Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2023/00543

 

 

 

 

 

 

2023        10           17                                           156/ШШ2023/00542.

 

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2023/00506/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хиийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н н ө нөхөрлөл,

Хариуцагч: Н.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: 78 197 173 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н н ө нөхөрлөлийн ахлагч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Хариуцагч Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 31-ний хугацаанд Н ө нөхөрлөлийнхөө эзэмшил газартаа намайг оруулаад ажиллуулчих, би өөрийнхөө хүмүүсийг оруулж ажиллуулаад нийт олсон ашгийнхаа 70 хувийг нь өөрөө авна, харин та хоёрт 30 хувийг нь зүгээр өгнө гэж олон удаа гуйж шалсаар байн байн ирж төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 98.9 тонн, 97.2 сорьцтой жонш, 40 тонн жоншны шороог олборлосны дараа итгэл эвдэн нууцаар 2 HOWO маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй авч явсан, дээрх жонш, жоншны шороог Н ө нөхөрлөлийн маань газарт олборлох явцдаа 2022 оны 10 дугаар сард 12 тооны эд зүйл, эд хөрөнгийг маань итгэмжлэн хариуцаж байгаад зөвшөөрөлгүйгээр ачиж авч явж хувьдаа завшиж Н "Н-Ө" нөхөрлөлийг маань хохироож байх тул хохирлыг барагдуулж, хариуцагчаас 78 197 173 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл Д.Б нь өөрийн жоншны нөхөрлөлийн үйл ажиллагаандаа зориулж надаас 34 210 000 төгрөгийг зээлдэж аваад өрөндөө жонш өгч байхаар тохиролцсон. Гэтэл Д.Б нь хэлсэн хугацаандаа жоншоо өгөөгүй бөгөөд тухайн мөнгөө нэхэхээр мөнгийг удахгүй төлж барагдуулна гэсэн хугацаа тохиролцсон бичгүүд өөрийн гараар бичиж өгдөг байсан. Ингээд Д.Б нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Тэгээд Д.Б нь надад зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо намайг хамтарч ажиллаач гэсэн. Тэгэхээр нь би эхний ээлжинд зээлсэн мөнгөнийхөө жоншийг авчихаад дараа шийдье гэдэг байсан. Сүүлд нь мөнгөө хичнээн нэхээд ямар ч аргагүй болоод би өөрийн ахтайгаа уулзуулаад энэ хоёр хамтарч ажиллах талаар ярилцаж, судлахад Д.Б-ийн нөхөрлөл өөрийнх нь нэр дээр байдаг болохоор бусдад дамжуулах болон бусадтай хамтран үйл ажиллагаа явуулах эрхгүй. Мөн уурхай нь жоншны ямар ч судалгүй байсан. Ингээд тэд хамтран ажиллах тохиролцоонд хүрээгүй. Надад бол Д.Б ахлагчтай нөхөрлөлтэй хамтарч ажиллах талаар тохиролцсон зүйл байхгүй. Манай ах ч тухайн нөхөрлөлийн уурхайтай хамтарч ажилласан зүйл байхгүй тул уг хамтарч ажилласны хувь гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийг ачиж авч явж завшсан нэхэмжлэлийн тухайд Д.Б тэр уурхайгаас өөрөө бүх юмаа аваад явсан. Эдгээр эд хөрөнгүүдийг би аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хэнтий аймгийн Н сумын Онон багийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт /хх-ийн 2-р тал/, Д.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6-р тал/, нэмэлт тайлбар /хх-ийн 7-11-р тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-р тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-33-р тал/, лабораторын шинжилгээний хуудас /хх-ийн 34-р тал/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 35-р тал/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн бинзен худалдан авсан баримт /хх-ийн 36-37-р тал/, Гаалийн хяналтын бүс, Алтайн цаст уулс ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын бүртгэлийн дэвтэр /хх-ийн 38-р тал/, улз ар жаргалант нөхөрлөлийн ахлагч, Н о жонш нөхөрлөлийн ахлагч, Муна хайрхан нөхөрлөлийн ахлагч, могойн шалз нөхөрлөлийн ахлагч, Амбага уул нөхөрлөлийн ахлагч, Урандаш нөхөрлөлийн ахлагч, Улз нөхөд нөхөрлөлийн ахлагч, гэтэл андууд нөхөрлөлийн ахлагч нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтууд /хх-ийн 39-46-р тал/, Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлийн дүрэм /хх-ийн 49-52-р тал/, Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дугаар, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалын гарал үүслийн тодорхойлолтууд /хх-ийн 53-56-р тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-59-р тал/, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг болно.

4. Хариуцагчаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариу тайлбар /хх-ийн 65-р тал/, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг зэргийг ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Н.Б-ийн нэр дээрх Төрийн банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 82-87-р тал/, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 100-р тал/-уудыг шүүх бүрдүүлсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н н ө н нь хариуцагч Н.Б-д холбогдуулан 78 197 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь шинэжлэн судалж, үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн 98.9 тонн жонш, 40 тонн шорооны үнэ 70 285 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н н өгөөж нөхөрлөл нь хариуцагч Н.Б-г өөрийн эзэмшил газартаа 2021 оны 3 сараас 2022 оны 5 сарын 31-ний хооронд ажиллуулсан ба энэ хугацаанд Н.Б нь 98.9 тонн жонш, 40 тонн жоншны шороо гаргаж авсан тул энэ жонш болон шорооны үнэ 70 285 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн газраас жонш олборлохоор өөрийн хөрөнгөөр ажилласан боловч жонш олборлоогүй, тухайн газраас жонш гараагүй, нэхэмжлэгчийн газар дээр бусдаас жонш худалдан авч, авсан жоншоо уг газар дээр бөөгнүүлж байгаад ачдаг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь өөрийн жонш, шороо гэдгийг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 5 сарын 27-ны өдрийн / хэргийн материалын 15-р талд/ албан бичигт Шалз гэх газраас Д.Б ахлагчтай Н н ө ЗБН-аас худалдан авсан 40 тн баяжмалтай шороог 87-77 ХЭН HOWO маркийн авто машинаар тээвэрлэн Бор Өндөр Буржгар орд ХХК-д буулгахаар жолооч Түмээ тээвэрлэж яваа болно. Худалдан авагч Монбал майнинг ХХК-ийн захирал Н.Батмөнх, хариуцаж явсан Н.Б гэх, мөн өдрийн Шалз гэх газраас Д.Б ахлагчтай Н н ө ЗБН-аас худалдан авсан 70 тн жоншыг 33-35 АА чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Бор-Өндөр Буржгар орд ХХК-д буулгахаар жолооч Д.Энхтөр тээвэрлэж яваа болно. Худалдан авагч Монбал майнинг ХХК-ийн захирал Н.Батмөнх, хариуцаж явсан Н.Б гэх албан бичгүүдээр/хэргийн материалын 16-р тал/, мөн хэргийн материалын 38-р талд авагдсан хүснэгтийн 20-д дугаарлагдсан 22.05.31-нд Си Эм Кей Эн 98.9 тн 33-35 ХЭА гэсэн тэмдэглэл бүхий хүснэгтээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж мэтгэлцдэг.

Дээрх Норовлон сумын Засаг даргын албан бичгээс үзэхэд 2022 оны 5 сарын 27-нд 40 тн баяжмалтай шороо, 70 тн жоншыг нэхэмжлэгчээс Монбал Майнинг ХХК худалдан авсан гэдэг нь нотлогдож байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ үйл баримтыг хариуцагч Н.Б манай эзэмшлийн газраас олборлосон 98.9 тн жонш мөн тул үнийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримтууд нь хоорондоо зөрүүтэй байх ба Норовлон сумын Засаг даргаас олгосон албан бичигт 40 тн баяжмалтай шороо, 70 тн жоншыг Монбал Майнинг ХХК худалдан авсан, 70 тн жоншыг 33-35 ХЭА тээврийн хэрэгслээр тээвэрлэн явсан, мөн Буржгар орд ХХК-д буулгахаар явж байгаа талаар дурдсан. Гэтэл гаалийн хяналтын бүс гэсэн тамгатай хүснэгтэн баримтанд 33-35 ХЭА тээврийг хэрэгслийн дугаартай авто машин 98.9 тн жоншыг Си Эм Кей Ай гэх бичлэгтэйгээр буулгасан нь хоорондоо ямар хамааралтай гэдэг нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Монбал майнинг ХХК-ийн худалдан авсан гэх жонш, баяжмалтай шороо нь дээрх хүснэгтэн мэдээлэл бүхий баримттай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Хэдийгээр 33-35 ХЭА гэх тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн гэж харагдаж байгаа боловч Гаалийн хяналтын бүсээс олгосон хүснэгтэн баримтаас энэ 98.9 тн / жонш, баяжмал шороо аль нь тодорхойгүй/ бүтээгдэхүүнийг хариуцагч Н.Б буулгасан гэдэг нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардаж буй жонш, баяжмал шороог өөрийн өмчлөлийн зүйл гэдгээ нотлохгүй ба хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг хэрхэн хууль бус эзэмшилдээ аваад байгаа нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгчийн шаардлагын үндэс болж буй баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийн жонш, шороог хариуцагч Н.Б биш Монбал Майнинг ХХК худалдан авсан байна. Гэтэл хариуцаж явсан Н.Б-аас жоншны үнийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаар Н.Б-г сонгосон байна. Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн гэдгээ нэхэмжлэгч тодорхойлохгүй, мөн худалдсан жоншны үнээ нэхэмжлээд байгаа эсэх, хамтран ажиллах хэлцлийн үндсэн дээр олсон жоншны үнийг нэхэмжлээд байгаа эсэхээ тодорхойлохгүй, үүнийг тайлбарлан мэтгэлцэхгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргийг хүлээхээр хуульчилсан ба дээрх баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Нөхөрлөлийн 12 тооны эд зүйл, эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан тул эд зүйлийн үнэ 7 457 400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 10 дугаар сард уурхайд хэрэглэж байсан 12 тооны эд зүйл, эд хөрөнгийг маань итгэмжлэн хариуцаж байгаад зөвшөөрөлгүйгээр ачиж авч явж хувьдаа завшиж Н Н ө нөхөрлөлийг маань хохироож байх тул эд зүйлийн үнэ 7 457 400 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч эдгээр эд зүйлсийг авч явсан зүйл байхгүй. Нэг компрессор бол байгаа, Б өөрөө эд зүйлээ аваад явсан гэж шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж эд зүйлийн Хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн. /хм-ийн 25-33-р тал/ Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд зүйлийг авч явсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлж тухайн эд зүйлийг хариуцагч авч явсан гэх баримт хэрэгт ирүүлээгүй, хариуцагч нь тухайд эд зүйлсийг авсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Харин хариуцагч нь нэг компрессорыг манай ажилчид андуураад аваад явсан байна лээ, тэр нь манайд байгаа гэж тайлбарлаж байх тул компрессорын үнэ болох 2 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Тухайлбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө шаардаж авах эрхтэй байхаар зохицуулсан ба нэхэмжлэгчийн эд зүйлийг хариуцагч Н.Б авах хууль зүйн үндэслэлгүй ба хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнээд компрессорын үнийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч нь үнэлгээ хийлгэсний төлбөрт 90000 +140000/ хм-ийн 24, 33-р тал/ төгрөг, жоншны сорьцны үнэлгээ хийлгэхэд 100 000 төгрөг, ирж очих шатахууны үнэ 82 026+ 42 747 нийт 124 773 төгрөгийг буюу 454 773 төгрөгийг мөн нэхэмжилсэн. Эдгээр мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй ба дээрх зардлууд нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор гаргасан ажиллагааны зардал байх тул хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нийт нэхэмжилсэн 78 197 173 төгрөгөөс компрессорын үнэ болох 2 560 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 75 637 173 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2 560 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа тул ногдох тэмдэгтийн хураамж 55 910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 548 936 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас 2 560 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н н ө н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 637 173 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548 936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ОТГОНЖАРГАЛ