Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/00093

 

 

 

 

 

 

 

 

   2023      01        03                                           182/ШШ2023/00093

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, М гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Н овогт Э-ын Э /РД:00000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Д.С-ын талбай-5, өөрийн байранд байрлах, “Г” ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Г”-тай байгуулсан 511368 тоот “А” хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3, 2.4, гэрээний хавсралтын 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөнгөн хадгаламжийн гэрээнээс үндэслэлгүй суутган авсан 345,359.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээнээс үндэслэлгүй суутган авсан 345,359.24 төгрөг гаргуулж, Г-ны 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3, 2.4, гэрээний хавсралтын 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“...Миний бие Г-ны Ард салбарт өөрийн охин Э.Х-ын нэр дээр 0000000000 тоот хадгаламжийн данс нээлгэн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 511368 дугаар бүхий А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан. Мөнгөн хадгаламжийн гэрээний 2.4-т “Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна” хэмээн заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 615,382.76 төгрөгийн хүүнээс 22,791.95 төгрөгийг хүүхдийн төлөө санд хандив болгон өгсөн.

Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээг автоматаар сунгах нөхцөлийг 2016 оны 01 дүгээр сард цуцалсан ба энэ талаар Г-ны ажилтан 2013 онд байгуулсан гэрээний 4 дүгээр талд “2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 00000000 утсаар холбогдон автоматаар хийгдэх сунгалтыг цуцлав” гэсэн тэмдэглэл хийн гарын үсгээ зурсан. Үүнээс хойш мөнгөн хадгаламжийн гэрээг жил бүр буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн биеэр очиж сунгуулж байсан. Мөнгөн хадгаламжийн гэрээг ийнхүү жил бүр сунгуулж байхад Г-аас “Хадгаламжийн хүүний орлогоос тодорхой хувийг хүүхдийн төлөө сан”-д шилжүүлэх нөхцөлийн талаар надад танилцуулж байгаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

Хэрэв мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулахаар очих бүрд “Хадгаламжийн хүүний орлогоос тодорхой хувийг хүүхдийн төлөө сан”-д шилжүүлэх нөхцөлийн талаар надад урьдчилан танилцуулсан бол би уг гэрээг мөн нөхцөлөөр сунгах эсэх, Гаар үйлчлүүлэх эсэхээ өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдэх боломжтой байсан.

Би 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулах гэж очихдоо хүүний орлогоос гарсан зарлагын дүн нь хувь хүний орлогын албан татварт төлсөн 10 хувиас өндөр байгааг олж мэдсэн. Тухайлбал 2021-2022 оны хүүний орлого 1,949,631.66 төгрөг, зарлага 214,459.48 төгрөг буюу зарлага нь хүүний орлогын 11 орчим хувь байсан.

Ингээд би 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Г-д хадгаламжийн хүү, хийгдсэн зарлагын гүйлгээний талаар мэдээлэл хүсч хандсан. Г-ны Ард салбараас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10/742 дугаар албан бичгээр надад тайлбар өгсөн. Уг албан бичгээс үзэхэд миний хадгаламжийн данснаас 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн зарлагын гүйлгээгээр 228,953.02 төгрөгийг хүүхдийн төлөө сангийн хандив хэмээн авсан байсан.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5, 276.6-д “Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно”, “Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй” хэмээн заасан. Хүүхдийн төлөө санд хандив өгсөн бэлэглэгчийн хувьд хандивын хөрөнгийн зарцуулалт, холбогдох мэдээлэлтэй танилцахаар Г-ны цахим хуудсыг судалсан боловч тодорхой мэдээлэл олдоогүй...

Түүнчлэн Г-ны Ард салбарын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10/742 дугаар албан бичгээр “...А хүүхдийн төлөө сангаас хавдрын эмнэлгийн хүүхдийн химийн эмчилгээний тасаг тохижуулах, улаан бурхан өвчний тархалтын эсэрэг аянд дэмжлэг үзүүлэх, “Зүрх мартахгүй” төсөлд удаа дараалан дэмжлэг үзүүлэх, түүнчлэн хүүхдийн танин мэдэхүй, боловсрол, хөгжилд зориулан олон арга хэмжээнүүдэд зарцуулагдаж байна” гэсэн бүрхэг хариу өгсөн...

Иймд 2017 оноос хойших хугацаанд хандив нэрээр миний данснаас зарлагын гүйлгээ хийсэн үйлдлийг хууль бус хэмээн үзэж байна.

...Г-ны энэ үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.2.2-14.2.4-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хадгалуулагчийн хадгаламжаас зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, “хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх”, “хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох” гэсэн хадгалагчийн эрх, үүрэг болон Банкны тухай хуулийн 16.1.4-т “харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй” гэсэн банканд тавих шаардлагыг зөрчсөн болно.

Г миний хадгаламжийн данснаас дур мэдэн хүүхдийн төлөө сангийн хандив хэмээн зарлагын гүйлгээ хийгээгүй байсан бол хадгаламжийн дансанд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 345,359.24 төгрөг нэмж хуримтлагдах байсан.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 454 дүгээр зүйлийн 454.1-д “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

Иймд Г дахь 0000000000 тоот мөнгөн хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр хууль бус зарлагын гүйлгээгээр авсан нийт 345,359.24 төгрөгийг Г-аас гаргуулж өгнө үү.

Мөн Г ХХК болон Э.Х, Э.Э нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 511368 тоот “А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ” 36 сарын хугацаатайгаар байгуулагдсан. Тус гэрээний 2.4 дэх заалтад “Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна” гэж зохицуулсан.

Мөн 511368 тоот гэрээний хавсралт болох “А хүүхдийн хадгаламжийн нөхцөл”-ийн 3 дахь хэсэгт Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээг “Төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь, жилд 0,6 хувийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь, жилд 0,36 хувийг хуримтлуулна” гэж заасан. Мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байсан, гэрээний нөхцөлүүд хэвээр үйлчилж байсан” хэмээн дурдсан. Мөнгөн хадгаламжинд олгох хүүнээс жилийн 0,6 хувийг хадгалагч нь “Г-Монголын хүүхдийн төлөө сан”-д хуримтлуулж байгаа нь ямар зарлага болох нь тодорхой бус, хэрэв хандив гэж үзэх бол зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх мэдээлэл хаалттай, энэ талаар хадгалуулагчид танилцуулдаггүй, мэдээлэл өгдөггүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн...”, 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байна хэмээн хуульчилсан. Мөнгөн хадгаламжийн гэрээний хадгалуулагчаас хадгаламжийн хүүний тодорхой хувийг санд хуримтлуулах тухай заалт нь Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн бөгөөд банкны эрхлэх үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй хэмээн үзэж байна.

Иймээс Г-ны 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3 дахь заалтын “Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-гийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан...” гэсэн хэсгийг, 2.4 дэх заалтын “Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,005 хувийг Г санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна” гэсэн хэсгийг, гэрээний хавсралт болох “А хүүхдийн хадгаламжийн нөхцөл” хэсгийн 3 дахь заалт болох Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээ төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь, жилд 0,6 хувийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид оглох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь, жилд 0,36 хувийг хуримтлуулна” гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г ХХК болон Э.Х, Э.Э нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 511368 тоот “А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ” 36 сарын хугацаатайгаар байгуулагдсан. Тус гэрээний 2.4 дэх заалтад “Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна” гэж зохицуулсан.

Мөн 511368 тоот гэрээний хавсралт болох “А хүүхдийн хадгаламжийн нөхцөл”-ийн 3 дахь хэсэгт Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээг “Төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь, жилд 0,6 хувийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь, жилд 0,36 хувийг хуримтлуулна” гэж заасан.

Дээрх нөхцөл бүхий талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Г-ны Ард салбарт 1 жилийн хугацаатай, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Г-ны Баянзүрх салбарт 1 жилийн хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Г-ны Сансар салбарт 1 жилийн хугацаатай, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Г-ны Тэнгис салбарт 1 жилийн хугацаатай, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Г-ны Цамбагарав салбарт 1 жилийн хугацаатай, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Г-ны Солонго салбарт 1 жилийн хугацаатай, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Г-ны Солонго салбарт 1 жилийн хугацаатайгаар тус тус сунгасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан 511368 тоот “А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байсан ба банкны зүгээс Иргэний хууль болон Бан, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу үйлчилгээ үзүүлж байсан.

Нөгөө талаас талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа үргэлжилж байсан тул гэрээний нөхцөлүүд хэвээр үйлчилж байсан төдийгүй харилцагч сунгалтын гэрээг хийх бүрт “хадгаламжид хуримтлагдсан хүү, хүүнд ногдох татвар, санд хуримтлагдах мөнгө” зэргийг тайлбарлах үүргээ биелүүлсэн...

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 345,359.24 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа хэвээр үргэлжилж байх бөгөөд Г санд суутгагдсан хүүний хувь хэмжээний заалтыг хүчингүйд тооцуулах шаардлага үндэслэлгүй байна. Тодруулбал гэрээний үргэлжилж буй хугацаа болох 2013 оноос 2016 оны хүүг хүлээн зөвшөөрсөн атлаа 2016 оноос хойших гэрээний харилцааны зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тодорхойгүй байна.

Иймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2022.10.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид 11,011 төгрөг төлсөн баримт /хх-ийн 5 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6 х/,

-Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7 х/,

-Г ХХК-ийн 0000000000 тоот дансны дэвтрийн хуулбар /хх-ийн 8-9 х/,

-Г ХХК-ийн 2022.06.16-ны өдрийн 10/742 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан тоот /хх-ийн 10 х/,

-2022.05.20-ны өдрийн Г-ны Ард салбарт гаргасан өргөдөл /хх-ийн 11 х/,

-2022.06.27-ны өдрийн Г-ны Ард салбарын захирал Б.Б-д гаргасан гомдол /хх-ийн 12 х/,

-2013.04.23-ны өдрийн 511368 дугаар А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний хуулбар /хх-ийн 13-17 х/,

-2022.12.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг төлсөн баримт /хх-ийн 75 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1. Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан 2021.08.04-ний өдрийн 735 дугаар Г-ны гүйцэтгэх захирлын “Эрх олгох тухай” тушаал /хх-ийн 20 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 21 х/,

-2022.10.31-ний өдрийн 07/1016 тоот Н.О, Б.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 22 х/,

-2013.04.23-ны өдрийн 511368 дугаар А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ /хх-ийн 30-34 х/,

-2013.04.23-ны өдрийн Насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр нээгдсэн дансыг хамтран эзэмших тухай хүсэлт /хх-ийн 35 х/,

-2016.04.23-ны өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 36-37 х/,

-2017.04.26-ны өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 38-39 х/,

-2018.05.01-ний өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 40-41 х/,

-2019.05.09-ний өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 42-43 х/,

-2020.05.12-ны өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 44-45 х/,

-2021.05.17-ны өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 46-47 х/,

-2022.05.18-ны өдрийн Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт, мемориалын баримт /хх-ийн 48-49 х/,

-2003.05.05-ны өдрийн Г-ны ерөнхий захирлын 91 дүгээр “Хүүний хувь хэмжээг тогтоох тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 50-54 х/,

-2001.08.30-ны өдрийн Г-ны ерөнхий захирлын 146 дугаар “Мөнгөн хадгаламжийн ажиллагааны заавар батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 55-64 х/,

-2022.06.16-ны өдрийн Г-ны 10/742 “Тайлбар хүргүүлэх тухай” албан тоот /хх-ийн 65 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Э.Эийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч Э.Э нь 2022 оны 10 дугаар сарын 19-нд хариуцагч Г ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээнээс үндэслэлгүй суутган авсан 345,359.24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2022 оы 12 дугаар сарын 15-ны өдөр 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.4, гэрээний хавсралтын 3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

            2.1. Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 511368 дугаартай А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь “Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан хадгалуулагчаас хадгалагч банкинд мөнгөн хадгаламж нээж, хадгалагч нь хадгалуулагчид сарын 16,20 хувийн хүү төлөх /хэрэв хамтран эзэмшигч байгаа бол/ хадгалуулагч нь өөрийн мөнгөн хадгаламжийг бусадтай хамтран эзэмшихтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн эдлэх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино” гэсэн заалтын “Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан...” гэснийг, 2 дугаар зүйлийн 2.4 дэх “Хадгалагч нь мөнгөн хадгаламжинд бодож олгох хүүний 0,05 хувийг “Г Монголын хүүхдийн төлөө” санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна” гэсэн заалтыг, гэрээний хавсралтын 3 дахь “Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх сан”-д хуримтлуулах хэмжээ, “төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,60 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна”  гэсэн заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл учраас хүчингүй болгож, үр дагавар болох үндэслэлгүй суутган авсан 345,359.24 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу суутган авсан 345,359.24 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн бөгөөд харин гэрээний холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй, талуудын 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцөл болох мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,5 хувийг “Хүүхдийн төлөө сан”-гийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шилжүүлэхийг зөвшөөрсөн, гэрээний харилцаа хэвээр үргэлжилж байгаа учраас гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.4, гэрээний хавсралтын 3 дахь заалт нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Э.Э нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр нээгдсэн дансыг хамтран эзэмших тухай” хүсэлтийг гаргаж, охин Э.Хын нэр дээр 0000000000 тоот мөнгөн хадгаламжийн данс нээж 80,000 төгрөгийг сарын 16 хувийн хүүтэй, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатайгаар хариуцагч Г ХХК-тай 511368 дугаартай А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 30-33, 35 х/

 

4.2. Дээрх гэрээний хугацаа дууссан 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2022 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл нэхэмжлэгч нь “Мөнгөн хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт”-ийг гаргасны дагуу нийт 6 удаа 12 сарын хугацаагаар буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-нд 3,196,853.51 төгрөгийг 1 жилийн хугацаатай 16,20 хувийн хүүтэй, 2018 оны 5 дугаар сарын 01-нд 6,206,766.49 төгрөгийг 1 жилийн хугацаатай 13,6 хувийн хүүтэй, 2019 оны 5 дугаар сарын 09-нд 12,017,742.18 төгрөгийг 1 жилийн хугацаатай 13,3 хувийн хүүтэй, 2020 оны 5 дугаар сарын 12-нд 17,095,952.65 төгрөгийг 1 жилийн хугацаатай 13,3 хувийн хүүтэй, 2021 оны 5 дугаар сарын 17-нд 19,763,233.98 төгрөгийг 1 жилийн хугацаатай 8,9 хувийн хүүтэй, 2022 оны 5 дугаар сарын 18-нд 24,598,406.16 төгрөгийг 1 жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй байхаар талууд тохиролцож А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээг тус тус сунгажээ. /хх-ийн 38-49 х/

 

5. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” ойлгоно гэжээ.

 

5.1. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-6.2.6-д тус тус зааснаар Г ХХК нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр “мөнгөн хадгаламж, зээл; төлбөр тооцооны үйлчилгээ, ... санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, ...даатгалын зуучлагч, кастодиан, факторингийн үйлчилгээ ... үзүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан.

 

5.1.а. Г-ны ерөнхий захирлын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 90 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан А урт хугацааны хүүхдийн мөнгөн хадгаламжийн журам нь “Монгол улсын болон гадаадын иргэдийн насанд хүрээгүй хүүхдэд тэдний хууль ёсны  төлөөлөгчийн хүсэлтээр банктай хийсэн гэрээний үндсэн дээр мөнгөн хадгаламжийг нээн урт хугацаагааар хадгалах, хадгалуулах харилцааг зохицуулах...” зорилготой байх ба энэхүү журам нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох...” гэсэн заалтыг зөрчжээ.

 

            Тодруулбал хариуцагч нь бусдын мөнгөн хадгаламжийн хүүний тодорхой хувийг “Монголын хүүхдийн төлөө сан”-д шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байна.

 

5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.

5.2.а. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэг нь хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл болдог.

 

            5.2.б. Үүнээс үзвэл талуудын 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь “Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан хадгалуулагчаас хадгалагч банкинд мөнгөн хадгаламж нээж, хадгалагч нь хадгалуулагчид сарын 16,20 хувийн хүү төлөх /хэрэв хамтран үзэмшигч байгаа бол/ хадгалуулагч нь өөрийн мөнгөн хадгаламжийг бусадтай хамтран эзэмшихтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн эдлэх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино” гэсэн заалтын “Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан...”, 2 дугаар зүйлийн 2.4 дэх “Хадгалагч нь мөнгөн хадгаламжинд бодож олгох хүүний 0,05 хувийг “Г Монголын хүүхдийн төлөө” санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна”, гэрээний хавсралтын 3 дахь “Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх сан”-д хуримтлуулах хэмжээ, “төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,60 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна” гэсэн заалтууд нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

            6. Харин хадгалуулагч, хадгалагч нар гэрээний гол нөхцөл болсон хадгалуулах мөнгөний хэмжээ, хариу төлбөр буюу сард төлөх хүү болон хугацааг харилцан тохиролцон талууд гарын үсэг зурсан тул бусад хэсгээр гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6.1. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулиар гэрээний зарим хэсгийн заалт хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байгаа нь уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6.1.а. Нэхэмжлэгч нь 345,359.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 4 дүгээр сарын 23-наас хойш жил болгон өөрийн биеэр очиж сунгуулж байхад хүүгийн орлогоос тодорхой хувийг “Хүүхдийн төлөө санд”-д шилжүүлэх нөхцөлийн талаар танилцуулж байгаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

7.1. Хариуцагч нь мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хүүгийн орлогоос “Монголын хүүхдийн төлөө санд” шилжүүлэхээр суутган авсан 345,359.24 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэх шаардлагагүй юм.

 

7.2. Иймд талуудын байгуулсан дээрх гэрээний зарим заалт нь анхнаасаа хуульд заасан шаардлага хангаагүй, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул Г ХХК-д холбогдох 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын “... Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан...” гэсэн хэсэг болон 2 дугаар зүйлийн 2.4 дэх “Хадгалагч нь мөнгөн хадгаламжинд бодож олгох хүүний 0,05 хувийг “Г Монголын хүүхдийн төлөө” санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна”, гэрээний хавсралтын 3 дахь “Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх сан”-д хуримтлуулах хэмжээ, “төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,60 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна” гэсэн заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Монголын хүүхдийн төлөө санд” шилжүүлэхээр суутган авсан 345,359.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай Э.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,561 /11,011+4,550/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгох нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9-д зааснаар Э.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г ХХК-тай  2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 511368 тоот А хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын “... Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан...” гэсэн хэсэг болон 2 дугаар зүйлийн 2.4 дэх “Хадгалагч нь мөнгөн хадгаламжинд бодож олгох хүүний 0,05 хувийг “Г Монголын хүүхдийн төлөө” санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна”, гэрээний хавсралтын 3 дахь “Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх сан”-д хуримтлуулах хэмжээ, “төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,60 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна” гэсэн заалтууд нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “Монголын хүүхдийн төлөө санд” шилжүүлэхээр суутган авсан 345,359.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,561 /11,011+4,550/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                       Х.ДАШДЭЧМАА