Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01870

 

 

 

 

 2023 10 18 210/МА2023/01870

 

Д.Б...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02492 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б...ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: И... ХК-д холбогдох,

 

Монгол банкны зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр буюу зээлийн үлдэгдэлгүй байдлаар /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон зээлийн хэвийн ангилалтай хаагдсан/ тухай мэдээлэл нийлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй

 

.... УБН улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын авто машиныг засварлах 15,000,000 төгрөгийн зардлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б., шүүх.. хуралдааны нарийн бичгийн дарга Х.М. нар ..оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "И... ХК-тай В16019060901 тоот зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, 19,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9%-ийн хүүтэй зээлж авсан.

 

1.2. Уг зээлийн дагуу фидуцийн гэрээ байгуулж 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн .... УБН улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн автомашиныг И... ХК-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн.

 

И... ХК-ийн зүгээс Д.Б...д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 18,468,465 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлээ нэхэмжлэгч И... ХК нь фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан барьцааны зүйл болох автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураан эзэмшилдээ авсан учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх агуулгаар дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Б...ын 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр И... ХК-тай В16019060901 тоот зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг 2019 оны 11 дүгээр сард дуусгавар болсон гэж үзсэн.

 

1.3. Гэтэл И... ХК нь өнөөдрийг хүртэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлдэгч намайг 16,375,187 төгрөгийн төлбөртэй мэтээр мэдээлэл нийлүүлж, зээлийн муу ангилалд оруулсан байгаа нь Зээлийн мэдээллийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн санд Д.Б... миний нэр дээр 16,375,187 төгрөгийн төлбөртэйгээр зээлийн муу ангилалд нийлүүлсэн нь хууль бус гэж үзэхийн сацуу хариуцагч нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээллийг зөвтгөж /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, зээл хэвийн ангилалтай хаагдсан/ талаархи мэдээлэл нийлүүлэхийг хариуцагч И... ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

  2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Д.Б... нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр И... ХК-тай В16019060901 тоот зээлийн гэрээ, Р16019060901 тоот фидуцийн гэрээг байгуулж, 19,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлсэн.

 

2.2. Уг зээлийн үүргийн гйүцэтгэлийг хангуулахаар ЗТЕВК29179004... арлын дугаартай, ... УБН улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2009 онд орж ирсэн, Тоуоtа land cruiser Рrаdo маркийн суудлын автомашиныг фидуцийн гэрээгээр өмчлөлд шилжүүлсэн.

 

2.3. Зээлдэгч нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнд заасан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй фидуцийн гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бусдад дамжуулан худалдсан байдал үүсгэсэн тул 2019 оны 11 сард фидуцийн зүйлийг хураан авсан.

 

2.4. Гэвч фидуцийн зүйл нь зээлийн өр төлбөрийг бүрэн хангуулахад хүрэлцэхгүй байсан /хөндлөнгийн шинжээчийн үнэлгээгээр 8,2 сая төгрөгийн үнэлгээтэй/ тул зээлдэгч Д.Б....д холбогдуулан, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн гэрээний зөрүү өр төлбөрт нийт 18,468,465 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэдийгээр И.... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч И... ХК нь зээлдэгч Д.Батзулын өмнө Монгол банкны Зээлийн мэдээллийн санд зээлийн ангиллыг хэвийн ангиллаар нийлүүлэх үүрэг хүлээгээгүй, шүүхийн шийдвэрээр даалгаагүй. Түүнчлэн зээлдэгч Д.Б... нь зээлийн мэдээллийн сангийн ангилалтай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг манай байгууллагад ирүүлж байгаагүй, энэ талаар аливаа хэлбэрээр харилцах, шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэж байгаагүй болно.

 

 

Нэхэмжлэгч Д.Б... нь авто машины засварын зардлыг И... ХК-д гарган өгч фидуцийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.       Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

3.1. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргаж, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөхгүй байсан тул, Фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг барьцаалагч тал хураан авсан. Гэвч зээлдэгч Д.Б...ын зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн үйлдэл гаргахгүй, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хүрэхгүй байдалтай байсан тул 2021 оны 02-р сарын 24-ний өдрөөр тасалбар болгон зээлийн үлдэгдэл 16,376,187 төгрөг, хүүгийн төлбөр 9,789,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415,707 төгрөг, нийт 26,581,192 төгрөгөөс барьцааны автомашины үнэлгээ болох /үнэлгээг эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн/ 8,200,000 төгрөгийг хасаж, Фидуцийн гэрээний 3.1.4-т заасан эрхийг хэрэгжүүлж, В16019060901 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,381,192 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 87,3273 төгрөг, нийт 18,468,465 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

3.2. Дээрх хэрэг маргаанд нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгө болох Тоёота Ланд круйзер прадо автомашиныг хөндлөнгийн үнэлгээний газар болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлэхэд, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээнд барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ цэнэ 8,200,000 төгрөгөөр тогтоосон.

 

3.3. Мөн Х... ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангийн 11 дүгээр талд тээврийн хэрэгслийн чанар байдал гэсэн хэсэгт үнэлгээний автомашинд бүрэн бүтэн байдлыг бий болгох засварын зардлыг 15,000,000 төгрөгөөр тооцож тухайн автомашиныг зах зээлийн үнэд зохицуулалт хийсэн байдаг.

 

Иймд ... УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг завсарлахад гарах зардал 15,000,000 төгрөгөөр хохирсон тул, уг засварлах зардлыг Д.Б....аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

 

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.

 

Машинаа зарсан хэр нь одоо юуг засах гээд байгаа юм бэ, эсвэл үнэхээр машиныг засаад зарсан юм уу, зассан бол 15,000,000 төгрөгийн зардал гарсан гэдэг баримт нь хаана байгаа юм бэ, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь жинхэнэ тайлан мөн үү, үүнийг хаанаас олж ирсэн зүйлийг авч ирээд хэвлээд нэг хүний гарын үсэг дуурайлгаад зурсан юм уу гэдэг зүйл харагдаж байна.

 

4.2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээд эсрэг зүйл яриад байгааг нь гайхаж байна гэжээ.

 

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Батзулын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, зээл хэвийн ангилалтай хаагдсаныг зөвтгөж Монголбанкны мэдээллийн санд нийлүүлэхийг Инвескор ББСБ ХК-д даалгаж,

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул И... ХК-ийн 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер Прадо маркийн суудлын автомашиныг засварлах 15,000,000 төгрөгийн зардлыг Д.Б...аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, И... ХК-аас 70,200 төгрөг гаргуулж, Д.Б...д олгож, шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

6.1. Шүүх хэргийн үйл баримтыг дутуу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарласан тухай.

 

Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаартай магадлалаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухайг шүүх тогтоосон нь "Д.Б...ын авсан зээлийн үүрэг биелэгдсэн" гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарлавал анхан шатны шүүх Фидуцийн гэрээний үүргийг Зээлийн гэрээний үүрэгтэй хамтад нь тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Фидуцийн гэрээгээр ... УБН улсын дугаартай, Toyota Land cruiser Prado маркийн автомашиныг хариуцагч тал бодитоор шилжүүлж авснаар зөвхөн тус гэрээний үүрэг буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон. Гэвч анхан шатны шүүх фидуцийн гэрээ дуусгавар болсноор Зээлийн гэрээний үүрэг хамтдаа дуусгавар болсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг харж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

6.2. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг дутуу үнэлсэн тухай.

 

Нэхэмжлэгч Д.Б...ын шүүхэд гаргаж өгсөн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагаагаар 16,375,187 төгрөг ангилал муу, мөн 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаагаар 5,653,500 төгрөг ангилал муу гэж тус тус бүртгэсэн баримтыг хариуцагч мэдээллээ хэвийн ангиллаар нийлүүлээгүй байгааг нотлон тайлбарлажээ.

 

Дээрх үйл баримтаар хариуцагч тал нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 75-15 УБН улсын дугаартай, Toyota Land cruiser Prado маркийн автомашиныг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүрэгт үлдэх төлбөрийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн байгааг анхан шатны шүүх судлаагүй, дүгнээгүйд гомдолтой байна.

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаартай шийдвэрээр фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болохтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн байхад Зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн ангиллыг хэвийн ангиллаар нийлүүлэхийг үүрэг өгөөгүй, тухайн маргаанд энэ талаар хэлэлцээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

6.3. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх тухай.

 

И... ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б...д холбогдох хэрэг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эцэслэн шийдвэрлэгджээ. Тухайн шийдвэрт нэхэмжлэгчийн ангиллыг хэвийн ангиллаар нийлүүлэхийг даалгаагүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 998 дугаартай тогтоолын дагуу "Банк бус санхүүгийн байгууллагын актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-аар хэрэг маргаан шийдвэрлэгдсэн цаг хугацаагаар нэхэмжлэгч Д.Батзулын ангилал муу ангиллаар нийлүүлэх байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй нотлох баримтыг бүрэн судлаагүйд гомдолтой байна.

 

Дээрх үйл баримтыг нэгтгэн тайлбарлахад зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд хуулиар тогтоосон үүрэг хариуцлагыг гэрээгээр талуудад олгосон байдаг.

 

Банк бус санхүүгийн байгууллагын актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-аар нэхэмжлэгч Д.Б...ын гаргасан үйлдэлтэй холбоотой ангилал нийлүүлэх тухай зохицуулсан зохицуулалтыг хэрэглээгүй, энэ талаар хэлэлцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй нь харагдаж байна.

 

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав

2. Нэхэмжлэгч Д.Б... нь И. ХК-д холбогдуулан Монголбанкны зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр буюу зээлийн үлдэгдэлгүй байдлаар /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон зээлийн хэвийн ангилалтай хаагдсан/ мэдээлэл нийлүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч засварын зардал 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ. /1-р хх 1-2, 26, 55-56/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Нэхэмжлэгч Д.Б... нь хариуцагч И.... ХК-тай 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр В16019060901 дугаартай зээлийн гэрээг байгуулж, И... ХК нь 19,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, Д.Б... нь гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх 19-20/

3.б. Мөн талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр фидуцийн гэрээ байгуулж, .УБН улсын дугаартай, JTEBK29J79004.... тоот арлын дугаартай, Ланд круйзер прадо (Land cruiser prado) авто машины өмчлөх эрхийг И. ХК-д шилжүүлжээ. /1-р хх 22-23/

3.в. И... ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Батзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,468,465 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсаныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1574 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р хх 69-74/

4. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад хариуцагчийн зүгээс Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн үлдэгдэлтэй мэтээр мэдээ нийлүүлж чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэнийг залруулах ёстой гэсэн бол, хариуцагч фидуцийн гэрээний зүйл доголдолтой, анх гэрээнд заасан чанар, байдал дордсон, засварын зардалд 15,000,000 төгрөг гаргуулна, үүрэг дуусгавар болоогүй байгаа гэж маргасан нь маргааны зүйл болжээ.

4.а. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Уг шийдвэрийн дүгнэлтээр талуудын хорондын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хэрэглэх ёсгүй хууль баримталсныг зөвтгөж, мөн шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

5.а. Зохигчийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг баримтлах шаардлагагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсоны дараах зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг шаарджээ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Мөн үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно.Зээлийн гэрээний үүрэг хэрхэн биелэгдэж дууссан тухай мэдээлийг зохих ёсоор, шударгаар нийлүүлэх үүрэг нь нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд ногдуулсан онцгой үүрэг гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

5.б. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагч үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн авсан автомашины чанар, байдлын доголдолтой холбогдон гарсан зардлыг нэхэмжилж байгаа тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар уг харилцааг дүгнэх нь зүйтэй.

 

Талуудын хоорондын зээлийн гэрээний болон фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон, гэрээг дүгнэх, шүүхэд нэхэмжлэл гаргаж эцсийн тооцоог хийх үед фидуцийн зүйлийн чанар байдалтай холбоотой буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, мөн хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасан агуулгаар шаардлага гараагүй байна.

6. Фидуцийн гэрээний зүйл болох .... УБН улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг бодитойгоор шилжүүлэн авахад, гэрээ байгуулах үеийнхээс чанар, байдал нь дордсон болохыг хариуцагч баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл авто машиныг хүлээж авсан акт нь хэрэгт авагдаагүй байгаа нөхцөлд автомашиныг бодитойгоор гаргуулан авах үед гэрээгээр тохирсон үеийнхээс чанар, байдал нь дордсон эсэхийг эргэлзээгүй талаас нь дүгнэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02492 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б....ын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон зээлийн хэвийн ангилалтай хаагдсан тухай мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагч И... ХК-д даалгаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул И... ХК-ийн 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер Прадо маркийн суудлын автомашиныг засварлах зардалд 15,000,000 төгрөгийг Д.Б...аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД