Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01945

 

 

 

 

 

 

 

 2023          11            06                                         210/МА2023/01945

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/02323 дугаар шийдвэртэй,

С.Б-гийн нэхэмжлэлтэй, “Э” ХК-д холбогдох,

“Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие “Э” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга ажлын байранд ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай хандан, алдаа зөрчилгүй ажиллаж байсан бөгөөд анх 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэргэжилтнээр ажилд орсон цагаас хойш ахлах мэргэжилтэн, албаны даргаар шатлан дэвшиж 8 дахь жилдээ ажилласан.

1.2. Бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаартай тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг тушаалыг танилцуулсан. Дээрх тушаал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлийг тус тус баримтлаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой.

Гэтэл тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралгүй хэм хэмжээнүүд буюу Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хууль, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Компанийн дүрмийн 9.5.5, 9.5.11, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.

1.3. Дээрх тушаалд заасны дагуу компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасныг баримталж, уг хуулийн 80.4-т заасны дагуу ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, мөн хуулийн 82.1.3-т заасны дагуу гурав буюу түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцон олгох ёстой байсан боловч хуулийг хэрэгжүүлэхгүйгээр тодорхой бус байдлаар ажлаас чөлөөлсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.1, 80.4, 82.1.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 5.18 дахь хэсэг, “Э” ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЭТТ-2018/140 дугаартай хамтын гэрээний 8.17 дахь хэсгийг тус тус зөрчиж, уг тушаалыг гаргажээ.

1.4. Бид хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд хуралдаж тэмдэглэл гаргасан, улмаар миний бие 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг хороо хуралдаж, тэмдэглэл гарсан тул хуульд заасан журмын дагуу шүүхэд хандсан. Иймд “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

2.2. Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, “Э” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.6.5-д ТУЗ-ийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх, чиг үүргийг нарийвчлан тодорхой тусгасан байна. Дээрх тодорхой хуулийн зохицуулалтууд байхад ТУЗ-ийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцуулан ТУЗ-ийн ажлын албаны дарга гэх нэршил бүхий албан тушаал, ажлын байрыг бий болгосон. Иймд ТУЗ-ийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгтэй ТУЗ-ийн ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүрэг нь давхцалтай байсан тул дээрх тогтоолын хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгажкомпанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга С.Б-г ажлаас нь чөлөөлж, шийдвэрлэсэн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд гаргасан шийдвэр тул С.Б-гийн “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “Э” ХК-д холбогдох тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай С.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-д харин ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод ... гэж, ... дээрхээс үзэхэд ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүрэг нь нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарч байна...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт гэх баталгаажилтгүй, хэрэгт байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хагас дутуу баримтанд үндэслэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

4.2. Компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн мөртлөө компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь баримт хэрэгт авагдаагүй, миний ажлын байрны орон тоог 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/84 тушаалаар хасаж буюу 3 сараар хоцорч баталсан байх тул намайг үндэслэл, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. Угтаа бол “Э” ХК-ийн дүрмийн 8.6.3-т компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох гэж заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох тогтоол гарч, түүнийг үндэслэн мөн дүрмийн 9.5.5-д ТУЗ-өөс баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах гэж заасны дагуу гүйцэтгэх захирал холбогдох тушаал гаргаж, түүний үндсэн дээр Компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх байсан.

Энэ тохиолдолд ажилтанд хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдлээ өгч, ажлаас халагдсаны тэтгэмж олгох хуулийн зохицуулалтыг бас мөрдөөгүй. С.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хууль болон уг хуулийн 80.1-д заасан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхойлон заагаагүй. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн  тайлбарын агуулга:

Манай байгууллагад Засгийн газрын 385 дугаар тогтоолоор онцгой дэглэм тогтоосон. Уг дэглэмийн хугацаанд 385 дугаар тогтоолын 2.1-т зааснаар компанийн зохион байгуулалтын бүтцийг оновчтойгоор тогтоох чиглэлийг өгсөн. Тухайн чиглэлийн хүрээнд маргаан бүхий 1503 дугаартай тушаалыг гаргасан. Онцгой дэглэмийн харилцаанд хэрэглэгдэх хууль тогтоомжийг хэрэглэж, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 4.5-т ажлын байрны тодорхойлолтыг хамааралтай гэж дүгнэсэн боловч дутуу байна гэж үзсэн. Тухайн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөхдөө С.Б-гийн хувийн хэрэгт авагдсан материалуудыг гаргаж өгсөн. С.Б-гийн хувийн хэрэгт авагдсан материалуудыг дутуу гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс үзлэг хийлгэж, бэхжүүлэн авах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг баримталсан мэт тайлбарласан байдаг. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2.1.6-т заасныг үнэлсэн байдаг. Тухайн журамд ажлын албыг нарийн бичгийн дарга ахлан ажиллахыг тодорхой зааж өгсөн. Мөн компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд нарийн бичгийн дарга нарын чиг үүргийг зохицуулсан. Уг зохицуулалтаар ажлын албаны дарга болон нарийн бичгийн даргын чиг үүрэг давхцаж байсан учраас манай зүгээс нарийн бичгийн даргыг Компанийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн. Мөн тухайн орон тоог арилгах үндэслэлээр С.Б-г ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

                                         

2. Нэхэмжлэгч  С.Б нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3.1. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Компанийн дүрмийн 9.5.5, 9.5.11, “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 2.6.5 дахь заалтыг тус тус үндэслэн Засгийн газраас “Э” ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга С.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 10/

 

3.2. 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосон гэж заасныг үндэслэн Монголын улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоол гаргажээ. /хх-ийн 37/

 

3.3. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн Монголын улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоол гаргаж уг тогтоолоор “Э” ХК-д 6 сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-ыг томилсон байна.

 

3.4. Мөн тогтоолын 3.1 дэх заалтаар “Э” ХК-ийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-ад олгосон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн, уг хуулийн агуулгад нийцээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

3.5. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга С.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Монголын улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоолыг үндэслэн өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүх Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүрэг нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарч байна гэж дүгнэн, “Э” ХК-д холбогдох, “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1503 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн “орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан, аж ахуйн нэгж татан буугдсан бол 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй, хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, нотлох баримтыг шүүх дутуу үнэлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд энэ хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч компанид нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр онцгой дэглэм тогтоосон байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/02323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг

эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                     ШҮҮГЧИД                                     Э.ЭНЭБИШ

 

                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ