Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02031

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02031

 

 

2023 11 22 210/МА2023/02031

 

Х.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02473 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНСУ, ХНХҮТ-д холбогдох,

БНСУ, ХНХҮТ-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/00- дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай, Түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, БНСУ, ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас хууль бус чөлөөлснийг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Х.З- нь анх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн Б/00- тоот тушаалаар БНСУ, ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын албанд Тэтгэврийн шимтгэл, орлого хамралт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 00/01- тоот тушаалаар Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого хариуцсан мэргэжилтнээр, 2017 оны 11 сарын 28-ны өдрийн А/00- тоот тушаалаар Х.З-д Албан журмын даатгалын сангийн ажлыг давхар хариуцан ажиллуулах тушаал гаргаж, 2017 оны 12 сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

1.2. Тус төвийн дарга Д.Б- нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийлгүй, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр, зөвхөн тус төвийн дүрэмд заасныг үндэслэн 2022 оны 03 сарын 31-ний өдөр Б/00- тоот тушаалаар Х.З-ийн Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгон Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсүгэй гэж чөлөөлсөн. Ингэхдээ ямар ажилд шилжүүлэх нь тодорхойгүйгээр Монгол дахь нийгмийн хамгааллын салбарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм.

1.3. Х.З- нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан тул түүний ажлыг тухайн үед хүлээн авах ажилтан байгаагүй учир дарга Д.Б- дуудаж Х.З-ийг үргэлжлүүлэн ажиллуулахдаа заавал түр ажиллуулж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гараар бичиж өгөхийг байгууллагын дарга нь шаардаж авсан. Байгууллагын дарга хугацаатай түр ажиллуулах талаар тохиролцож гэрээ байгуулаагүй. Ийнхүү ажиллуулснаас хойш Х.З-д 40 хоногийн дараа 2022 оны 05 сарын 10-ны өдөр түүнийг 3 сарын хугацаатай томилсон тухай Б-00- тоот тушаалыг Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин Х.З-ийн ажлын байрыг түр ажлын байр, өөрийнхөө хүсэлтээр түр ажиллах өргөдөл өгсөн гэж хугацаатай томилсон байсан. Х.З-ийн ажлын байр түр ажлын байр биш бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтэн бол тухайн байгууллагын хамгийн чухал хариуцлагатай нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хариуцдаг ажлын байр байсан. Байгууллагын дарга албан шахалтаар түр хугацаагаар ажиллуулж өгнө үү гэж хууль зөрчин бичүүлж авсан өргөдлийг өөрийн хүсэл зоригоор бичсэн өргөдөл гэж үзэхгүй.

Иймээс Х.З-тэй 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулахыг шаардсан ч Х.З- түр ажлын байр биш, өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг өргөдөл бичүүлж авсан учраас хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзсан байдаг.

1.4. Х.З-ийн ажлыг 2022 оны 06 сарын 30-ны өдөр Ц.Э- гэх ажилтанд хүлээлцүүлэхдээ Х.З-ийг чөлөөлөх тушаалыг гаргахгүй гэж хэлсэн учир тушаалгүй ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Б-001- тоот тушаалыг ажлаа хүлээлгэн өгсний дараа 2022 оны 07 сарын 06-ны өдөр цахим шуудангаар илгээсэн байсан ба тушаалын эх хувийг 2022 оны 07 сарын 20-ны өдөр Х.З- гардан авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.4, 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг тус тус ажил олгогч зөрчин Х.З-ийг хууль бусаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна. Иймээс түүнийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлгүй юм.

Иймээс Х.З-ийг БНСУ, ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас хууль бус чөлөөлснийг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах, 2022 оны 03 сарын 31-ний өдрийн шилжүүлэн ажиллах тухай Б/00- тоот тушаал, 2022 оны 04 сарын 01-ний өдрийн түр томилон ажиллуулах тухай Б/01- тоот тушаалуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/173 тоот тушаалаар БНСУ, ХНХҮТ-ийн дүрэм-д дараах агуулгатай "... 3.2.1 Төвийн ажилтныг томилохдоо хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын албан хаагчдаас төвд сэлгүүлэн ажиллуулах зарчмыг баримтална., 3.2.2-т Төвийн ажилтныг томилоход мэргэшил, боловсрол, ажлын гүйцэтгэл болон ажилласан хугацааг нь харгалзана., 3.2.3-т Төвд томилогдон ажиллах хугацаа 2 жил байх бөгөөд анх томилох тушаал гарч, тухайн албан тушаалын байранд ажилласан өдрөөс эхлэн тооцно. Томилолтын хугацаа дуусахад анх сэлгэн томилсон байгууллагын өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох эсхүл мэргэжлийн дагуу ажлын байраар хангана. гэж тус тус нэмэлт оруулан баталсан.

Энэхүү дүрмийн өөрчлөлтийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дараах албан бичиг ирж, БНСУ, ХНХҮТ-ийн зүгээс холбогдох хууль, дүрмийн дагуу албан хаагчдад сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгдсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/000-тоот албан бичигт ...төвд дөрвөөс дээш жил ажилласан албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, дахин сунгахгүй байх үндэслэл бий болсон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зуйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үргэлжлүүлэн ажиллах саналтай албан хаагчдын саналыг 2022 оны 02 сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсний дагуу манай байгууллага нэр бүхий албан хаагчдад уг мэдэгдлийг танилцуулж, сонсох ажиллагаа хийн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт үргэлжлүүлэн ажиллах саналыг авсан.

Улмаар БНСУ, ХНХҮТ-ийн даргын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай 1/00- тоот албан бичгээр дээрх мэдэгдэлтэй танилцаж, санал өгч гарын үсэг зурсан албан хаагчдын нэрсийн жагсаалтыг яаманд хүргүүлсэн. Х.З- нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/000-тоот албан бичиг мэдэгдэлтэй танилцаж, Монгол Улсад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллахгүй гэж санал өгч гарын үсэг зурсан.

2.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/738 тоот албан бичигт ...Дүрмийн З.2.1 Төвийн ажилтныг томилохдоо хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын албан хаагчдаас төвд сэлгүүлэн ажиллуулах зарчмыг баримтлана., З.2.3 Төвд томилогдон ажиллах хугацаа 2 жил байх бөгөөд анх томилох тушаал гарч, тухайн албан тушаалын байранд ажилласан өдрөөс эхлэн тооцно. Томилолтын хугацаа дуусахад анх сэлгэн томилсон байгууллагын өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох эсхүл мэргэжлийн дагуу ажлын байраар хангана. гэж тус тус заасан. Танай байгууллагаас авсан судалгааны дагуу хавсралтад нэр дурдсан төвд дөрвөөс дээш жил ажилласан албан хаагчдад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, дүрэмд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 сарын 15-ны өдрийн дотор дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан хаагчдыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шилжүүлнэ үү гэж дурдаад яамнаас БНСУ, ХНХҮТ-ийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардсан.

Дээрх дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг төвийн дарга 2022 оны 02 сарын 09-ний өдөр төвийн нийт ажилчдад танилцуулж, төвд дөрвөөс дээш жил ажилласан албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 11 цагт болсон цахим хурлаар хийсэн.

2.3. БНСУ, ХНХҮТ-ийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/00- тоот тушаалаар Х.З-ийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсэн.

Х.З- нь 2022 оны 04 сарын 01-ний өдөр Үргэлжлүүлэн түр ажиллах тухай өргөдөл төвийн даргад бичгээр гаргасан. Тус өргөдлийг үндэслэн Төвийн даргын 2022 оны 04 сарын 01-ний өдийн Түр томилон ажиллуулах тухай Б/01- дугаар тушаалаар Нийгмийн даатгалын шимтгэл орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтэн албан тушаалд 3 сарын хугацаатай түр томилсон. Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэн төвийн дарга гарын үсэг зуран албажуулсан боловч Х.З- гарын үсэг зурахгүй байсаар гэрээний хугацааг дуусгасан.

Түр ажиллах 3 сарын хугацаа дуусгавар болсон тул БНСУ, ХНХҮТ-ийн даргын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/02- дугаар тушаалаар Х.З-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.4. Төвийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/00- тоот тушаалаар Х.З-ийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, Монгол дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт шилжүүлэх тушаалыг өөрт нь 2022 оны 03 сарын 31-ний өдөр Төвийн байранд гардуулан өгсөн. Тушаал гардуулахад төвийн дарга Д.Б-, дотоод хяналт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Алтанбагана оролцож, төвийн бусад мэргэжилтнүүд байлцан тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуран баталгаажуулсан болно.

Иймд Х.З-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х.З-ийг БНСУ, ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 81,175,013.6 төгрөгийг хариуцагч БНСУ, ХНХҮТ-өөс гаргуулж, Х.З-д олгож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т зааснаар БНСУ, ХНХҮТ-ийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай, Түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай Х.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Х.З-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, нөхөн төлөхийг хариуцагч БНСУ, ХНХҮТ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 534,025 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн болон шүүхийн харьяалал зөрчсөн тухайд:

шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.1, 4.3-д хоёр эсрэг дүгнэлт хийж Х.З-ийг Төрийн захиргааны албан хаагч байсан гэх баримт байхгүй байх тул иргэний хэргийн шүүх дээрх маргааны харьяалан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэтэл Х.З- нь анх 2016 оны 05 сарын 23-ны өдрийн Б/00- дугаартай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон, улмаар 2018 оны 11 сарын 01-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр томилж, цалингийн шатлалыг ТЗ-6 шатлалаар тогтоосон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 000- дугаар тогтоолын хавсралтад зааснаар Хилийн чанад дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн нь Төрийн захиргааны ТЗ-6 ангиллаар ажиллаж байхад анхан шатны шүүх нотлох баримт болон Засгийн газрын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэлгүй буруу дүгнэж хэргийн шүүхийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэвч төрийн байгууллага нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага байхаас үл хамааран төрийн албан хаагчдын зэрэг дэвийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол, дүрэм, журмаар тодорхойлдог. Х.З- нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад ажлаас. чөлөөлөгдсөн тул хэргийн болон шүүхийн харьяалал зөрчсөн.

4.2. Анхан шатны шүүх нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх нь шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.4-д Хөөн хэлэлцэх хугацааны тухайд" ...2022 оны 08 сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг тушаалын талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй гэж үзсэн байна." гэж дүгнээд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.4-д ...Харин БНСУ, ХНХҮТ-ийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00-, 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай тушаалууд хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд хөөн хэлэлцэх дууссан гэж үзлээ. гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Х.З-ийг 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын тушаалаар "Х.З-ийг хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгон шийдвэрлэсэн байхад ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Мөн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Б/02- дугаартай тушаалыг нэхэмжлэгч Монголруу явсан шалтгаанаар гардаж аваагүй ба Х.З-ийн өөрийнх нь хүсэлтээр -- цахим шуудангийн хаягруу нь 2022 оны 07 сарын 06-ны өдөр тушаалыг илгээж гардуулсан, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байхад нэхэмжлэгчийн 2022 оны 08 сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

4.3. Анхан шатны шүүх нь "Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагын тухайд: үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн талаар:

Анхан шатны шүүх нь шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4.6-д "Ажилгүй байсан хугацааны цалин хелсийг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/000 дугаар тушаалын холбогдох заалтыг баримтлан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалин тооцсон байна.

Учир нь гадаадад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан тухайн улсын итгэлцүүр тогтоодог. Уг итгэлцүүр нь албан хаагчдад үндсэн цалин бус нэмэгдэл хэлбэрээр олгогддог бегеед амьдрах байр түрээслэхэд зориулагдсан нэмэгдэл болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 сарын 08-ны өдрийн Б/03- тушаалын 2-р хавсралтаар Төрийн захиргааны албан тушаалд томилогдох албан хаагчдын нэрсийн баталж, Х.З-ийг "НД-ын шимтгэлийн орлого, гадаад харилцаа, буцаан олголт хариуцсан мэргэжилтэн" томилж, албан тушаалын зэрэглэлийг ТЗГ-1 ээр баталсан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, жагсаалт батлах тухай" 000- дугаар тогтоолоор "Хилийн чанад дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтэн-ийг ТЗ-6-аар баталсан.

Х.З- нь тус төвд төрийн захиргааны албан хаагч буюу ТЗ-6-4 цалингийн жишгээр цалинжиж, үндсэн цалинг Монголд 813,215 төгрөг, Бүгд найрамдах Солонгос улсад 1,900 ам доллараар цалинжиж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтээр нотлогдоно.

Гэтэл анхан шатны шүүх нь Бүгд найрамдах Солонгос улсад тогтоосон цалингийн итгэлцүүр нь албан хаагчдад үндсэн цалин бус нэмэгдэл хэлбэрээр олгогддог бөгөөд амьдрах байр түрээслэхэд зориулагдсан нэмэгдэлтэй тогтоосон байтал "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын дагуу ТЗ-6-4 шатлалаар 813,215 төгрөгоор тогтоосон гэж заасан хүчин төгөлдөр төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо буруу хэрэглэсэнд гомдолтой байна.

Х.З- нь ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ, ХНХҮТ-д буюу хилийн чанадад огт ажиллаж байгаагүй тул түүний Бүгд найрамдах Солонгос улс дахь ажиллаж байхдаа авч байсан итгэлцүүрийн цалин хөлсөөр тооцох нь үндэслэлгүй бөгөөд түүний албан тушаалын ТЗ-6-4 шатлалаар ажиллаагүй үеийн цалин хөлсийг тооцох нь зүйтэй юм.

4.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн ба анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэтээр үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэн. Х.З- нь 2016 оны 05 сард анх ТЗ албан тушаалд томилгогдсон. БНСУ-д байсан хөдөлмөр халамжийн төв, нийгмийн хамгааллын төвүүд 2016 онд нэгдсэн. Нэгдсэний дараа бүх албан хаагч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, байгууллагын дүрэмд төрийн үйлчилгээний байгууллага мөн гэж зааж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2016 оны 11 сараас эхлээд 2022 оны 07 сар хүртэл Х.З- нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад, хөдөлмөрийн хуулиар томилж чөлөөлөгдөж, Хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар энэ хүний эрх зүйн байдал тодорхойлогдож байсан. Төрийн захиргааны албан хаагч гэсэн бол яагаад энэ хүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу томилоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн тухай хуулийг баримталж чөлөөлсөн гэх асуудал яригдана. Нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдлаа өөрөө тодорхойлох боломжгүй. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учир дүгнэх шаардлагагүй гэх хариуг өгсөн. Иргэний шүүх харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн харьяаллын хувьд зөрчөөгүй гэж үзэж байгаа. Энэ байгууллага нь дүрмээр зохицуулагддаг. Байгууллагын дүрэм дээр энэ байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллага мөн, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг байгууллагын дарга байгуулж ажиллана гэж тодорхой заасан. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг. 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 03 сарын 31-ний өдөр байгууллагын дүрэмд өөрчлөлт орсон, 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар болсон, хөдөлмөрийн гэрээ дууссан Монгол Улс руу буц гэх асуудал ярьсан. Монгол Улс руу буц гэх асуудал ярихдаа хаана очиж ажиллах талаар хэлээгүй. Чөлөөлөхдөө нийгмийн хамгааллын салбарт хариуцуулсугай гэх агуулга бүхий тушаал гаргасан. Х.З-ийг ажлаа өгье гэхэд нь таны ажлыг хүлээж авах хүн байхгүй үргэлжлүүлээд ажил гэх асуудал ярьсан. 50 хоногийн дараа үргэлжлүүлж ажиллуулах 3 сарын хугацаатай тушаалыг өгсөн. Анх Х.З-ийг үргэлжлүүлээд ажил гэж хэлэхдээ 3 сарын хугацаагаар томилсон гэх асуудал яриагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 3 сарын хугацаатай томилсон тушаалаа ч өгөөгүй. 50 хоногийн дараа тушаал өгч, 3 сарын хугацаатай гэрээ байгуулна гэх үед нь байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар хөдөлмөрийн гэрээ хугацаагүй болсон байгаа учир хугацаатай гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл 3 сарын дараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзээд чөлөөлсөн. Х.З-ийн эрх 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн. Хариуцагч талаас 2022 оны 07 сарын 06-ны өдөр тушаалыг и-мэйл хаягаар явуулсан. Гэтэл 2022 оны 07 сарын 26-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх гомдлоо гаргасан байна гэх асуудал ярьдаг. Х.З- тухайн үед Монгол Улсад байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгох шийдвэрийн 1 хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байхаар заасан. Цаасаар хүлээн авч байж дараагийн шатандаа хандахад нотлох баримтыг шаардлага хангана гэх асуудлаар тайлбарладаг. И-мэйлээр явуулчхаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Х.З- нь 2022 оны 07 сарын 20-ны өдөр тушаалыг гардан авч, 26-ны өдөр урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар Чингэлтэй дүүрэгт хандсан. 2022 оны 08 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Цалин хөлстэй холбоотой асуудлыг орон сууцны түрээс орсон дүнгээр бодсон гэж дурдсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл цалин хөлсөд түрээсийн төлбөр, орон сууцны хөлс, Солонгос улсад амьдрах зардал гэж байдаггүй. Х.З-ийн үндсэн цалинг ам.доллароор тогтоосон байх бөгөөд итгэлцүүрийн үндсэн дээр тогтоосон гэх заалт байдаггүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд үндэслэж шүүх тогтооно. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан. Дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар гар дээр авч байсан сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлж байсан цалингаас нь тооцно гэх зохицуулалт байхгүй. Иймд шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс ажилтныг зөв эсхүл буруу халсан талаар гомдол гаргаагүй учир энэ талаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.З- нь хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд холбогдуулан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай, Түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Х.З- нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн Б/00- тоот тушаалаар ажилд томилогдож, БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албанд Тэтгэврийн шимтгэл, орлого хамралт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр 2016 оноос эхлэн ажилласан, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаангүй.

 

4. БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаартай Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Х.З-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Монгол дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шилжүүлсэн байна. Ажилтан нь уг шийдвэрийг хүлээн аваад 2022 оны 04 сарын 01-ний өдөр ажил олгогчид хандан Тус төвийн нийгмийн даатгалын тасгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтэн миний бие хийж гүйцэтгэдэг ажлын шаардлагын улмаас төвдөө үргэлжлүүлэн түр ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

 

5. Ажил олгогчоос уг хүсэлтийг зөвшөөрч 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай Түр томилон ажиллуулах тухай тушаал гаргаж Х.З-ийг өмнө ажиллаж байсан ажлын байранд нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд ажиллуулахаар түр томилжээ. Дээрх Б/01- дугаартай тушаалыг нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 10-ны өдөр гардаж авсан нь болох нь талуудын гарын үсгээр баталгаажсан баримтаар тогтоогдсон байна. /1хх 15-17, 100-101/

Дээрхээс дүгнэхэд, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаартай Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд Х.З- нь холбогдох газарт гомдол гаргаагүйн гадна 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай Түр томилон ажиллуулах тухай тушаалын дагуу хөдөлмөр эрхэлж байсан байх тул Б/00- дугаартай тушаалыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдол хуулийн үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн тухай хариуцагчийн Б/00- болон ажилд түр томилсон тухай Б/01- дугаартай тушаалыг тус тус гардаж авсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор эрх бүхий этгээдэд хандан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй, түүнийг ажилд түр томилсон шийдвэрийн дагуу үргэлжлүүлэн ажилласан нь дээрх тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

7. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлж, өмнө нь ажиллаж байсан ажлын байранд нь түр томилсон хариуцагчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай Түр томилон ажиллуулах тухай тушаалыг эс зөвшөөрсөн нөхцөлд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу тушаалыг гардан авсан 2022 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн 30 хоногийн дотор гомдлоо эрх бүхий этгээдэд гаргах байжээ. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Б/00-, Б/01- дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 08 сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаар, мөн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай ажилд түр томилсон тушаал нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар тус тус хүчин төгөлдөр болсон байна.

 

8. Иймд хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Б/02- дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн 2022 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн тус төвийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд 3 сарын хугацаагаар ажиллах хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Х.З-ийг 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн уг ажлын байрнаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасанд нийцсэн, хариуцагчийн уг шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд холбогдуулан тус төвийн даргын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/00- дугаартай Шилжүүлэн ажиллуулах тухай, мөн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн Б/01- дугаартай Түр томилон ажиллуулах тухай тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ