Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01422

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГт холбогдох,

Гуравдагч этгээд: “Б” ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамьяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Өа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Өа нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нөхөр Л.Цын хамтаар өмчилдөг. Дээрх орон сууц нь Б банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрт барьцаалагдсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.9.18-ны өдөр орон сууцны үнийн санал авахад Н.Өа үнийн санал өгөөгүй, нөхөр Л.Ц 110 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч Б банк бус санхүүгийн байгууллага дээрх үнийг зөвшөөрөөгүй тул уг байрыг шинжээчээр үнэлүүлсэн. 2018.9.18-ны өдрөөс хойш НГ орон сууцны үнэлгээний талаар мэдэгдээгүй бөгөөд 2019.4.2-ны өдөр бичиг баримтаа цэгцэлж байхдаа тус газрын 2018.9.27-ны өдрийн 4/16245 дугаартай мэдэгдэх хуудсыг олсон. Уг мэдэгдэх хуудсаар Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нь үнэлгээнчин 75 333 333 төгрөгөөр үнэлсэн байсныг мэдэгдсэн байсан. Н.Өа уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь тэрээр нөхөр Л.Цын хамт уг байрыг 110 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд ийнхүү худалдаж авснаас хойш олон жил өнгөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгө цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж байдаг. Дээрхи байрны зах зээлийн үнэ ханш 75 333 333 төгрөг байх боломжгүй бөгөөд үнэлгээ бодит бус байх ба тухайн байр иж бүрэн засвартай, шугамын ямар нэгэн гэмтэлгүй, хүн амьдрахад тохилог сайхан байр юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.9.27-ны өдрийн 4/16245 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 16 дугаар хороолол, 31 дүгээр байр, 40 тоотын 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 75 333 333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.9.8-ны өдрийн 101/ШШ2017/02792 дугаар шийдвэрээр Л.Цаас 37 473 414 төгрөг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.5.25-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Л.Цт төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот 2 өрөө орон сууцыг 2018.8.17-ны өдөр битүүмжлэн 2018.9.11-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Л.Ц 110 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хамтран өмчлөгч болох Н.Өа нь дээрхи үл хөдлөх хөрөнгөд ямар нэг үнийн санал өгөхөөс татгалзсан болно. Төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээг төлбөр авагч Б ХХК-д танилцуулахад төлбөр төлөгчөөс өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилж үнэлгээ гаргаж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамьяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ц нь 2014.4.14-ний өдөр ЗГ0101140205 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоотын 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус банк бус санхүүгийн байгууллагаас 12 сарын хугацаатай, 20 000 000 төгрөгийг 1 сарын 4.2 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч Л.Ц гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.9.29-ний өдрийн 101/ШШ2016/06034 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.8-ны өдрийн 2314 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018.3.15-ны өдрийн 001/ТХ2018/00422 тоот тогтоол гарч Л.Цаас мөнгөн төлбөр гаргуулан тус банк бус санхүүгийн байгууллагад олгох, барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Л.Ц нь төлөх ёстой төлбөрийг сайн дураар төлж барагдуулахгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргаж, улмаар албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Төлбөр төлөгчийн эхнэр Н.Өа нь шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байх ба Л.Ц нь өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хугацааг сунжруулж байгаа зэрэг нь тус банк бус санхүүгийн байгууллагын хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул НГт холбогдох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 75 333 333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 7538 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Орон сууцны үнэлгээ нь ямар шалгуураар үнэлсэн нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-г тус тус зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Н.Өа нь хариуцагч НГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 26 /

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2342 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2314 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 422 дугаар тогтоолоор Л.Цаас 37 434 414 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 345 317 төгрөг, нийт 37 779 731 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 29-45/

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1159/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 1159/03 тоот тогтоолоор хурааж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 224 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-53-54, 59-60, 65/

 

Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь төлбөр төлөгч Л.Ц, Н.Өа нар болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхий улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-58/

 

Төлбөр төлөгч Л.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204001821 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хариуцагч байгууллагад мэдэгдсэн, төлбөр авагч “Б” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх61-63/

 

Эд хөрөнгө хураах тухай тогтоол 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан, талууд үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-65/

 

Хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарч, үнэлгээний талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь Л.Цын хариуцагч байгууллагад гаргасан шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй, орон сууцыг бие даан худалдан борлуулах хүсэлтээр тогтоогдох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй юм. /хх-80/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “хөрөнгийг бодит үнээс хэт доогуур үнэлсэн ” гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд үнэ цэнэ гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар хариуцагч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Хэргийн 77 дугаар талд авагдсан баримтаар үнэлгээ хийсэн шинжээчид эрх үүргийг нь тайлбарласан, дээрх шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашиглан тогтоосон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч үгүйсгэх баримтаа шүүхэд гаргаагүй. Үнэлгээний тайланд үнэлгээний байгууллагын хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагдсан, шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. /хх-66-72, 77-78/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 101/ШШ2019/01722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД