Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Билгүүн |
Хэргийн индекс | 181/2023/00088/И |
Дугаар | 181/ШШ2023/03284 |
Огноо | 2023-10-16 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2023/03284
2023 10 16 181/ШШ2023/03284 |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ -т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ болон эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МУХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Г.Ганбат, Б.Намуунтуул нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч НШШГГ -т холбогдуулан хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК /үнэлгээчин Б.Б /-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/88, 01/95 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолоор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00989 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар М ХХК-иас 13,891,860,457.6 төгрөгийг гаргуулж, МУХБ -д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх хуудаст албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Уранбилэг хариуцан гүйцэтгэж байгаа билээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох:
-Ү-2101003666 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000068530 тоот гэрчилгээтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 13 дугаар баг, Баянцагаан вокзал ард 1 дүгээр гудамж хаягт байрлах 6159 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
-Ү-2101012708 тоот улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сум 13 дугаар баг Баянцагаан баг, үйлдвэрлэлийн район гудамж, 0 тоотод байрлах 2808 мкв үл хөдлөх эд хөрөнгө,
-Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Бүтээл ХХК-ийн ард улсын бүртгэлийн ГД:0208965 дугаартай 23073 мкв талбай бүхий махны үйлдвэр, складны зориулалттай эзэмших эрхтэй газар,
-үндсэн мах боловсруулах тоног төхөөрөмж,
-муур нохойн тэжээл боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомат шугам,
-бог мал төхөөрөх үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомат шугам,
-мах боловсруулах тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авч үнэлүүлсэн байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М ХХК-ийн өмчлөлийн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу ХЭ ХХК-иар үнэлүүлсэн тухай мэдэгдэл, хөрөнгө үнэлгээний тайланг шуудангаар хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээчин нь дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн болон зориулалт зэргийг бусад хөрөнгүүдтэй жишээгүй, түүнчлэн үнэлгээ хийж буй үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжүүдээ нэг бүрчлэн үзэж хараагүй, судалгаа байхгүй, харьцуулалт хийлгүйгээр тухайн хөрөнгийн үнэ цэнийг хэт дордуулсан байдлаар үнэлсэн байна.
Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой ба хөрөнгийн үнэлгээний тайлан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх атал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна.
Манай компанийн зүгээс үнэлгээний тайланг хүлээн авсан тухайн өдөр биднээс үнийн санал аваагүй, мөн хураах ажиллагааг хийсэн эсэх нь ч тодорхойгүй, шинжээч томилж, хуульд заасны дагуу үнэлгээ хийгээгүй байгаад маш их гомдолтой байна.
Иймд үнэлгээний тайланг хүлээн авмагц шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдож шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гомдол хүсэлт гаргах боломж байхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргаж байх тул үндэслэлгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
1.2. ...тус шүүхэд хянан хэлэлцэж буй М ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 44 дүгээр зүйлийн 44.2.5, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг зөрчин явуулсан байна.
М ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш Орхон аймгийн Баян-Өндөр суманд өөрийн үйлдвэрийн байранд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Бид өөрийн үйл ажиллагаанд шаардагдах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор МУХБ -тай 2017 онд 9 дүгээр сарын 01-ний өдөр З-МГ-ЗҮ-2017-111 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг банкны үнэлснээр барьцаалж, барьцааны гэрээнүүдийг мөн байгуулсан юм.
2020 оноос Монгол Улсад төдийгүй дэлхий даяар нүүрлэсэн Ковид тахлын улмаас үйл ажиллагаа маань бүрэн зогссоноор өнөөдрийг хүртэл бүрэн жигдэрч эхлээгүй гадны хөрөнгө оруулалтыг оруулахаар гэрээ хэлцэл хийж байгаа тул үйлдвэрээ бүрэн зогсоосон байгаа болно.
Энэ хугацаанд МУХБ -д төлөх төлбөрт шүүхийн шийдвэр гарч улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд төлбөрөө хэрхэн төлж барагдуулах талаараа шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж, банкинд хүртэл танилцуулгаа өгч үйл ажилагаагаа мэдэгдэж байсан боловч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан ярьж эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах гэж байгаа тухай утсаар мэдэгдсэн.
Тус компанийн захирал миний бие энэ өдөр Сүхбаатар аймаг руу явах шаардлагатай байсан тул очиж амжихгүй тухайгаа мэдэгдэхэд итгэмжлэл өгөөд өөр хүн явуулж болно гэсэн бөгөөд иргэн Д.Баатархүүд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Е-1-151 тоот итгэмжлэлээр зөвхөн эд хөрөнгө битүүмжпэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрхийг олгосон билээ.
Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо дугаартай Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг мөн өдрөө цахим шуудангаар хүргүүлсэн ба 11 дүгээр сарын 24-ний дотор саналаа ирүүл гэсэн байсан тул шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдоход ирж уулз гээд утсаа салгасан бөгөөд би тухайн үед хөдөө ажлаар явж байгаад очиж уулзаж чадаагүй юм.
Ингээд 11 дүгээр сарын 29-ний өдөр очиж уулзахад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн огноо дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг өгсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй гүйцэтгэх баримт бичигтэй 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцахад компанид огт мэдэгдэлгүйгээр 11 дүгээр сарын 14-ний өдөр хураах тогтоолоор барьцаа хөрөнгийг хурааж, өөрт нь итгэмжлэл өгөөгүй иргэн Д.Баатархүүгээр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэгч дээр гарын үсэг зуруулсан байсныг олж мэдсэн.
Түүнчлэн иргэн Д.Баатархүү нь ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй гэсээр атал тэмдэглэлд гарын үсэг зуруулаад бид өөрсдөө танай захиралд өгнө гээд битүүмжлэх тогтоол болон хураах тогтоолын ямар нэг хувийг өгөлгүй явуулсан байдаг.
Төлбөр төлөгчид дээрх тогтоолуудын хувь байхгүй, өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа явагдсаныг мэдээгүй байж байгаад тухайн өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсанаар л олж мэдсэн байдаг.
Ингээд компанийн эрх ашиг хөндөгдөж байсан тул хууль зөрчиж явуулсан хураах тогтоолоор хураасан ажиллагаагаа хүчингүй болгох тухай гомдпыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар НШШГГ т болон 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч хууль бус явуулсан ажиллагаагаа хүчингүй болгосонгүй.
Иймд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай үндсэн шаардлага болон Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-оор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцачийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 989 дүгээр захирамжаар М ХХК-иас 13,891,860,457 төгрөгийг гаргуулж, МУХБ инд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдэд төлбөр төлөгч-хуулийн этгээдэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч талд удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М ХХК-ийн өмчлөл болон эзэмшпийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101003666 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан баг вокзалын ард 1 дүгээр гудамж хаягт байрлах 6159 мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан баг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101012108 дугаартай Үйлдвэрийн раойн гудамж 0 тоот хаягт байрлах 2808 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянцагаан баг Бүтээл ХХК-ийн ард байрлах ГД0208965, нэгж талбарын 18437435296787 дугаартай махны складны зориулалттай газар, Б-МГ-ТГ 2017-115 дугаартай үндсэн мах боловсруулах тоног төхөөрөмж /ком/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-МГ-ТТ2017-195 дугаартай үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомат шугам /муур, нохойн тэжээл боловсруулах/, үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомат шугамын /бог мал нядлах/ тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22280567/02 дугаартай эд хөрөнгө битүүмлэх тогтоолоор, DAEWOO маркийн ОРХ 5101 улсын дугаартай том автобус, Газ-53 маркийн ОРО 2690 улсын дугаартай бохирын машин, Зил-130 маркийн ОРА 2187 улсын дугаартай автомашин, Hyundai маркийн ОРО 3795 улсын дугаартай микро автобус зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22280567/01 дугаартай тогтоолоор тус тус битүүмжилж хадгалалт хамгаалалтыг итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Баатархүүд хариуцуулан үлдээж, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, тэмдэглэлээр баримтжуулсан.
Төлбөр төлөгч тал төлбөрөөс төлөөгүй тул дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567/03, 22280567/04, 22280567/05, 22280567/06 дугаар тогтоолоор хураан авч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархүүд хураасан тогтоолын хувийг гардуулан өгч тэмдэглэлээр баримтжуулсан.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-240/22038 дугаартай үнийн санал ирүүлэх мэдэгдлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 дугаар шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК-ийн шинжээч Б.Б г томилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлбес төлөгч-хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Л той уулзаж шинжээч томилсон тогтоол, төлбөр төлөх мэдэгдлийг танилцуулан гардуулан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баримтжуулсан бөгөөд ХЭ ХХК-ийн үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-240/23963 дугаартай мэдэгдлээр Д.Л ийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден Таун хаус 202 тоот болон шүүхийн шийдвэрт заасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 9-401-404 тоот хаягуудаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэсэн.
Анхны албадан дуудлага худалдааны 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-240/435 дугаартай мэдэгдэл, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/50 дугаартай тогтоол зэргийг Д.Л ид 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр биечлэн уулзаж гардуулан өгч тэмдэглэлээр баримтжуулан анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт явуулахаар нийтэд зарласан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн татгалзлыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...нэхэмжлэгч тал үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсанд маргаагүй. Түүнчлэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариу албан бичиг зэргээс үзвэл үнэлгээ болон эд хөрөнгө хураах ажиллагааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй ХЭ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/88 дугаар болон 01/95 дугаар бүхий Хөрөнгийн үнэлгээний тайлангууд нь бусад хөрөнгүүдтэй жишсэн, судалгаа, харьцуулалтыг хангалттай хийсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартуудад нийцсэн тайлан байна. Энэ талаар хариуцагчийн хүсэлтээр үнэлгээчин Б.Б г гэрчээр асуусан.
Тус үнэлгээний тайлангуудаар барьцаа хөрөнгүүдийг хөрөнгийн онцлог шинж байдлаас нь хамаараад зах зээлийн, өртгийн болон орлогын хандлагаар үнэлсэн байх бөгөөд зах зээлийн хандлага нь илүү ач холбогдолтой байх тул тус үнийн дүнгээр үнэлгээг тодорхойлон нийт барьцаа хөрөнгийг 15,639,134,342 төгрөгөөр үнэлсэн байна.
М ХХК нь зээлийн барьцаа хөрөнгөд дээрх хөрөнгүүдийг барьцаалуулахдаа 2017, 2018 онуудад барьцааны гэрээгээр тус үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг нийтэд нь 9,855,684,000 төгрөгөөр үнэлж барьцаалуулж байсан. Энэ нь хөндлөнгийн үнэлгээний тайлангаас даруй 1,6 дахин бага үнэлгээтэй байх бөгөөд хөндлөнгийн үнэлгээ хэр бодитой хийгдсэн болохыг харуулж байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй. Үнэлгээ болон эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, тус ХХК-д ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-240/23963 дугаар үнэлгээний мэдэгдэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн ХЭ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Е-01-149, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Е-01-155 дугаар гомдлуудын хуулбар, гомдлыг хянан шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-240/66 дугаар тогтоол, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/3142 дугаар хариу албан бичгийн хуулбарууд, Д.Баатархүүд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Е-1-151 дүгээр итгэмжлэлийн хуулбар, Э.Уянга, Б.Нямхорол нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, өмгөөлөгч П.Сумъяатай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/255 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18/261 дүгээр тодорхойлолт /хавсралтаар хүргэлтийн дэвтрийн хуулбар/, үйлдвэрийн ерөнхий бүдүүвч, шулалгаа, бог, бод малын нядалгааны цехүүд, муур нохойн хоолны болон хөргөх тоног төхөөрөмжүүд, өөрийн төмөр замыг харуулсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-58, 65-70, 179, 190, 200-201, 212-213, 236-237, 244-250, 2хх 1-23/-ийг,
4.2. Хариуцагчаас: Б.Саяболд, П.Уранбилэг, Н.Байгалтуяа нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл болон шийдвэр гүйцэтгэлийн материалаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00989 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ГХ2022/00512 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22280567 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, төлбөр төлөгч М ХХК-ийн лавлагаа мэдээлэл, төлбөр төлөгчөөс Д.Баатархүүд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Е-1-151 дүгээр итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22280567/01, 22280567/02, дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, мөн өдрийн тэмдэглэлүүд, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567/03, 22280567/04, 22280567/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, мөн өдрийн тэмдэглэлүүд, төлбөр төлөгчид хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-240/22038 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, мөн өдрийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хууль тайлбарласан тухай тэмдэглэл, ХЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, ХЭ ХХК-иас Б.Б д хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгосон 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/134 дүгээр итгэмжлэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн ХЭ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/22, 01/23 дугаар албан бичиг, үнэлгээний тайлан, мөн өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, төлбөр төлөгчид хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-240/23963 дугаар үнэлгээний мэдэгдэл, мөн өдрийн тэмдэглэл, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/50 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, төлбөр төлөгчид хүргүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-240/436 дугаар дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл, 2023 оны 1 дүгээр сарын 09, 12-ны өдрүүдийн тэмдэглэл /1хх 76, 83-159, 2хх 24/ зэргийн хуулбарыг,
4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Д.О, Г.Г, Б.Н нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, МУХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 163-164, 169, 188-189/-ыг тус тус гаргаж өгсөн.
4.4. Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/09833 дугаар захирамжийн дагуу ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Б гаас авсан 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гэрчийн мэдүүлэг /1хх 225-229/-ийг бүрдүүлсэн.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч НШШГГ -т холбогдуулан хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК /үнэлгээчин Б.Б /-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/88, 01/95 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолоор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлагаа ихэсгэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжсэн байна.
6. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.1. М ХХК-иас 13,891,860,457.6 төгрөгийг гаргуулж МУХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00989 дүгээр захирамжид 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 181/ГХ2022/00512 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22280567 дугаар тогтоолоор үүсгэн явуулж байна. /1хх 107-112, 114/
6.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101003666 дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Вокзалын ард 1 дүгээр гудамж хаягт байршилтай 6159 мкв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101012108 дугаарт бүртгэлтэй, тус багийн Үйлдвэрийн район гудамж 0 тоот хаягт байршилтай 2808 мкв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18437435296787 дугаарт бүртгэлтэй, тус багийн Бүтээл ХХК-ийн ард байршилтай 23,073 мкв талбай бүхий агуулахын зориулалттай газар, Б-МГ-ТТ 2017-115 дугаарт бүртгэлтэй мах боловсруулах тоног төхөөрөмж, Б-МТ-ТТ 2017-195 дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомат шугам /муур, нохойн тэжээл боловсруулах/, үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомат шугамын /мал нядлах/ тоног төхөөрөмж, 51-01 ОРХ улсын дугаартай, Daewoo BM-090 загварын том оврын автобус, 26-90 ОРО улсын дугаартай, Газ-53 загварын бохирын автомашин, 21-87 ОРА улсын дугаартай, Зил-130 загварын ачааны автомашин, 37-95 ОРО улсын дугаартай, Hyundai Grace загварын жижиг оврын автобус зэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22280567/01, 22280567/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567/04, 22280567/05, 22280567/06 дугаар тогтоолоор хурааж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлүүлсэн байна. /1хх 9-10, 115-152/
6.3. ХЭ ХХК /үнэлгээчин Б.Б / нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын зах зээлийн үнэ, цэнийг 13,154,667,432 төгрөгөөр, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ, цэнийг 2,484,466,910 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд энэ тухай 01/88, 01/95 тоот үнэлгээг НШШГГ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-240/23963 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдэхээр /хуулийн этгээдийн оршин байгаа гэх Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 9-401-404 тоот болон захирал Д.Л ийн оршин суугаа Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Ривер гарден Таун хаус 202 тоот хаягт/ баталгаат шуудангаар хүргүүлэхэд захирал Д.Л нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан байна. /1хх 6-58, 83-106, 153-156, 212-213/
7. Дээрх ажиллагааг хариуцагч гүйцэтгэхдээ үнийн санал аваагүйгээс гадна, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, эд хөрөнгө хураах ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардлагаа ихэсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэгч нь үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-240/22038 дугаар мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн оршин байгаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд хаягтаа байгаагүйн улмаас хүлээн аваагүй, улмаар телефон утсаар холбогдон захирал Д.Л ийн оршин суугаа хаягт илгээж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан байна. /1хх 138-139, 244-245/
Оршин байх хаягтаа байгаагүй /эзгүй/-н улмаас ийнхүү гардан аваагүйд хариуцагчийг буруутгах бус харин оршин байх хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр эзгүй тохиолдолд энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан үүргээ төлбөр төлөгч хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгааг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийг хуульд заасан ажиллагааг боломжит бүхий л аргаар гүйцэтгэх арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад, шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдэгдсэн болох нь тогтоогдсон, энэ талаар шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаагүй тул шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гомдлоор шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд гаргаж болдог.
Түүнчлэн, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд хамаарах бөгөөд төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад энэхүү арга хэмжээний талаар мөн зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна. /1хх 66-70/
Хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлснээс бусад тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцох үр дагаварт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгүүдэд хуульчилсан.
Манай тохиолдолд нэхэмжлэгч хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК /үнэлгээчин Б.Б /-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/88, 01/95 тоот үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолоор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН