Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 182/шш2023/02323

 

 

 

 

 

 

 

   2023          08        15                                            182/ШШ2023/02323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: С дүүрэг, хороо, , тоотод оршин суух, С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч дүүрэг, хороо, байрлах, “ЭТТ” ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭТТ” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “ЭТТ” ХК холбогдуулан тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

1.1.С.Б нь “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Ажлын албаны дарга” ажлын байранд ажиллаж байсан билээ. Миний бие ажиллах хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, алдаа зөрчилгүй, анх 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэргэжилтнээр ажилд орсон цагаас хойш ахлах мэргэжилтэн, албаны даргаар шатлан дэвшиж, 8 дахь жилдээ ажиллаж ирсэн байдаг.

Гэтэл надад 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаартай тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, ажилтны хууль ёсны эрх зөрчигджээ.

Энэхүү тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын  Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг огт үндэслээгүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль, Хамтын хэлэлцээр, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлийг тус тус баримтлаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой байсан.

Уг тушаалын үндэслэл хэсэгтэй танилцахад хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд огт хамааралгүй хэм хэмжээнүүд буюу Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хууль, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Компанийн дүрмийн 9.5.5, 9.5.11, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтаныг ажлаас халсан ажил олгогчийн гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой билээ.

1.2. Уг тушаалд “...компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар ... ажлаас чөлөөлж, ... хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай.гэсэн байдаг. Хэрэв тушаалд заасны дагуу компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн" гэж заасныг баримталж, уг хуулийн 80.4-т заасны дагуу ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, хуулийн 82.1.3-т заасны дагуу гурав буюу түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг (Хамтын гэрээнд заасны дагуу 7 сарын цалинтай тэтгэмж) тооцон олгох ёстой байсан боловч хуулийг хэрэгжүүлэхгүйгээр тодорхой бус байдлаар ажлаас чөлөөлсөн.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.1, 80.4, 82.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2021-2022 оны Хамтын хэлэлцээрийн 5.18 дахь хэсэг, ЭТТ” ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЭТТ-2018/140 дугаартай Хамтын гэрээний 8.17 дахь хэсгийг тус тус зөрчиж, уг тушаалыг гаргажээ.

Миний бие хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гомдолоо хүлээлгэн өгсөн бөгөөд компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд хуралдаж тэмдэглэл гаргасан, улмаар миний бие 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо өгсөн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг хороо хуралдаж, тэмдэглэл гаргасан бөгөөд миний гомдлыг ажил олгогч хүлээж аваагүй маргаан шийдвэрлэгдээгүй байдаг. Иймд хуульд заасан журмын дагуу тус шүүхэд хандаж, дараах нэхэмжлэлийн шаардлагаа хүргүүлж байна. Үүнд:

“ЭТТ” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. Миний 1 сарын цалин 5,000,000 төгрөг. Компаниас лавлагаа өгөхөд 5,000,000 төгрөг гэж гаргасан гэв.

 

2.Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа, Б.Цэвэгмид нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.6.5-д ТУЗ-ийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх, чиг үүргийг нарийвчлан тодорхой тусгасан байна. Дээрх тодорхой хуулийн зохицуулалтууд байхад ТУЗ-ийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцуулан ТУЗ-ийн ажлын албаны дарга гэх нэршил бүхий албан тушаал, ажлын байрыг бий болгосон байсан.

Иймд ТУЗ-ийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгтэй ТУЗ-ийн ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүрэг нь давхцалтай байсан тул дээрх тогтоолын хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга С.Бг ажлаас нь чөлөөлж, шийдвэрлэсэн.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд гаргасан шийдвэр тул С.Бгийн “ЭТТ” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх4-7/

3.2. “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх8-9/

3.3. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаар С.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх10-11/

3.4.2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /хх12-14/

3.5.Иргэний үнэмлэхийн хуулбар /хх15/

3.6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх12/

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.”ЭТТ” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх29-36/

4.2.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар 26-ны өдрийн 385 дугаар “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх37/

4.3. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаар С.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /хх38-39/

4.4. “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай тогтоол, журам /хх40-52/

4.5. “ЭТТ” ХК-ийн Төлөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон Ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт /хх53-59/

4.6. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/288 дугаартай Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал /хх60-62/

4.7. “ЭТТ” ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ /хх62-70/

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах баримтыг бүрдүүлэв. Үүнд:  

5.1. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, журам

5.2. “ЭТТ” ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ

5.3.2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай Дотоод албан бичиг

5.4.”ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоол

5.5.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/682 дугаартай албан бичиг, хавсралт

5.6.”ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай тэмдэглэл,

5.7.”ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн ажлын албаны 2021 оны болон 2022 оны үйл ажиллагааны жилийн тайлан

5.8. “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/84 дугаартай тушаал

5.9.С.Бгийн цалин хөлсний лавлагаа

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Тэрээр “хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг огт үндэслээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд огт хамааралгүй хэм хэмжээнүүд буюу Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хууль, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Компанийн дүрмийн 9.5.5, 9.5.11, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус үндэслэл болгосон. Намайг ажлаас халсаны дараа бүтэц, орон тоогоо өөрчилсөн тушаал гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгтэй ТУЗ-ийн ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүрэг нь давхцалтай байсан тул дээрх тогтоолын хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга С.Бг ажлаас нь чөлөөлж, шийдвэрлэсэн.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.”ЭТТ” ХК нь С.Бтэй 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллуулж, 5,000,000 төгрөгийн цалинтай, хоол унааны мөнгө өдөрт 15,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх 12-14/

 

4.2.”ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1. дэх заалт, Компанийн дүрмийн 9.5.5., 9.5.11., “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2.6.5 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар гэх үндэслэлээр С.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ. /хх10, 38/

 

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь Б/1503 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “ЭТТ” ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба уг комиссын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд “Талууд ...харилцан тохиролцоогүй” гэж,

улмаар Чингэлтэй дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаныг тус гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тэмдэглэлээр “харилцан тохиролцоогүй” гэх үндэслэлээр маргааныг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх3 дугаар хуудасны ар тал, 4-9/

Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

4.4. Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар Монгол Улсын Засгийн газар нь нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхтэй байна.

Монгол улсын Засгийн газар нь дээрх эрхийнхээ хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж тус компанид 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн компанийн үндсэн үйл ажилллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г-ыг томилон ажиллуулж, түүнд онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгажээ. /хх-ийн 37/

4.5.”ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.6-д Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг тусгасан байх ба 2.6.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, хурлын зар болон хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, гарах шийдвэрийн төсөл, танилцуулга бусад бичиг баримтуудыг цаг тухайд нь тараах, хүргүүлэх, хурлын ирцийн бүртгэл хөтлөх,

2.6.2.ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг Компанийн тухай хуулийн 80.11-т заасны дагуу хөтлөх, тэмдэглэлийн үнэн зөвийг хангах, тэмдэглэлийг компанийн дотоод дүрэмд заасны дагуу цаасаар болон цахим хэлбэрээр хадгалах, архивлах,

2.6.3.ТУЗ-ийн хурлын шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хадгалах, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, ТУЗ-ийн даргад мэдэгдэх,

2.6.4.Хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах,

2.6.5.ТУЗ-ийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах, ТУЗ-ийн ажлын албыг ахлах,

2.6.6.Компанийн засаглалын бодлого боловсруулахад оролцох, хэрэгжилтэд хяналт тавих

2.6.7.ТУЗ-ийн гишүүдтэй харилцах, компанийн дүрэм, энэ журам, эдгээртэй нийцүүлэн баталсан бусад дотоод дүрэмд заасан хэмжээнд ТУЗ-ийн гишүүдийг мэдээллээр хангах зэрэг үүргийг хүлээхээр зохицуулсан байна. /хх 40-52/

Харин Ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод “ТУЗ-ийн үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын бэлтгэлийг хангаж, холбогдох бичиг баримтыг боловсруулах, Компанийн засаглалын бодлого боловсруулахад оролцох, сайн засаглалын практикийг хэвшүүлэх, үйл явцыг удирдан чиглүүлэх арга хэмжээ авах, ТУЗ болон түүний хоорондын үйл ажиллагааг зохион байгуулах, албаны дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцсан нэгжийн эрхлэх ажлын хүрээнд эрсдлийг тодорхойлох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад компанийн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах” гэж, 

 

ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхололтод “ТУЗ болон түүний хороодын хурлын бэлтгэл ажлыг хангах, хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулах, ТУЗ-ийн хурлын шийдвэрийг батлуулах, хяналт тавих, шийдвэрийн биелэлт, явцын талаар ТУЗ-ийн дарга, гишүүдийг мэдээллээр хангах, Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах, ТУЗ-ийн ажлын албыг ахлах, удирдлага зохион байгуулалтаар хангах, ТУЗ-ийн нууцын асуудлыг хариуцах, хариуцсан нэгжийн эрхлэх ажлын хүрээнд эрсдлийг тодорхойлох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад компанийн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах” гэж ажлын байрны зорилт, гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлсон байна. /хх 53-59/

 

Дээрхээс үзэхэд Ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүрэг нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарч байх тул хариуцагч талын энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилох, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Бг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

 

4.6.Нэхэмжлэгч талаас тушаал гаргасны дараа бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн нь үндэслэлгүй гэх боловч түүнийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл нь “компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар” гэсэн байх тул ажлаас чөлөөлөхөөс өмнө бүтэц, орон тоогоо шинэчлэх байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн Засгийн газарт эрх олгох тухай хууль хэрэглэх ёсгүй, уг хуулийг баталсан субьект нь байхгүй, Бүрэн эрхт төлөөлөгч гэх нэршил байхгүй, Үндсэн хуульд нийцээгүй, эхлээд Хөдөлмөрийн тухай хууль, дараа нь бусад хуулийг баримтлах байсан гэх мэт агуулга бүхий тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй байна. Учир нь, дээрх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хуулиар шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй, онцгой дэглэм тогтоож, хяналтдаа авах эрхийг Засгийн газарт олгосон, үүний дагуу Бүрэн эрхт төлөөлөгч томилсон, тэрээр өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргасан байна гэж дүгнэв.     

 

Иймд ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.Бгийн “ЭТТ” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “ЭТТ” ХК-д холбогдох тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ