Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00551

 

2023.03.15 210/МА2023/00551

 

Э.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00093 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Эийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б ХХК-д холбогдох

Мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3, 2.4, гэрээний хавсралт Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн нөхцөл хэсгийн 3 дахь заалтын Хүүхдийн төлөө санд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөнгөн хадгаламжийн гэрээнээс үндэслэлгүй суутган авсан 345,359.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, Ж.Одгарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие охин Э.Хонгорзулын нэр дээр Г.Б инд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хадгаламжийн данс нээлгэн 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Мөнгөн хадгаламжийн гэрээг жил бүр сунгуулж байхад банкнаас хадгаламжийн хүүний орлогоос тодорхой хувийг хүүхдийн төлөө санд шилжүүлэх нөхцөлийн талаар надад танилцуулж байгаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулах гэж очихдоо хүүний орлогоос гарсан зарлагын дүн нь хувь хүний орлогын албан татварт төлсөн 10 хувиас өндөр байгааг олж мэдсэн. Тухайлбал 2021-2022 оны хүүний орлого 1,949,631.66 төгрөг, зарлага 214,459.48 төгрөг буюу зарлага нь хүүний орлогын 11 орчим хувь байсан. Мөн миний данснаас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн зарлагын гүйлгээгээр 228,953.02 төгрөгийг хүүхдийн төлөө сангийн хандив хэмээн авсан байсан.

1.2.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5, 276.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн төлөө санд хандив өгсөн бэлэглэгчийн хувьд хандивын хөрөнгийн зарцуулалт, холбогдох мэдээлэлтэй танилцахаар Г.Б ны цахим хуудсыг судалсан боловч тодорхой мэдээлэл олдоогүй. Иймд 2017 оноос хойшхи хугацаанд хандив нэрээр миний данснаас зарлагын гүйлгээ хийсэн үйлдлийг хууль бус хэмээн үзэж байна.

Иймд Г.Б ны 511368 тоот Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3 дахь заалтын Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан Хүүхдийн төлөө сан-гийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан... гэсэн хэсгийг, 2.4 дэх заалтын Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,005 хувийг Г.Б -Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна гэсэн хэсгийг, гэрээний хавсралт болох Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн нөхцөл хэсгийн 3 дахь заалт болох Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээ төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь, жилд 0,6 хувийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь, жилд 0,36 хувийг хуримтлуулна гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөнгөн хадгаламжийн данснаас үндэслэлгүй, миний зөвшөөрөлгүй хууль бус зарлагын гүйлгээгээр авсан нийт 345,359.24 төгрөгийг Г.Б ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Г.Б ХХК болон Э.Хонгорзул, Э.Э нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 511368 тоот Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ 36 сарын хугацаатай байгуулагдсан. Тус гэрээний 2.4 дэх заалтад Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г.Б -Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна гэж зохицуулсан.

Мөн гэрээний хавсралт Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн нөхцөл-ийн 3 дахь хэсэгт Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээг Төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь, жилд 0,6 хувийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь, жилд 0,36 хувийг хуримтлуулна гэж заасан.

2.2.Талуудын хооронд байгуулсан Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байсан ба банкны зүгээс Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу үйлчилгээ үзүүлж байсан.

Нөгөө талаас харилцагч сунгалтын гэрээг хийх бүрт хадгаламжид хуримтлагдсан хүү, хүүнд ногдох татвар, санд хуримтлагдах мөнгө зэргийг тайлбарлах үүргээ биелүүлсэн.

2.3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 345,359.24 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Харин Г.Б -Монголын хүүхдийн төлөө санд суутгагдсан хүүний хувь хэмжээний талаархи гэрээний заалтыг хүчингүйд тооцуулах шаардлага үндэслэлгүй байна. Тодруулбал гэрээний үргэлжилж буй хугацаа болох 2013-2016 оны хүүг хүлээн зөвшөөрсөн атлаа 2016 оноос хойшхи гэрээний харилцааны зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тодорхойгүй байна.

Иймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9-д зааснаар Э.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Б ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 511368 тоот Алтан түлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын ... Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан Хүүхдийн төлөө сан-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан... гэсэн хэсэг болон 2 дугаар зүйлийн 2.4 дэх Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г.Б Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна, гэрээний хавсралтын 3 дахь Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх сан-д хуримтлуулах хэмжээ, төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,60 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна гэсэн заалтууд нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэхээр суутган авсан 345,359.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,561 /11,011+4,550/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хариуцагч нь бусдын мөнгөн хадгаламжийн хүүний тодорхой хувийг Монголын хүүхдийн төлөө сан-д шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байна гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 56.1.9-д заасныг үндэслэсэн. Гэхдээ тус заалт нь хуулийн этгээд байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийх тухай агуулгыг зохицуулсан гэдгийг анхааралгүйгээр дээрх байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээний буюу хадгалагч, хадгалуулагч нарын хоорондын харилцаа билээ. Гэрээний 1.3 дахь хэсэгт Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан Хүүхдийн төлөө сан-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан хадгалуулагчаас хадгалагч банкинд мөнгөн хадгаламж нээх, хадгалагч нь хадгалуулагчийн сарын 16,0 хувийн хүү төлөх... хэмээн тохиролцсон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн хадгаламжийн хүү тооцоолол, хүүнд бодогдох дүнгийн зөрүү зэрэгтэй холбоотойгоор 354,359.24 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Гэвч шүүх банк нь сангийн үйл ажиллагаа эрхэлсэн эсэх, тус байдал нь баримтаар нотлогдож байгаа эсэх-ийг тодруулаагүйн дээр хэт нэг талыг барьж Алтан түлхүүр хадгаламжийн гэрээний холбогдох заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалт, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүрэгтэй холбоотойгоор үндэслэлгүйгээр суутгасан гэсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр байна. Учир нь тус шаардлага Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8 дахь хэсэгт заасан хадгалуулсан мөнгө гэх ойлголтод хамаарахгүй буюу хүү тооцоололтой холбоотой маргаан бөгөөд үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт цуглараагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оноос 2016 оныг хүртэлх хугацаанд маргаан бүхий заалтын хэрэгжиж байсан тооцооллыг хүлээн зөвшөөрдгөөс үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хоорондоо зөрчилдөж байна гэж үзэж, тодруулах ажиллагааг хийлгэх шаардлагатай байсан.

4.3.Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ Г.Б ХХК-ийн Ард салбарын захирал Болормаад холбогдуулан гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр тогтоох ажиллагаа хийлгүйгээр хариуцагч Г.Б ХХК гэж тодорхойлон шийдвэрлэсэн байна.

4.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь заалтад талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүй. Талууд гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулсан ба сунгалтуудыг жил бүр хийсэн, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний харилцаа дууссан. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 10 хоногийн хугацаа, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 4 хоногийн хугацаа гэх мэт завсрын хугацаанд үргэлжилсэн харилцааг тодорхойлон дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн Дугаар 53 тогтоолд зааснаар тус завсрын хугацаанд Алтантүлхүүр мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа урдын нөхцөлөөр хэрэгжиж байсан эсэх, эсхүл шинэ гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагчийн зүгээс тус завсрын хугацаанд хүүний хувь хэмжээг хугацаагүй хадгаламжийн хүүгээр бодож байсан эсэх гэх мэт тодруулгыг хийгээгүйн дээр энэ байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар өөрсдөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. Хэрэв бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг. Гэтэл хэрэг, маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх явцад ямар нэгэн нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаж өгөөгүй. Сангийн үйл ажиллагаа явуулсан эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй. Шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийхгүй.

5.2.Улсын Дээд шүүх Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа аль нь ч хамааралгүй гэж тайлбарласан. Би мөнгө хадгалуулсан, миний хадгалуулсан мөнгөний хүү нэмэгдэж байх ёстой байсан. Гэтэл миний нэмэгдэх ёстой байсан хадгалуулсан мөнгийг эргээд надад дутуу өгсөн учраас нэхэмжлэл гаргасан. Эхлээд мөнгөө авах шаардлага гаргасан. Сүүлд нь бодож байгаад энэ гэрээний заалтууд хүчин төгөлдөр бус гэж үзсэн.

Хариуцагч нь миний нэхсэн мөнгийг шууд өгье гэсэн учраас анхан шатны шүүх хүүгийн тооцооллыг дахин шалгаж, түүнтэй холбоотой баримт гаргуулах шаардлагагүй байсан. 2013-2016 онд миний хадгалуулсан мөнгөний хүүнээс шимтгэл авсан. Тэр талаар маргаагүй шалтгаан нь хуульд нийцсэн эсэхийг нь мэдээгүй байж байгаад гарын үсэг зурсан. Түүнээс хойш 9, 10 жилийн хугацаанд хандив авч байгаа талаараа надад ганц ч удаа мэдэгдээгүй.

5.3.Хадгаламжийн гэрээ Ард салбартай хийгдсэн учраас төв банкийг нь татах боломжгүй. Компанийн тухай хуулиар компанийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй учраас шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байгаа.

5.4.Хэд хоног хэтрүүлж хугацаа сунгуулсан асуудлын хувьд хугацаатай хадгаламжийн зарчмаар бодсон учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Г.Б ХХК-д холбогдуулан Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3, 2.4, гэрээний хавсралтын 3 дахь заалтын Хүүхдийн төлөө сантай холбоотой хэсгүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй суутган авсан 345,359.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 345,359.24 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээний холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3 дахь заалтын Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан Хүүхдийн төлөө сан-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан, 2.4 дэх заалтын Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г.Б -Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна, гэрээний хавсралт Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн нөхцөл-ийн 3 дахь заалтын Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээ. Төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,6 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна гэсэн хэсгүүд нь Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учраас үндэслэлгүй суутган авсан мөнгийг гаргуулна... гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээний гол нөхцөл болох мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шилжүүлэхийг зөвшөөрсөн, гэрээний харилцаа хэвээр үргэлжилж байгаа учраас гэрээний 1.3, 2.4, гэрээний хавсралтын 3 дахь заалтууд нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй... гэж тус тус тайлбарласан.

 

4.Зохигчдын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаж, хадгалагч Г.Б ХХК нь хадгалуулагч Э.Эийн охин Э.Хонгорзулын нэр дээр нээлгэсэн 1505018714 тоот мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаатай хадгалах, жилийн 16.20 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. Мөн хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г.Б -Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэн, хадгалуулагчийн өмнөөс хүүхдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулахаар тохиролцжээ. (хэргийн 30-34 дэх тал)

Дээрх гэрээг хадгалуулагч нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус хадгалагч банкинд хүсэлт гарган сунгасан байна. (хэргийн 36-49 дэх тал)

4.1.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгөнд хүү төлөх нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт тодорхойлсон мөнгөн хадгаламжийн гэрээний зүйлд, харин хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хадгаламжид бодогдох хүүний тодорхой хувийг хүүхдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зориулахаар Хүүхдийн төлөө санд шилжүүлэн авч зарцуулах нь мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.5 дахь хэсэгт заасан тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэх бэлэглэлийн гэрээний зүйлд тус тус хамаарах буюу талуудын хооронд холимог гэрээний шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан тул анхан шатны шүүх талуудын харилцааг мөнгөн хадгаламжийн гэрээ гэж дүгнэн мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсгийн зохицуулалтыг маргаанд хамааруулсныг буруутгах үндэслэлгүй.

4.2.Хадгалагч Г.Б ХХК-аас хадгалуулагч Э.Эийн хадгаламжид олгох хүүний тодорхой хувийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэх талаархи талуудын тохиролцоог анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэдэгт хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулах үндсэн шаардлага, шалтгаан, мөн ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгох бөгөөд дээрх тохиролцоо үүнд хамаарахгүй. Үүнээс гадна Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт заасан банкинд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаанд мөн хамаарахгүй байна.

Харин Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, ... нь хадгалуулагчийн мөнгийг ... хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүү, нөхцөлөөс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэстэй.

Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх нөхцөлүүд нь хадгалуулагчид гэрээгээр тохиролцсон хадгаламжийн хүүг төлөх хадгалагч банкны үүргийн зохицуулалтад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний бусад нөхцөлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

5.Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн сунгалтаар мөнгөн хадгалмжийн үлдэгдэл 24,598,406.16 төгрөгийн дүнг жилийн 10 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хадгалахаар сунгасан талаар маргаагүй, хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

6.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Б ХХК нь нэхэмжлэгч Э.Эийн нэхэмжлэлд дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт тооцсон 345,359.24 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалт тусгаагүйг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/00093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Г.Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 511368 тоот Алтан түлхүүр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 1.3 дахь заалтын Энэхүү гэрээний зорилго нь Монголын хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулан Хүүхдийн төлөө сан-ийн үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилготой уялдуулан, 2.4 дэх заалтын Хадгалагч нь мөнгөн хадгаламжид бодож олгох хүүний 0,05 хувийг Г.Б -Монголын хүүхдийн төлөө санд шилжүүлэн хадгалуулагчийн өмнөөс хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажил үйлсэд зарцуулна, гэрээний хавсралт Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн нөхцөл-ийн 3 дахь заалтын Монголын хүүхдийн сайн сайхны төлөөх санд хуримтлуулах хэмжээ. Төгрөгийн хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,05 хувь /жилийн 0,6 хувь/-ийг, ам.долларын хадгаламж бол харилцагчид олгох хүүгийн хувь хэмжээнээс сарын 0,03 хувь /жилийн 0,36 хувь/-ийг хуримтлуулна гэсэн хэсгүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Г.Б ХХК-аас 345,359.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЗОЛЗАЯА