Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 226/МА2023/00021

 

 

 

 

 

 

2023 11 29 226/МА2023/00021

 

 

Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.Баяраад холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгч Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлийн ахлагч Д.Болормаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Хариуцагч Н.Баяраа,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2023/00543 дугаар шийдвэртэй Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Баяраад холбогдох 78.197.173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, хариуцагч Н.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Н.Баяраа нь 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 31-ний хугацаанд Нутгийн өгөөж нөхөрлөлийнхөө эзэмшил газартаа намайг оруулаад ажиллуулчих, би өөрийнхөө хүмүүсийг оруулж ажиллуулаад нийт олсон ашгийнхаа 70 хувийг нь өөрөө авна, харин та хоёрт 30 хувийг нь зүгээр өгнө гэж олон удаа гуйж шалсаар, байн байн ирж төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 98.9 тонн, 97.2 сорьцтой жонш, 40 тонн жоншны шороог олборлосны дараа итгэл эвдэн нууцаар 2 HOWO маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй авч явсан, дээрх жонш, жоншны шороог Нутгийн өгөөж нөхөрлөлийн маань газарт олборлох явцдаа 2022 оны 10 дугаар сард 12 тооны эд зүйл, эд хөрөнгийг маань итгэмжлэн хариуцаж байгаад зөвшөөрөлгүйгээр ачиж авч явж хувьдаа завшиж Норовлин нутгийн-Өгөөж" нөхөрлөлийг маань хохироож байх тул хохирлыг барагдуулж, хариуцагчаас 78 197 173 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн талбайд үлдээсэн гал тогооны хэрэгсэл гэр, ор нийлээд 12 эд зүйлс нийлээд 7 457 400 төгрөг жоншны үнэлгээний төлбөр 140 000 төгрөг, эд зүйлсийн үнэлгээний төлбөр 90 000 төгрөг, жоншны сорьц тогтоох 100 000 төгрөг, Бор-Өндөр сум руу хувийн автомашинаар явахад 124 773 төгрөгийн шатахуун нийт 78 197 173 төгрөг нэхэмжилсэн... гэжээ.

 

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл Д.Болормаа нь өөрийн жоншны нөхөрлөлийн үйл ажиллагаандаа зориулж надаас 34 210 000 төгрөгийг зээлдэж аваад өрөндөө жонш өгч байхаар тохиролцсон. Гэтэл Д.Болормаа нь хэлсэн хугацаандаа жоншоо өгөөгүй бөгөөд тухайн мөнгөө нэхэхээр мөнгийг удахгүй төлж барагдуулна гэсэн хугацаа тохиролцсон бичгүүд өөрийн гараар бичиж өгдөг байсан. Ингээд Д.Болормаа нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Тэгээд Д.Болормаа нь надад зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо намайг хамтарч ажиллаач гэсэн. Тэгэхээр нь би эхний удаа зээлсэн мөнгөнийхөө жоншийг авчхаад дараа нь шийдье гэдэг байсан. Сүүлд нь мөнгөө нэхээд ямар ч аргагүй болоод би өөрийн ахтайгаа уулзуулаад энэ хоёр хамтарч ажиллах талаар ярилцаж, судлахад Д.Болормаагийн нөхөрлөл өөрийнх нь нэр дээр байдаг болохоор бусдад дамжуулах болон бусадтай хамтран үйл ажиллагаа явуулах эрхгүй. Мөн уурхай нь жоншны ямар ч судалгүй байсан. Ингээд тэд хамтран ажиллах тохиролцоонд хүрээгүй. Надад бол Д.Болормаа ахлагчтай нөхөрлөлтэй хамтарч ажиллах талаар тохиролцсон зүйл байхгүй. Манай ах ч тухайн нөхөрлөлийн уурхайтай хамтарч ажилласан зүйл байхгүй тул уг хамтарч ажилласны хувь гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийг ачиж авч явж завшсан нэхэмжлэлийн тухайд Д.Болормаа тэр уурхайгаас өөрөө бүх юмаа аваад явсан. Эдгээр эд хөрөнгүүдийг би аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Монбал майнинг ХХК-ийн Батмөнх ахын худалдаж авсан жоншийг энэ уурхай дээрээс ачиж явсан. ...би хариуцаж Бор-Өндөрт аваачиж буулгасан. Түүнээс энэ жонш надад хамааралгүй...гэжээ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Баяраагаас 2 560 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75.637.173 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 548.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55.910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Д.Болормаа нь надаас 12 тооны эд зүйлийн үнийг нэхэмжилсэн Эдгээр эд үйлийг би авч явсан зүйл байхгүй.

Тухайн баллон нь манай хашаанд байгаа. Би энэхүү баллоноо ав гэж Д.Болормаад зөндөө хэлсэн. Гэтэл тухайн баллоноо одоо компрессор болгоод өөрийнх нь тухайн баллон байсаар байхад надаас шинэ компрессорийн үнэ нэхэмжилсэн.

Би тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлж авсан зүйл байхгүй. Тэрхүү эд хөрөнгөө Д.Болормаа нь ав гээд байхад өөрөө санаатай надаас аваагүй. Хаана аваачиж өгөх вэ гээд байхад санаатайгаар аваагүй байж нэг баллоныг шинэ компрессор болгож шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна.

 

Мөн Д.Болормаа нь тухайн баллоны өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад Д.Болормааг өмчлөгч өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ...Д.Болормаа нь нэхэмжлэлдээ ...нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн байхад ...шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...бичлэгүүдийг хадгалж буй 1 тооны СD /эх хувь/-ний талаар огт бичээгүй орхигдуулсан байна.

Энэ CD нь дээрх бичлэг нь хариуцагч Н.Баяраа нь нэхэмжлэгч Д.Болормаагийн нөхөрлөлийн эзэмшил талбайд газрын гүнд жонш олборлож байсан болохыг нь нотолж байгаа чухал нотлох баримт ...мөн Н.Баяраагийн Норовлин Нутгийн өгөөж нөхөрлөлийн эзэмшил талбайд хүн хүч, техник хэрэгслээ оруулан жонш олборлож байсан болохыг нотолж байгаа 3 тооны бичлэгийг агуулж буй CD юм. Энэ бичлэгийг өмгөөлөгч миний хүсэлтээр шүүх хуралдааны явцад шүүхийн танхимын проектор, дэлгэцийг ашиглан шүүх хуралдаанд оролцогч нар бүгд үзэж нотлох баримтаар судалсан байгаа. Гэтэл энэ талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгасангүй.

... Н.Баяраа нь Д.Болормаад хэлэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...Шалз гэх газраас Д.Болормаа ахлагчтай Норовлин Нутгийн өгөөж 3БН-аас худалдан авсан 40 тонн баяжмалтай шороог 87-77 ХЭН HOWO маркийн автомашинаар тээвэрлэн Бор-Өндөр Буржгар орд ХХК-д буулгахаар жолооч Түмээ тээвэрлэж яваа болно. Худалдан авагч Монбал Майнинг ХХК-ийн захирал Н.Батмөнх, хариуцаж явсан Н.Баяраа... гэх, мөн өдрийн ...Шалз гэх газраас Д.Болормаа ахлагчтай Норовлин Нутгийн өгөөж ЗБН-аас худалдан авсан 70 тонн жоншийг 33-35 АА чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Бор-Өндөр Буржгар орд ХХК-д буулгахаар жолооч Д.Энхтөр тээвэрлэж яваа болно. Худалдан авагч Монбал Майнинг ХХК-ийн захирал Н.Батмөнх, хариуцаж явсан Н.Баяраа... гэсэн гарал үүслийн бичгээр авч явсан байдаг.

Д.Болормаа нь алдсан жоншийг чухам хаана авч очиж буулгасан болохыг нотлох зорилгоор Бор-Өндөр хотод хувийн зардлаар очиж гаалийн хяналтын бүсийн Алтайн цаст уул ХХК-ны 2022 оны 05-аас 06 дугаар сарын жонш хүлээн авсан бүртгэлийн дэвтрийг шүүлгэн үзэхэд Н.Баяраагийн авч явсан гэх 33-35 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 70 тонн жонш биш 98.9 тонн жоншийг тухайн цаг хугацаанд гаалийн хяналтын бүсэд буулгасан болох нь бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдэн үлдсэн байсан.

Хариуцагч Н.Баяраа нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...гарал үүслийн бичгийг 2022 оны 12 сарын 17-ны өдөр нөхөн бичүүлсэн байдаг бөгөөд 2022 оны 05 дугаар сард ямар ч гарал үүслийн бичиггүйгээр 98.9 тонн жонш, 40 тонн жоншны шороог Д.Болормаагийн зөвшөөрөлгүйгээр Нутгийн өгөөж нөхөрлөлийн эзэмшил талбайгаас авч явсан байдаг. Мөн Д.Болормаагийн хувийн эзэмшлийн 12 тооны эд хөрөнгүүдийг авч явсан байдаг. Н.Баяраа нь Нутгийн өгөөж нөхөрлөлийн эзэмшил талбайд хүн хүч, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байсныг нотлох 3-н тооны бичлэг бүхий СD-г хэргийн материалд хавсарган өгсөн байгаа.

Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлийн эзэмшил талбайгаас алдагдсан 98.9 тонн жонш, 40 тонн жоншны шорооны үнэ, хамт хулгайд алдагдсан 12 нэр төрлийн эд хөрөнгүүдийн үнийг Н.Баяраагаас нэхэмжилж байхад 75.637.173 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, хариуцагч Н.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлийн ахлагч Д.Болормаа нь хариуцагч Н.Баяраад холбогдуулан 98.9 тонн, 97.2 сорьцтой жонш, 40 тонн жоншны шороо, 12 тооны эд зүйл, эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр ачиж авч явсан тул нийт 78.197.173 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Баяраа нь ...Надад Д.Болормаа ахлагчтай нөхөрлөлтэй хамтарч ажиллах талаар тохиролцсон зүйл байхгүй тул уг хамтарч ажилласны хувь гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Болормаа тэр уурхайгаас өөрөө бүх юмаа аваад явсан. Би эдгээр хөрөнгүүдийг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Болормаа ахлагчтай Норовлин нутгийн өгөөж нөхөрлөлөөс 2022 оны 5 сарын 27-нд 40 тонн баяжмалтай шороо, 70 тонн жоншийг Монбал Майнинг ХХК худалдан авсан гэх үйл баримт нотлогдож байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримтууд нь хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, 98.9 тонн бүтээгдэхүүнийг хариуцагч Н.Баяраа буулгасан гэдэг нь нотлогдоогүй, түүнчлэн зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, хууль болон гэрээнд заасан үүрэг үүссэн эсэх талаар нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

12 тооны эд зүйлийг хариуцагч авч явсан гэх үйл баримтыг шүүхэд нотолж чадаагүй, нотлох баримтуудыг хэрэгт ирүүлээгүй, хариуцагч нь тухайн эд зүйлсийг авсан гэдэг нь нотлогдоогүй,

Мөн үнэлгээ хийлгэсний төлбөр, шатахууны үнэ зэрэг зардлууд нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан зардал байх тул хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй,

Харин хариуцагч нь нэг компрессорыг манай ажилчид андуураад аваад явсан байна лээ, тэр нь манайд байгаа гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Н.Баяраа нь Д.Болормаад хэлэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар


сарын 27-ны өдрийн ...гарал үүслийн бичгээр ...40 тонн баяжмалтай шороо, 70 тонн жоншийг ...авч явсан байдаг.

...Алтайн цаст уул ХХК-ны 2022 оны 05-аас 06 дугаар сарын жонш хүлээн авсан бүртгэлийн дэвтрийг үзэхэд 98.9 тонн жоншийг тухайн цаг хугацаанд буулгасан байсан.

Мөн Д.Болормаагийн хувийн эзэмшлийн 12 тооны эд хөрөнгүүдийг авч явсан байдаг. Н.Баяраа нь Нутгийн өгөөж нөхөрлөлийн эзэмшил талбайд хүн хүч, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байсныг нотлох 3-н тооны бичлэг бүхий СD-г хэргийн материалд хавсарган өгсөн байгаа. ...Гэтэл энэ талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгасангүй... гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийг Нутгийн өгөөж нөхөрлөлийн эзэмшил талбайгаас жонш олборлосон, баяжмалтай шороо авсан, энэ нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гарал үүслийн бичиг, бичлэг бүхий CD зэргээр тогтоогдсон гэх боловч тухайн гарал үүслийн бичиг гэх баримтад жонш, баяжмалтай шороо болон түүний үнэ хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар шүүхэд нотлох үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн 11 тооны эд зүйлүүдийг Н.Баяраад хүлээлгэн өгсөн, хариуцуулсан гэх үйл явдал хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч: ...баллон нь манай хашаанд байгаа. Хаана аваачиж өгөх вэ гээд байхад санаатайгаар аваагүй байхад шинэ компрессор болгож шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. ...Мөн Д.Болормаа нь тухайн баллоны өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад Д.Болормааг шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

 

Хариуцагч нь шүүх хуралдаан дээр ...компрессор нь байгаа, ...надад өртэй байсан болохоор нь Баян-Овоод аваачсан... гэсэн тайлбар өгсөн, одоо тухайн компрессор бүрэн бүтэн өөрт нь байгаа эсэхийг шүүхэд нотолж чадаагүй тул компрессорын үнийг гаргуулах үндэслэлтэй юм. Харин компрессорыг нэхэмжлэгчийн эзэмшил газраас зөвшөөрөлгүй авч явсан, гуравдагч этгээд өөрийн өмч гэсэн шаардлага гаргаагүй учир хариуцагчийн ...Д.Болормаа өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Н.Баяраагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.910 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536.136 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2023/00543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Н.Баяраагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.910 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536.136 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА

 

Д.ГАНЗОРИГ