Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01684

 

 

 

 

 

 

2023 08 30 210/МА2023/01684

 

 

**************** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01736 дугаар шийдвэртэй

**************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. **************** ХХК нь ********* ХХК-тай 2020 оны 02 сарын 28-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 6,725,000 төгрөгийн үнийн дүн бүхий тос, тосолгооны материал нийлүүлсэн. Хариуцагч ********* ХХК нь нийлүүлсэн нийт бүтээгдэхүүний төлбөрөөс 1,735,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй.

1.2. Худалдан авагч нь байгуулсан гэрээний дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан хэдий ч хугацаа хэтрүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 6.4-т худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөхөөр тохиролцсон.

1.3. Иймд ********* ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр **************** ХХК-аас тос тосолгооны материал нийлүүлж, харин манай компани төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

2.2. Гэрээний дагуу манай байгууллага 2022 оны 06 дугаар сарны 19-ний өдөр ******** банк ХХК-ийн данснаас 5,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 22-ны өдөр ХААН банк ХХК-ийн данснаас нэхэмжлэгчийн ********* банк дахь дансанд тус тус төлбөрийг шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

2.3. Нэхэмжлэгчийн маргаж буй зүйл болох төлбөр орж ирээгүй явдал нь ******** банк ХХК-ийн үйл ажиллагааны доголдлоос хамаарсан болохоос биш манай байгууллагаас хамаараагүй. Нэхэмжлэгч **************** ХХК нь ******** банк ХХК-аас мөнгөө нэхэмжлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* ХХК-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **************** ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч **************** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 50 төгрөг болон хариуцагч ********* ХХК-аас 134,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **************** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасны дагуу гэрээний үүргээ биелүүлж, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,735,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болох дансны хуулга, төлбөрийн баримтаар нотлогдож байна. ******** банк ХХК-ийн тодорхойлолтод дурьдсанаар төлбөрийн чадвар доголдсоны улмаас банк хоорондын гүйлгээ хийгдээгүй, хүлээгдэж байгаа гэсэн нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Тус банкны үйл ажиллагааны доголдол нь ********* ХХК-аас хамаараагүй тул алданги болон төлбөрийг дахин төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн гүйлгээг ямар банкаар дамжуулан хийх нь хариуцагчийн сонголтын асуудал юм. Хэвийн бус, тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаа банкаар гүйлгээ хийсэн хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүхээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч **************** ХХК нь хариуцагч ********* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлсэн, банкны үйл ажиллагааны доголдол манай компанид хамааралгүй гэж маргажээ.

3.а.Талууд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тос тосолгооны материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр худалдагч тал 6,735,000 төгрөгийн үнийн дүн бүхий Газпромнефтийн тос тосолгооны материал нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авч, барааны төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4-6/

3.б. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.в. Гэрээ хүчин төгөлдөр учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч **************** ХХК нь 6,735,000 төгрөгийн үнэ бүхий тос тосолгооны материал нийлүүлсэн, хариуцагч ********* ХХК нь барааны үнэд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк ХХК дахь өөрийн данснаас худалдагч талын ********* банк ХХК дахь 458025276 тоот данс руу 1,735,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, дансны хуулга, төлбөрийн баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх 7-8, 33/

 

3.г. Харин зохигчид гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөг төлөх үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх талаар маргажээ.

 

3.д. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ********* ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******** банк ХХК дахь 3401003868 тоот данснаас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч **************** ХХК-ийн ********* банк ХХК дахь 4528025276 тоот данс руу шилжүүлсэн боловч банкны төлбөрийн чадвар доголдсоны улмаас гүйлгээ хийгдээгүй, банк хоорондын саатлын дансанд хүлээгдэж байгаа болох нь ******** банк ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн СА/65 тоот албан бичгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. /хх52-53/

 

3.е. Дээрхээс дүгнэхэд **************** ХХК нь гэрэээний үүргээ биелүүлж, бараа материалыг хариуцагч ********* ХХК-д нийлүүлсэн, харин хариуцагч ********* ХХК нь нэхэмжлэгч **************** ХХК-д барааны үнэд 5,000,000 төгрөг төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзнэ.

 

3.ё. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* ХХК-аас 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрээний үүргээ биелүүлсэн, банкны үйл ажиллагаа доголдсон нь хариуцагчид хамааралгүй тул алданги төлөх үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

4.а. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Талууд гэрээний 6.4 дэх заалтаар худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

4.г. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 2,500,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ