Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01797

 

 

 

А.О-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01961 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Б-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,320,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Э.Б-тай 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр болох нийт 8,320,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь өөрийн өмчөө цаашид хэрхэн, хэнд, ямар зорилгоор шилжүүлсэн нь зээлдүүлэгчид хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй. Иймд зээлдэгч Э.Б-аас зээлийн үндсэн төлбөрт 8,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 320,000 төгрөг буюу нийт 8,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч А.О-иас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бодитоор 8,000,000 төгрөгийг хүлээн аваагүй. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 50 хоногийн хугацаатай 8,500,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлсэн ба нийт 5,462,000 төгрөг төлсөн. Дараа нь алданги тооцож 8,000,000 төгрөг нэхэж, гэрээ хий гэж тулгасан. Өмнөх гэрээний хугацааг сунгах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Тэр даруй А.О-иас 8,000,000 төгрөгийг Э.Б-т шилжүүлж, А.О-ийн даалгаснаар буцаагаад 8,000,000 төгрөгийг Б.А- гэх хүн рүү шилжүүлсэн. Б.А-ын дансанд орсон 8,000,000 төгрөг нь буцаав гэх утгатайгаар тэр даруй О.А-ын дансанд орсон буюу 8,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-аас 8,320,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О-ьд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.О-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 148,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О-ьд олгуулахаар шийдвэрлэжээ.  

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан А.О-ь, Б.А-, О.А- нарын дансны хуулгаар тэдгээрийн хооронд 8,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний харилцаа хамаарал тодорхой байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй.

4.а.Мөн анхан шатны шүүх данс эзэмшигч Б.А-, О.А- нараас нэхэмжлэгч А.О-ийн данс хооронд хийгдсэн 8,000,000 төгрөгийн гүйлгээний талаар тодруулаагүй бөгөөд ийнхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр Б.А-, О.А- нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхэд анхаарсангүй.

4.б.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 8,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд ашиглуулах санаа зорилго байгаагүй буюу маргалдагч талуудын хооронд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцаа үргэлжилж буй үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Э.Б- нь нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзах үндэслэлээ тэрээр нэхэмжлэгч А.О-иас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8,500,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн төлбөрт өдөр бүр 170,000 төгрөг төлж байсан, уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болоход зээлдүүлэгч А.О-ь нь өдрийн зээлийн хүү болон хугацаа хэтэрсэн алданги 1 өдрийн 50,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг төлүүлнэ хэмээн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан хэмээн тайлбарладаг. Үүнийгээ нотлох зорилгоор хариуцагч талаас зээлийн төлбөр төлсөн дансны хуулга, зээлийн үлдэгдлийн тооцоо зэргийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, өмнөх зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч А.О-ь нь хариуцагч Э.Б-т холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг, хоёр сарын хугацаатай, нэг сарын хоёр хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг мөн өдөр Э.Б-ийн Хаан банк-ны дансанд шилжүүлсэн гэх үндэслэлээр зээл, хүүд нийт 8,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

4.Хэрэгт А.О-ь, Э.Б- нарын байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдөр А.О-иас Э.Б-т 8,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга баримтаар авагдсан хэдий ч хариуцагч Э.Б- нь уг нөхцөл байдлыг үгүйсгэж би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.О-иас 8,500,000 төгрөг зээлж тогтмол төлөлт хийж байсан, А.О-ь нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дүнд гэрээ байгуулъя гээд 8,000,000 төгрөгийг түр шилжүүлж, Б.А-ын дансаар буцаан авсан гэж тайлбарлажээ. /хх-ийн 4-5-р тал/

4.а.Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаас үзвэл 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14:30 минутад tvr гэх гүйлгээний утгаар О.А-оос нэхэмжлэгч А.О-ьд 8,000,000 төгрөг, 14:37 минутад oyundaris bolortungalgt zeelew гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч А.О-иас хариуцагч Э.Б-т 8,000,000 төгрөг, 14:40 минутад н гэх гүйлгээний утгаар Э.Б-аас Б.А-д 8,000,000 төгрөг, 15:27 минутад butsaaw гэх гүйлгээний утгаар Б.А-аас О.А-од 8,000,000 төгрөг тус тус шилжсэн буюу тухайн 8,000,000 төгрөгийг хариуцагч Э.Б- бодитоор авч ашигласан эсэх нөхцөл байдал маргаантай байна. /хх-ийн 5, 36, 45-р тал/

4.б.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, буцаан төлөх үүрэг талуудад үүсдэг бөгөөд хөрөнгийг шилжүүлж буй зорилго нь нөгөө тал болох зээлдэгчид захиран зарцуулах боломж олгох явдал байдаг. Дээрх тохиолдолд нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Б- бодитоор авч ашигласан эсэх нөхцөл байдал тодорхой бус, анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Б- нь нэхэмжлэгч А.О-ийн даалгаснаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөгийг Б.А-, О.А- нарт шилжүүлсэн эсэх, эсхүл өөр эрх зүйн харилцааны үндсэн дээр мөнгөн хөрөнгө шилжсэн эсэх нөхцөл байдлыг тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

5.Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01961 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 148,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ