Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2023/02616

 

 

 

 

 

 

 

 

2023         09         22                                              182/ШШ2023/02616

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,544,121 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т,

Хариуцагчийн төлөөлөгч У.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2016.02.22-нд С ХХК-тай байр захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2016.07.10-ны өдөр байр ашиглалтад орох ёстой байсан боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй. Нэхэмжлэгч Б.Б 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээс татгалзаж, хохирлоо нэхэмжилж, тус шүүхийн 2019.06.11-ний өдрийн шийдвэрээр хариуцагч С ХХК-иас 63,100,583 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 78,444,000 төгрөг болгосон бөгөөд Улсын дээд шүүхээс магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрээр гаргуулсан 78,444,000 төгрөгийг хариуцагч С ХХК нь төлөлгүй явсаар 2022.03.28-нд нэхэмжлэгчид төлсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй ба үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Бийн бэлнээр авсан 10,000,000 төгрөг, шилжүүлсэн машины үнэ 50,000,000 төгрөгт тооцон нийт 60,000,000 төгрөг буцаан гаргуулж, 60,000,000 төгрөгөөс үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хугацаагаар тооцож 18,444,000 төгрөгийн хохирлыг арилжааны банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож хариуцагчаас гаргуулсан. Хариуцагч нь 2019.06.11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор заасан 78,444,000 төгрөгийг 2022.03.28-ны өдөр буюу анхан шүүхийн шийдвэр гарснаас хойш 34 сарын дараа төлсөн. Дээрх 34 сарын хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул 60,000,000 төгрөгөөс арилжааны банкнуудын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг тооцоход,

2019 онд 11,12%, 1 сарын хүү 556,000 төгрөг, 7 сарынх нь 3,892,000 төгрөг,

2020 онд 10,88%, 1 сарын хүү 579,287 төгрөг, 12 сарынх нь 6,951,450 төгрөг,

2021 онд 7,56%, 1 сарын хүү 446,313 төгрөг, 12 сарынх нь 5,355,756 төгрөг,

2022 онд 7,06%, 1 сарын хүү 448,305 төгрөг, 3 сарынх нь 1,344,915 төгрөг, нийт 17,544,121 төгрөг болж байна.

Хариуцагч байгууллагын хувьд гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай болохыг, мөн 60,000,000 төгрөгөөс хохирол тооцон гаргуулсан 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, энэ талаар дахин нотлохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Тиймээс бидэнд орох байсан орлого алдагдсан гэж үзэж байгаа. Иймд өмнө гарсан шүүхийн шийдвэртэй холбоотой хохирлын асуудал үргэлжилж байгаа гэж үзсэн тул хариуцагч С ХХК-аас 2019-2022 оны хооронд учирсан хохирол болох 17,554,121 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б болон С ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус гэрээтэй холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж, С ХХК-аас 78,444,000 төгрөгийг гаргуулж Б.Бид олгосон бөгөөд энэхүү маргаанаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын асуудлыг хамтад нь шийдвэрлэчихсэн байгаа. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдсэн, төлбөр төлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах боломжгүй, тэгээд ч нэхээд байгаа хүүгийн тооцоолол ойлгомжгүй байна. Нэгэнт дууссан үүргийн харилцаанаас улбаатай, шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар дахин дахин нэхэмжлэл гаргаад яваад байвал энэ асуудал дуусахгүй ш дээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөөд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж байсан хугацаанд зохигчдын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй. Үүргийн харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчим алдагдана. Тиймээс 2019 оноос 2022 оны хооронд нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй, түүнд бодитой хохирол учирсан баримтгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.11-ний өдрийн 1087 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1509 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.03.16-ны өдрийн 217 дугаар тогтоол, Монгол банкны 2022.08.01-ний өдрийн Б-11/634 тоот албан бичиг, хавсралт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.08-ны өдрийн 11252 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.19-ний өдрийн 4336 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.29-ний өдрийн 2263 дугаар шийдвэр /хуулбар/ гэсэн баримтуудыг,

 

Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С ХХК-нд холбогдуулж гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,544,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал 2019 онд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг 2022 оны хүртэл биелүүлээгүй, уг шийдвэрээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон, тиймээс нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хадгаламжийн хүүгээр хохирсон, өөрөөр хэлбэл шүүх өмнө нь 60,000,000 төгрөгөөс хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцож хохирол гаргуулсан тул энэхүү 60,000,000 төгрөгөөс хүү тооцон хохирлоор нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй, уг гэрээнээс татгалзсантай холбоотой, учирсан хохирлын асуудлыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу бид төлбөрийг төлчихсөн, үүргийн харилцаа дууссан, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн хугацаанд нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй, 2019 оноос 2022 оны хооронд нэхэмжлэгчид бодит хохирол учирсан баримтгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.11-ний өдрийн 1087 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1509 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021.03.16-ны өдрийн 217 дугаар тогтоолоор ”...тухайн үеийн зохигчдын маргааны зүйл болсон 2016.02.22-ны өдрийн байр захиалан бариулах гэрээг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа болохыг, уг гэрээний дагуу талуудын өгч, авалцсан зүйл болон гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн 60,000,000 төгрөгөөс 1,06%-иар хүү бодож 1 сарын хүү 3,074,000 төгрөгийг 29 сараар тооцон 18,444,000 төгрөгийг хохирол гэж үзсэн, энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д нийцэж байгаа...” талаар тус тус дүгнэлт хийж С ХХК-иас 78,444,000 төгрөгийг гаргуулж Б.Бид олгож шийдвэрлэсэн байна. Шүүх энэхүү үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй юм.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 78,444,000 төгрөгийг хариуцагч С ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2022.03.28-ны өдөр нэхэмжлэгч Б.Бид төлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлсэн байх ба, энэ талаар зохигчид маргаагүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч С ХХК нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлснээр зохигчдын хооронд үүссэн, шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт дүгнэсэн 2016.02.22-ны өдрийн байр захиалан бариулах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа /үүрэг/ дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...өмнө гарсан шүүхийн шийдвэртэй холбоотой хохирлын асуудал үргэлжилж байгаа...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4.Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.06.11-ний өдрөөс шүүхийн шийдвэр биелэгдсэн 2022.03.28-ны өдрийг хүртэл 60,000,000 төгрөгөөс хадгаламжийн жилийн хүүгийн дунджаар хохирлыг,

2019 онд 11,12%, 1 сарын хүү 556,000 төгрөг, 7 сарынх нь 3,892,000 төгрөг,

2020 онд 10,88%, 1 сарын хүү 579,287 төгрөг, 12 сарынх нь 6,951,450 төгрөг,

2021 онд 7,56%, 1 сарын хүү 446,313 төгрөг, 12 сарынх нь 5,355,756 төгрөг,

2022 онд 7,06%, 1 сарын хүү 448,305 төгрөг, 3 сарынх нь 1,344,915 төгрөг, нийт 17,544,121 төгрөг гэж тооцон хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардаж байх боловч энэхүү шаардлагын үндэслэл нь дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдож байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Бийн шаардаж байгаа 2019 оны 07 сараас 2022 оны 03 сарыг хүртэл хугацааны хохирол гэх 17,544,121 төгрөг нь хариуцагч С ХХК-ийн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон нь тодорхойгүй, түүнд орох байсан орлого болохыг баримтаар нотлоогүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэнт шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргаантай үйл баримтыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг хариуцагч С ХХК биелүүлснээр зохигчдын хооронд үүссэн үүрэг, эрх зүйн харилцаа дуусгавар болсон, 2019 оны анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг зохигчид зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн, улмаар тус шийдвэр нь 2021 онд хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч С ХХК нь 2022 онд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч Б.Бид хохирол үргэлжлэн учирч байсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

5.Нэхэмжлэгч Б.Бийн 2023.01.23-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 245,671 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ. 

 

Нэхэмжлэгч талын гарган өгсөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.29-ний өдрийн 2263 дугаар шийдвэр /хуулбар/ нь маргааны зүйлд хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар С ХХК-нд холбогдох гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,544,121 төгрөг гаргуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн тэмдэгтийн хураамжид төлсөн 245,671 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА