хороог өөрийнх нь өмч хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй юм. Тухайн хашаа, хороо эзэнгүй эд зүйлс биш бөгөөд олон жилийн өмнөөс К.С, шинэ өмчлөгч С.Г нар эзэмшиж, өмчилж, ашиглаж ирсэн. Бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг шүүх К.Мы өмч мөн гэж шийдвэр гаргах эрхгүй. Харин тухайн хөрөнгийн тодорхой хувь нь өөрийнх нь өмч мөн гэж үзвэл хамтран эзэмшигчээр тогтоолгуулах, эсхүл бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр бусдын өмчлөлд нь байсан хөрөнгийг К.М-ых гэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.3. Гэрч Х.Д, К.С, Х.Х, Т.Х нарын мэдүүлэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 1998 оноос хойш тухайн хашаа хороонд К.С, С.Г нар амьдарч, тухайн хашаа хороог өмчилж ирсэн нь нотлогдон тогтоогдсон. Нэхэмжлэгч К.М-ы зүгээс тухайн хашаа хороог К.С-д шилжүүлж өгөөгүй гэх боловч энэ хугацаандаа тухайн хашаа хороог эзэмшиж ашиглаж байгаагүй бусдын өмчлөл, эзэмшилд байсан бөгөөд ямар нэгэн шаардлага гаргаагүй болох нь тогтоогдсон. Харин ч К.М нь С.Г-д энэ хугацаанд хэд хэдэн удаа хөлс төлбөрийг нь өгч малаа хариулуулж байсан байна. 1998 оноос хойш хууль журмын дагуу илээр өмчилж байсан С.Г-ын өмч хөрөнгийг К.М-ыг өмч мөн гэж тогтоосон нь Иргэний хуулийн 105, 106 дугаар зүйлд нийцээгүй юм.

4.4. Мөн шүүхээс маргааны талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хариуцагч нь тухайн хөрөнгийг 1998 оноос хойш 25 жилийн дараа шүүхэд үндэслэлгүй маргаан үүсгэсэн нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Иргэний хуулийн дагуу 25 жил илээр эзэмшсэн, доорх газрын гэрчилгээтэй гэж маргахад энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй.

4.5. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, оновчтой дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч К.М Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “***** *****” гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “би тус аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороог хоёр пүнз, өвсний хашааны хамт 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа, хорооны эзэмшигч Х.Ш, түүний хүү Хуантай нараас 500,000 төгрөгөөр худалдаж аваад 1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бугат сумын Засаг даргаас газар ашиглах гэрчилгээ бичүүлж авсан. ***** гэх газарт дээд, доод гэх хоёр саравчтай хашаа хороо байсан ба 1993 оны их хувьчлалаар дээд талын хашаа хороог Х.Ш, Е, К, К, З нарт, доод талын хашаа хороог К, А, Ж.С, Х.Т нарт тус тус хуваарилсан байна. Дээд хашаа хороог авсан Е, К, К, З нар Казахстан улсад нүүх үед өөрсдийн хувийг Х.Ш-д худалдаж, үүний дараа Х.Ш нь К.М надад худалдсан. Х.Ш дээд талын хашаа, хороог К.М-д худалдсаны дараа доод хашаа хороог хувьчилж авсан А.К Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд Ш, М нарын хийсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хашаа хорооны дундаа өмчлөх өмчлөгч нь К, А, С, А, Е, Т, К, К, З нар мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн шүүхийн Давж заалдах шатны шүүх А.К-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр К.М би тухайн өвөлжөөний хууль ёсны өмчлөгч болсон. 2022 оны намраас С.Г нь энэ хашаа хороо бидний эзэмшлийн хашаа хороо болсон, би аав К.С-аас худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, одоо танд хамаагүй болсон гэж намайг хөөж тууж малаа битгий авч ир гэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийж эхэлсэн. Миний бие өөрийн өмчлөлийн хашаа хороог эзэмшиж, ашиглах боломжгүй болж аргагүйн эрхэнд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна” гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “тухайн газар нь К.М-д огт хамааралгүй бөгөөд дээр нь байсан хувьчлалын өмч хөрөнгийн үлдэгдэл чулуун хаашаа нь ч гэсэн түүнд хамааралгүй юм. Бид тухайн чулуун хашааг 2002-2004 он хүртэл засаж, шинээр барьж ашигласан. Би өөрийн аваасаа тус хашаа хороог 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний аав 2014 онд байх Ханан гэх хүнээс худалдаж авсан. Улмаар би ааваасаа тус хороог худалдаж авсан болно. Уг хашаа хороо бид нарын хороо болоод 15 гаруй жил болж байна. Түүнээс өмнө К.М яагаад миний хороо гэж маргаагүйг би ойлгохгүй байгаа. К.М нь ямар нэгэн хаашаа хороо эзэмшдэггүй. Хэрэв өмч хөрөнгөтэй байсан бол 1998 оноос хойш 25 жил хаана байсан бэ, 25 жилийн дараа шүүхэд үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Көксегений М-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** ***** гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашааны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад тулгуурлажээ.

 

9. Хэргийн баримтаар нэхэмжлэгч К.М нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** дэвсэг гэх газарт байршилтай дээд саравчтай хашаа хороог хоёр пүнз, өвсний хашааны хамт 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаа, хорооны эзэмшигч Х.Ш, түүний хүү Х нараас 500,000 төгрөгөөр худалдаж авснаар уг хөрөнгүүдийн хууль ёсоор өмчлөх болсон нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ба өмчлөх эрх нь туйлын эрх байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нотлох баримтуудад тулгуурласан бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

10. Нэхэмжлэгч К.М-ы өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** ***** гэдэг газарт байршилтай саравчтай хашаа хороо, хоёр пүнз, өвсний хашаа зэрэг хөрөнгө нь хариуцагч С.Г-ын Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4-р баг ***** ***** хаягт байрлах нэгж талбарын 8305001928 дугаар бүхий 700 м.кв газар дотор ороогүй болох нь шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгч К.М-ы маргаан бүхий хөрөнгүүдийг өмчлөх эрх нь хариуцагч С.Г-ын газар эзэмших эрхийг хөндөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээх атал хариуцагч талаас маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгч мөн болохыг нотолсон нотлох баримт гаргаж өгч чадаагүй, хариуцагчийн татгалзал нотлох баримтад тулгуурлаагүй байна.

 

            12. Зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК