Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00214

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/03636 дугаар шийдвэртэй, С.Ж-ын нэхэмжлэлтэй М-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М-д 2017 онд ёс зүйн хорооны менежер, дотоод хяналт эрсдэлийн удирдлага хариуцсан менежерээр ажилд орж, өнөөдрийг хүртэл ямар нэг сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Ажил олгогчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ажил үүргээ гүйцэтгэх явцад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцүүлээд өгөөч гэж хүн надаас асуусан, би холбож өгсөн, тэгээд л орхисон. Өөр асуудал байхгүй. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: С.Ж нь хамт ажилладаг байсан Б-тэй үгсэн хуйвалдаж, өөрийн танилыг мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцүүлэхээр 3,000,000 төгрөгийг авч, үүнээс 1,000,000 төгрөгийн хувь авсан нь тогтоогдсон тул М-ийнгүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан М-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай С.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг тогтоодог байгууллага биш, зөрчил гаргасан эсэхийг тогтоосон байдал, гаргасан зөрчилд нь оногдуулсан арга хэмжээ үндэслэлтэй эсэх, шийтгэл оногдуулсан эрх зүйн акт нь хуульд нийцэж гарсан эсэх, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.1, 123.2.5-д заасан сахилгын шийтгэлийн төрлийг хуульчилсан. Уг заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлах ёстой. Шүүх шийдвэртээ хөдөлмөрийн гэрээний 5.1.7-д и-ийн ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн, мөн гуравдагч этгээд болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан, ашиглахыг завдсан гэж дүгнэсэн. 1,000,000 төгрөгийг урамшуулах авсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасныг зөрчигдсөн. Хөдөлмөрийн гэрээ цуцлах, эсхүл дуусгавар болж байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах нь ажил олгогчийн үүрэг болгож хуульчилсан боловч ажил олгогч нь уг үүргээ биелүүлээгүй ажилтны эрх ашгийг хохироосон. Мөн сахилгын шийтгэлийн танилцуулах хуудасыг ажилтанд танилцуулаагүй.

Шүүхийн шийдвэрт дурдсан дэд захирал М.Д болон гадаад харилцааны менежер Г.Э нарт хэлсэн гэх тайлбарыг баримтаар нотлоогүй, гэрчээр асуугаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэг үйлдэлд 2 арга хэмжээг 3 хоногийн зайтай Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.7 дахь хэсэгт заасныг зөрчиж сахилгын шийтгэлийг оногдуулсан.

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлно гэж заасан. Анхан шатны шүүх уг журмын дагуу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 6 сар 18 хоног буюу 150 хоногийн нөхөн олговрыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэг үйлдэлд хоёр хариуцлага оногдуулсан зүйл байхгүй. Байгууллагын нууцын гэрээний дагуу нууцтай холбоотой баримт бичгийг задруулсан гэх үндэслэлээр сануулах шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан. 1,000,000 төгрөгийг авсан гэх үйл баримт нь дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, С.Ж-ын тайлбараар нотлогдсон. Энэ талаар өөрөө үгүйсгэдэггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

 

4. Нэхэмжлэгч С.Жыг М-д аудит, ёс зүй хариуцсан менежерээр ажиллаж байхад нь тус и-ын гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч С.Ж ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж С.Ж нь хамт ажилладаг Б-тэй үгсэн хуйвалдаж, өөрийн танилыг мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцүүлэхээр 3,000,000 төгрөгийг авч, үүнээс 1,000,000 төгрөгийн хувь авсан нь тогтоогдсон гэж маргажээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан бөгөөд цуцлах үндэслэлийг нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Ажил олгогчийн тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.9-д заасныг үндэслэсэн байх ба 5.1.7-д и-ын ажилтны ёс зүйн дүрэм /журам/ зөрчсөн, 5.1.9-д Гуравдагч этгээд болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан, ашиглахыг завдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд эдгээр нөхцлийг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцохоор зааснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

 

6. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга /хх-60, 62-64, 69/, хариуцагч байгууллагын захирлын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл /хх 96-106/, гэрч Б-ий нөгсөн С.Ж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад хүн тэнцүүлж өгч чадах уу гэж надаас асуусан. Мөн эгчдээ 1,000,000 төгрөгийг нь өгчих, чи 2,000,000 төгрөгийг нь авахгүй юу гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 166-170/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцүүлэх зорилгоор бусдаас шан харамж авсан үйл баримт тогтоогдож байна.

Ажилтан М-н и-ын ёс зүйн журмын 3.1.8, хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.9-д заасан зөрчил гаргасан байх ба эдгээр зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлд хамаарна.

Хэдийгээр ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг баримтлаагүй хэдий ч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар тушаал хууль ёсны байна. Иймд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг баримтлаагүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/03636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН