Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02121

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02121

 

 

П ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03ы өдрийн 182/ШШ2023/02744 дугаар шийдвэртэй

П ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБХЗА нд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,750,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай байгууллага УБХЗА тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж, ажлыг ямар нэгэн доголдолгүй хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн актанд нэр нь бичигдээгүй байгаа боловч хариуцагч талаас мэргэжилтэн Ц.Б гэдэг хүн гарын үсэг зурсан.

1.2. Захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө, оруулалтын газар хэрэгжүүлж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр УБХЗА наас 23,750,200 төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Бид хариуцагчаас ажлын хөлсийг шаардахад санхүүжилт орж ирэхээр өгнө, шийдэж байгаа гэсэн шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас ажлын хөлсөнд 23,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төслийг нэхэмжлэгч тал боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс ажлыг хүлээн аваагүй, хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй. Ажил хүлээлцсэн актанд таталсан гарын үсэг байгаа боловч хэн гэдэг нь тодорхойгүй, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй. Түүнчлэн, гэрээний 3 дугаар зүйлд зааснаар угсралт хийсэн байгууллагаас төлбөрийг төлөхөөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч УБХЗА наас 23,750,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 276,701 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УБХЗА наас 276,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын байгуулсан гэрээнд захиалагчийн хяналтыг бусдаар гүйцэтгүүлэх талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээгээр тухайн ажлын захиалагч нь УБХЗА , ажлын гүйцэтгэгч нь П ХХК байхаар харилцан тохиролцсон. Гэтэл шүүхээс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/5572 дугаартай албан бичгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй, тус байгууллага нь ямар үндэслэлээр УБХЗА тай холбогдож байгаа талаар тодруулаагүй атлаа хийсвэрээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Гэрээний 4.2-т гэрээт ажлын үр дүнг талуудын төлөөлөгчид хамтран нарийн шалгаж актаар хүлээлцэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гэрээний хавсралтаар тохирсон 14 ажлыг УБХЗА тай гэрээнд дагуу хүлээлцэж акт үйлдсэн гэж байгаа боловч нэхэмжлэлд хавсаргасан зураг төслийн ажил хүлээлцсэн актанд УБХЗА наас хүлээн авсан эсэх, тухайн акт дээр хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, гэрээгээр тохирсон 14 ажил байхад 7 ажлыг хүлээн авсан талаар нэхэмжлэгч талаас баримт бүрдүүлж өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь гомдолдоо ... Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/5572 дугаартай албан бичгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй, тус байгууллага нь ямар үндэслэлээр УБХЗА тай холбогдож байгаа талаар тодруулаагүй байж хийсвэр дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Хэрэгт авагдсан цахим тендерийн баримтаар хариуцагч УБХЗА нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр www.tender.gov.mn сайтад тендерийн урилга болон материалыг байршуулсан ба тус сайтад төслийн менежер нь Нийслэлийн хөрөнгө, оруулалтын газар байна. Төслийн менежер гэж гэрээний тусгай нөхцөлийн 17.1-ийн дагуу захиалагчийн томилсон, гэрээний тусгай нөхцөлд төслийн менежер гэж нэрлэгдэн захиалагчийн даалгасан үүрэг даалгавар гүйцэтгэдэг хүнийг хэлнэ. Төслийн менежер нь гэрээ хэрэгжүүлэх хугацааны туршид захиалагчийг бүрэн төлөөлж, захиалагчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна гэж заасан байна. Мөн Нийслэлийн хөрөнгө, оруулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/5572 дугаартай албан бичигт манай газар дээрх төсөл, арга хэмжээнүүдэд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэмээн тодорхой дурджээ. Өөрөөр хэлбэл, төслийн захиалагч буюу УБХЗА наас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллуулахаар томилсон болохыг дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч тал анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй тул гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

5.2. Хариуцагч тал ... зураг төслийн ажил хүлээлцсэн акт дээр УБХЗА наас хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, тухайн акт дээр хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, мөн гэрээгээр тохирсон 14 ажил байхад 7 ажлыг хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэгч талаас баримт бүрдүүлж өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаанд ажлыг чанартай гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын зураг төсөл, материалыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн ба хариуцагч талаас тус материалыг www.tender.gov.mn сайтад pdf файлаар байршуулсан байна. Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу ажлыг гүйцэтгээд УБХЗА нд ажил хүлээлцэх актаар хүлээлцэхээр хэд хэдэн удаа хандсан боловч тус ажлыг хүлээж авах хүн олдохгүй, хуралтай, ажилтай, амжихгүй гэх мэт шалтаг тоочсоор 2020 оны 07, 11, 12 дугаар саруудад УБХЗА ны мэргэжилтэн Ц.Б хүлээн авч, гарын үсэг зурсан.

Мөн дээр дурдсанаар төслийн менежер Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/5572 дугаар албан бичигт ... барилга угсралт зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж, зарим байршуулад комисс ажиллаж байнгын ашиглалтад хулээн авсан... зураг төслийн нийт өртөг 23,750,200 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэх албан бичгээр гэрээний дагуу хийсэн ажлыг хүлээн авсан болох нь нотлогдож байгаа бөгөөд энэ талаар хийсэн анхан шатын шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэж, гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил өнөөдрийг хүртэл ямар нэгэн доголдолгүй ашиглагдсаар байгаа тул хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлын чанар, доголдлын талаар маргаагүй, мөн нэхэмжлэлийн татгалзлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэжлэлд хариу тайлбар гаргаагүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч УБХЗА нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,750,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэрэгт 2020 оны 04 дүгээр 24-ний өдрийн П ХХК-ийн УБХЗА тай байгуулсан зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хавсралт, зураг төслийн ажил хүлээлцсэн акт зэрэг баримтууд авагдсан байна.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ажлыг доголдолгүй хийж гүйцэтгэн акт үйлдэн хариуцагч байгууллагын мэргэжилтэн Ц.Б т хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэсэн боловч ажлын үр дүнг манай байгууллага хүлээж аваагүй, ажил хүлээлцсэн актанд гарын үсэг зурсан этгээд хэн болох, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй, ажлын хөлсийг угсралт хийсэн байгууллага төлнө гэж маргажээ.

3.а. Хэрэгт авагдсан зураг төслийн ажил хүлээлцсэн №14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дугаартай актын хүлээн авсан хэсэгт хариуцагч байгууллагыг төлөөлж ямар албан тушаалтай, хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгчийн тайлбарлаж буй зургийн ажлыг хүлээн авсан гэх Ц.Б нь тухайн байгууллагыг төлөөлж ажил хүлээн авч, гарын үсэг зурах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулаагүй байна.

3.б. Түүнчлэн, талууд гэрээний хавсралтаар 14 ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч нь ажил хүлээлцэх актаар 7 ажлыг хүлээн авсан боловч үлдэх 7 ажлыг хариуцагчид хүлээлгэн өгөх талаар ямар арга хэмжээ авсан эсэх, бодит байдалд тухайн ажил хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байгаа энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02744 дугаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХБАЯР

                  ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ