Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/01961

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 26 182/ШШ2023/01961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Э.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* миний бие Э.*******тай 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болох 8,000,000 төгрөгийг хоёр сарын зээлийн хүүгийн төлбөр болох 320,000 төгрөгийн хамт нийт 8,320,000 төгрөг болгон буцаан төлөх үүрэгтэй.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардахад эхэндээ өгнө гэдэг байсан боловч сүүлдээ төлөх мөнгө байхгүй гэх мэтээр хэлэх болсон тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Мөн тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанаар тооцно гэж заасан.

Зээлдэгч нь өөрийн өмчөө цаашид хэрхэн, хэнд, ямар зорилгоор шилжүүлсэн нь зээлдүүлэгчид хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй.

Иймд зээлдэгч Э.*******аас зээлийн үндсэн төлбөрт 8,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 320,000 төгрөг буюу нийт 8,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь  хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч А.Оюундариас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бодитоор 8,000,000 төгрөгийг хүлээн аваагүй.

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.******* нь тус өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу 50 хоногийн хугацаатай 8,500,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл олгосон 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөр гэж тооцож, хамтарч зээл олгодог хүнийхээ дансаар буцаан авсан бөгөөд өдөр бүр 170,000 төгрөг төлөхөөр хуваарь тогтоосон.

Үүний дагуу өдрийн зээлийн төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл А.Дарханбаярын ХААН банк дахь 5303303857 тоот дансанд, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд А.Оюундарийн ХААН банк дахь 5400550601 тоот дансанд тус тус шилжүүлэн төлөлт хийсэн. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл авсан эхний өдөр буцаан төлсөн 2,500,000 төгрөг, өдрийн зээлд өдөр тутам төлсөн 2,962,000 төгрөг, нийт 5,462,000 төгрөгийн төлөлт хийж өдрийн зээлд төлөөгүй алданги нь 8,000,000 төгрөг болсон. Энэ талаар маргахад таны зээлийн хугацаа хэтрэлт их байна, төлбөр төлөхгүй өдөр алдахад 1 өдрийн 60,000 төгрөг төлөх ёстой тул өмнө төлсөн мөнгө чинь өдрийн хүү алдангид тооцогдсон, одоо гэрээгээ хий гэж тулгасан. Улмаар энэ төлбөрийг төл гэж шахаж, ажил дээр нь очиж шаардаж байсан учир аргагүй эрхэнд гэрээний хугацаа сунгах зорилготойгоор 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Дахин 8,000,000 төгрөг зээлэх, зээлийн гэрээ  байгуулах санаа зорилго огт байгаагүй.

А.******* нь Э.*******т 8,000,000 төгрөг шилжүүлье буцаагаад энэ хүн рүү шилжүүлчих гэх асуудал яригдаж, тэр даруй А.Оюундариас 8,000,000 төгрөгийг Э.*******т шилжүүлж, Э.******* нь буцаагаад 8,000,000 төгрөгийг Б.Алтанзул гэх хүн рүү шилжүүлсэн. Б.Алтанзулыг огт танихгүй бөгөөд зөвхөн А.Оюундарийн хэлсний дагуу түүний данс руу мөнгө шилжүүлсэн.

Б.Алтанзулын дансанд орсон 8,000,000 төгрөг нь буцаав гэх утгатайгаар тэр даруй О.Ариунболдын дансанд орсон. ХАА банкнаас ирүүлсэн баримтаас харвал О.Ариунболд нь А.Оюундарийн 5400550601 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 25 минутад 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэндээ нэг цагийн дараа 8,000,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлдэгч нь 8,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйл болон 41  дүгээр зүйлд заасан талуудад 8,000,000 төгрөгийн зээл өгөх, авах хүсэл сонирхол байхгүй байсан гэдэг нь баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/

3.2. Зээлийн гэрээ /хх-4/

3.3. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/

 

4 Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-14, 16-28/

4.2 А.Оюундариас авсан зээлийн тооцоо /хх-15/

 

5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд:

5.1 ХААН банк ХК-ийн албан бичиг, Б.Алтанзулын дансны хуулга /хх-35, 42/

5.2 О.Ариунболдын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43-44/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч А.Оюундарийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Э.*******тай 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь өөрийн өмчид авсан мөнгөн хөрөнгийг цаашид хэрхэн, хэнд, ямар зорилгоор шилжүүлсэн нь зээлдүүлэгчид хамааралгүй гэж тайлбарлажээ.

 

3.  Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Оюундариас 8,500,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 50 хоногийн хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийн үүрэгт 5,462,000 төгрөг төлсөн боловч өдрийн зээлд төлөөгүй алданги нь 8,000,000 төгрөг болсон. А.Оюундарийн шахалтаар дээрх гэрээний хугацааг сунгах зорилготойгоор 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан боловч 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй. А.Оюундариас шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг түүний хэлснээр Б.Алтанзул гэх хүн рүү шилжүүлсэн. Би Б.Алтанзулыг огт танихгүй бөгөөд зөвхөн А.Оюундарийн хэлсний дагуу түүний данс руу мөнгө шилжүүлсэн. Б.Алтанзулын дансанд орсон 8,000,000 төгрөг нь буцаав гэх утгатайгаар тэр даруй О.Ариунболдын дансанд орсон. О.Ариунболд нь А.Оюундарийн 5400550601 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 25 минутад 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэндээ нэг цагийн дараа 8,000,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж татгалзжээ.

 

4.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

А.*******, Э.******* нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.******* нь 8,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүтнээр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн Э.*******ийн ХААН банк ХХК дахь 5429103583 тоот данс руу А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХААН банк ХХК дахь 5400550601 тоот данснаас 8,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

 

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэргээр баримтуудаар тогтоогдож байна. /хх 4, 5, 12-14, 16-28/

 

5.  Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй боловч уг гэрээг байгуулах үндэслэл, мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн эсэх талаар маргажээ.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн зүйлийн 281.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авсан байхыг шаардана.

 

2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.******* нь өөрийн ХААН банк ХХК дахь данснаас 8,000,000 төгрөгийг Э.*******ийн ХААН банк ХХК дахь данс руу шилжүүлсэн, Э.******* нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгах зорилгоор, өмнөх зээлийн үүрэгт гэрээ байгуулсан гэж татгалзаж байх боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7.  Талууд гэрээндээ 8,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, уг зээлийн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

8. Зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, А.Оюундариас шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг түүний хэлсний дагуу огт танихгүй Б.Алтанзул гэх хүн рүү шилжүүлсэн, Б.Алтанзул нь өөрийн дансанд орсон 8,000,000 төгрөгийг буцаав гэх утгатайгаар тэр даруй О.Ариунболдын дансанд шилжүүлсэн гэж хариуцагч талаас маргаж байх боловч энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч А.Оюундарийн хэлсний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг бусад этгээдэд шилжүүлсэн буюу өөрийн хүсэл зоригоос гадуур нэхэмжлэгчийн шаардсанаар мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан, гэрээний талуудын чөлөөт байдал зөрчигдсөн гэдгээ баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.*******аас үндсэн зээлд 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 320,000 төгрөг, нийт 8,320,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч А.Оюундариас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 148,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас 8,320,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Оюундариас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 148,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ