Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/03636

 

 

 

 

 

 

 

 

 

          2022       12        13      

   182/ШШ2022/03636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С аймаг, С сум, 0 дугаар баг, Салхит, 0 дугаар хэсэг, 0 тоот хаягт оршин суух, Ц овогт С-ын Ж /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруу, 0 байранд байрлах, “ММН” Холбоо /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Ж хариуцагч ““МНН” Холбоо-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие МНН-эд 2017 онд ёс зүйн хорооны менежер, дотоод хяналт эрсдэлийн удирдлага хариуцсан менежерээр ажилд орж, өнөөдрийг хүртэл ямар нэг сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй...

...Манай байгууллагын нэр хүндийн асуудлаар олон нийтэд хахууль аваад шалгалтад тэнцүүлдэг гэх яриа их байдаг байсан учраас миний бие хүлээсэн үүргийн дагуу энэхүү үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах юмсан гэж боддог байсан. Гэтэл орон нутгаас шалгалт өгөх гэж байгаа юм аа танайх шалгалтын программ дээрээ тохируулаад тэнцүүлдэг гэсэн гээд нэг таньдаг хүн над руу ярихаар нь би мэдэхгүй, би тийм юманд оролцдоггүй гээд орхисон боловч гадаад харилцааны менежер Г.Э бид хоёрыг хамт байж байхад дахиад нөгөө хүн маань залгаад туслаад өгөөч гэсэн. Энэ талаар Г.Э-т хэлэхэд “...яригдаад байдаг мөнгө авч тэнцүүлдэг асуудлыг ил болгох хэрэгтэй, асуугаад өгий гээд хэлчих, IТ-гийн хоёроос асуучих, Ч.Х-ын найз охин нь Б.Б юм чинь...” гэж хэлэхээр нь за асууя гээд орхисон.

Ингэж хэлсэн учир нь мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын үеэр мөнгө авч шалгалтад тэнцүүлдэг мөнгөний газар гэх мэт яриа олон нийтийн дунд байнга яригддаг, фейсбүүк сошиалаар байнга л бичигддэг болохоор тэр яриаг үнэн бодитой эсэх талаар батлах зорилгоор IТ-гийн инженерүүд программ дээр тохируулга хийж хүмүүсийг шалгалтад тэнцүүлдэг талаар олон жил яригдаж байгаа яриаг батлах зорилгоор IT инженер Ч.Х-ын найз охин Б.Б-ээр цааш нь яриулах, ямар байдлаар хэрхэн тэнцүүлдэг талаар мэдээлэл авах зорилгоор Б.Б-тэй холбож өгсөн.

Тэгээд Б.Б-ээс 2 шалгалт өгөх хүн байна, чи тусалж чадах уу гэж асуусан чинь болно, нэг шалгалт 1,500,000 төгрөг гээд 2 шалгалт 3,000,000 төгрөг болно тэгээд шууд тэнцүүлнэ гэхээр нь би Б.Б-ийн хажууд шууд тэр хүн рүү залгаад хэлсэн болж байна гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа Б.Б орой над руу залгаснаа би Ч.Х-тай ярилаа тэгсэн чинь 3, 5 цагийн шалгалт 3,500,000 төгрөг, 2, 5 цагийн шалгалт 2,500,000 төгрөг гээд нийтдээ 6,000,000 төгрөгөөр тэнцүүлдэг юм байна гэхээр нь би за чи тэр хүнтэй өөрөө ярь гээд дугаарыг нь өгсөн...

...Ингээд тэр оройдоо Б.Б тэгвэл мөнгөө хийчих гэж хэлчихлээ гээд Ч.Х-ын хамаатны данс байгаа юм гээд Д гэх Голомт банкны 0000000000 гэсэн дансаа явуулсан байсан. Тэгээд маргааш нь амралтын өдөр байсан ба над руу чат бичээд нөгөө хүн мөнгөө хийгээгүй л байна гээд чат бичсэн байсан, тэгээд хэсэг байснаа 3 цагийн дараа нөгөө хүн мөнгөө хийсэн байна гээд над руу чат бичсэн. Ингээд мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг мөнгө авч тэнцүүлдэг гэдэг нь нотлогдож, шалгалтын программ дээр нь тохируулж өгдөг нь тодорхой болсон.

Үүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлээд удирдлагадаа хэлэх зорилгоор хэд хоног хараад 2022 оны 6 дугаар сарын 06-ны өглөө захирлын зөвлөлийн хуралд ордог гишүүн Э.Э-д мэдээллийг Г.Э бид хоёр хэлсэн. Тэр хүн цааш уламжлаад бид хоёрыг захирлын зөвлөлийн хуралд дуудсан. Тэгээд бид 2 болсон бүх асуудлыг ярьсан. Үүний дараа гүйцэтгэх захирал энэ нийгэмд яригддаг асуудлыг үнэн эсэхийг ил болгосонд баярлалаа гээд өнгөрсөн. Холбогдох хүмүүст зохих арга хэмжээг авна гээд өнгөрсөн...

... 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нийтээр амардаг өдөр нөгөө шалгалт өгөх хүн над руу залгаад нөгөө багш чинь шалгалтад тэнцүүлж чадахааргүй боллоо мөнгийг чинь тэр хүн рүү шилжүүлсэн шүү гээд дугаараа нууцлаад залгаснаа салгасан гээд ярихаар би дансаа шалгатал миний Худалдаа хөгжлийн банкны 0000000 тоот данс руу сексийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай мөнгийг Б.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот данснаас шилжүүлсэн байсан.

Энэ нь намайг маш ихээр доромжилж, дорд үзэж, намайг биеэ үнэлдэг мэтээр бусдад ойлгуулах зорилго агуулсан гэж үзэж дахин үүнд маш их гомдолтой байна, ингээд би тэр хүн рүү 3,000,000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Гэтэл энэ асуудал дууссаны дараа яг шалгалтын өдөр нөгөө хүн рүү Б.Б дугаараа нууцалж залгаад чи мөнгөө аваад салсан уу би чамайг тэнцүүлээд өгье гээд ярьсан байгаа юм...

Б.Б нь илт хууль бус юм хийж намайг ажлаас халуулах зорилго агуулж байсан гэж үзэж байгаа. Би Б.Бгийн миний нууцад халдсан асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Ажил олгогчийн зүгээс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Институтийн ёс зүйн журмын 3.1.1, 3.1.8, Хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.9-д заасныг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан байх ба гуравдагч этгээдэд болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан, ашиглахыг завдсан гэсэн үндэслэлийг дурдсан байна.

Миний бие ажил үүргээ гүйцэтгэх явцад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй бөгөөд дээрх асуудлаар удирдлагадаа танилцуулахаар маш их зүйл бэлтгэсээр байгаад 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн...

Миний бие өөрийн хариуцсан ажилдаа тууштай хариуцлагатай алдаа дутагдалгүй ажиллаж байсан ба энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх шалгалтын асуудалд бол хүн надаас асуусан би холбож өгсөн тэгээд л орхисон өөр асуудал байхгүй...

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч “МНН” ХОЛБОО-гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Жын өөрийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд маш тодорхой дурьдсанаар Монгол Улсын хуульд заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг санаачлан, хамт ажилладаг хүнийг энэ асуудалд татан оролцуулан, бусдаас мөнгө авч Монгол Улсын хууль тогтоомж, ажиллаж буй байгууллагын дотоод дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байдаг...

Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ёс зүйтэй холбоотой хууль тогтоомжийг танилцуулах, энэ ажлыг зохион байгуулах, тайлбар, сургалт хийх гэх мэт ажлын чиг үүрэгтэй.

Энэ үүргээ хэрэгжүүлэхгүй хамт ажилладаг байсан ажлынхаа Бямбасүрэнтэй үгсэн хуйвалдаж, өөрийн танилыг мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцүүлэхээр 3,000,000 төгрөгийг Бямбасүрэнгээр дамжуулж авч үүнээс 1,000,000 төгрөгийн хувь авсан нь тогтоогдсон учраас “МНН”-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.08.05-ны өдрийн 3/1924 дугаартай албан тоот /хх-ийн 5 х/,

-2022.07.06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 6 х/,

-2022.06.07-ны өдрийн Б/30 дугаартай МННийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 16 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 17 х/,

-2022.01.25-ны өдрийн 09 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 18-21 х/,

-2022.06.07-ны өдрийн Б/29 дугаартай МННийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 22 х/,

-2022.06.15-ны өдрийн Ажил хүлээлцсэн жашсаалт /хх-ийн 23-46 х/,

-С.Жын Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 47-64 х/,

-Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 69 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74-х/,

-2022.11.01-ний өдрийн Р.Атарцэцэгтэй байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 116-117 х/,

-2022.07.06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 191 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.08.18-ны өдрийн 185 тоот Б.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 78 х/,

-2022.09.30-ны өдрийн 242 тоот Г.У-д олгосон итгэмжлэл /хх-ийн 84 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 95 х/,

-2022.06.07-ны өдрийн 22/05 дугаартай МНН-ийн захирлын зөвлөлийн ээлжит бус хурлын тэмдэглэл /хх-ийн 96-106 х/,

-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 120-122 х/,

-2022.03.03-ны өдрийн Б/10 тоот МНН-ийн гүйцэтгэх захирлын “Ёс зүйн журам батлах тухай” тушаал /хх-ийн 123 х/,

-МНН-ийн ёс зүйн журам /хх-ийн 124-126 х/,

-2022.02.24-ний өдрийн 09 дүгээр “Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ” /хх-ийн 144 х/,

-МНН-ийн нууцыг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ /хх-ийн 148-149 х/,

-2022.04.07-ны өдрийн Б/17 тоот МНН-ийн гүйцэтгэх захирлын “Нэмэгдэл тооцон олгохыг зогсоох тухай” тушаал /хх-ийн 150 х/,

-2021.12.01-ний өдрийн Б/020 тоот МНН-ийн гүйцэтгэх захирлын “Нэмэгдэл олгох тухай” тушаал /хх-ийн 151 х/ зэрэг баримтуудыг,

Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2022.11.14-ний өдрийн 182/ШЗ2022/14594 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч МНН-аас С.Ж-ын цалингийн тодорхойлолт /хх-ийн 140 х/,

-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 141-143 х/,

-2017.03.30-ны өдрийн 27 дугаар “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 145-147 х/,

-2017.03.30-ны өдрийн 33 дугаартай МНН-ийн гүйцэтгэх захирлын “С.Жыг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 152 х/,

-2017.07.06-ны өдрийн 67 дугаартай МННийн гүйцэтгэх захирлын “С.Жыг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 153 х/,

-2022.11.17-ны өдрийн 182/ШЗ2022/14870 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч МННаас 2019.11.01-ний өдрийн №2 дугаартай “Контракт” /хх-ийн 172-174 /,

-2020.05.01-ний өдрийн №1 дүгээр “Контракт” /хх-ийн 175-178 х/,

-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 179-180 х/,

-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2022.06.16-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл” /хх-ийн 181-184 х/,

-2022.06.13-ны өдрийн №0470212 дугаар “Шийтгэлийн хуудас” /хх-ийн 185 х/,

-2022.06.08-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 186-188 х/,

-2022.06.16-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай “Эрх бүхий албан тушаалтны тогтоол” /хх-ийн 189 х/,

-2022.06.16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 190 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.”МНН” ХОЛБОО-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч “МНН”-т холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн мөртлөө ажлаас халсан тушаалд энэ талаар заагаагүй,

2.2. Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлэхгүйгээр үндэслэлгүйгээр ажлаас халсан,

2.3. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад орж байгаа хүмүүсээс мөнгө авч шалгалтад тэнцүүлдэг гэдгийг нотлох, энэ асуудлыг таслан зогсоох зорилгоор Д захирал болон Э нарт мэдэгдсэн гэж тус тус тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ёс зүйтэй холбоотой хууль тогтоомжийг танилцуулах, энэ ажлыг зохион байгуулах, тайлбар, сургалт хийх гэх мэт ажлын чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхгүй хамт ажилладаг байсан ажлынхаа Б-тэй үгсэн хуйвалдаж, өөрийн танилыг мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцүүлэхээр 3,000,000 төгрөгийг Б-гээр дамжуулж авч үүнээс 1,000,000 төгрөгийн хувьдаа авсан нь тогтоогдсон учраас “МНН”-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он, цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,

 

154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч “МНН”-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, МННийн аудит, ёс зүйн хорооны менежерийн албан ажилд эгүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговор гаргуулж олгуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх ба шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 182/ШЗ2022/09285 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 11-15 х/

 

Нэхэмжлэгч С.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан байна.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3/1924 дугаатай албан бичгээр “...Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасан “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо” нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт одоогоор байгуулагдаагүй байна. Иймд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ. /хх-ийн 5 х/

 

Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус заасан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Нэхэмжлэгч С.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “МНН”-д Ёс зүй, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерээр томилогдон ажиллаж байсан болох нь “Ажлын байрны тодорхойлолт” /хх-ийн 141-143 х/ , “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 18-21, 145-147 х/, 2017 оны 7 дугаар сарыг 06-ны өдрийн 67 тоот “С.Жыг ажилд томилох тухай тушаал” /хх-ийн 153 х/ талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч “МНН”-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалын нэхэмжлэгчийг Ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:

-“МНН”-ийн Ёс зүйн журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол улсын хууль, байгууллагын хэмжээнд мөрдөж буй Хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журам, соёл, дэг зааврыг чанд баримтлах”, 3.1.8-д “Ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгохгүй, тэдэнтэй үгсэн тохирохгүй, амлалт өгөхгүй, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авахгүй, бусад хангамж эдлэхгүй байх”,

 

-Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”,

-Хөдөлмөрийн гэрээний 5.1.7-д “Институтын ажилтны ёс зүйн дүрэм /журам/ зөрчсөн”,

            -5.1.9-д “Гуравдагч этгээд болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан, ашиглахыг завдсан” гэжээ.

 

            Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцлах бөгөөд эдгээр нөхцөлийг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцно. Үүнд гээд 5.1.1-ээс 5.1.17 хүртэл зөрчлүүдийг нэрлэн заасан байна. /хх-ийн 18-21 х/

 

Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.9-д тус тус заасан “Институтийн ажилтны ёс зүйн дүрэм /журам/ зөрчсөн”, “Гуравдагч этгээд болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан  болон хэтрүүлэн ашигласан, ашиглахыг завдсан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулжээ.

 

“МНН”-ийн Ёс зүйн журам нь “...ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, түүнийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, ...дүрэм журмаар олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хамт олон, нийгмийн харилцааны хүрээнд дагаж мөрдөх..., ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль, энэ журамд заасан хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэжээ. 

 

Дээрх журмаас үзвэл байгууллагын ёс зүйн дүрэм нь ажлын орчинд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй /зөвшөөрөх, эс зөвшөөрөх/-г ёс зүйн үүднээс тодорхойлсон, зөрчлийг шийдвэрлэх, эрхлэх үйл ажиллагааг ёс зүйтэй явуулахаар тодорхойлсон байна.

 

            Нэхэмжлэгч нь “...мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын үеэр мөнгө авч шалгалтад тэнцүүлдэг мөнгөний газар гэх яриа олон нийтийн дунд байнга гардаг болохоор энэ яриаг үнэн бодитой эсэхийг батлах зорилгоор Аудит ёс зүй, мэргэжлийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Д болон гадаад харилцааны менежер Э нарт хэлсэн  гэх...” тайлбараа баримтаар нотлох буюу гэрч асуулгах хүсэлт гаргаагүй учраас шүүх энэхүү тайлбарыг үнэн зөв гэж үзэж баримтаар үнэлэх боломжгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч дээрх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Ж нь мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад өөрийн найзын найзыг тэнцүүлэх зорилгоор хамт ажиллаж байсан Б.Бтэй хамтран бусдаас 3,000,000 төгрөг авч, үүнээс 1,000,000 төгрөгийг урамшуулал болгон авсан болох нь гэрч Б.Бгийн “...5 дугаар сарын 26-ны өдөр Институтийн хурлын зааланд онлайн хичээл орж байхад надаас нэг хүн байнга шалгалтад тэнцүүлээд өг гээд асуугаад байдаг. Өөр хүнээс асуухад тэр хүн нь болгож өгч чадахгүй гэсэн, чи чадах уу гэж надаас асуусан. Надад хэлэхдээ найзынх нь найз гэж хэлсэн... 5 сарын 26-нд анх надад санал тавьсан өдрөө эгчдээ 1,000,000 төгрөгийг нь өгчих, чи 2,000,000 төгрөгийг нь авахгүй юу гэж хэлсэн..., сексийн төлбөр гэх утгатай 1,000,000 төгрөг бол Жавзандуламын өөртөө авах төгрөг байсан... /хх-ийн 166- 170 х/ гэх мэдүүлэг, МННийн захирлын зөвлөлийн ээлжит бус хурлын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22/05 дугаартай тэмдэглэл дээрх Н.Д-ийн “... Ж-ын хувьд ч гэсэн өмнө нь надаас асууж л байсан би тэр үед болохгүй гээд гаргаж л байсан...” гэх тайлбар /хх-ийн 96-106 х/, Худалдаа хөгжлийн банкны 413017460 тоот дансны 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг /sex tulbur, from Б Б гэсэн утгатай/-ийн орлого орсон хуулбар /хх-ийн 60 х/, талуудын тайлбараар тогтоогдож байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өөрийн найзын найзыг мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцүүлэхээр Б-тэй тохиролцож мөнгө авч байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Жын хариуцагч “МНН”-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт гүйлгээний дэлгэрэнгүй, aaaaaaaaaaaaa@monicpa.mn цахим шуудангийн нууц үг солих гэсэн утга бүхий хуулбар, 00000000 дугаартай утсаар харилцсан зурвас, Худалдаа хөгжлийн банкны 2022.05.28-ны өдрийн огноо бүхий 62180709 дугаартай шилжүүлгийн мэдээлэл, B гэх фэйсбүүкийн чат зэрэг баримтуудыг өгсөн боловч үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй учраас шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 62-73 х/

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан “МНН”-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай С.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                          Х.ДАШДЭЧМАА