Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/02744

 

 

 

 

 

 

 

 

2023       10         03                                            182/ШШ2023/02744

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ПСИ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:. УБХЗА албанд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,750,200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,

Хариуцагч талын хүсэлтээр төлөөлөгч О.Б-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага УБХЗА албатай 2020.04.24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж, ажлыг ямар нэгэн доголдолгүй хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн актанд нэр нь бичигдээгүй байгаа боловч хариуцагч талаас мэргэжилтэн Ц.Б гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа. Мөн захиалагчийн хяналтыг НХО газар хэрэгжүүлж байсан бөгөөд 2022.12.14-ний өдрийн албан бичгээр УБХЗА албанаас 23,750,200 төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Бид ч мөн хариуцагчаас ажлын хөлсийг шаардахад санхүүжилт орж ирэхээр өгнө, шийдэж байгаа гэсэн шалтгаан хэлсээр төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагчаас ажлын хөлсөнд 23,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд 2020.04.24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төслийг нэхэмжлэгч тал боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Гэхдээ бидний зүгээс ажлыг хүлээн аваагүй, хүлээлгэн өгсөн тухай баримтгүй. Ажил хүлээлцсэн актанд таталсан гарын үсэг байгаа боловч хэн гэдэг нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Мөн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар угсралт хийсэн байгууллагаас төлбөрийг төлөхөөр байна.  Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.04.24-ний өдрийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2020.12.17, 2020.12.20-ны өдрийн ажил хүлээлцэх актууд, 2022.09.09-ны өдрийн 385, 2022.11.30-ны өдрийн 471 тоот албан бичгүүд, 2020.05.20-ны өдрийн тендерийн баримт бичгүүд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу 2022.12.14-ний өдрийн 2/5572 тоот албан бичгийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

4.Хариуцагч талаас ямар нэгэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ПСИ ХХК нь хариуцагч УБХЗА албанд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,750,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж, ажлын үр дүн буюу зураг төслийн ажлыг бүхэлд нь ямар нэгэн доголдолгүй эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж байгаа тул ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбарынхаа үндэслэлийг нэхэмжлэгч тал ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажлын үр дүнг манай байгууллага хүлээн аваагүй, ажил хүлээлцсэн актанд гарын үсэг зурсан этгээд хэн болох, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй, ажлын хөлсийг угсралт хийсэн байгууллага төлөхөөр байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Хэрэгт авагдсан цахим тендерийн баримтаар хариуцагч УБЗАА нь 2020.05.20-ны өдөр https://www.tender.gov.mn сайтанд Гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын цахим тендерийн урилгыг байршуулсан байх ба энэ хүрээнд зохигчдын хооронд 2020.04.24-ний өдөр зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ПСэИ ХХК нь гэрээний хавсралтаар батлагдсан байршилд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг Эрчим хүчний тухай хууль, зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, магадлал хийх дүрэм болон захиалагчийн шаардлагад нийцүүлэн 60 хоногийн хугацаанд гүйцэтгэж, холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулан хариуцагч УБЗАА-нд хүлээлгэн өгөх,

 

хариуцагч УБЗАА нь НӨАТ тооцсон дүнгээр, хавсралтад дурдсан ажил тус бүрт нийт үнийн дүнгийн 4%-иас хэтрэхгүй байхаар тооцож хөлс төлөх, ингэхдээ тухайн угсралтын ажлын төсөвт зургийн үнийн дүнг тооцон оруулж, угсралт хийсэн байгууллагаас нэхэмжлэн авах эрх зүйн зохицуулалтыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцжээ.

 

4.Нэхэмжлэгч ПСэИ ХХК нь дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 болон гэрээний хавсралтад зааснаар,

- Баянзүрх дүүрэгт: 2,160,000 төгрөгийн үнэ бүхий Монелийн задгайд, 7,200,200 төгрөгийн үнэ бүхий Улиастайн аманд,

- Сүхбаатар дүүрэгт: 860,000 төгрөгийн үнэ бүхий Сэлхийн 6 дугаар гудамжны гэрэлгүй айл өрхүүд, 860,000 төгрөгийн үнэ бүхий 20 хорооны Ц.Н  нарын 12 өрх,

- Сонгинохайрхан дүүрэгт: 2,160,000 төгрөгийн үнэ бүхий Баянголын аманд, 3,240,000 төгрөгийн үнэ бүхий Гангар хорооллын урд айлууд, 2,160,000 төгрөгийн үнэ бүхий малтай, фермтэй айлууд, Баянгийн давааны хойд хэсэгт, 650,000 төгрөгийн үнэ бүхий 32 дугаар хороо, Баруун туруун, 6 дугаар гудамжинд, 3,960,000 /2,520,000+1,440,00/ төгрөгийн үнэ бүхий Ар гүнтэд,

- Хан-Уул дүүрэгт: 500,000 төгрөгийн үнэ бүхий Ногооны 2-76 тоот, ...в/1843 өргөдөл гэсэн 14 байршилд хамаарах, нийт 23,750,200 төгрөгийн үнэ бүхий Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн, ямар нэгэн доголдолгүйгээр, хэвлэмэл болон электрон иж бүрдэл байдлаар 2020 оны 07, 11, 12 саруудад магадлалаар оруулж зураг төслийн ажил хүлээлцсэн тухай актуудаар хариуцагч УБЗАА-нд хүлээлгэн өгсөн байна.

Хэдийгээр ажил хүлээлцсэн актуудад хариуцагч УБЗАА-ыг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн нэрийн тайлал бичигдээгүй, тамга, тэмдэг дарагдаагүй байх боловч нэхэмжлэгч тал УБЗАА-ны мэргэжилтэн Ц.Б-г ажлыг хүлээн авсан болохыг тайлбарласан, мөн НХО газрын 2022.12.14-ний өдрийн 2/5572 тоот албан бичгээр энэхүү ажилд захиалагчийн техник хяналтыг НХО газар хэрэгжүүлсэн, тэрээр ПСэИ ХХК-ийн гүйцэтгэсэн зураг төслийн ажлуудыг хүлээн авч холбогдох барилга угсралтын ажлыг хэвийн явуулж, зарим байршлуудад комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан болохыг хариуцагч УБЗАА-нд мэдэгдэж, зураг төсвийн ажлын өртөг болох 23,750,200 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байжээ.

Өөрөөр хэлбэл НХО газрын 2022.12.14-ний өдрийн 2/5572 тоот албан бичгээр хариуцагч УБЗАА нь нэхэмжлэгч ПСэИ ХХК-ийн 14 байршилд хамаарах гүйцэтгэсэн зураг төслийн ажлуудыг хүлээн авсан болох нь давхар нотлогдож байна гэж үзлээ. Тиймээс хариуцагч талын гаргасан “... ажлыг бид хүлээн аваагүй, ажил хүлээлцсэн актан дээрх гарын үсэг хэнийх болох нь, мөн тухайн этгээд байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, ажлын хөлсийг төлөхгүй...” гэх агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй, уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.

5.Улмаар хариуцагч УБЗАА нь гэрээний 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авч, гэрээний хавсралтад зааснаар 23,750,200 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгч ПСэИ ХХК-нд төлөх үүрэгтэй, өөрөөр хэлбэл гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар угсралтын ажлын төсөвт зургийн үнийн дүнг тооцон оруулж угсралт хийсэн байгууллагаас нэхэмжлэн авах эрх зүйн зохицуулалтыг хариуцах үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч ПСэИ ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар ажлын хөлс төлөхийг хариуцагч УБЗАА-наас 2022.09.09-ний өдрийн 385, 2022.11.30-ны өдрийн 471 тоот албан бичгүүдээр шаардаж байсан боловч хариуцагч УБЗАА нь ажлын хөлс болох 23,750,200 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасан. 

6.Өөрөөр хэлбэл, зохигчид хийх ажил, хөлс төлөх арга журам, хугацаа, гэрээгээр хүлээх эрх, үүргийг харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч ПСэИ ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар ажлын үр дүн болох 14 байршилд хамаарах Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулах ажлыг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэн, ямар нэгэн доголдолгүй, хэвлэмэл болон электрон иж бүрдлээр 2020 оны 07, 11, 12 саруудад хариуцагч УБЗАА-нд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч УБЗАА нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан хөлс төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Тиймээс нэхэмжлэгч ПСэИ ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй, хариуцагч УБЗАА нь хүлээн авсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч УБЗАА-наас 23,750,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПСэИ ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч ПСэИ ХХК-ийн 2023.04.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 276,701 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УБЗАА-наас 276,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПСэИ ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч УБХЗА албанаас 23,750,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПСИ ХХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ПСИ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 276,701 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УБХЗА албанаас 276,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПСИ ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА