Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01967

 

 

У ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/02805 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: У ОНӨААТҮГ

Хариуцагч: Г ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 641,693,964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золзаяа, О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1 Г ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр У ОНОААТҮГ-аас 3,000 тонн асфальтбетоныг 1 тонныг 210,054 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Г ХХК нь гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 3,236.5 тонн асфальтбетоныг 679,860,776 төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаа төлбөрт 252,064,800 төгрөг төлсөн, үлдэгдэл 427,795,976 төгрөг төлөөгүй.

 

1.2 Гэрээний 4.2-т төлбөр төлөх эцсийн хугацааг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэж тохиролцсон. Мөн гэрээний 2.7-д худалдан авагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцож авах эрхтэй гэж заасан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 340 хоногийн алданги 727,253,160 төгрөг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг үлдэгдэл төлбөр 427,795,976 төгрөгийн 50 хувиар тооцоход 213,897,988 төгрөг болно.

 

Иймд Г ХХК-аас үлдэх төлбөр 427,795,976 төгрөг, алданги 21,897,988 төгрөг, нийт 641,693,964 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1 Г ХХК нь У ОНОААТҮГ-тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Асфальтбетон худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр нийт 3,000 тонн асфальтбетоныг тонн тус бүрийг 210,054 төгрөгөөр тооцож, нийт 630,162,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 252,064,800 төгрөг төлсөн.

 

2.2 Г ХХК нь 165.1 тонн шорооны үнийг тухай бүр нь нийлүүлсэн этгээдэд бэлнээр төлж, тооцоог хааж байсан. Асфальтбетон илүү аваад 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 180,000,000 төгрөгийг бэлнээр жолооч, инженер нарт төлсөн. Түүнчлэн, 2022 оны асфальт авсан тооцоо гэх хүснэгт нь хоёр талын тооцоо нийлсэн акт биш. Иймд үндэслэлгүйгээр нэхэмжилж буй 165.1 тонн барааны мөнгийг төлөх үндэслэлгүй.

 

2.3 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал нь нөгөө талаас хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн төлөө мөнгөн төлбөр шаардахын тулд уг зохицуулалт нь гэрээнд зайлшгүй тусгагдсан байх ёстой. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалт нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлөх онцлогтой. Гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Алдангийг хоног тутам тооцохоор гэрээнд заагаагүй тул алданги 213,897,988 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 616,823,571 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,870,393 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,366,419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,242,068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын агуулга:

 

4.1 Анхан шатны шүүх гэрээний 2.7-д ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож авах гэснийг техникийн алдаа гэж үзэн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Алдангийг хоног тутам байхаар, эсхүл нэг удаа байхаар тохирох нь гэрээний талуудын харилцан тохиролцох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд бүрэн нийцнэ. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд алдангийг хоног тутам тооцохгүй, нэг удаа тооцохоор заасан гэж үзнэ. Шүүх гэрээнд тусгагдаагүй үгийг, мөн хуульд нийцээгүй алдангийн заалтыг техникийн шинжтэй алдаа хэмээн үзэж, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар хуульчилсан. Уг зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт ....техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр байна гэдэг байдлаар таамаглаж үнэлэх дүгнэлт өгөх талаар хуульчлаагүй бөгөөд тус зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бус таамаглаж үнэлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 189,048,600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

 

5.1 Анхан шатны шүүх гэрээний 2.7-д заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж алданги тооцсон нь үндэслэлтэй. Мөн гэрээнд тусгагдаагүй буюу илүү авсан 236.5 тонн асфальтбетонд алданги тооцоогүй. Г ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж байгаа тул гомдол үндэслэлгүй. Алдангийг нэг удаа тооцох агуулга байхгүй хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр төлөхөөр хуульд заасан. Иймд хариуцагч талын гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч У ОНӨААТҮГ нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт асфальтбетоны үнэ 427,795,976 төгрөг, алданги 213,897,988 төгрөг, нийт 641,693,964 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,073 тонн асфальтбетоны үнэ 393,286,200 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг болон алданги, нийт 213,897,988 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Асфальбетон худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ 3,000 тонн асфальтбетон нийлүүлэх, худалдан авагч Г ХХК нь 3,000 тонн асфальтбетоныг 1 тонныг 210,054 төгрөгөөр тооцож, нийт 630,162,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос дүгнэвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. (хх-ийн 9-11) Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1 Талууд гэрээний 2.1-д Худалдагч нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны хооронд худалдан авагчид бүтээгдэхүүнийг захиалгын дагуу бүрэн гүйцэд нийлүүлнэ гэж тохиролцсоны дагуу худалдагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь худалдан авагч Г ХХК-д нийт 3,236.5 тонн асфальтбетоныг нийлүүлсэн болох нь асфальтны талоноор тогтоогдсон ба худалдан авагч Г ХХК нь асфальтбетоны үнэд 252,064,800 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

4. Худалдан авагч Г ХХК нь гэрээнд зааснаас илүү авсан 236.5 тонн асфальтбетоны төлбөрийг төлсөн эсэх болон гэрээнд заасан алдангийн талаарх зохицуулалт нь маргааны зүйл болсон байна.

 

4.1 Хариуцагч гэрээнд зааснаас илүү авсан 236.5 тонн асфальтбетоны төлбөрийг төлсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх гэрээний 1.2-д заасны дагуу 3,000 тонн асфальтбетоны үлдэгдэл төлбөр 378,097,200 төгрөг, илүү нийлүүлсэн 236.5 тонн асфальтбетоны төлбөр 49,677,771 төгрөг, нийт 427,774,971 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

4.2 Гэрээний 2.7-д Гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож авах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөө хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги гэдэг нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг хэлнэ. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр хариуцлага хүлээдгээрээ ялгаатай.

 

4.3 Анхан шатны шүүх талууд гэрээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаар тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрээнд хэдийгээр ...хоног тутамд гэж бичээгүй байх боловч энэ нь хуульд заасан алдангийн талаарх зохицуулалтыг үгүйсгэхгүйгээс гадна гэрээний 2.7 дэх заалт нь нэг удаа 0,5 хувийн алданги шаардах эрхтэй гэх агуулгыг тусгаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас алданги 189,048,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь гэрээ болон хуульд нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт заах шаардлагагүй заалтууд оруулсныг хасаж, шүүхийн зардлыг хуваарилахдаа буруу баримталсан заалтыг зөвтгөн өөрчилнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/02805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлан ...56.1 гэснийг ...56.2 гэж,

4 дэх заалтыг хасаж, 5 дахь заалтыг 3 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН