Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2023/02913

 

    2023      10        18

                       182/ШШ2023/02913

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч Д.З-  ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Ш газар -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Наранцацралт нарыг оролцуулан, нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З- нь хариуцагч Ш газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолоор Д.З- надаас 67,699,999 төгрөг гаргуулан М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 дугаар албан тоотоор “төлбөр төлөгч Дашнямын З- нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй" гэсэн үндэслэлээр миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж, уг саналд үндэслэн Ш газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргасан байна. Үүгээр миний гадаад улсад гарах, зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж, 59.1.1-т “Эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэж, 59.1.2-т “хөрөнгөө нуун дарагдуулсан” 59.1.3-т “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж заасан. Иймд тавин сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий төлбөр гаргуулах гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй төлбөр авагчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь эрэн сурвалжлагдаж байгаа, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй явдал байна. Гагцхүү эдгээр үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд л төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заажээ.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх гадаадад зорчих зрх түдгэлзүүлэх саналын үндэслэл нь “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэсэн байна. Харин хуулийн 59.1-т заасан үндэслэлүүдийн аль үндэслэл тогтоогдсон гэж үзсэн талаар тусгаагүй. Мөн тухайн саналын дагуу Ш газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргахдаа ч хуульд заасан аль нэг үндэслэлийг заагаагүй байна. Эндээс харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зөвхөн “Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр уг арга хэмжээг аваад байна. Гэтэл гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй этгээдэд өгөх ял, хариуцлага биш. Ш газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол гарах үед хорих ангид байсан. Иймд эрэн сурвалжлагдаагүй, гадаад улс руу оргон зайлах, хөрөнгөө нуун далдлах зэрэг эрсдэл гарах боломжгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18 дугаар зүйлд Монгол Улсын иргэн түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх эрхтэй тухай заасан. Мөн гадаадад явах, оршин суух эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах талаар Үндсэн хуулийн тус зүйлд заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1.1 дэх заалт нь гадаадад явах эрхийг хязгаарласан хууль юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тус арга хэмжээг авч байгаа нь Үндсэн хуулиар баталгаажсан  эрхийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т "... ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэж заасан. Мөн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах талаар маргаан бүхий тогтоолд ч байх ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, танилцаж мэдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т ... “ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан. Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ш газар шүүхэд болон төлөөлөгч Б.Буянбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 858 дугаар шийтгэх тогтоолоор Д.З-аас 67,699,999 төгрөг гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.З-ын гадаадад зорчих эрх түдгэлзүүлэхдээ харьяа нэгжийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 тоот  албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх 6336 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Д.З- нь  хөрөнгөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй юм. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэхээр хуульчилсан бөгөөд төлбөр төлөгч Д.З- нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмээн хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар тогтоол /хуулбар/, Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал /хуулбар/ баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/18 дугаар магадлал, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 дугаар Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай санал, Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Мэдэгдэл, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Төлбөр төлөгчийн баталгаа болон тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Д.З- нь хариуцагч Ш газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.З- цагдан хоригдож байсан учир ажилд ороогүй. Солонгос улсад ажиллаж төлбөрөө төлөх боломжтой байтал Үндсэн хуульд заасан гадаад улсад ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн. Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтад заасан “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн”, 59.1.2 дахь заалтад заасан “хөрөнгөө нуун дарагдуулсан”, 59.1.3 дахь заалтад заасан “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлүүдийг заагаагүй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Ш газар нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй бөгөөд төлбөл зохих 67,699,999 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоол үндэслэлтэй гэж мэтгэлцэж байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/18 дугаар магадлал, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 дугаар Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай санал, Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6336 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Мэдэгдэл, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Төлбөр төлөгчийн баталгаа болон тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

7.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоолоор “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-аас 67,699,999 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай...” гэж шийдвэрлэж, дээрх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/18 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 17-41 тал/

8.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоолд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн зохих ажиллагааг явуулжээ. /хавтаст хэргийн 43 тал/

 

9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1-144/11797 дугаар албан бичгээр “Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 858 дугаар шийтгэх тогтоолоор Д.З-аас 67,699,999 төгрөг гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.З- /**/ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч нарын  гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг шийдвэрлэж өгнө үү” гэх санал хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 42 тал/

10.Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолоор “...** регистрийн дугаартай овогт Д.З-ын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 43 тал/

11.Дээрх тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно”, мөн зүйлийн 59.1.1 дэх заалтад “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн”, 59.1.3 дахь заалтад “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж, мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 44, 77 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.3 дахь хэсэгт “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.3.5 дахь заалтад “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх” гэж зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоол үндэслэлтэй болжээ.

 

12.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь төлбөр төлөгч Д.З- Солонгос улсад ажиллаж төлбөрөө төлөх боломжтой байтал төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх дээрх тогтоол хууль зүйн үндэслэлгүй. Үндсэн хуульд заасан иргэний эрхийг зөрчсөн гэж мэтгэлцэж байна.

 

13.Харин хариуцагчийн төлөөлөгч нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх тайлбар гарган маргаж байгааг шүүх илүү үндэслэл бүхий тайлбар гэж үзлээ.

 

14.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Намуун нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21370139/05 дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны дотор  төлөхийг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч Д.З- төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулна гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 51 тал/-ыг гаргасан боловч 67,699,999 төгрөгийн төлбөрөө төлөөгүй тул төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр хийгдсэн дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

15.Иймд хариуцагч Ш газарт холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

16.Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтээ бичгээр ирүүлсэн, хариуцагч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.

17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш газарт холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 6336 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ