Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182/шш2023/02363

 

 

 

 

 

 

 

   2023          08        24                                            182/ШШ2023/02363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, 424 дүгээр байр, 77 тоотод оршин суух, Олгонууд овогт Б.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвд байрлах, “ЭТТ” ХК /РД:5435528/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “ЭТТ” ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшууллуудтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

1.1. Нэхэмжлэгч Б.Э миний бие “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан бөгөөд тус комиссын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Т-23/16 дугаар тэмдэглэлээр маргаан таслах арга хэмжээг дуусгавар болгосныг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

1.2.Миний бие “ЭТТ” ХК-д 2013 оноос 2017 он хүртэл ХААБ-ын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оноос Цанхийн баруун уурхайн ашиглалтын инженерээр, 2022 оноос Ашиглалт хариуцсан инженерээр мөн дэвшин ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй билээ.

Гэтэл “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн намайг Салбарын Үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Ийнхүү цуцалсан үндэслэлээ уг тушаалд “эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан” гэх үндэслэлийг дурдсан байна.

Миний бие ямар зөрчил гаргаж, хэрхэн “эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан” болохоо өөрөө ч мэдэхгүй байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн байдлаар надаас тайлбар, мэдээлэл огт аваагүйгээр намайг ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний бие үүрэг ажлаа хэвийн гүйцэтгэж байхад Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.М дуудаж уулзаад дээрх тушаалыг шууд танилцуулаад, хувийн эд зүйлээ аваад ажлын байрнаас гарахыг шаардсан. Би ямар шалтгаанаар ажлаас халж байгаа талаар асуусан боловч энэ талаар огт тайлбар хийгээгүйгээр намайг ажлаас халсан нь хуулийг ноцтой зөрчиж, миний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна.

Намайг ажлаас халсан дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг огт дурдаагүй байгаа нь мөн хууль бус бөгөөд ойлгомжгүй байна.

1.3.Миний бие 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төв оффис дээрээс уг тушаалыг албан ёсоор гардан авсан бөгөөд ямар нэгэн үндэслэл мөн л огт тайлбарлаагүй бөгөөд Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээний хувийг авахыг хүссэн боловч хайж олоод өгнө гэж хэлээд Ашиглалтын инженерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг гарган өгсөн болно.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан “ЭТТ” ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албанд тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалуудтай тэнцэх хэмжээний олговорыг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д 6 сарын хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон билээ.

“ЭТТ” ХК-д тогтоосон онцгой дэглэм нь Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан болно. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 заалтын хүрээнд Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх...”-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, эрх олгосны дагуу дээрх хууль, тогтоомжийг үндэслэн “Б.Эийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 2023.03.09-ний өдрийн Б/109 тоот тушаалыг гаргасан болно.

2.2. Компанид томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 385 тоот тогтоолоор компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нэхэмжлэгч Б.Эийн талаар хамт ажиллагсад болоод бусад туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудаас удаа дараа өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас дүгнэлт гарсан.

Мөн өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүргийн байдлаа ашиглан уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээтэй ажилладаг компаниудад дарамт шахалт үзүүлж эхнэр болон төрсөн дүү нарыг ажилд оруулсан. Түүнчлэн зусландаа цахилгаан татуулах, зам засуулах ажлыг хийлгүүлсэн зэрэг мэдээлэл байсан тул Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолоор авч хэрэгжүүлэхийг даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн болно.

 Иймд Б.Эийн “ЭТТ” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/

3.2. Б.Эийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх4/

3.3. “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/109 тоот тушаал /хх5/

3.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх6/

3.5.2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх7-9/

3.6.Ашиглатын инженерийн ажлын байрны тодорхойлолт /хх10-13/

3.7.”ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Т-23/16 дугаар тэмдэглэл /хх14/

3.8.Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар хуралдааны тэмдэглэл /хх85-8/

3.9.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00700 дугаар Нхэмэжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх89-90/

3.10.Б.Эийн Голомт банкны дансны хуулга /хх91-92/

3.11.2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ1505169940 дугаар Зээл болон барьцааны гэрээ /хх93-94/

3.12.Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх95-96/

3.13.2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ /хх97-99/

3.14.Гран-При арьс, харшлын өвчний эмнэлэгийн шинжилгээний хуулбар /хх100-101/

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.”ЭТТ” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх25/

4.2.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар 26-ны өдрийн 385 дугаар “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх26/

4.3. Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоол /хх27/

4.4. “ЭТТ” ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын дүгнэлт /хх28-30/

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах баримтыг бүрдүүлэв. Үүнд:  

5.1. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/598 дугаартай “Дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай тушаал, журам /хх51-54/

5.2. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/315 тоот Б.Эийг ажилд томилох тухай тушаал /хх55/

5.3. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, журам /хх57-65/

5.4. “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/226 дугаар Дүрэм журам бүрэлдэхүүн батлах тухай тушаал, журам, дүрэм /хх66-69/

5.5.Б.Н, Б.Э, Г.Ж, Ч нарын гаргасан өргөдөл, ”ЭТТ” ХК-ийн захиргаанд хүргүүлсэн гомдол /хх70-77/

5.6.”ЭТТ” ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/1394 тоот албан бичиг /хх105/

5.7.”ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар тушаал, удирдамж /хх106-107/

5.8.”ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/453 дугаар Ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай тушаал, дүрэм /хх108-110/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Б.Э нь “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Б/109 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлээ уг тушаалд “эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан” гэх үндэслэлийг дурдсан байна. Миний бие ямар зөрчил гаргаж, хэрхэн “эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан” болохоо өөрөө ч мэдэхгүй байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн байдлаар надаас тайлбар, мэдээлэл огт аваагүйгээр намайг ажлаас халсан нь үндэслэлгүй.

Дээрх хууль зүйн үндэслэл болж байгаа Засгийн газрын тогтоол, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т үйлдвэрийн газар, зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох үүргийг онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосон. Тусгайлан олгосон эрх хэмжээ нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтооно гэж заасан. Томилохоос бусад харилцаа нийтлэг баримтлах хууль тогтоомжийг орхигдуулж болохгүй гэж хуулийн агуулгаар тодорхой зааж өгсөн байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд Б.Эийн талаарх өргөдөл гомдлыг шалгасан дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтийг үндэслэн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. ”ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/315 дугаартай тушаалаар Б.Эийг Салбарын Уулын хэлтсийн Ашиглалтын албанд ашиглалт хариуцсан инженерээр томилж, “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. /хх55, 5/

 

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, “ЭТТ” ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба уг комиссын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд “харилцан тохиролцоогүй” гэх үндэслэлээр маргааныг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх2 дугаар хуудасны ар тал, 14/

 

Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэв.

 

4.3. “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар Б.Эийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1., 3.2. дахь заалтыг үндэслэсэн байна.

 

Хариуцагч талаас хариу тайлбартаа “Б.Эийн талаар хамт ажиллагсад болоод бусад туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудаас удаа дараа өргөдөл гомдол ирсэн ба дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас дүгнэлт гарсан,  өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүргийн байдлаа ашиглан уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээтэй ажилладаг компаниудад дарамт шахалт үзүүлж эхнэр болон төрсөн дүү нарыг ажилд оруулсан, зусландаа цахилгаан татуулах, зам засуулах ажлыг хийлгүүлсэн” зэрэг мэдээллийн дагуу 385 дугаар тогтоолын “шаардлагатай бол холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх” гэснийг үндэслэн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоож, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийн дагуу хэрэгжүүлсэн гэж тайлбарласан.

Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтэд “Б.Э нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулж байсан, бусдыг хэл амаар доромжлох, ажлын байранд зүй бус үйлдэл гаргах зэрэг ёс зүйн зөрчил нь давтагдсаар байгааг “ЭТТ” ХК-ийн болон гэрээт туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудын ирүүлсэн өргөдөл, гомдлоор нотлогдож байна. Мөн гэрээт туслан гүйцэтгэгч компанийн удирдлага, ажилтантай албан бус харилцаа тогтоож, өөртөө давуу байдал бий болгосон, бусдад дарамт үзүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж өөрийн эрхэлсэн ажил албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан” гэжээ.

 

Дээрх дүгнэлтээс үзэхэд Б.Э нь “Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын дүгнэлт, Б/109 дугаартай тушаалын үндэслэл нь агуулгын хувьд өөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зүйл байхгүй гэж тайлбарласан.     

 

4.4. Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэжээ.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар Монгол Улсын Засгийн газар нь нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхтэй байна.

 

Монгол улсын Засгийн газар нь дээрх эрхийнхээ хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, тус компанид 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн компанийн үндсэн үйл ажилллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон ажиллуулж, түүнд онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгажээ. /хх-ийн 26/

Улмаар Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан байна. /хх 27/

 

4.5.Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох” гэж зааж,  

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-т “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг”,

 

3.2-т “Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-д даалгажээ.”

 

Дээрхээс үзэхэд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн холбогдох заалт нь удирдах ажилтныг томилох заалт байх ба Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх, “шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх” гэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Эийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж ажлаас чөлөөлсөн нь хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй харилцан уялдаагүй байна гэж үзлээ.

Иймд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Эийг “ЭТТ” ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

4.6.ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан бөгөөд шүүх уг тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэж, Б.Эийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон, ингэснээр тушаал цаашид үйлчлэхгүй тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

4.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан ба Б.Эийн ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 29 хоногийн хугацаагаар ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход 1 сард 17,356,366 төгрөг х 4 сар = 69,425,465 /1 сарын дундаж цалинг тооцохдоо сүүлийн 3 сарын цалин (28,704,504.46+11,659,054.99+11,705,542.52):3сар/, 29 хоног х 826,493 төгрөг = 23,968,297 төгрөг, нийт 93,393,762 төгрөгийг хариуцагч “ЭТТ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй.

 

4.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгч Б.Эийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

5. Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагад ногдох 624,918 төгрөг, нийт 695,118 төгрөгийг "ЭТТ" ХК-иас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Б.Эийг “ЭТТ” ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 93,393,762 төгрөгийг хариуцагч “ЭТТ” ХК-иас гаргуулж, Б.Эөнд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Эийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, нөхөн төлөхийг хариуцагч “ЭТТ” ХК-д даалгасугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "ЭТТ" ХК-иас 695,118 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ