Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0445

 

Ц.Урсгалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Урсгал, хариуцагч Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0333 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Урсгалын  нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0333 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 23.14-т заасныг баримтлан “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоож, “Хорооны иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоолууд, дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/112 дугаар захирамжыг тус тус хүчингүй болгон, Иргэдийн нийтийн Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн нийтийн хурал зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Нийтийн Хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: “...Шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэснийг зөрчиж хуралдааны дэгийг батлалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэв. Энэхүү хуралдааны үйл явдлыг харуулсан бичлэгийг дүгнэхэд хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудал тодорхойгүй, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулж хэлэлцүүлээгүй, мөрийн хөтөлбөр танилцуулах, бусад иргэдийн оролцоог хангах боломж олгоогүй байна. Ингэснээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлээгүй явагдсан энэ хуралдааныг хуулийн дагуу явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болжээ.

Тус хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн болохыг шүүх хүлээн хүлээн зөвшөөрсөн боловч “хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудал тодорхойгүй, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулж, хэлэлцүүлээгүй, мөрийн хөтөлбөр танилцуулах боломжийг хангаагүй” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагаагүй буюу иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулах, хэлэлцүүлэг явуулах, мөрийн хөтөлбөр танилцуулахыг хуульчлан тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, батлагдаагүй дэгийг шүүх өөрөө тогтоож тус дэгийг мөрдөөгүй гэж дүгнэжээ.

Уг хуралдааны бичлэгт хуралдаан даргалагч хурлаар хэлэлцэх асуудлаа танилцуулж батлуулан, хурлаар хэн хэнийг ямар албан тушаалд сонгож байгаа, иргэдийн санал өгч байгаа байдал тодорхой харагдаж байхад “хэлэлцүүлж байгаа асуудал тодорхойгүй” гэж өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Мөн “Хурлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, иргэдийн хуралдаанд биечлэн оролцох, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангаж ажиллах үүрэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчдэд байсан бөгөөд энэ үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй байна, тодруулбал, хурал зохион байгуулсан танхимын багтаамжаас шалтгаалж хорооны иргэдийн оролцоог хязгаарласан нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болжээ.

Тус хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан “...хороо, аймгийн төвийн сумын багт, 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцүүлж, 100 хүний багтаамжтай хорооны Иргэний танхимыг хуралд зориулан бэлтгэсэн нь тус хорооны иргэдийн Нийтийн хурал нь 73 иргэн оролцсоноор хүчинтэйд тооцогдохоор байх тул энэ үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэсгүй.

Мөн “Хурал зохион байгуулсан танхимын багтаамжаас шалтгаалж хорооны иргэдийн оролцоог хязгаарласан нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хорооны иргэдийн Нийтийн хуралд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулиар захиран зарцуулах эрх олгогдсон нэг ч төгрөгийн төсөв байдаггүй байхад ямар хөрөнгө мөнгөөр өөр заал, танхим түрээслэх боломж байсныг шүүх тайлбарлаагүй.

Түүнчлэн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчиж хуралдсан болох нь тус хуралдааны бичлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ хууль бус хуралдаанаар нэр дэвшүүлсэн Г.Мөнхтүвшинг тус хорооны Засаг даргаар томилсон дүүргийн Засаг даргын захирамж хууль бус байна. Тодруулбал, уг хуралдаанаас “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд...ийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн заалттай нийцээгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт дурдсан “Түүнчлэн энэ өдрийн иргэдийн нийтийн хуралдаанд тус хорооны нийт өрхийг төлөөлж 93 хүний ирцтэй байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлттэй зөрчилдөж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн зүйл байхгүй.

Мөн нэхэмжлэгч Ц.Урсгал нь тус иргэдийн Нийтийн Хуралд оролцсон байхад сонгогчийн сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангаагүй гэж дүгнэж болохгүй буюу нэхэмжлэгч Ц.Урсгалын эрх ашиг зөрчигдөөгүй, нийтийн эрх ашгийг төлөөлөх эрх бүхий этгээд байхад нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.2. 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 23.14-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоож, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгон” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Урсгал нь “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоолууд, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Мөнхтүвшинг 10 дугаар хорооны Засаг даргаар томилох тухай” Б/112 дугаар захирамж, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд зарлан хуралдуулаагүй, ...иргэн хүний хувьд сонгох, сонгогдох эрхээ эдлэх зорилгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан” гэж тодорхойлон маргаан үүсгэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоол[1]-оор 2016 оны орон нутгийн сонгуулийн дараах хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу хуралдаан эхлэхээс 16 хоногийн өмнө хуралдуулахаар товлосон, энэ нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн маргаж буй “10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд зарлан хуралдуулаагүй” гэх үндэслэлээр тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааныг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

Анхан шатны шүүх 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль зөрчөөгүй талаар зөв дүгнэсэн атлаа “хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудал тодорхойгүй, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргад нэр дэвшигчийг танилцуулж хэлэлцүүлээгүй, мөрийн хөтөлбөр танилцуулах, бусад иргэдийн оролцоог хангах боломж олгоогүй..., хорооны иргэдийг хуралдаанд оролцуулаагүй, иргэдэд сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийг буруутган, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл[2]-ээс үзэхэд тус өдрийн хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан шаардлагыг хангаснаар Хурал хийгдэж, улмаар Хурал нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн дүүргийн Засаг даргад уламжилсан байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай.

Гэтэл дээрх хуульд заасан “нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх, үүний улмаас эрхийг сэргээх” нөхцөл байдал энэ маргааны тухайд хангагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “иргэн хүний хувьд сонгох, сонгогдох эрхээ эдлэх зорилгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан” гэсэн үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хуульд заасан журмын дагуу явагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай, хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй.

Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн Г.Мөнхтүвшинг 10 дугаар хорооны Засаг даргаар томилсон нь мөн зүйлийн 26.3-д заасантай нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Дээрх байдал нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байхад анхан шатны шүүхээс 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн чухам аль заалтыг зөрчиж явагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, “...хорооны иргэдийн хуралд оролцох эрхийг бүрэн хангаагүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0333 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Урсгалын “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоолууд, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Г.Мөнхтүвшинг 10 дугаар хорооны Засаг даргаар томилох тухай” Б/112 дугаар захирамж, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН