Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/02492

 

 

 

 

 

                           

 

 

                                      

        2023      08    ­    08 

                       181/ШШ2023/02492

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин суух, .. овогт ... Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух “И” ХК /РД:./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол банкны зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр буюу зээлийн үлдэгдэлгүй байдлаар /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон зээлийн хэвийн ангилалтай хаагдсан/ нийлүүлэхийг даалгах тухай үндсэн,

75-15 УБН улсын дугаартай, Тоёота Ланд Круйкер Прадо маркийн суудлын автомашиныг засварлах 15,000,000 төгрөгийн зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан Монгол банкны зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр буюу зээлийн үлдэгдэлгүй байдлаар /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон зээлийн хэвийн ангилалтай хаагдсан/ нийлүүлэхийг даалгахыг шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Б миний бие 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "И” ХК-тай В16019060901 тоот зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж 19,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9%-ийн хүүтэй зээлж авсан.

Уг зээлийн барьцаанд фидуцийн гэрээний дагуу 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн 7515 УБН улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн автомашиныг барьцаалж '‘И” ХК-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн.

“И” ХК-ийн зүгээс Д.Б надад холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 18,468,465 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлээ “нэхэмжлэгч “И” ХК нь фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан барьцааны зүйл болох автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураан эзэмшилдээ авсан учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэх агуулгаар дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Бын 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “И” ХК-тай В16019060901 тоот зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг 2019 оны 11 дүгээр сард дуусгавар болсон гэж үзсэн.

Гэтэл “И” ХК нь зээлийн барьцааны зүйлийг хураан авсан, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүрэг хугацаанаас өмнө дуусгавар болсон гэж дүгнэсэн, зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг барьцааны зүйлээр төлж дуусгасан атал өнөөдрийг хүргэл хугацаанд Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлдэгч намайг 16,375,187 төгрөгийн төлбөртэй мэтээр нийлүүлж, зээлийн муу ангилалд оруулсан байгаа нь зээлийн мэдээллийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн санд Д.Б миний нэр дээр 16,375,187 төгрөгийн төлбөртэйгээр зээлийн муу ангилалд нийлүүлсэн нь хууль бус гэж үзэхийн сацуу хариуцагч нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр буюу зээлийн үлдэгдэлгүй байдлаар нийлүүлэх үүрэгтэй тул зээлийн мэдээллийн санд зээлийг зөвтгөж /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, зээл хэвийн ангилалтай хаагдсан/ нийлүүлэхийг хариуцагч “И’' ХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа:

Иргэн Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “И“ ХК-тай В16019060901 тоот Зээлийн гэрээ, Р16019060901 тоот Фидуцийн гэрээг байгуулж, 19,000,000 /Арван есөн сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн.

Уг зээлийн барьцаанд ЗТЕВК291790042541 арлын дугаартай, 75-15 УБН улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, Тоуоtа land cruiser Рrаdo маркийн суудлын автомашин барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнд заасан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй фидуцийн гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бусдад дамжуулан худалдсан байдал үүсгэсэн тул 2019 оны 11 сард фидуцийн зүйлийг хураан авсан.

Гэвч фидуцийн зүйл нь зээлийн өр төлбөрийг бүрэн хангуулахад хүрэлцэхгүй байсан /хөндлөнгийн шинжээчийн үнэлгээгээр 8,2 сая төгрөгийн үнэлгээтэй/ тул зээлдэгч Д.Бд холбогдуулан, 2022 оны 7-р сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн гэрээний зөрүү өр төлбөрт нийт 18,468,465 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1022/ШШ2021/01975 дугаартай шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангаж нэхэмжлэгчид шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон гэж үзэж “И” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хэдийгээр “И” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч “И” ХК нь зээлдэгч Д.Бын өмнө Монгол банкны Зээлийн мэдээллийн санд зээлийн ангиллыг “Хэвийн” ангиллаар нийлүүлэх үүрэг хүлээгээгүй, шүүхийн шийдвэрээр даалгаагүй. Түүнчлэн зээлдэгч Д.Б нь зээлийн мэдээллийн сангийн ангилалтай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг манай байгууллагад ирүүлж байгаагүй, энэ талаар аливаа хэлбэрээр харилцах, шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэж байгаагүй болно.

Мөн зээлдэгчийн фудицийн зүйл болох land cruiser Рrаdo маркийн автомашин нь өнөөдрийг хүртэл худалдан борлогдоогүй бөгөөд тус хөрөнгийг И ХК-иас хураан авах үед автомашины мотор байхгүй, гаднах эд анги их хэмжээний эвдрэлтэй байсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх үнэлгээний тайланд land cruiser Рrаdo-д хийгдэх засварын зардлыг 15,000,000 төгрөг байхаар тооцоолсон байдаг.

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх засварын зардлыг И ХК-д гарган өгч фидуцийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

“Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр И ХК-тай В16019060901 тоот Зээлийн гэрээ, Ф16019060901 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулж, 19,000,000 /Арван есөн сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн.

Уг зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн, JTEBK29J790042541 арлын дугаартай, 75-15 УБН улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер Прадо маркийн суудлын автомашиныг барьцаалсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргаж, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөхгүй байсан тул, Фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг барьцаалагч тал хураан авсан. Гэвч зээлдэгч Д.Бын зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн үйлдэл гаргахгүй, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хүрэхгүй байдалтай байсан тул 2021 оны 02-р сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 16,376,187 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,789,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415,707 төгрөг, нийт 26,581,192 /Хорин зургаан сая таван зуун наян нэгэн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгөөс барьцааны автомашины үнэлгээ болох /үнэлгээг эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн/ 8,200,000 төгрөгийг хасаж, Фидуцийн гэрээний 3.1.4-т заасан эрхийг хэрэгжүүлж, В16019060901 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,381,192 төгрөг, барьцаа хөрөнгийн үнэлгээний зардал 87,3273 төгрөг, нийт 18,468,465 /Арван найман сая дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун жарав таван/ төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Дээрх хэрэг маргаанд нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгө болох Тоёота Ланд круйзер прадо автомашиныг хөндлөнгийн үнэлгээний газар болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлэхэд, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээнд барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ цэнэ 8,200,000 төгрөгөөр тогтоосон.

Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангийн 11 дүгээр талд тээврийн хэрэгслийн чанар байдал гэсэн хэсэгт үнэлгээний автомашинд бүрэн бүтэн байдлыг бий болгох засварын зардлыг 15,000.0 /арван таван сая/ төгрөгөөр тооцож тухайн автомашиныг зах зээлийн үнэд зохицуулалт хийсэн байдаг.

Анхан болон Давж заалдах шатны шүүх зээлийн маргааныг шийдвэрлэхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан буюу автомашиныг Зээлдүүлэгч тал бодитоор шилжүүлэн авснаар талуудын үүрэг дуусгавар болсон гэж үзсэн. Хэдийгээр фидуцийн зүйлийг шилжүүлэн авснаар Фидуцийн гэрээ болон Зээлийн гэрээний маргаан дуусгавар болсон гэж шүүх үзсэн хэдий ч зээлийн гэрээнд оролцогч тал болох иргэн Д.Б нь барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах үүргээ зөрчиж, И ХК-ийн өмчлөлийн зүйлд ноцтой хохирол учруулсан.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг үндэслэн 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг завсарлахад гарах зардал 15,000,000 /Арван таван сая/ төгрөгөөр тооцогдож, нэхэмжлэгч тал нь фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа фидуцийн гэрээнд заасан үнэлгээний дүнгээс уг зардлын дүнг хассан дүнгээр худалдан борлуулж, 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр хохирсон тул, уг засварлах зардлыг иргэн Д.Баас гаргуулж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Хууль зүйн үндэслэл нь ч гэсэн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг нь өмчлөлийн зүйлийн эзэмшилд хэн нэгэн этгээд саад болоод байгаа бол түүнийг арилгуулахыг шаардах зохицуулалт байдаг. Бусдаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардлыг нэхэмжилж байгаа асуудал нь энэ зүйлээр зохицуулагдах зүйл биш. Арай өөр байдлаар тодорхойлогдох байх. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Хууль зүйн үндэслэл нь буруу байгаа учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нотлогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь 15,000,000 төгрөгийг засварын зардалд гаргуулая гэж шаардаж байна. Машинаа зарсан хэр нь одоо юуг засах гээд байгаа юм бэ, эсвэл үнэхээр машиныг засаад зарсан юм уу, зассан бол 15,000,000 төгрөгийн зардал гарсан гэдэг баримт нь хаана байгаа юм бэ, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь жинхэнэ тайлан мөн үү, үүнийг хаанаас олж ирсэн зүйлийг авч ирээд хэвлээд нэг хүний гарын үсэг дуурайлгаад зурсан юм уу гэдэг зүйл харагдаж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг харахад үнэлгээ хийсэн үнэлгээчний гарын үсэг, компанийн тамга байхгүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй зүйлийг үндэслээд мөнгө нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч компанийг би том компани гэж ойлгодог. Тийм том компани тодорхой хэмжээний чадвартай хуульч нартай байдаг болов уу гэж ойлгож байна. Өнөөдөр энд яриад байгаа зүйлийг нь харахад арай өөр зүйл яригдаад байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бараг дүгнэлт хийгээд эсрэг зүйл яриад байгааг нь гайхаж байна гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн Зээлийн мэдээллийн лавлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Д.Б, Б.Пүрэвнайдан нарт олгосон итгэмжлэл, И ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн В116019060901 дугаар зээлийн гэрээ, Ф16019060901 дугаар Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэр, Д.Б, Б.Б нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлсөн баримт, ТЗ101/554 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дүгээр магадлал, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Д.Бын зээлийн дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харуицагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч зээлийн барьцааны зүйлийг хураан авсан, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүрэг хугацаанаас өмнө дуусгавар болсон гэж дүгнэсэн, зээлдэгчийн зүгээс зээлийн төлбөрийг барьцааны зүйлээр төлж дуусгасан атал өнөөдрийг хүртэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлдэгч намайг 16,375,187 төгрөгийн төлбөртэй мэтээр нийлүүлж, зээлийн муу ангилалд оруулсан байгаа нь Зээлийн мэдээллийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...зээлдэгчийн фидуцийн зүйл land cruiser prаdo маркийн автомашин нь өнөөдрийг хүртэл худалдан борлогдоогүй, тус хөрөнгийг И ХК-иас хураан авах үед автомашины мотор байхгүй, гаднах эд анги их хэмжээний эвдрэлтэй байсан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд land cruiser Рrаdo-д хийгдэх засварын зардлыг 15,000,000 төгрөгөөр тооцоолсон зардлыг компанид өгч фидуцийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргаж,

...75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг завсарлахад гарах зардал 15,000,000 төгрөгөөр тооцогдож, нэхэмжлэгч тал нь фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа фидуцийн гэрээнд заасан үнэлгээний дүнгээс уг зардлын дүнг хассан дүнгээр худалдан борлуулж, 15,000,000 төгрөгөөр хохирсон тул, уг засварлах зардлыг иргэн Д.Баас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

           4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг ...Машиныг зарсан гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн тул байхгүй машиныг засварлах зардал гэж тодорхойлж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах заалтаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж, эс зөвшөөрч маргасан.

            5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.И ХК, Д.Б нар 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр В16019060901 тоот Зээлийн гэрээ, Ф16019060901 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулж, 19,000,000 /Арван есөн сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн, уг зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн, JTEBK29J790042541 арлын дугаартай, 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер Прадо маркийн суудлын автомашиныг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-19-23, 61-66/

7.Дээрх гэрээний үүргээ Д.Быг биелүүлээгүй, зээлийн үлдэгдэл 16,376,187 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,789,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415,707 төгрөг, нийт 26,581,192 төгрөгийн өглөгтэй, уг мөнгөнөөс барьцааны машины үнэлгээ болох 8,200,000 төгрөгийг фидуцийн гэрээнд зааснаар хасахад зээлийн гэрээний үүрэгт 18,381,192 төгрөг төлөх ёстой дээр үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 87,273 төгрөгийн хамт, нийт 18,468,465 төгрөгийг гаргуулахаар И ХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

8.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэрээр И ХК-ийн Д.Баас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч И ХК давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ./хх-24-25, 67-72/

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх зээлийн болон фидуцийн гэрээтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй.

10.Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар “...нэхэмжлэгч И ХК нь 2019 оны 11 дүгээр сард автомашиныг зээлийн үүрэгт тооцон хурааж авах үеийн байдлаар хариуцагч Д.Б нь 2,703,420 төгрөгийн зээлийн хүү, 19,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үүрэгтэй байсан ба түүнээс Д.Бын төлсөн 5,011,130 төгрөгийг хасч тооцон 16,692,290 төгрөг төлөх үүрэгтэй байх үед нэхэмжлэгч нь 19,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж, түүний гэрээгээр хүлээсэн үүрэг дууссан тул нэгэнт дуусгавар болсон үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй...” гэж дүгнэсэн, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.  

11.2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаар магадлалаар Зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн төлбөрийг бүрэн гүйцэтгэж дууссан талаар дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байтал хэргийн хариуцагч И ХК нь нэхэмжлэгч Д.Бын авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн талаар Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг доорх хуульд зааснаар хангах үндэслэлтэй байна.

12.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "зээлийн мэдээлэл" гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг; 4.1.2-т "зээлийн мэдээллийн сан" гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг; 4.1.3-т "зээлдэгчийн зөвшөөрөл" гэж зээлдэгчээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн баримтыг; 4.1.4-т "зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх" гэж зээлийн мэдээллийн санд хууль, гэрээнд заасан үндэслэлээр мэдээлэл цуглуулах, өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах замаар зээлийн мэдээлэл боловсруулахыг; 4.1.5-д “зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд” гэж Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 4.1.6-д "зээлдэгч" гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг; 4.1.7-д "зээлдүүлэгч" гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг; 4.1.8-д "мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг; ойлгоно гэж,

Мөн хуулийн 17 дугаар зүйлд Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх, 17.1-д Мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэхэд дараах зарчмыг баримтална: 17.1.1-д зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэд, ойлгомжтой байх; 17.1.2-т хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн мэдээлэл байх; 17.1.3-т зээлийн мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр нь тогтмол, шинэчилж байх; 17.1.6-д зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд нийлүүлэх., 17.3-т Мэдээлэл нийлүүлэгч цахим болон бичгийн хэлбэрээр, зөвшөөрөгдсөн кмпьютерийн программ хангамжийг ашиглан мэдээлэл өгөх, авах гэрээний дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд зээлийн мэдээлэл нийлүүлнэ.

Хуулийн 18 дугаар зүйлд Зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх, боловсруулах, 18.1-д Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ. гэж заасан заалтуудыг хариуцагч И ХК биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Д.Бын нэр дээрх Монгол банкны зээлийн мэдээлэл 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тус сангаас авсан лавлагаагаар “үлдэгдэл 16,375,187, ангилал муу” гэх, мөн 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Бүрэн скор зээлийн мэдээллийн сан ХХК-ийн лавлагаанд “үндсэн зээлийн үлдэгдэл 5,653,500, ангилал муу” гэж тус тус бүртгэгдсэн баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нотлогдож байна./хх-8, 101-102/

13.Иймээс дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Бын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, зээл хэвийн ангилалтай хаагдсан болохыг зээлийн мэдээллийн санд зөвтгөж нийлүүлэхийг хариуцагч “И’' ХК-д даалгаж шийдвэрлэв.

14.Хариуцагчийн ...15,000,000 төгрөгөөр хохирсон тул, уг засварлах зардлыг иргэн Д.Баас гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

15.Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ ...Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн маргааныг шийдвэрлэхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан автомашиныг Зээлдүүлэгч тал бодитоор шилжүүлэн авснаар талуудын үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн хэдий ч зээлийн гэрээнд оролцогч тал Д.Б барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах үүргээ зөрчиж, И ХК-ийн өмчлөлийн зүйлд ноцтой хохирол учруулсан. гэж тодорхойлж байна.

16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардлыг нэхэмжилж байгаа нь энэ заалтаар зохицуулагдах зүйл биш, сөрөг шаардлагаа баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

17.Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаар магадлалд “...Хэргийн 22-38 дах талд авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланд 75-15 УНБ улсын дугаартай Ланд круйзер прадо /land cruiser prаdo/ маркийн автомашиныг 8,200,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч зээлийн гэрээний үүрэгт дээрх автомашиныг тооцон авсан өдрийн ханшаар уг автомашин 8,200,000 төгрөгийн үнэлгээтэй байсныг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тул энэ талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно” гэж дүгнэжээ./хх-71-ийн ар талд/

18.Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлийг нотолж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан гэх он, сар, өдөр бичигдээгүй, тамга дарагдаагүй, үнэлгээ хийсэн үнэлгээчний гарын үсэг зурагдаагүй үнэлгээний тайланг энэ хэрэгт бичгийн баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг гаргахад шүүхээс нотлох баримтаар үнэлсэн байх тул уг баримтын талаар дахин дүгнэлт хийхгүй.

19.Хариуцагч И ХК нь Д.Б барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах үүргээ зөрчиж, И ХК-ийн өмчлөлийн зүйлд ноцтой хохирол учруулсан гэж тодорхойлж сөрөг шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

20.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Быг барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах үүргээ зөрчиж, И ХК-ийн өмчлөлийн зүйлд ноцтой хохирол учруулсан гэж тодорхойлон ...автомашиныг засварлах зардал 15,000,000 төгрөгийг Д.Баас гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

21.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, зээл хэвийн ангилалтай хаагдсаныг зөвтгөж Монгол банкны мэдээллийн санд нийлүүлэхийг И ХК-д даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “И” ХК-ийн 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер Прадо маркийн суудлын автомашиныг засварлах 15,000,000 төгрөгийн зардлыг Д.Баас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “И” ХК-аас 70,200 төгрөг гаргуулж, Д.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ