Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02178

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02616 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч “С-” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,544,121 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Б- нь 2016 оны 02 дугаар сарын 22-нд “С-” ХХК-тай байр захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байр ашиглалтад орох ёстой байсан боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй. Нэхэмжлэгч Б.Б- 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээс татгалзаж, хохирлоо нэхэмжилж, тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр хариуцагч “С-” ХХК-иас 63,100,583 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 78,444,000 төгрөг болгосон бөгөөд Улсын дээд шүүхээс магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрээр гаргуулсан 78,444,000 төгрөгийг хариуцагч “С-” ХХК нь төлөлгүй явсаар 2022 оны 03 дугаар сарын 28-нд нэхэмжлэгчид төлсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй ба үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Б-ийн бэлнээр авсан 10,000,000 төгрөг, шилжүүлсэн машины үнэ 50,000,000 төгрөгт тооцон нийт 60,000,000 төгрөг буцаан гаргуулж, 60,000,000 төгрөгөөс үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хугацаагаар тооцож 18,444,000 төгрөгийн хохирлыг арилжааны банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тооцож хариуцагчаас гаргуулсан. Хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор заасан 78,444,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу анхан шүүхийн шийдвэр гарснаас хойш 34 сарын дараа төлсөн. Дээрх 34 сарын хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул 60,000,000 төгрөгөөс арилжааны банкнуудын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг тооцоход, 2019 онд 11,12%, 1 сарын хүү 556,000 төгрөг, 7 сарынх нь 3,892,000 төгрөг, 2020 онд 10,88%, 1 сарын хүү 579,287 төгрөг, 12 сарынх нь 6,951,450 төгрөг, 2021 онд 7,56%, 1 сарын хүү 446,313 төгрөг, 12 сарынх нь 5,355,756 төгрөг, 2022 онд 7,06%, 1 сарын хүү 448,305 төгрөг, 3 сарынх нь 1,344,915 төгрөг, нийт 17,544,121 төгрөг болж байна. Хариуцагч байгууллагын хувьд гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай болохыг, мөн 60,000,000 төгрөгөөс хохирол тооцон гаргуулсан 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, энэ талаар дахин нотлохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Тиймээс бидэнд орох байсан орлого алдагдсан гэж үзэж байгаа. Иймд өмнө гарсан шүүхийн шийдвэртэй холбоотой хохирлын асуудал үргэлжилж байгаа гэж үзсэн тул хариуцагч “С-” ХХК-аас 2019-2022 оны хооронд учирсан хохирол болох 17,554,121 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Б.Б- болон “С-” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус гэрээтэй холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж, “С-” ХХК-аас 78,444,000 төгрөгийг гаргуулж Б.Б-ид олгосон бөгөөд энэхүү маргаанаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдсэн, төлбөр төлөгдсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах боломжгүй, тэгээд ч нэхээд байгаа хүүгийн тооцоолол ойлгомжгүй байна. Нэгэнт дууссан үүргийн харилцаанаас улбаатай, шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөөд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж байсан хугацаанд зохигчдын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй. Үүргийн харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчим алдагдана. Тиймээс 2019 оноос 2022 оны хооронд нэхэмжлэгчийг хохирсон гэж үзэхгүй, түүнд бодитой хохирол учирсан баримтгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “С-” ХХК-нд холбогдох гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,544,121 төгрөг гаргуулах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 245,671 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид гаргуулахаар заасан 78,444,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 28-нд төлсөн, анхан шүүхийн шийдвэр 2019 оны 06 дугаар сарын 11-нд гарсан. Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлсөн хугацаа буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны хохирлыг 60,000,000 төгрөгөөс тооцож арилжааны банкнуудын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг жил тус бүрээр тооцож нэхэмжилсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхийнхээ дагуу хохирлыг нэхэмжилсэн, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үгүйсгэж байгаа шийдвэрийн үндэслэл, хууль зүйн тайлбараа тайлбарлаж бичээгүй. Хариуцагч “С-” ХХК нь 2016 онд мөнгө аваад өдий хүртэл өгөөгүй, миний мөнгийг эргэлтэд оруулсан. 2016 оноос хойш байрны үнэ өссөн, гэтэл “С-” ХХК нь бусдын мөнгийг залилж аваад, мөнгөө эргэлдүүлээд явж байна, эрүүгийн хэрэг гээд шалгуулахаар газар дээрээ ганц барилгын суурь цутгасан эрүүгийн хэрэг биш гээд иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ гээд буцаасан, ийм байдлаар 2016 оноос хойш 2023 хүртэл миний мөнгийг эргэлтэд оруулж, намайг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд нэг л удаа эрх зүйн харилцаа үүссэн. 2014 онд ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч “С-” ХХК нь Б.Б-тай орон сууц барьж өгөх захиалгын гэрээ байгуулсан. Энэ маргааныг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүх шийдвэр гаргаж, 2022 онд Улсын дээд шүүх эцэслэн шийвэрлэсэн. 2022 онд үндсэн 60,000,000 төгрөг болон олох ёстой орлогыг нийлүүлж нийт 70,000,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 06 дугаар сарын 11-нээс эхлээд төлбөр төлөх үед талуудын хооронд дахин эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Хариуцагч компани нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй учраас үүргийн зарчимд нийцэхгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийн дахин нэхэмжлээд байгаа 17,544,211 төгрөгийг төлөх шалтгаант холбоотой байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “С-” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,544,121 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1509 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолоор “С-” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны үр дагаварт 60,000,000 төгрөг, банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцон хохиролд 18,444,000 төгрөг, нийт 78,444,000 төгрөгийг гаргуулж Б.Б-ид олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 5-15-р тал/

 

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Хариуцагч “С-” ХХК нь шүүхийн шийдвэрээр төлвөл зохих 78,444,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ид 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.  

 

4.б.Нэхэмжлэгч Б.Б- нь Иргэний хуулийн 227, 229 дүгээр зүйлийг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 78,444,000 төгрөг төлөгдсөн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгаламжийн дундаж хүүгээр хохирол тооцон, хариуцагч “С-” ХХК-аас нийт 17,544,121 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

4.в.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан байна.

4.г.Дээрх хуульд зааснаар гэрээний үүргийн зөрчил нь хохирол тооцох урьдчилсан нөхцөл болдог бөгөөд зөрчил болон хохирол нь хоорондоо цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байхыг шаарддаг. Нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлын асуудлыг өмнө шүүхээр шийдвэрлүүлснээр түүний шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн хугацааг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол учирсан гэж үзэхгүй юм. Иймд хохирол шаардах эрхтэй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,671 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

                                           ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ