Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2023/02805

 

  2023      10        04

                       182/ШШ2023/02805

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, У газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Г ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 641,693,964 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Наранбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Золзаяа, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У газар нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 641,693,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч У газар шүүхэд болон төлөөлөгч Я.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр У газар-аас нэг тонн асфальт бетоныг 210,054 төгрөгөөр бодож 3000 тонн авахаар гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 3,236.5 тонн Асфальт бетоныг худалдан авсан бөгөөд нийт 679,860,776 төгрөг болсон. Үүнээс урьдчилгаа төлбөрт 252,064,800 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 427,795,976 төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 4.2-т төлбөр төлөх эцсийн хугацааг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэж тохиролцсон бөгөөд гэрээний 2.7-д худалдан авагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги бодож авахаар тохиролцсон. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 340 хоногийн алданги 727,253,160 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 213,897,988 төгрөгийн алданги болж байна. Иймд Г ХХК-иас гэрээний үүрэгт 427,795,976 төгрөг, алданги 21,897,988 төгрөг нийт 641,693,964 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Асфальт бетон худалдан авах гэрээ байгуулж, нийт 3000 тонн асфальт бетоныг тонн тус бүрийг 210,054 төгрөгөөр тооцож, нийт 630,162,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд үүнээс урьдчилгаанд 252,064,800 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 3,236.5 тонн асфальт бетоны үлдэгдэл төлбөр хэмээн 427,795,976 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд зөрүү болох 165.1 тонн шорооны үнийг нь тухай бүр нийлүүлсэн этгээдэд бэлнээр төлж, тооцоог хааж байсан. Асфальт бетон илүү аваад үнийг нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 180,000,000 төгрөгийг бэлнээр авч жолооч, инженер нар төлсөн. Төлсөн баримт байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн "2022 оны асфальт авсан тооцоо" гэх хүснэгт нь хоёр талын тооцоо нийлсэн акт бус гагцхүү нэхэмжлэгч талын нягтлан бодогчийн гарын үсгээр баталгаажсан нотлох чадваргүй баримт байна. Иймд үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилж буй 165.1 тонн барааны мөнгийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд гэрээний 2.7 дахь заалтад "хоног тутамд" гэсэн үг огт байхгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал нь нөгөө талаас хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн төлөө мөнгөн төлбөр шаардахын тулд уг зохицуулалт нь гэрээнд зайлшгүй тусгагдсан байх ёстой. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар "хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги" гэх бөгөөд хуульд заасан алдангийн зохицуулалтын онцлог нь "хугацаа хэтрүүлсэн хоног тутамд" тооцож төлөхөөр тухайлан заасан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс алданги нэхэмжлэхээр үндэслэж буй гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцээгүй, алданги эсхүл торгуулийн аль нь болох нь тодорхойгүй, хоног тутамд тооцох талаар заасан зүйл огт байхгүй атал дээрх заалтыг үндэслэн, хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, алдангид нийт 213,897,988 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардаж буй нь огт үндэслэлгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 220725/ХХА-018 тоот Асфальт бетон худалдах, худалдан авах гэрээ, Амарсанаагийн гудамжны Автозамын ажлын НХААГ202202276 тоот гэрээ, 3/722 тоот албан бичиг, 2022 оны Асфальт авсан тооцоо, Асфальтны талонууд,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/02715 дугаар шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01964 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2023/08126 дугаар шүүгчийн захирамж хуулбар, Улсын бүртгэлийн  ерөнхий газрын 9/2589 тоот албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хуулбар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 28иа3/4517 тоот албан бичиг, Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн 531 тоот албан бичиг, Нийслэлийн замын хөгжлийн газрын 02/1700 тоот албан бичиг зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар итгэмжлэл, Харилцах дансны харилцагчийн хуулга, Асфальтны тооцооны баримт хүлээлцсэн акт, Асфальтны талонууд, шүүх хуралдааны үед хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч У газар нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 641,693,964 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөр, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэг тонн асфальт бетоныг 210,054 төгрөгөөр бодож 3000 тонн асфальт бетоныг 630,162,000 төгрөгөөр авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Илүү нэхэмжилсэн асфальт бетоны үнийг бэлэн мөнгөөр төлсөн гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 220725/ХХА-018 тоот Асфальт бетон худалдах, худалдан авах гэрээ, Амарсанаагийн гудамжны Автозамын ажлын НХААГ202202276 тоот гэрээ, 3/722 тоот албан бичиг, 2022 оны Асфальт авсан тооцоо, Асфальтны талонууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/02715 дугаар шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01964 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 28иа3/4517 тоот албан бичиг, Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн 531 тоот албан бичиг, Нийслэлийн замын хөгжлийн газрын 02/1700 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч У газар нь хариуцагч Г ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 25ы өдөр 220725/ХХА-018 дугаартай Асфальт бетон худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 1.2-т Асфальт бетон  3,000 тонн, нэг тонн Асфальт бетон   үнэ 210,054 төгрөг нийт 630,162,000 төгрөг, 2.2.Худалдан авагчийн урьдчилан гаргаж өгсөн хуюаарийн дагуу, стандартын шаардлага хангасан Асфальт бетон    хольцыг нийлүүлнэ. 2.7.Гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

8.Хариуцагч Г ХХК 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 3,236.5 тонн Асфальт бетоныг худалдсан байх ба үүнээс урьдчилгаа төлбөрт 252,064,800 төгрөг төлсөн болох нь Харилцах дансны харилцагчийн хуулга, Асфальтны талон гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 16-34 тал/

 

9.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 25ы өдрийн 220725/ХХА-018 дугаартай Асфальт бетон худалдах, худалдан авах гэрээгээр  Асфальт бетон 3,000 тонн, нэг тонн Асфальт бетоны үнэ 210,054 төгрөг нийт 630,162,000 төгрөг байхаар тохиролцож, үүнээс урьдчилгаа төлбөрт 252,064,800 төгрөг шилжүүлэн үлдэх 378,097,200 төгрөгийг төлөөгүй тухайд зохигчид маргаагүй.

  

10.Дээрх гэрээний 7.2-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 378,097,200 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч алдангид 189,048,600 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

11.Хариуцагч Г ХХК нь гэрээний 7.2-т "хоног тутамд" гэж бичээгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 25ы өдрийн 220725/ХХА-018 дугаартай Асфальт бетон худалдах, худалдан авах гэрээ, зохигдын тайлбар зэргээс үзэхэд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр байна.

 

12.Талууд амаар тохиролцож, худалдан авсан 236,5 тонн асфальт бетоны үнэ 49,677,771 төгрөг, түүнд тооцсон алданги 24,870,393 төгрөгийг төлөх эсэх тухайд маргаан үүсчээ.

 

13.Хариуцагчийн төлөөлөгч О.Наранбаатар шүүх хуралдаанд “гэрээнд зааснаас илүү асфальт бетон авсан. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шорооны үнэ 180,000,000 төгрөгийг бэлнээр авч жолооч, инженер нарт төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч У газар-т 180,000,000 төгрөгийн төлбөр төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Харилцах данснаас 180,000,000 төгрөг авсныг нэхэмжлэгчид төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй юм.

 

14.Хариуцагч Г ХХК-иас 236,5 тонн Асфальт бетоны үнэ 49,677,771 төгрөгийг гаргуулж У газар-т олгох, харин илүү авсан 236,5 тонн Асфальт бетоны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцоогүй байх тул 24,870,393 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлгүй байна.  

 

15.Иймд хариуцагч Г ХХК-иас Асфальт бетоны үнэ 378,097,200 төгрөг түүнд тооцсон алданги 189,048,600   төгрөг, илүү авсан Асфальт бетоны үнэ 49,677,771 төгрөг, нийт 616,823,571 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У газар-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24,870,393 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,366,419 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,242068  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У газар-т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 616,823,571 /зургаан зуун арван зургаан сая найман зуун хорин гурван мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч У газар-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,870,393 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2023/09541 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,366,419 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,242,068  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У газар-т олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ