Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/шш2023/02473

 

 

 

 

 

 

 

   2023       09       05                                                182/ШШ2023/02473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, дугаар байр тоотод оршин суух, Х.Зийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо хаягтай, ХНХҮТ д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ХНХҮТийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай, Түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ХНХҮТ Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас хууль бус чөлөөлснийг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

1.1. Х.З нь 2016 онд төрийн албаны шалгалтад орж тэнцэн, анх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/49 тоот тушаалаар БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албанд Тэтгэврийн шимтгэл, орлого хамралт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

Төвийн нэршил “БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” гэж байснаа 2016 оны 11 сард “ХНХҮТ” болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус төвийн даргын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 16/30 тоот тушаалаар Х.Зийг Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого хариуцсан мэргэжилтнээр томилж, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн ХГ-16/20 тоот Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан.

 

ХНХҮТийн даргын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн А/07 тоот тушаалаар Х.Зд Албан журмын даатгалын сангийн ажлыг давхар хариуцан ажиллуулах тушаал гаргаж, 2017 оны 12 сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тус төвийн зохион байгуулалтын бүтэц, дүрмийг ХНХСайдын 2018 оны А/238 тоот тушаалаар баталсантай холбогдуулан ХНХҮТийн даргын 2018 оны 11 сарын 01-ний өдрийн Б/33 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 2-т Х.Зийг Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр томилж, 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай 11 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Мөн тушаалаар түүний цалингийн шатлал, үндсэн цалин, хоол унааны нэмэгдлийг тус тус баталсан.

Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 сарын 01-ний өдөр дахин сунгаж 1 жилийн хугацаатай 02 дугаартай гэрээг мөн байгуулсан ба 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл үүрэгт ажлаа тасралтгүй гүйцэтгэсэн. Гэтэл тус төвийн дарга Д.Баярмандах нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийлгүй, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр, зөвхөн тус төвийн дүрэмд заасныг үндэслэн 2022 оны 03 сарын 31-ний өдөр Б/02 тоот тушаалаар Х.Зийн Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгон Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсүгэй гэж чөлөөлсөн. Ингэхдээ ямар ажилд шилжүүлэх нь тодорхойгүйгээр Монгол дахь нийгмийн хамгааллын салбарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү тушаал нь Х.Зийн хөдөлмөрийн харилцааг цуцлах дуусгавар болгох эхлэл болсон учраас энэхүү шийдвэрийг хууль бус болох, түүний үр дагавар болсон түр томилсон хугацааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн 2022 оны Б/14 тоот тушаал хууль бус болох нь тогтоогдох юм. 

1.2. Х.З төрийн хариуцлагатай алба ажил болох нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан тул түүний ажлыг тухайн үед хүлээн авах ажилтан байгаагүй учир дарга Д.Б дуудаж Х.Зийг үргэлжүүлэн ажиллуулсан. Х.Зийг үргэлжлүүлэн ажиллуулахдаа заавал “түр ажиллуулж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдөл гараар бичиж өгөхийг байгууллагын дарга нь шаардаж авсан байдаг. Байгууллагын дарга хугацаатай түр ажиллуулах талаар тохиролцож гэрээ байгуулаагүй. Үргэлжлүүлэн ажиллаж бай гэсэн учраас ажлын байран дээрээ өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр буюу цалин хөлсөө хэвээр, үүрэгт ажлаа хэвийн хэрэгжүүлэн ажиллаж байсан. Ийнхүү ажиллуулснаас хойш Х.Зд 40 хоногийн дараа 2022 оны 05 сарын 10-ны өдөр түүнийг 3 сарын хугацаатай томилсон тухай Б-11 тоот тушаалыг Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Д өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин Х.Зийн ажлын байрыг түр ажлын байр, өөрийнхөө хүсэлтээр түр ажиллах өргөдөл өгсөн гэж хугацаатай томилсон байсан. Угтаа бол Х.Зийн ажлын байр түр ажлын байр биш бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтэн бол тухайн байгууллагын хамгийн чухал хариуцлагатай нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хариуцдаг ажлын байр байсан. Байгууллагын дарга албан шахалтаар “түр хугацаагаар ажиллуулж өгнө үү” гэж хууль зөрчин бичүүлж авсан өргөдлийг өөрийн хүсэл зоригоор бичсэн өргөдөл гэж үзэхгүй.

Иймээс Х.Зтэй 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулахыг шаардсан ч Х.З түр ажлын байр биш, өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг өргөдөл бичүүлж авсан учраас хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзсан байдаг.

1.3. Х.Зийн ажлыг 2022 оны 06 сарын 30-ны өдөр Ц.Э гэх ажилтанд хүлээлцүүлэхдээ Х.Зийг чөлөөлөх тушаалыг гаргахгүй гэж хэлсэн учир тушаалгүй ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Б-14 тоот тушаалыг ажлаа хүлээлгэн өгсний дараа 2022 оны 07 сарын 06-ны өдөр цахим шуудангаар илгээсэн байсан ба тушаалын эх хувийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр X Золгэрэл гардан авсан.

Чөлөөлөх, ажил хүлээлцүүлэх тушаалгүй хирнээ Ц.Э гэх ажилтан Монголоос чиний ажлыг авахаар томилогдон ирсэн гэж хэлээд ажлыг хүлээлцүүлсэн ба үнэн хэрэгтээ НХХЯамнаас Ц.Э нь Х.Зийн ажлын байранд биш Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ирсэн байдаг. Ийнхүү Х.Зийн ажлыг хууль бусаар авч, хөдөлмөрийн харилцааг хуүль зүйн үндэслэлгүйгээр ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэж үзэхээр байгаа юм.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.4, 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг тус тус ажил олгогч зөрчин Х.Зийг хууль бусаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна. Иймээс түүнийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлгүй юм.

1.4. Х.Зийн хувьд тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангасан, 2018 онд Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр, 2017 онд Эрүүл мэнд нийгмийн даатгалын хүндэт ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, Улаанбаатар дээд сургуулийг Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр дүүргэж, БНСУ-ын Soongsil university их сургуульд эдийн засгийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан, Солонгос хэлний өндөр түвшний мэдлэгтэй нийгмийн хамгааллын салбарт 6 дахь жилдээ ажиллаж байсан мэргэшсэн төрийн албан хаагч юм.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ХНХҮТ даргын “Цалин шинэчлэн тогтоох тухай” 2022 оны 01 сарын 02-ны өдрийн А/04 тоот тушаалаар цалин шинэчлэн тогтоогдсоныг дурьдаж байна.

1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гомдлоо гаргахад Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 1/498 тоотоор хариу ирж, шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүл гэсэн хариу гарсан.

Иймээс Хашбатын Золгэрэлийг ХНХҮТ Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас хууль бус чөлөелснийг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шилжүүлэн ажиллах тухай Б/02 тоот тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түр томилон ажиллуулах тухай Б/11 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ХНХҮТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2.1. ХНХҮТнь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгуулага бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаар тушаалаар баталсан “ХНХҮТийн дүрэм”-ийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дүрэмд нэмэлт, өөрслөлт оруулах тухай“ А/173 тоот тушаал гарч, яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/3435 тоотоор “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/173 тоот тушаалыг төвийн албан хаагчдад танилцуулж, тушаалыг хэрэгжүүлж ажиллах тухай” албан бичгийг ирүүлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/173 тоот тушаалаар “ХНХҮТдүрэм”-д дараах агуулгатай "... 3.2.1 Төвийн ажилтныг томилохдоо хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын албан хаагчдаас төвд сэлгүүлэн ажиллуулах зарчмыг баримтална.”, 3.2.2-т “Төвийн ажилтныг томилоход мэргэшил, боловсрол, ажлын гүйцэтгэл болон ажилласан хугацааг нь харгалзана.”, 3.2.3–т “Төвд томилогдон ажиллах хугацаа 2 жил байх бөгөөд анх томилох тушаал гарч, тухайн албан тушаалын байранд ажилласан өдрөөс эхлэн тооцно. Томилолтын хугацаа дуусахад анх сэлгэн томилсон байгууллагын өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох эсхүл мэргэжлийн дагуу ажлын байраар хангана.” гэж тус тус нэмэлт оруулан баталсан.

Энэхүү дүрмийн өөрчлөлтийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дараах албан бичиг ирж, ХНХҮТзүгээс холбогдох хууль, дүрмийн дагуу албан хаагчдад сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгдсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/308 тоот албан бичигт “...төвд дөрвөөс дээш жил ажилласан албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, дахин сунгахгүй байх үндэслэл бий болсон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зуйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үргэлжлүүлэн ажиллах саналтай албан хаагчдын саналыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү. ” гэсний дагуу манай байгууллага нэр бүхий албан хаагчдад уг мэдэгдлийг танилцуулж, сонсох ажиллагаа хийн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт үргэлжлүүлэн ажиллах саналыг авсан.

Улмаар ХНХҮТийн даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” 1/07 тоот албан бичгээр дээрх мэдэгдэлтэй танилцаж, санал өгч гарын үсэг зурсан албан хаагчдын нэрсийн жагсаалтыг яаманд хүргүүлсэн. Х.З нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/308 тоот албан бичиг мэдэгдэлтэй танилцаж, “Монгол Улсад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллахгүй.” гэж санал өгч гарын үсэг зурсан.

2.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/738 тоот албан бичигт “...Дүрмийн З.2.1 Төвийн ажилтныг томилохдоо хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын албан хаагчдаас төвд сэлгүүлэн ажиллуулах зарчмыг баримтлана.”, “З.2.3 Төвд томилогдон ажиллах хугацаа 2 жил байх бөгөөд анх томилох тушаал гарч, тухайн албан тушаалын байранд ажилласан өдрөөс эхлэн тооцно. Томилолтын хугацаа дуусахад анх сэлгэн томилсон байгууллагын өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох эсхүл  мэргэжлийн дагуу ажлын байраар хангана.” гэж тус тус заасан. Танай байгууллагаас авсан судалгааны дагуу хавсралтад нэр дурдсан төвд дөрвөөс дээш жил ажилласан албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, дүрэмд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан хаагчдыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шилжүүлнэ үү.” гэж дурдаад яамнаас “ХНХҮТдүрэм”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсан.

Дээрх дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг төвийн дарга 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төвийн нийт ажилчдад танилцуулж, төвд дөрвөөс дээш жил ажилласан албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасны дагуу “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт болсон цахим хурлаар хийсэн.

2.3.ХНХҮТдаргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/02 тоот тушаалаар Хашбатын Золгэрэлийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсэн.

Хашбатын Золгэрэл 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Үргэлжлүүлэн түр ажиллах тухай” өргөдөл төвийн даргад бичгээр гаргасан. Тус өргөдлийг үндэслэн Төвийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдийн “Түр томилон ажиллуулах тухай” Б/11 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын шимтгэл орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд 3 сарын хугацаатай түр томилсон. Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэн төвийн дарга гарын үсэг зуран албажуулсан боловч Х.З гарын үсэг зурахгүй байсаар гэрээний хугацааг дуусгасан.

Түр ажиллах 3 сарын хугацаа дуусгавар болсон тул ХНХҮТдаргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дугаар тушаалаар Хашбатын Золгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.4.Төвийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/02 тоот тушаалаар Хашбатын Золгэрэлийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлэх тушаалыг өөрт нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төвийн байранд гардуулан өгсөн. Тушаал гардуулахад төвийн дарга Д.Баярмандах, дотоод хяналт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Алтанбагана оролцож, төвийн бусад мэргэжилтнүүд байлцан тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуран баталгаажуулсан болно.

Иймд Х.Зийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7-8/

3.2.Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас /хх9/

3.3.Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/49 дугаар “Х.Зийг ажилд томилох тухай” тушаал /хх10/

3.4.ХНХҮТдаргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/30 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал /хх11/

3.5. ХНХҮТдаргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар “Ажил хариуцуулах тухай” тушаал /хх12/

3.6. ХНХҮТдаргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, хавсралт /хх13-14/

3.7. ХНХҮТдаргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх15/

3.8. ХНХҮТдаргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаар “Түр томилон ажиллуулах тухай” тушаал, хавсралт /хх16-17/

3.9. ХНХҮТдаргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх18/

3.10. №02 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх19-22/

3.11. №11 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх23-26/

3.12. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх27-29/

3.13. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХГ-16/20 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх30-32/

3.14.Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/498 дугаар албан бичиг /хх33/

3.15.Цалингийн тооцооллын хүснэгт /хх34-35/

3.16.ХНХҮТийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх36-38/

3.17.Х.Зийн дипломын хуулбар, шагнал /хх39-44/

3.18.Ажилчин, албан хаагчдын хэрэглэж буй эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх45-47/

3.19. ХНХҮТдаргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/04 дугаар “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралт /хх48-49/

3.20.Цахим харилцан зурвас /хх153-154/

3.21. Дансны хуулга /хх2хх5-9/

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаар “ХНХҮТ”-ийн зохион байгуулалтын бүтэц, дүрэм батлах тухай тушаал, хавсралт /хх87-92/

4.2. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/3435 дугаар албан бичиг /хх93/

4.3. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/173 дугаар Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал /хх94/

4.4. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3/308 дугаар албан бичиг /хх95/

4.5. ХНХҮТ2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/07 дугаар албан бичиг, хавсралт /хх96-97/

4.6. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/738 дугаар албан бичиг /хх98/

4.7. ХНХҮТдаргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх99/

4.8.Х.Зийн гаргасан өргөдөл /хх100/

4.9. ХНХҮТдаргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаар Түр томилон ажиллуулах тухай тушаал /хх101/

4.10. №11 Хөдөлмөрийн гэрээ /хх102-105/

4.11. ХНХҮТдаргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх106/

4.12. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХНХҮТийн мэргэжилтэн Х.Зд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг гардуулсан тэмдэглэл /2хх43-44/

 

5. Зохигчийн хүсэлтээр шүүх дараах баримтыг бүрдүүлэв. Үүнд:  

5.1. ХНХҮТдаргын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/04 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт /хх114-115/

5.2.Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 Төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилох тухай тушаал /хх209/

5.3. Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөрийн А/81 дугаар Цалин тогтоох нэгж, итгэлцүүр батлах тухай тушаал, хавсралт /хх210-212, 2хх12-13/

5.4.Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт /хх213-214/

5.5.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар Төрийн захиргааны албан тушааын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тушаал /хх215-216/

5.6. Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/49 дугаар Х.Зийг ажилд томилох тухай тушаал /хх217/

5.7.Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 760 дугаар албан бичиг /аа219-220/

5.8. Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар Төрийн захиргааны албан тушаалд томилох тухай тушаал, хавсралт /хх221-222/

5.9. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/81 дугаар Цалин тогтоох нэгж, итгэлцүүр батлах тухай тушаал, хавсралт /хх223-224/

5.10.Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 03 дугаар сарын 07-ны дөрийн А/88 дугаар Цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /2хх14-15/

5.11. Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/225 дугаар Цалингийн хэмжээг шинэчлэх тухай тушаал, хавсралт /2хх16-17/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Зийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Х.З нь төвийн дарга Д.Баярмандах нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийлгүй, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр, зөвхөн тус төвийн дүрэмд заасныг үндэслэн 2022 оны 03 сарын 31-ний өдөр Б/02 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсүгэй гэж чөлөөлсөн бөгөөд   ямар ажилд шилжүүлэх нь тодорхойгүй шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин Х.Зийн ажлын байрыг түр ажлын байр, өөрийнхөө хүсэлтээр түр ажиллах өргөдөл өгсөн гэж хугацаатай томилсон нь үндэслэлгүй. Байгууллагын даргын албан шахалтаар “түр хугацаагаар ажиллуулж өгнө үү” гэж хууль зөрчин бичүүлж авсан өргөдлийг өөрийн хүсэл зоригоор бичсэн өргөдөл гэж үзэхгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь “Төвийн дүрмийн 3.2.3–т “Төвд томилогдон ажиллах хугацаа 2 жил байх, томилолтын хугацаа дуусахад анх сэлгэн томилсон байгууллагын өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох эсхүл мэргэжлийн дагуу ажлын байраар хангана.” гэсний дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас албан бичиг ирж, ХНХҮТзүгээс холбогдох хууль, дүрмийн дагуу албан хаагчдад сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгдсэн. Х.З нь “Монгол Улсад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллахгүй.” гэж санал өгч гарын үсэг зурсан.

Тус төвийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/02 тоот тушаалаар Х.Зийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсэн. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Үргэлжлүүлэн түр ажиллах тухай” өргөдөл төвийн даргад бичгээр гаргасан тул  2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Түр томилон ажиллуулах тухай” Б/11 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын шимтгэл орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд 3 сарын хугацаатай түр томилж, хугацаа дуусгавар болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр төрийн захиргааны албан хаагч тул харьяалал зөрчсөн гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар Х.Зийг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албанд Тэтгэврийн шимтгэл, орлого хамралт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилсон байх ба Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16/30 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийн орлого хариуцсан мэргэжилтнээр томилжээ. /хх10-11/

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөл, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр томилж, цалингийн шатлалыг ТЗ-6 шатлалаар сарын үндсэн цалинг БНСУ-д 1563 ам.доллар, Монгол Улсад 693,024 төгрөг, хоол унааны нэмэгдлийг тус тус тогтоосон байна. /хх 13-14/

Дээрх хугацаанд Х.Зтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ. /хх 19-32/

 

4.2. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар Х.Зийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болгон Монгол дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шилжүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Х.Зийг тус төвийн нийгмийн даатгалын тасагт нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилон 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

Мөн төвийн даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар “Х.Зийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр ирүүлсэн өргөдлийг үндэслэн, Б/11 тоот тушаалын түр томилон ажиллуулах хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх 15-16, 18/

 

4.3. Харьяаллын талаар:

ХНХҮТдүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1.-т зааснаар “Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр улсын холбогдох яамдын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага мөн” гэжээ. Үүнээс үзэхэд тус байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллага байна.

Хариуцагч талаас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтад зааснаар Хилийн чанад дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн нь Төрийн захиргааны ТЗ-6 ангилалд хамаарна, Х.З нь төрийн захиргааны албан тушаалд анх томилогдож байсан гэж тайлбарлаж, харьяаллын талаар маргаж байх боловч нэхэмжлэгч Х.Зийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан, түүнийг ажлаас чөлөөлөгдөхдөө Төрийн захиргааны албан хаагч байсан гэх баримт байхгүй байх тул иргэний хэргийн шүүх дээрх маргааны харьяалан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

4.4.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Х.З нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандсан боловч тус хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/498 дугаартай албан бичгээр “...одоогоор Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилоогүй” гэх хариуг өгчээ. /хх 33/

 

Ингээд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх5 дугаар хуудасны ар тал/

 

Уг тушаалын талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй гэж үзэв.

 

Харин Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалууд хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзлээ.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай тушаалын хувьд 30 хоногийн дотор, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалын хувьд 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад тус тус хандахыг хуульчилсан.

Нэхэмжлэгч Х.З нь тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа дээрх тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлдээ уг тушаалуудыг хавсаргасан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан байх тул дээрх хугацаанд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзнэ.

Иймд дээрх тушаалуудад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Б/02, Б/11 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.5. ХНХҮТ Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас хууль бус чөлөөлснийг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай Түр томилон ажиллуулах тухай тушаалд “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1, 48.3, 50 дугаар зүйлийн 50.1.5, 50.5, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчлгээний төвийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалт, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/225 тоот тушаал, өөрийнх нь өргөдлийг тус тус үндэслэн Х.Зийг тус төвийн нийгмийн даатгалын тасагт нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилон 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, ХНХҮТийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтыг үндэслэн түр томилон ажиллуулах хугацаа дуусгавар болсон үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна” гээд 50.1.5.-д “түр ажлын байранд ажиллуулах” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Х.Зийн ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний ажлын байр нь түр ажлын байр биш гэж тайлбарласан бөгөөд байнгын ажлын байранд түр ажлын байранд ажиллуулах гэх заалтыг баримтлан хугацаатай гэрээ байгуулсан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3.-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх заалтыг үндэслэн Х.Зийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн Б/14 дугаартай тушаал үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэгч Х.Зийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул өмнө эрхэлж байсан албан тушаалд буюу ХНХҮТ Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.6. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралт болох Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.3., 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан.

Хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаас нотлох баримтаар 2 өөр Цалингийн тооцооны хүснэгтийг /хх34, 212/ гаргаж өгсөн бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас хэргийн 34 дүгээр талд гаргаж өгсөн Цалингийн тооцооны хүснэгтийг түүний цалин хөлсийг хүлээн авсан дансны хуулгатай харьцуулан үзсэний үндсэн дээр дээрх баримт нь Х.Зийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний баримт байна гэж үзэж, дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно. Тодруулбал, Цалингийн тооцооны хүснэгтээр 2022 оны 04 дүгээр сард нийт 2,705,997 воны цалин олгохоос суутгалын дүнг хасаад урьдчилгаа 1,000,000 вон, гарт олгох 1,529,904 вон байх ба түүний дансны хуулгад 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,529,904 вон цалин агуулгаар орсон, 2022 оны 05 дугаар сард нийт 6,000,989 вон олгохоос урьдчилгаа 1,000,000, гарт олгох 4,721,934 вон бодогсоноос түүний дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,721,934 вон орсон, 2022 оны 06 дугаар сард нийт 3,057,245 вон бодогсоноос урьдчилгаа 1,000,000 вон, гарт олгох 1,872,115 вон бодогсоноос дансны хуулгаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,872,115 вон орсон байх тул  дээрх хоёр баримтаар цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.  /хх 34, 2-р хх 8/    

Нэхэмжлэгч нь Цалингийн тооцооны хүснэгтийн Үндсэн цалин хэсгийн төгрөгөөр цалин хөлсөө тооцож нэхэмжилсэн ба 2022 оны 04 дүгээр сард 5,825,343 төгрөг, 5 дугаар сард 5,929,064 төгрөг, 6 дугаар сард 5,941,186 төгрөгийн цалинтай байжээ. Үүнээс дундаж цалин хөлсийг тооцоход 1 өдөрт 280,882.4 төгрөг /5,825,343 +5,929,064+5,941,186 = 17,695,593 : ажлын 63 хоног = 280,882.4/

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 289 хоног байх ба 280,882.4 төгрөгөөр тооцоход Х.Зийн ажилгүй байсан хугацааны олговор 81,175,013.6 төгрөг болж байна.

Иймд 81,175,013.6 төгрөгийг хариуцагч ХНХҮТөөс гаргуулж, Х.Зд олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны итгэлцүүр батлах цалин тогтоох тогтоолыг үндэслэн итгэлцүүрээр цалин хөлсийг олгохоор заасан тул цалин хөлсийг үүгээр тооцох ёстой гэж маргаж байх боловч Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар дундаж цалин хөлсийг тодорхойлох журамтай тул хариуцагч талын дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

   

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгч Х.Зийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд ажилд эгүүлэн тогтоох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, дундаж цалин хөлс 81,175,013.6 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 563,825 төгрөг, нийт 634,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.   

 

6. Нэхэмжлэгч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х.Зийг ХНХҮТ Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 81,175,013.6 төгрөгийг хариуцагч ХНХҮТөөс гаргуулж, Х.Зд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т зааснаар ХНХҮТийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай, Түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай Х.Зийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Зийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, нөхөн төлөхийг хариуцагч ХНХҮТд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 лугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХНХҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 634,025 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ