Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1354

 

“Ө С Х З” ХХН-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01296 дугаар шийдвэртэй,”Ө С Х З” ХХН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64 927 324 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч Б.Э- нь “Кредит Монгол ББСБ” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ1000/13/11/246 тоот зээлийн гэрээний дагуу 28 500 ам долларыг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗНГ1000/14/09/059, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1110/15/01/002 дугаар гэрээнүүдээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “Кредит Монгол ББСБ” ХХК болон Б.Э- нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БГ1000/13/11/246 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Э-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204044880 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401-41 тоот 68.43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр”Ө С Х З” ХХН, “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн хооронд ЭШ/18-07/КМ-14 дугаартай шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч болон “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн дээрх зээлийн гэрээ байгуулсан өдрийн байдлаар шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Энэ өдрийн байдлаар зээлдэгч Б.Э-ын зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр 84 927 324 төгрөг байсан.

“Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН болон Б.Э- нар харилцан тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь нийт шаардлагаас 77 000 000 төгрөгийг гэрээний хавсралт 1-т заасан графикт хугацаанд төлсөн тохиолдолд төлбөр авагч нь 7 927 324 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд нийт 20 000 000 төгрөгийг төлсөн боловч Хавсралт 1-т заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд хөнгөлөлтийг хүчингүй болгосон бөгөөд одоогоор зээлдэгчийн төлөөгүй төлбөр нь           64 927 324 төгрөг байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2.2, 2 4.-т тус тус заасныг үндэслэн ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлөх төлбөрийн үүрэгт Б.Э-аас 64 927 324 төгрөгийг гаргуулж, уг үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү. Эвлэрлийн гэрээний төлбөрийн хуваарь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 700 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 000 000 төгрөг буюу нийт 21 700 000 төгрөг төлсөн атал хариуцагч 21 800 000 төгрөгийг төлсөн гэдэг боловч нэхэмжлэгч тал өөрийн тооцооллыг шүүхэд өгсөн. Анх 64 927 324 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Төлөх ёстой 84 927 324 төгрөгөөс 21 700 000 төгрөгийн хасч 63 227 324 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа 1 700 000 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие анх “Кредит Монгол ББСБ” ХХК-иас 28 500 ам.долларын зээл авсан. Зээлдүүлэгч нь”Ө С Х З” ХХН-д 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шаардах эрхийг шилжүүлсэн бөгөөд бид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 77 000 000 төгрөгийг графикт заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд 21 800 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаандаа төлж чадаагүй, харин 800 000 төгрөгийг тус нөхөрлөлийн төлөөлөгчөөс өгсөн дансанд тушаасан, тэрхүү мөнгөний тооцоо ороогүй байгаа тул 64 927 324 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг мөнгийг тушаасан баримт нь олдохгүй байгаа учир огноог мэдэж байж шүүхэд хүсэлт гарган тодруулах шаардлагатай.  

Нэхэмжлэгч нь “Кредит монгол ББСБ” ХХК-иас анх авсан зээл, зээлийн барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж шаардах эрхийг шилжүүлэн авсан гэдэг.”Ө С Х З” ХХН нь хууль, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төлбөр төлөгч Б.Э-ын зээлийг шилжүүлж авсан нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа хэлбэр мөн эсэхэд эргэлзээтэй байна. Б.Э-аас нэхэмжлэгчид мөнгө шилжүүлээгүй, харин “Эрхэт прогресс ББСБ” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт байна. Иймд”Ө С Х З” ХХН нь санхүүгийн  үйл ажиллагаа явуулж болох эсэхийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Эвлэрлийн гэрээ байгуулсан талаар хэлэх зүйлгүй. Дээрх мөнгө яагаад”Ө С Х З” ХХН-ийн нэр дээр ороогүй, “Эрхэт прогресс” ББСБ ХХК-тай ямар холбоотой гэдэгт эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас 63 227 334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”Ө С Х З” ХХН-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552 789 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 474 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Эвлэрлийн гэрээ байгуулсан хөнгөлөлтийн хэмжээнд гэрээ болон хуулиар олгосон эрх, үүргийн дагуу зохих хэмжээгээр төлбөрийг төлж, уг гэрээг байгуулснаас хойш 21 700 000 төгрөгийг төлсөн бөгөөд биелэгдээгүй үүргийг төлөх хариуцлагаа хүлээнэ. Шүүх аж ахуйн нэгжээс нөгөөд барьцааны эрх үүргийг шилжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хуулийн дагуу хянах ёстой гэж үзэж байна.

Гэтэл шүүх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дутуу дулимаг хандан, “Кредит Монгол ББСБ” ХХК-иас”Ө С Х З” ХХН-д зээлдэгч Б.Э-ын зээлийн гэрээний үүрэг болон барьцааны гэрээний эрх шилжүүлэхдээ зээлдэгчээс зөвшөөрөл аваагүй. Мөн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой гэж үзэж байна. Шүүх гэрээний үүргийн биелэлтийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн. Үүргийн биелэлт болон зээлийн төлбөр төлсөн мөнгө нэхэмжлэгчийн дансанд ороогүй, “Эрхэт прогресс ББСБ” ХХК-ийн дансанд орсон нь эргэлзээтэй байгааг мэтгэлцээний үед тайлбарлан маргасан ч “манайх тус банк бус санхүүгийн байгууллагад өртэй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбараар асуудалд хандаж энэ талаар шийдвэртээ дүгнээгүй.

Зээлдэгчийн 77 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон байгаа нь 28 500 ам. доллар буюу 84 927 324 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл дээрх хэмжээний гадаад валютыг Монгол банкны хэзээний ханшаар хөрвүүлэн тооцсоныг шүүх анхаарахгүй, нэхэмжлэгч талын тодорхойлсноор дүгнэсэн. Мөн үндсэн зээлээс төлөгдсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч”Ө С Х З” ХХН нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64 927 324 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 63 227 324 төгрөг гэж тодорхойлж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ1000/13/11/246 дугаар зээлийн гэрээг /хх8-9/ нэг талаас зээлдүүлэгч буюу “Кредит Монгол ББСБ” ХХК, нөгөө талаас зээлдэгч Б.Э- нар байгуулж, 28 500 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх талаар харилцан тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Б.Э-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204044880 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 401-41 тоотод байрлах 68.43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан БГ1000/13/11/246 дугаар зээлийн барьцааны гэрээ /хх10-11/ байгуулсан байна. Улмаар гэрээний талууд дээрх 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1000/13/11/246 дугаар зээлийн гэрээний 1.1 дэх заалтын 28 500 ам.долларын хэмжээг 26 245 ам.доллар болгож өөрчлөн сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай төлөх талаар тохиролцож 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗНГ1000/14/09/059 дугаар зээлийн нэмэлт гэрээг /хх11/ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч”Ө С Х З” ХХН нь дээрх гэрээний зээлдүүлэгч тал болох “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1000/13/11/246 дугаар зээлийн гэрээний шаардах эрх, мөн өдрийн БГ1000/13/11/246 дугаар барьцааны гэрээний эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлэн авсан байх бөгөөд энэхүү эрхийн дагуу зээлдүүлэгч Б.Э-тай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. /хх13-14/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн хариуцагчаас шаардах зээлийн болон барьцааны эрхийг шилжүүлж авахдаа тэдгээрийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1000/13/11/246 дугаар зээлийн гэрээ болон хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗНГ1000/14/09/059 дугаар зээлийн нэмэлт гэрээ тус бүрийн тооцоолол хэрхэн хийгдсэн талаар тодруулаагүй, энэ талаар талуудыг харилцан мэтгэлцүүлээгүй байна. Тухайн “Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ”-ний дүн 84 927 324 төгрөг нь үндсэн болон нэмэлт гэрээний алинд үндэслэгдсэн талаарх эх сурвалж хэрэгт авагдаагүй, энэ талаарх үйл баримт тодорхой бус байна.

 

Мөн дээрх гэрээнд 28 500 ам.доллар гэсэн үнийн дүн байх бөгөөд зээлдэгч нь тухайн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан, хожим байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 26 245 ам.доллар гэж өөрчлөгдсөн зэргээс үзэхэд шаардах эрх шилжүүлсэн гэрээнд тусгагдсан 84 927 324 төгрөгийн тооцоолол, гадаад валютыг хэдий үеийн ханшаар төгрөгт хөрвүүлсэн эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг болон шаардах эрхийн бодит байдлыг тогтоогоогүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзлээ.

 

Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээнд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1000/13/11/246 дугаар ам.долларын үнийн дүнтэй зээлийн гэрээг үндэслэн уг гэрээний үүргийг 84 924 324 төгрөг гэж тодорхойлохдоо ямар баримтыг үндэслэн тооцоолол хийж, гадаад валютын ханшийг Монгол банкны зарласан хэдний өдрийн ханшид хөрвүүлсэн нь тодорхой бус байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх нөхцөл байдал буюу хэргийн бодит үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

   Т.ТУЯА