Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2023/01736

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 08 182/ШШ2023/01736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С тоотод байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч байранд байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ТТТ/Н/-01 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу 6,735,000 төгрөгийн үнийн дүн бүхий тос, тосолгооны материалыг нийлүүлсэн.

Худалдан авагч ******* ******* ******* ХХК нь нийлүүлсэн нийт бүтээгдэхүүний төлбөрөөс 1,735,000 төгрөг төлж үлдэх 5,000,000 төгрөгийн төлбөрийг өдий хүртэл төлөөгүй байна.

Худалдан авагч нь гэрээний 2.2-т заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан болно.

Ийнхүү худалдан авагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 6.4-т Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцэх 2,500,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байх ба үндсэн төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд ******* ******* ******* ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал 5,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сардаа багтаагаад Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн чинь данс руу шилжүүлсэн, гэрээний үүргээ хэрэгжүүлсэн гэдэг байдлаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ******* ******* ******* ******* ХХК-ийн дансанд одоогийн байдлаар 5,000,000 төгрөг орж ирээгүй байгаа учраас хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь нотлогдож байна. Чингис хаан банк ХХК-ийг сонгон үйлчлүүлж байгаа нь хариуцагч талын сонголтын асуудал. Үүнтэй холбоотой эрсдэлийг хариуцагч тал өөрсдөө хариуцах ёстой. Хариуцагч талаас манайд төлбөрөө шилжүүлсэн, Чингис хаан банк ХХК-д төлбөр гацсан байгаа талаар энэ хугацаанд нэг ч удаа хэлээгүй гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Тус гэрээгээр ******* ******* ******* ******* ХХК нь тос тосолгооны материал нийлүүлж манай байгууллагын зүгээс төлбөр төлөх үүрэгтэй байсан.

Гэрээний дагуу манай байгууллагын зүгээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингис хаан банк ХХК-ийн 3401003868 тоот төгрөгийн данснаас 5,000,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк ХХК-ийн 5038080523 тоот төгрөгийн данснаас ******* ******* ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 458025276 тоот дансанд тус тус шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Чингис хаан банк ХХК-ийн үйл ажиллагааны доголдлын асуудал болохоор манай компаниас хамаарах асуудал биш. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрсдөө сонгоод Чингис хаан банк ХХК-аас ороод ирсэн мөнгөө авъя гэдэг зүйлийг хэлж болох байх. Манай компаниас мөнгийг шилжүүлсэн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ /хх-4-6/

3.2 Төлбөрийн баримт, зарлагын баримт /хх-7-8/

3.3 Төлбөр барагдуулах тухай шаардах хуудас /хх-9-10/

3.4 ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/

3.5 Дансны хуулга

 

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-18/

4.2 Дансны хуулга /хх-20-23/

 

5. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Чингис хаан банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хариу албан бичиг

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ******* ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ТТТ/Н/-01 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу 6,735,000 төгрөгийн үнийн дүн бүхий тос, тосолгооны материалыг нийлүүлсэн. ******* ******* ******* ХХК нь нийлүүлсэн нийт бүтээгдэхүүний төлбөрөөс 1,735,000 төгрөг төлж үлдэх 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагч тал төлбөрийг шилжүүлсэн гэх боловч өнөөдрийн байдлаар төлбөр шилжиж ирээгүй, Чингис хаан банк ХХК-д төлбөр гацсан эрсдэлийг хариуцагч тал өөрөө хариуцах ёстой. Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй учир үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай байгууллагын зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг төлж дуусгасан. Чингис хаан банк ХХК-ийн үйл ажиллагааны доголдол нь манай компаниас хамааралгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрсдөө сонгоод Чингис хаан банк ХХК-аас ороод ирсэн мөнгөө авъя гэдэг зүйлийг хэлж болно гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-уудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ТТТ/Н/-01 дугаартай Худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, худалдагч нь худалдан авагчийн захиалгад нийцсэн Газпромнефтийн тос, тосолгооны материалыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нийлүүлж, худалдан авагч нь барааны нийт төлбөр болох 6,735,000 төгрөгийг худалдагчийн ХААН банк ХХК дахь 5085133242 тоот, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 458025276 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 100 хувь барагдуулах, хэрэв худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээж харилцан тохиролцжээ.

 

Улмаар худалдагч тал нь 6,735,000 төгрөгийн үнэ бүхий Газпромнефтийн тос, тосолгооны материалыг худалдан авагч талд нийлүүлсэн, худалдан авагч тал нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингис хаан банк ХХК дахь өөрийн данснаас худалдан авагчийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 458025276 тоот данс руу 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк ХХК дахь өөрийн данснаас худалдан авагчийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 458025276 тоот данс руу 1,735,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт нь худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримт, төлбөрийн баримт, дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зохигчид тэдгээрийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, үүний дагуу нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээнд заасан бараа, материалыг нийлүүлсэн, хариуцагч тал нь нэхэмжлэгч талд 1,735,000 төгрөгийн төлбөр төлсөн талаар маргаагүй. Харин 5,000,000 төгрөгийн төлбөр төлөх гэрээнд заасан үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

Хэрэгт авагдсан Чингис хаан банк ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12, 15-ны өдрүүдийн тодорхойлолтод 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн 3401003868 тоот данснаас Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ******* ******* ******* ******* ХХК-ийн 45825276 тоот данс руу банк хоорондын гүйлгээгээр 5,000,000 төгрөгийн гүйлгээ банкны төлбөрийн чадвар доголдсоны улмаас хийгдээгүй, банк хоорондын саатлын дансанд хүлээгдэж байгаа болно гэсэн агуулга тусгагдсан байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно, 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т барааны төлбөр болох 6,735,000 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-ийн ХААН банк ХХК дахь 5085133242 тоот, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 458025276 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 100 хувь барагдуулах үүрэгтэй гэж зохигчид харилцан тохиролцжээ.

 

Энэхүү тохиролцооны дагуу ******* ******* ******* ХХК нь Чингис хаан банк ХХК дахь өөрийн 3401003868 тоот данснаас Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ******* ******* ******* ******* ХХК-ийн 45825276 тоот данс руу банк хоорондын гүйлгээгээр 5,000,000 төгрөгийн гүйлгээ хийж гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн байх хэдий ч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэн дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Худалдах худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр түүний үүрэг дуусгавар болно. Дээрх тохиолдолд зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн гэдгийг худалдан авагч нь зөвхөн үнийг төлөх үйлдэл хийх бус, үйлдэл нь тодорхой үр дүнд хүрч худалдагч нь төлбөрийг хүлээн авсан, эсвэл түүнийг эзэмшил, өмчлөлдөө авах, захиран зарцуулах нөхцөл бүрдсэн байхыг ойлгохоор байна.

 

Иймд хариуцагч талын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч нь Чингис хаан банк ХХК-аас ирсэн мөнгөө авъя гэж хэлж болно гэх татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5. Талуудын байгуулсан гэрээний 6.4-т Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж алдангийн тохиролцоог хийсэн байна. Энэхүү талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч түүнээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 2,500,000 төгрөг шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 50 төгрөг болон хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 134,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 50 төгрөг болон хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 134,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ