Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/02749

 

 

 

 

 

 

 

 

2023       10         03                                            182/ШШ2023/02749

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МБ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: МБны ерөнхийлөгчийн 2022.05.02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагчийн төлөөлөгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: МБ ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б-475 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Ад ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч З.Ад сахилгын шийтгэл ногдуулахдаа МБ ажилтны Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаартай шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд тухайн шийдвэр нь ямар агуулгатай, З.Аг ямар зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, нотолгоогүй байна. Нэхэмжлэгч З.А нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргаагүй бөгөөд түүнд сахилгын шийтгэл ногдуулсан МБны ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б-475 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 123.1-д заасан “Хөдөлмөрийн хууль тогтоомж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэсэнд нийцээгүй. Уг сахилгын шийтгэлийг ногдуулах болсон шалтгаан нь 2022.09.16-ны өдөр надтай холбоотойгоор МБны 2 ажилтан, МБнаас ажиллаж байгаад гарсан 1 эмэгтэй, тэдгээрийн 3 гомдол, нэг ажилтны тайлбарыг үндэслэн, 3 гомдлыг нотлох баримтгүй, харин 1 тайлбар үндэслэлтэй, ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэнээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж танилцуулсан боловч тайлбарт дурдсан асуудал нь 2021 оны 12 сард болсон үйл явдал юм. Гомдол гаргасан нэг ажилтны хувьд нэхэмжлэгч З.Агийн удирдлагад ажилладаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалздаг, ажлын цагтаа ажилдаа ирдэггүй, ажлын цагаар ажлын байрандаа байдаггүйтэй холбоотойгоор шаардлага тавьснаас шалтгаалж, нэхэмжлэгч З.Агийн өрөөнд 2 удаа орж ирэн, хашгирч элдвээр доромжилсон бөгөөд энэ үйлдэлтэй нь холбоотойгоор тавьсан шаардлагыг нь хүлээн авахаас татгалзаж, өөрийн ойр дотно нөхөрлөдөг 3 эмэгтэйтэй хамтран нэг өдөр нэхэмжлэгч З.Агийн эсрэг гомдол гаргасан байдаг бөгөөд энэ талаар холбогдох тайлбар баримтыг гарган өгч, комиссын хуралд оролцсон. МБны ерөнхийлөгчийн 2018.10.19-ний өдрийн А-259 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 4.1.2-д ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг 4.1.1-т заасан баримт, нотолгоо, мэдээлэлд үндэслэн тогтоох гэж заасан байх боловч маргаан шийдвэрлэх комисс нь ямар нэг баримтгүйгээр, ажилтны гаргасан тайлбарыг үндэслэн, хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасныг эс зөвшөөрч, тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдсан тул эхлээд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Гэвч МБны маргаан таслах комиссын хурлын шийдвэр болон Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрээр бид нар эвлэрэх боломжгүй, зөвшилцөлд хүрээгүй учраас дахин нэхэмжлэл гаргаж байна. МБны ерөнхийлөгч нь 2023.05.02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаараа 2022.09.28-ны өдрийн Б-475 дугаар шийдвэрээ хүчингүй болгосон гэх боловч энэхүү тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй, ийм тушаал гарсан талаар мэдэгдээгүй. Харин Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг шийдвэрлэхдээ уншиж сонсгосон бөгөөд МБны ерөнхийлөгч өмнөх шийдвэрээ хүчингүй болгохдоо З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байгааг мэдээд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж шүүхэд хандсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9-д ажил олгогч энэ хуулийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч нь энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд хариуцагчийн шүүхэд гарган өгсөн баримттай танилцахдаа тушаалыг бичгээр танилцсан байдаг. МБны ерөнхийлөгчийн 2023.05.02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар “...ёс зүйн зөрчил гаргасан гэх МБны ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж...” хэмээн шийдвэрлэсэн байх боловч энэхүү тушаалаар өмнөх Б-475 дугаар тушаалыг хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, МБны ерөнхийлөгчийн 2023.05.02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд нэгдүгээрт нэхэмжлэгч З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, хоёрдугаарт нэхэмжлэгч З.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон байна. Дээрх тушаалд МБны ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй буюу нэхэмжлэгч З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь өөрөө эргээд сөрөг үр дагавар үүсгэж байна. Магадгүй сүүлийн 1 жилийн хугацаанд ямар нэгэн зөрчилд хамаарах зүйл гаргасан тохиолдолд давтан зөрчил гаргасанд тооцогдох эрсдэлтэй, ноцтой үр дагавартай. Нэг талаар нэхэмжлэгч З.Аг сахилгын зөрчил гаргаагүйд тооцсон боловч нөгөө талаар, ёс зүйн зөрчил гаргасан мэт дүгнэсэн байна.

Иймд МБны ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б/475 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2022.05.02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын холбогдох хэсэг буюу З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх МБны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж гэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад 2022.09.28-ны өдрийн Б/475 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 216 тоот тушаалаар хүчингүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа 2022.05.02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын холбогдох хэсэг буюу З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх МБны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж тодруулж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ад холбогдох өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах шийтгэл ногдуулсан МБ ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б-475 дугаар тушаалыг мөн МБны ерөнхийлөгчийн 2023.05.02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасныг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.9-д заасныг баримтлан хугацаанаас өмнө буюу 2023.09.28-ны өдрөөс өмнө 2022.09.28-ны өдрийн Б-475 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тиймээс энэхүү тушаалын үйлчлэл дуусгавар болсон.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа нэг зөрчилд нэг удаа тушаал гаргаж, нэг удаа шийтгэл ногдуулахаар зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасан тул нэхэмжлэгч З.Аг давхардуулан зөрчил гаргасан гэх асуудал дахин үүсэх боломжгүй. Нэхэмжлэгч З.А нь хамт ажиллаж байсан хүнийг зүй бус үгээр хэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдах бөгөөд өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдал нь дурдагдсан байдаг. МБны хөдөлмөрийн дотоод журамд МБ ажилтнуудын ёс зүйн хянан шийдвэрлэх комиссын зөвлөмж, дүгнэлт нь ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж тодорхой дурдсан тул энэ талаар тушаалд оруулж өгсөн юм.  

МБ зүгээс ажилтан З.Ад холбогдох хөдөлмөрийн эрхийн маргаан гэж тооцогдох, үр дагавар үүсгэх бүхий л эрх зүйн актуудыг өнөөдрийн байдлаар хүчингүй болгочхоод байгаа. Хэрэв нэхэмжлэгч З.А МБтай холбоотой ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын шийдвэр алдаатай гэж үзвэл МБ удирдлагад хандах эрхтэй. Энэ бол шүүхээр хэлэлцэх асуудал биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас 2022.02.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, МБны ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б-475 дугаар З.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023.04.10-ны өдрийн МБны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023.05.08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас МБны ерөнхийлөгчийн 2023.05.02-ны өдрийн Б-216 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаалыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу 2023.02.28-ны өдрийн 2837 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжтай хэргээс зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн баримтууд буюу 2020.09.23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, МБны ерөнхийлөгчийн  2020.04.15-ны өдрийн А-123 дугаар журам батлах тухай тушаал, түүний хавсралт болох хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, тооцооны хуудас, МБны ерөнхийлөгчийн  2018.05.17-ны өдрийн А-144 дугаар ёс зүйн дүрэм батлах тухай тушаал, тушаалын хавсралт болох МБны ажилтны ёс зүйн дүрэм, МБны ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр, МБны ерөнхийлөгчийн  2022.07.06-ны өдрийн А-198 дугаар тушаал, түүний хавсралт болох МБны хөдөлмөрийн дотоод журам, ажилтан Т.Цоос МБны ерөнхийлөгчид хандаж гаргасан өргөдөл, ажилтан Ж.О, Э.Б нараас тус тус МБны ёс зүйн хороонд гаргасан тайлбар, хүсэлт, МБны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр, МБны ерөнхийлөгчийн  2023.09.28-ны өдрийн Б-475 дугаар З.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, нэхэмжлэгч З.Агаас МБны ерөнхийлөгчид хандаж гаргасан өргөдөл, МБны ерөнхийлөгчийн  2022.09.21-ний өдрийн А-249 дугаар МБны ажилтны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, МБны ерөнхийлөгчийн  2018.10.19-ний өдрийн А-259 дугаар журам батлах тухай тушаал, хавсралт болох МБны ажилтны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын ажиллах журам, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2022.09.21-ний өдрийн Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын хурлын тэмдэглэл, 2020.10.20, 2021.12.01, 2020.12.03, 2021.12.24, 2020.10.19,  2022.07.05-ны өдрүүдийн  МБны хяналт шалгалтын хэлтсийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.А нь хариуцагч МБ ТБАГУТҮГ-т холбогдуулж МБны ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б/475 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2022.05.02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад МБны ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б/475 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл гэж тайлбарлан шаардлагаа 2022.05.02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.  

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч тал надад сахилгын шийтгэл ногдуулсан Б/475 тоот тушаалыг “... З.А нь сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон боловч миний бие энэхүү тушаалын үндэслэлийг зөвшөөрөхгүй, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл хэвээр байгаа, миний хувьд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын хурлын шийдвэр үндэслэлгүй, цаашлаад ёс зүйн зөрчил давтан гаргасан гэх үр дагаврыг надад үүсгэх эрсдэлтэй тул Б/216 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж,

 

Хариуцагч тал гаргасан тайлбарынхаа үндэслэлийг нэхэмжлэгч З.Ад сахилгын арга хэмжээ авсан Б/475 тоот тушаалыг Б/216 тоот тушаалаар хүчингүй болгочихсон, нэхэмжлэгч З.Ад ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй байхад энэ тушаалыг дахин хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар байгууллагадаа хандах ёстой, шүүхийн шийдвэрлэх маргаан биш, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч З.А нь хариуцагч МБанд 2007 оноос эхлэн ажиллаж, 2020.06.03-ны өдрөөс Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтэс I-ийн захирлаар ажилласан байх ба, МБны ерөнхийлөгчийн 2022.09.28-ны өдрийн Б/475 тоот тушаалаар З.Ад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, 11.6.1 дэх заалт, Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн өдрийн 3 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Улмаар хариуцагч МБны ерөнхийлөгч нь 2023.05.02-ны өдрийн Б/216 тоот тушаалаар дээр дурдсан 2022.09.28-ны өдрийн Б/475 тоот тушаалыг хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалд “... Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтэс I-ийн захирал З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх МБны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн...” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хариуцагч МБ нь Б/216 тоот тушаалыг нэхэмжлэгч З.Ад хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх шатанд буюу 2023.05.08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан дээр комиссын гишүүнээр дамжуулан танилцуулсан байх бөгөөд уг хуралдаанаар нэхэмжлэгч З.Ад өмнө нь сахилгын шийтгэл  ногдуулсан Б/475 тоот тушаал, уг тушаалыг хүчингүй болгосон Б/216 тоот тушаалуудын талаар авч хэлэлцсэн, нэхэмжлэгч З.А нь Б/216 тоот тушаалыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулна гэж маргаснаар талууд тохиролцоонд хүрээгүй, хуралдаан дуусгавар болсон байна.

 

4.МБны ажилтнууд болох нэр дурдсан зарим хүмүүсээс нэхэмжлэгч З.Ад холбогдуулж дараах агуулга бүхий гомдлуудыг гаргажээ. Үүнд:

4.1.Хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч Т.Ц 2022.09.16-ны өдөр З.Ад холбогдуулан гаргасан гомдолдоо “...З.А нь захирал болсноос хойш ажилтнуудыг хооронд нь хагаралдуулж чиний, миний хүн гэж ялгаварлан гадуурхаж байна, өөрийнх нь гаргаж буй зохисгүй үйлдлийг хэлэхэд улам дургүйцэн чамайг хаа хүрэхийг чинь харий гэх мэтээр дарамталж, далд үйлдлээр тухайлбал урамшууллыг тодорхой бус шалтгаанаар удаа, дараа хасах гэх мэт үйлдлүүд гаргаж байна, банкны тайлангийн хариу боловсруулан оруулахад би хянахгүй хянадаг хүнээрээ хянуул гэх мэтээр ажил хэрэгч биш хандан байгууллагын ажлыг хувь хүний сэтгэл хөдлөлөөр явуулж байна..., иймд удирдах албан тушаалтны зохисгүй үйлдэл дахин давтагдахгүй байх үүднээс захирал З.Ад ёс зүйн хариуцлага тооцно гэдэгт найдаж байна...”,

4.2.Б.Ө 2022.09.16-ны өдөр гаргасан гомдолдоо “...Миний бие З.А гэдэг хүнтэй хамт ажиллаж байгаагүй бөгөөд 2021 оны 07 сард Голомт банканд ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотойгоор хэсэгчилсэн шалгалтаар миний хянасан зээлүүд дунд нэр бүхий 2 компани 2 сая төгрөгийн эд хөрөнгө авсан зөрчил илэрсэн. ...хянан шалгагчийн хувьд энэ зөрчлийг миний бие байж болох алдаа гэж үзэн тайлбарыг тайланд тусган, ахлахаар хянуулан цааш явуулсан бөгөөд ...ажлын байрыг дэмжих хорооны гишүүд болох Э.Г, З.А нар акт заавал үйлдэх хэрэгтэй хэмээн удаа дараа дуудан дарамталж, аман байдлаар үүрэг өгсөн. ... Аргагүйн эрхэнд үүрэг болгосны дагуу акт үйлдэж, эх үүсвэр зогсоох шийдвэр гаргахад тухайн зээл авсан компани гомдол гаргаж, хяналт шалгалтын газрын байранд удаа дараа ирж, үл ойлголцол үргэлжилсээр дахин гомдол гаргаж намайг АТГ-т шалгуулах тухай байсныг З.А өөртөө гуйвуулан ашиглаж өрөөндөө дуудан авлига авсан байна хэмээн улаан цайм гүтгэж, ....ажлын байран дээр худал, хуурмаг цуурхал тараан миний нэр хүндэд ноцтой халдаж, асар ёс суртахуунгүй үйлдэл гаргасан...”,

 

4.3.Хянан шалгагч Э.Б 2022.09.15-ны өдөр гаргасан гомдолдоо “...2020.03.05-ны өдөр хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн ороод ажлын шаардлагаар Н.Атай ажлын өрөөнд уулзах үед хажууд байсан ахлах хянан шалгагч З.А нь намайг Н.Атай холбож ёс бус үг хэллэг хэлж, сэтгэл санааны хохирол учруулж байсан, ...З.А нь 2020.09.20-ны өдөр ажлын хамт олны зугаалгын үеэр хянан шалгагч н.С-тай холбож ёс бус үг хэлж, бүдүүлэг авирлаж, намайг олон нийтийн дунд эвгүй байдалд оруулж, сэтгэл санааны хохирол учруулсан, 2021.12.17-ны өдөр ХШГ, ББӨБГ-ын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд хянан шалгагч Ж.Ог “янхан” гэж олон нийтийн дунд цоллож миний бие Ж.Ог өмөөрч МБанд ийм хүн байхгүй гэж хэлсэнд мөн надад ёс зүйгүй үг хэлж бүдүүлэг авирлаж байсан...Иймд МБны удирдлагуудын зүгээс ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж, ажилтнуудын нэр хүнд, байгууллагын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд ихэсч байгаа тул холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. Дурдсан гомдлууд бүгд 1-2 хуудас, ямар нэгэн баримт хавсаргагдаагүй болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан дэвтрийн хуулбараас харагдана.

 

4.4.Хариуцагч МБны ерөнхийлөгчийн Б/475, Б/216 тоот тушаалуудын үндэслэл болсон МБ Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн хурлаар МБны ажилтан Н.А, Л.Э, З.А нарт холбогдуулан гаргасан Э.Б-н өргөдөл, З.Ад холбогдуулан гаргасан Т.Ц, Ж.О, Б.Ө нарын гомдлыг авч хэлэлцсэн байх бөгөөд, хурлын тэмдэглэлээс үзвэл гомдол гаргасан ББӨБГ-ын ББХ-ийн хянан шалгагч Э.Б, ХШГ-ын ХШХ-ийн хянан шалгагч Т.Ц, ББӨБГ-ын ББХ-ийн захирал Л.Э, ХШГ-ын ХШХ-ийн захирал З.А нар хуралд биечлэн ороцсон,

Ж.О нь хуралд бичелэн оролцоогүй боловч 2022.09.16-ны өдөр “...З.А нь 2021.12.17-ны өдөр ажлын хамт олны арга хэмжээний үеэр намайг олон хүний дунд ёс бус үгээр хэлж байсан. Тухайн үед сэтгэл санааны дарамт, хямралд орж байна. Миний нэр хүндийг ажлын хамт олны дунд унагаах үйлдэл хийсэн...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан,

комиссын гишүүд хуралдаанд биечлэн оролцсон хүмүүсийн гомдол, гомдлын тайлбарыг сонсож, асуулт, хариулт өрнүүлсэн байх ба, хуралдааны төгсгөлд комиссын гишүүд нь саналаа нууцаар хурааж, саналын хуудсаа дугтуйлан лацдаж, ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэснээр хуралдаан дуусчээ.

 

Дээрх хуралдаанаас 3 дугаартай шийдвэр гарсан байх ба, уг шийдвэрээс үзвэл, хуралдаанд оролцсон 5 гишүүний 2 гишүүн нь З.Ад өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, 1 гишүүн нь нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, 2 гишүүн нь арга хэмжээ авахгүй гэх санал гаргасан байх бөгөөд комиссын гишүүдийн олонхын саналаар З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байх боловч энэ нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрмийн ямар хэм хэмжээг зөрчсөн, яг ямар зөрчил болох, ямар баримтуудаар тогтоогдсон болохыг шийдвэрт огт тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, 2022.09.21-ний өдрийн Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын хурлын тэмдэглэл, Э.Б-н гомдол, Ж.О-н тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч З.А нь 2021.12.17-ны өдөр ХШГ, ББӨБГ-ын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээний төгсгөлд буюу хувцас солих өрөөнд хэдэн эмэгтэйчүүдийн дэргэд хянан шалгагч Ж.Ог “ ...Однаран чи гоё охин, тэгэхдээ чиний хувцас чинь, бөгс хагс хамаг юмаа ингээд ил гаргачихсан ийм хувцас өмсөөд явж байгаа хувцаслалт чинь яг л янхан шиг харагдлаа...” гэж хэлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байх боловч энэ нь тухайн хувь хүнийг бус харин өмссөн хувцсыг нь шүүмжилсэн, залуу хүн цаашдаа хаана, ямар хувцас өмсөх вэ гэдгээ бодож тунгаах санаа, сэдэл өгсөн агуулгатай гэж үзэхээр байх ба, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

5.Хариуцагч МБны ерөнхийлөгчийн 2018.10.19-ний өдрийн А/259 тоот тушаалаар Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг баталж, 2022.09.21-ний өдрийн А/249 тоот тушаалаар тус журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журмын 3, 4, 5 дугаар зүйлд зааснаар гомдол, мэдээллийг хүлээн авсан комиссын нарийн бичгийн дарга нь энэ тухай комиссын даргад ажлын 3 өдрийн дотор мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд мэдээлэгч болон холбогдогч этгээдээс хэрэгцээтэй тодруулгыг бичгээр авах, комиссын дарга гомдол, мэдээллийг комиссын хурлаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Ийнхүү комисс нь ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ гомдол, мэдээллийн дагуу шалгалт явуулах, холбогдох нотлох баримт, албан бичиг, материалыг шаардан авах, шаардлагатай тохиолдолд комиссын нарийн бичгийн дарга гомдол, мэдээлэлд холбогдох ажилтан, албан тушаалтан, гомдол гаргагчтай уулзах, тэдний тайлбар, саналыг сонсох, хуралд оролцуулах, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг баримт, нотолгоо, мэдээлэлд үндэслэн тогтоох, комисс нь гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ёс зүйн дүрмийн хэрэгжилт болон ажилтны ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянаж, хуанлийн 15 өдрийн дотор маргааныг шийдвэрлэх тодорхой үндэслэл бүхий дүгнэлт, зөвлөмж гаргана, шаардлагатай тохиолдолд хугацааг 15 өдрөөр сунгаж болно, комиссоос гаргасан дүгнэлт нь ажилны ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрсөн эсхүл зөрчөөгүй болохыг тодорхойлсон байх учиртай.

 

Харин хариуцагч МБны Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комисс нь ажиллах журмынхаа дээр дурдсан заалтуудыг баримтлаагүй, гомдлын хуралд нэхэмжлэгч З.А өөрийн тайлбартайгаа хавсарган өгсөн гэх 2020.10.20, 2021.12.01, 2020.12.03, 2021.12.24, 2020.10.19, 2022.07.05-ны өдрүүдийн  МБны хяналт шалгалтын хэлтсийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар Хяналт шалгалтын хэлтсийн үйл ажиллагаа болон гомдол гаргасан Т.Ц нь нэхэмжлэгч З.Агийн удирдлага дор ажилладаг болох нь тогтоогдох ба, Б.Ө, З.Баярчимэг, Ж.О нар нь түүний удирдлага дор ажилладаггүй байхад тэдний харилцан хамаарал, холбоо, субъектив санаа зорилго байгаа, эсэхийг тогтоогоогүй, эдгээр хүмүүсийн З.Ад холбогдуулан гаргасан дээр дурдсан гомдлын агуулга нь үндэслэлтэй эсэхийг хэрхэн яаж шалгасан, ямар баримтаар давхар тогтоосон болох, нэхэмжлэгч З.А нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрмийн ямар хэм хэмжээг зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримтгүй, зөвхөн гаргасан гомдол, холбогдогч этгээдийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч З.Аг зөрчил гаргасан гэж үзсэн Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

6.Иймд хариуцагч МБны ерөнхийлөгчийн 2023.05.02-ны өдрийн Б/216 тоот тушаалд бичигдсэн “... Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтэс I-ийн захирал З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх МБны Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэл нь дээр дүгнэснээр үгүйсгэгдэж байх бөгөөд уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т заасантай нийцээгүй байна гэж үзлээ.

 

Тиймээс хариуцагч МБны Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022.09.21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.Аг сахилгын шийтгэл хүлээх хэмжээний, ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзэхгүй, тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 2023.05.02-ны өдрийн Б/216 тоот “тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч тал уг тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч тушаалын холбогдох хэсэг нь 1 дэх заалтад хамааралтай, 1 дэх заалт өөрөө тушаалын гол агуулгыг илэрхийлсэн байгаа болно.

 

7.Нэхэмжлэгч З.А нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал 2023.05.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Ад олгож, хариуцагч МБнаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 44 дүгээр зүйлийн 44.1.2., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч З.Ад холбогдох хариуцагч МБы ерөнхийлөгчийн 2023.05.02-ны өдрийн Б/216 тоот “тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч З.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 44 дүгээр зүйлийн 44.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч З.Агийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Ад олгож, хариуцагч МБнаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА