Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 138

 

                                                                                                                                                                                                                          

                                                                   

                                                                                                                 

                                                

 

 

 

 

                         

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Т.Содбаатар, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

иргэдийн төлөөлөгч Ё.Сэрээнэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020252 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мужаан, өрлөгчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоотын 8-299 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

ял шийтгэл: 1. 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 7 жилийн хорих ялаар,

2. 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүнд нийт 9 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор эдэлсэн 2 жил 5 сар 18 хоногийг хасч, нийт 6 жил 6 сар 12 хоног хорих ялаар,

3. 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,

4. 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58-Ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

ТЕ86111075 дугаарын регистртэй, Боржигон овогт Түвшинжаргалын Содбаатар

 

Шүүгдэгч Т.Содбаатар 2016 оны 1 дүгээр сарын 9-ний оройн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Дархан төвийн орчимд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч Б.Чулуунбаатарын ар нуруу хэсэгт цохиж газарт унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн түүний гар цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж, түүнд 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 1 дүгээр сарын 10-ны оройн 20 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 2 дугаар орцонд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч С.Бямбадоржийг гэр рүүгээ орж явахад нь араас нь боож унаган, гар цүнх, зүүн гарын дунд болон чигчий хуруунд байсан монетон бөгж, мөн баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, түүнд 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 304 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч Ж.Даариймаагийн ар нуруу хэсэгт цохиж газарт унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн түүний гар цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж, түүнд 905.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт,

 

2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58-Ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж ялтай байдал дуусаагүй байхдаа 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, “Хангарьд” эмийн сангийн орчим хохирогч С.Дарьсүрэнгийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Содбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Намайг хулгай хийсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Сэргэлэнбат гэгч залуу надад гар утас өгсөнийг би таньдаг ченждээ зарсан. Гэтэл тэр утас нь хулгайн эд зүйл байсан байна.

Мөн хохирогч Бямбадоржийг би дээрэмдээгүй. Энэ хэргийг дахин шалгаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Хохирогч Дариймаагийн хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Чулуунбаатартай холбоотой хэрэгт Баярсайхан, Өлзий нар хамт оролцсон. Баярсайхан нь хохирогч Чулуунбаатарын эд зүйлийг шүүрээд зугтсан. Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Т.Содбаатарын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 69, 189/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 68/, цагдаагийн газрын “asaf” сангийн бүртгэлийн баримт /1-р хх-н 184/, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /2-р хх-н 84/, зан байдлын тодорхойлолт /2-р хх-н 85, 89/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2-р хх-н 85, 89, 93/, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /2-р хх-н 88/, яллас өршөөн хэлтрүүлэх тухай /2-р хх-н 92/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 тоот шийтгэх тогтоол /1-р хх-н 74-75/,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 245 тоот шийтгэх тогтоол /1-р хх-н 76-78, 2-р хх-н 80-82/,

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 557 тоот магадлал /2-р хх-н 83-84/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 46 тоот шийтгэх тогтоол /1-р хх-н 79-80, 2-р хх-н 86-87/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 161 тоот шийтгэх тогтоол /1-р хх-н 81-82, 2-р хх-н 90-91/,

гэрч Ганболдын Адъяасүрэнгийн “... Түвшинжаргал овогтой Содбаатар миний нөхөр байгаа юм. Би Содбаатартай анх 2004 онд танилцаж байсан. Содбаатар манай найз Золзаяагийн нөхөр Сансарбаатарын төрсөн дүү нь байгаа юм. Би анх 2004 онд Золзаяатай хамт Содбаатарыг шоронд байхад нь эргэж очоод танилцаж байсан. Тухайн үед Содбаатар миний утасны дугаарыг аваад над руу ярьдаг байсан. Тэгээд бид хоёр их дотносож, би хааяа түүнийг шоронд эргэж очдог байгаад 2005 онд би том хүүгээ төрүүлж байсан. Миний том хүүг төрөхөд Содбаатар шоронд байсан учир одоо надаар овоглодог юм. Ингээд 2006 оны зун Содбаатар суллагдсан хэдий ч 2007 оны өвөл аавынхаа ахыг хутгалаад буцаад шоронд орж байсан. Дараа нь 2011 оны өвөл суллагдаад бид хоёр 2012 онд дахин хүүтэй болсон. Үүнээс хойш 2014 оны өвөл дээрмийн хэрэг үйлдээд дахин шоронд сууж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Өршөөлийн хуулиар суллагдан гарч ирсэн. Миний нөхөр Содбаатар урьд өмнө нь хэд хэдэн удаа алдаж шоронд орж байсан хэдий ч хар бараан ажилд их сайн, гадуур байх хугацаандаа барилгын ажил хийдэг байсан ба хамт олон нь ажилд их сайн гэдэг байсан. Архи, тамхи хэрэглэдэг ч архи уусан үедээ ар гэртээ ирээд агсам согтуу тавиад байдаггүй, гайгүй л байдаг. 2 хүүхэддээ их сайн, халамжтай эцэг байж чаддаг. Содбаатар шоронгоос гарснаасаа хойш Далантай, Нянантай гэх ихэр ах дүү хоётой л найзлаад байсан. Би өөр найзыг нь мэдэхгүй. Өөр хүмүүстэй нэг их нийлээгүй гэж бодож байна. Содбаатар 2015 оны 11 дүгээр сарын 5-нд өршөөлийн хуулиар суллагдсанаас хойш 2016 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаад байсан. Ямар хэрэг үйлдсэнийг нь сайн мэдэхгүй байна. Өөр шалгагдаж байгаа газар хэлтэс байхгүй байх. Содбаатар хааяа гэнэт гэртээ ирэлгүй 2, 3 хоногоор утсаа унтраагаад алга болчихдог” /1-р хх-н 35-36/ гэсэн мэдүүлэг,

гэрч Түвшинжаргалын Саруулбаатарын “... Содбаатар миний төрсөн дүү байгаа юм. Би Содбаатартай уулзаагүй удаж байна. Хамгийн сүүлд яг хэзээ уулзсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан шоронд байхад нь нэг удаа эргэж очиж байсан. Түүнээс хойш огт уулзаагүй, холбоо ч бариагүй. Содбаатар хамгийн анх 2003 онд хүчингийн хэргээр шоронд орж байсан. Гарч ирээд ахиж хэд хэдэн удаа хэрэг үйлдээд шоронд суусан. Би нэг их дотно байдаггүй учраас хувийн байдлынх нь талаар хэлэх зүйл алга байна. Манай гэр анх 1998 оны үеэр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 08-299 тоотод нүүж очиж байсан” /1-р хх-н 38/ гэсэн мэдүүлэг,

онц хүнд гэмт хэргийн холбогдогчийн сэтгэцийн талаарх Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... Т.Содбаатар сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн өвчингүй байна. Сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна” гэсэн 629 тоот дүгнэлт /1-р хх-н 229-230/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Содбаатар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн, тухайлбал;

2016 оны 1 дүгээр сарын 9-ний оройн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Дархан төвийн орчимд хохирогч Б.Чулуунбаатарын ар нуруу руу цохиж газарт унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн түүний гар цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж, түүнд 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 10-ны оройн 20 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 2 дугаар орцонд хохирогч С.Бямбадоржийг араас нь боож унаган, гар цүнх, зүүн гарын дунд болон чигчий хуруунд байсан монетон бөгж, мөн баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, түүнд 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 304 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч Ж.Даариймаагийн ар нуруу руу цохиж газарт унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн түүний гар цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж, түүнд 905.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Батын Чулуунбаатарын “... тэр үед миний араас түлхэж газар унагаасан. Тухайн хүнийг хараад танихгүй, миний араас түлхэж унагаагаад, миний гараас барьж явсан гар цүнхийг минь аваад далан дундуур орж зугтсан. Тэр залуугийн биеийн өндөр нь 170 см орчим өндөртэй, туранхайвтар залуу байх шиг байсан. Бичиг баримт болон ээмэг, шармал бөгж, бугуйвч, бэлнээр байсан 150.000-160.000 төгрөг болон бусад эд зүйлээ алдсан. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна. Тэр өдөр харуй бүрий болсон байсан учир маргааш өглөө нь босоод цүнхээ дээрэмдүүлсэн газраасаа цасан дээр гарсан мөрийг нь хөөгөөд явсан чинь 32 дугаар байрны 3 дугаар орцны өргөтгөл, мал эмнэлгийн эмийн бөөний төвийн хажуугаар миний цүнхэнд байсан Голомт банкны хадгаламжийн дэвтэр, ХААН банкны виза карт, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчтөний карт, малчдын календарь, тэтгэвэрийн дэвтэр, хайрцагтай ууттай эм зэргийг цувуулж хаясан байсныг олж авчирч цагдаагийн байгууллагад өргөдлийн хамт өгсөн. Гарын мөр байгаа байх гэж бодоод олсон бичиг баримт, эд зүйлээ өөрийн гарын мөрийг гаргахгүйн тулд өнцөгдүүлж барьсан юм. Дээрэмдүүлсэн эд зүйлсээ нэхэмжилнэ, гомдолтой байна”,

“... 2016 оны 1 дүгээр сарын 9-ний орой 18 цагийн орчим Хархорин захаас гараад Москва хороололд байх өөрийн гэр рүүгээ явж байхад миний ар нуруу хэсэг рүү их хүчтэй цохисон. Энэ үед би гартаа барьж явсан цүнх болон 2 тортой эд зүйлээ газарт унагаагаад өөрөө харуулдаж унасан. Тэр үед нэг залуу миний дээгүүр давж алхаад барьж явсан гар цүнхийг аваад далан дундуур зугтаасан. Тухайн үед миний гарын алга, зүүн өвдөг шалбарч урагдсан байсан. Намайг дээрэмдсэн залуу надад учруулсан хохирлоо огт барагдуулаагүй байгаа. Миний зүгээс цаашид гомдолтой байгаа” /1-р хх-н 177-178, 194, 2-р хх-н 63/ гэсэн,

хохирогч Сүхийн Бямбадоржийн “... 2016 оны 1 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед манайх дэлгүүрээ хаагаад, би дэлгүүрээсээ 19 цаг 10 минутын үед гараад гэр ойрхон болохоор гэр рүүгээ алхсан юм. Тэгээд би орцондоо ороод 2 давхарт алхаад явж байхад араас нэг хүн боосон. Би айсандаа дугарч чадахгүй, ухаан санаа балартаад тэр дороо шоконд орсон. Тэр үед би шатан дээр суучихсан, нэг залуу миний зүүж явсан ээмэг, бөгж, хүзүүнд байсан монетан гинжийг тайлаад авч байсан. Мөн миний барьж явсан бор цоохор өнгийн цүнхийг булааж аваад, зугтаагаад явсан. Үүнээс хойш би гэртээ яаж орсоноо санахгүй байгаа, нэг мэдэхэд гэртээ ороод ирчихсэн, гэрийнхээ утсаар өөрийн охин Уянга руу утсаар ярьж, бусдад дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Тэгэхэд миний охин Уянгаа цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах болсон. Намайг дээрэмдсэн гэх залуу яг хэдүүлээ явж байсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн намайг сэрэхэд миний зүүж явсан монетан ээмэг, бөгж, гинжийг нэг залуу миний урд зогсчихсон авч байсан. Тэр залууг яг хэдүүлээ явж байсныг санахгүй байна, гэхдээ бодоод байхад тэр залуу ганцаараа явсан юм бол уу гэж санагдаад байгаа. Ямар ч байсан нэг залуу л миний араас боосон. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, шатан дээр явж байхад миний араас боосон. Тэр үед л би ухаан алдаж унасан байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Тухайн залуу миний зүүж явсан ногоон өнгийн шигтгээтэй монетан хос ээмэг, зүүн гарын дунд хуруунд байсан ногоон шигтгээтэй монетан бөгж 1 ширхэг, мөн зүүн гарын чигчий хуруунд байсан монетан бөгж, баруун гарын ядам хуруунд байсан монетан бөгж, хүзүүнд байсан монетан гинж, миний барьж явсан бор цоохор өнгийн зөөлөн материалтай арьсан цүнхийг дээрэмдсэн. Миний цүнхэнд хар өнгийн арьсан түрийвч, орифлэйм брэндийн улаан цахилгаантай жижигхэн цүнх, I phone 5s маркийн гар утас, мөн самсунг маркийн хар өнгийн гар утас энергийн саваа, энергийн гинжтэй зүүлт болон миний өөрийн хэрэглээний гоо сайхны эд зүйлс байсан. Түрийвчинд бэлнээр хоёр өдрийн орлого болох 800.000 гаруй төгрөг байсан. Яг хэдэн төгрөг гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ногоон өнгийн шигтгээтэй хос монетан ээмэг, ногоон өнгийн шигтгээтэй бөгжөө 500.000 төгрөгөөр үнэлнэ, харин зүүн гарын чигчий хуруунд байсан монетан бөгж гольцоогоо 40.000 төгрөг, хүзүүндээ зүүж явсан монетан гинжээ 120.000 төгрөг, өөрийн барьж явсан бор цоохор өнгийн зөөлөн материалтай арьсан цүнхээ 420.000 төгрөгөөр авч байсан ба тухайн үнээрээ үнэлнэ, энергийн саваа 100.000 төгрөг, энергийн гинжтэй зүүлтээ 60.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа болон цагдаагийн байгууллагад шалгуулах хүн байхгүй. Миний араас хүн дагаж явсан эсэхийг би мэдэхгүй байна. Юу ч анзаараагүй. Намайг дээрэмдсэн гэх залууг олж тогтоон, миний алдсан эд зүйлийг олж өгнө үү”,

“... миний эд зүйлийг дээрэмдсэн гэх залуу намайг гэрийнхээ орцонд ороод 1-2 давхар руу өгсөж явахад миний араас боож унагасан. Тэр үед нь би айж сандарсандаа ухаан балартаж газар унасан байсан. Тэгээд миний эд зүйлсийг авч явсан байсан. Тухайн залуу ганцаараа явж байсан болов уу гэж бодож байгаа. Ямар нэгэн дуу чимээ гаралгүй гэнэт л араас нэг хүн боосон. Тэгээд би ухаан алдаж унасан байсан. Тухайн залуу надад учруулсан хохирлоо барагдуулсан зүйл байхгүй. Харин миний Самсунг маркийн хар өнгийн гар утас олдсоныг хүлээж авсан. Миний зүгээс ямар ч байсан гомдолтой байгаа. Тэгэхдээ би цаашид хэргийн материалтай танилцаж, дахин хэргийн талаар цагдаагийн байгууллагаар шалгуулах ямар нэгэн хүсэлт байхгүй”/1-р хх-н 33, 2-р хх-н 61/ гэсэн,

хохирогч Жамбадагвын Дариймаагийн “... 2016 оны 1 дүгээр сарын 17-ны орой 18 цаг 40 минутын үед ажлаасаа тараад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түвшин өргөө хотхоны 304 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд буюу гэрийнхээ гадаа явж байтал миний араас нэг хүн ар нуруу руу цохиход нь би машин өргөж газар унасан. Тэр үед миний барьж явсан гар цүнхийг тэр залуу гарнаас минь булаагаад зугтаасан. Миний цүнхэн дотор бор хүрэн түрийвч, 1 гр орчим цагаан циркон шигтгээтэй өрөөсөн монетан ээмэг, хар өнгийн Нокио Си-2 маркийн гар утас, саарал өнгийн 2 см ордог “Самсунг Галакси \win\” маркийн гар утас, бэлнээр 130.000 төгрөг, ууж байсан эм тангууд зэрэг зүйлс байсан юм. Тэгээд маргааш нь банкин дээр очоод дансаа шалгуулахад өчигдөр орой таны данснаас 375.000 төгрөгийг дэлгүүрээс уншуулж авсан байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа цүнхийг маань хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн миний ажлын хаягаар авчирч өгсөн юм. Цүнхэнд байсан зүйлсээс хоёр гар утас, хас банкны виза карт, автобусны карт, цалингийн карт, гоо сайхны хэрэглэл, 130.000 төгрөг, өрөөсөн монетан ээмэг зэрэг маань байхгүй бусад зүйл нь байсан. Хаанаас олсон талаар асуухад 10 дугаар хорооллын байрныхаа орцноос олоод, түрийвчинд байсан нэрийн хуудаснаас миний утсыг олж над руу яриад ажил дээр авчирч өгсөн гэсэн. Би гар цүнхээ 120.000 төгрөгөөр, өрөөсөн монетан бөгжийг 100.000 төгрөгөөр, Самсунг Галакси \win\ маркийн гар утсыг шинээр нь 2015 оны 11 дүгээр сард авч байсан болохоор тэр үнээр нь, Нокиа Си 2 маркийн гар утсыг бэлгэнд 3 жилийн өмнө ирж байсан 80.000 төгрөгөөр, түрийвчийг 75.000 төгрөгөөр, гоо сайхны хэрэглэлийг 30.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Намайг дээрэмдсэн хүн 160-170 см орчим өндөр нуруутай, туранхайдуу, 25-28 орчим настай, хар өнгийн үстэй, захтай юүдэнтэй, хар бараан өнгийн күртиктэй залуу байсан. Намайг дээрэмдсэн гэх залуу надтай огт уулзаагүй, би ч тухайн залууг хараад танихгүй, надад учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа. Цаашид алдсан эд зүйл болон картнаас авсан бэлэн мөнгөө төлүүлмээр байна. Гомдолтой байна”,

“... 2016 оны 01 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн үед би гэр рүүгээ орох гээд ганцаараа байрныхаа 1 дүгээр орцны үүдэн дээр явж байхад гэнэт ар нуруу хэсэг рүү их хүчтэй цохисон. Тэр үед би хажуудаа байсан цагаан өнгийн автомашины урд гуперыг баруун мөрөөрөө цохиж унасан. Энэ үед миний гарт байсан цүнхийг шүүрч аваад зугтаасан. Тэгээд би араас нь хашгираад, орилоод харахад тэр залуу ганцаараа явж байсан. Намайг дээрэмдсэн гэх залуу надад учруулсан хохирлоо огт өгөөгүй, төлөөгүй, уучлалт ч гуйгаагүй. Би шүүх хуралд оролцсон. Намайг дээрэмдсэн залуу их муухай хүн байна лээ. Хөгшин настай намайг гэр рүүгээ орж явахад араас цохиж унагаан дээрэмдчихээд тэрийгээ үнэнээр хүлээхгүй, ичихгүй, би дээрэмдээгүй гар цүнхийг булаагаад явсан гэж яриад байна лээ. Миний зүгээс маш их гомдолтой”/1-р хх-н 148-149, 227, 2-р хх-н 62/ гэсэн,

гэрч Дамдины Буянгийн “... 2016 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг ажлын байран дээрээ байхад шөнө 04 цаг өнгөрч байхад нэг туранхай, шөвгөр бор царайтай, 165 см орчим өндөртэй, хар өнгийн үстэй Альяск куртик өмссөн, 25-30 орчим настай залуу орж ирсэн. Тэгээд хоёр ортой өрөө асуухаар нь би байгаа гэж хэлээд бичиг баримтыг нь асуухад надад Түвшинжаргал овогтой Содбаатар гэх иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Би зургийг нь тулгаж үзэхэд дээрх хүний иргэний үнэмлэх мөн байсан /дээрх залууг анх харахад жүжигчин Амбийтай маш адилхан харагдаж байсан/. Тэр залуу халааснаасаа их хэмжээний 20.000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд надад буудлын 40.000 төгрөг төлөөд №1 өрөөнд орсон. Тэд олуулаа явж байсан юм байна лээ. Араас нь хоёр эмэгтэй, гурван эрэгтэй ямар ч байсан орж байсан. Тэгээд тэд нар өрөөндөө орсноос хойш 20-30 минутын дараа нөгөө буудлын мөнгө төлдөг Т.Содбаатар гэх залуу ганцаараа гарч ирээд, надад цагаан өнгийн I phone5 гар утас өгөөд та миний гар утсыг түр хадгалж байгаач, алга болчихож магадгүй, олуулаа байгаа юм чинь гээд надад өгсөн. Тэд нар өрөөндөө байцгааж байгаад өглөө 7-8 цагийн үед 2 залуу 2 эмэгтэй мөн нөгөө Т.Содбаатар гэх залуу надаас гар утсаа аваад түрүүлээд гараад явсан. Тэгэхэд буудлын өрөөнд нэг залуу ганцаараа үлдсэн байсан ба надаас 9 цагийн үед тамхи асууж өрөөнөөсөө гарч ирсэн. Тамхи байхгүй гэж хэлсэн чинь тухайн залуу буудлаас бүр гарч яваад нэг их удалгүй нөгөө залуу нэг эмэгтэйтэй гаднаас 1 шил  Ерөөл нэртэй архи барьчихсан өрөөндөө орж байсан. Тэгээд бас нэг их удалгүй нөгөө эмэгтэй нь гараад явсан, үүний дараа нөгөө залуу гарч ирээд сая надтай өрөөнд орсон эмэгтэй гараад явчихсан уу? миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би тэр залууд цагдаа дуудах уу, ямар балай юм бэ гэж хэлсэн чинь нөгөө залуу цагдаа дуудаж хэрэггүй гэсэн учир би цагдаа дуудаагүй. Тэрнээс хойш нөгөө залуу өрөөндөө ганцаараа байж байгаад 12 цагийн үед гарсан шиг санаж байна. Т.Содбаатар гэх залуу өглөө 7-8 цагийн үед гарчихаад эргэж ирээгүй. Т.Содбаатар гэх залуу надад буудлын мөнгөө төлөхдөө гартаа их хэмжээний мөнгө барьчихсан, түүнээсээ надад буудлын хөлс гэж 2 ширхэг 20.000 төгрөг төлсөн. Гарт нь байсан мөнгө яг хэдэн төгрөг байсныг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Дээрх утас нь унтраастай байсан” /1-р хх-н 34/ гэсэн,

гэрч Ганболдын Адъяасүрэнгийн “... би СD дээрх бичлэгүүдийг үзлээ, миний нөхөр Содбаатар мөн байна. Өмсөж яваа цамц, куртик, зүс царай, явж байгаа байдлаас нь хараа шууд таньж байна. Би 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр санагдаж байна. Хүүхдийн мөнгө аваад дээр нь мөнгө нэмээд Содбаатарт нийт 120.000 төгрөг өгч байсан. Тэр мөнгөөр Содбаатар тухайн өмсөж явсан куртикийг авсан гэж надад үзүүлж байсан. Бичлэг дээр харагдаж байгаа Содбаатартай юм яриад зогсож байгаа залууг урд өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байна. Миний нөхөр Содбаатар тухайн үед огт ажил хийгээгүй мөнгөгүй байсан. Буудалд барьж явсан болон тоолж өгсөн мөнгө нь ямар учиртай мөнгө гэдгийг нь би мэдэхгүй байна. 2016 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр гэртээ бэлэн мөнгө, цүнх, гоо сайханы хэрэгсэл гэх мэт зүйл юу ч авчраагүй. Одоо бодоход 2016 оны 1 дүгээр сарын 9-нөөс 12-ны хооронд хэд хоног утсаа унтраагаад гэртээ ирэлгүй алга болсон. Манай эгчийн нөхөр 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан юм. Тэрний өмнөх хэд хоног гэртээ ирэхгүй байж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэртээ ирсэн. Манай нөхөр Содбаатарт I Phone 5 маркийн утас байхгүй. Нокио загварын утас ашигладаг”,

“... 2016 оны 1 дүгээр сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд манай нөхөр Содбаатар гэртээ ирээгүй нь үнэн. Тухайн үед 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр миний төрсөн эгч Бямбасүрэнгийн нөхөр Балжинням нас барсан. Тэр үед Содбаатар гэртээ ирээгүй байж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнөөр гэртээ ирсэн би сайн санаж байна. Содбаатар тэр үед бага зэрэг архи уучихсан, таксины мөнгөгүй байж такси бариад гэртээ ирсэн. Тэгээд таксиныхаа жолоочтой хамт гэрт орж ирээд жолооч нь танай нөхөр Төмөр замаас такси барьсан, үйлчилгээний хөлс 12.000 төгрөг болсон гэж надад хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир би өөрийн барьж байсан Нокиа маркийн гар утсыг барьцаанд нь өгөөд маргааш холбогдож байгаад мөнгийг чинь өгөөд утсаа авъя гэж хэлсэн чинь таксины жолооч дээрээс нь нэмж бичиг баримт өг гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өгөөд явуулсан. Маргааш өдөр нь 11 цаг өнгөрч байхад нөгөө таксины жолооч манай гадаа ирэхээр нь би 12.000 төгрөгийг нь өгөөд гар утас, хоёр хүүхдийнхээ бичиг баримтыг авч үлдсэн. Тухайн үед Содбаатар гэртээ байсан. Тэгээд тэр өдөр Содбаатар бид хоёр хүүхдүүдээ аваад айлын ажил явдалд явсан. Содбаатарыг 2016 оны 1 дүгээр сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд гэртээ ирээгүй надаас өөр хүн мэдэхгүй байх. Манай хоёр хүүхэд сайн санахгүй байх. Тухайн таксины жолоочийн утасны дугаарыг тэмдэглэж аваад үлдэж байсан ч одоо санахгүй байна. Унаж явсан машин нь Приус-10 маркийн машин байсан” /1-р хх-н 35-37/ гэсэн,

гэрч Түвшинжаргалын Саруулбаатарын “... дээрх бичлэгүүд дээр гарч байгаа хар бараан өнгийн үстэй куртик өмссөн залуу миний төрсөн дүү Содбаатар эргэлзэх зүйлгүй мөн байна. Зүс царай, явж байгааг нь харахад эргэлзэх зүйлгүй, андашгүй танигдаж байна. Бичлэгэнд гарч буй Содбаатартай юм яриад зогсож байгаа залууг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байна” /1-р хх-н 38/ гэсэн,

гэрч Дэнсмаагийн Баярсайханы “... 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед би өөрийн танил Нарангарав гэх эмэгтэйтэй хуучин тээврийн товчооны хажууд байдаг “Топ Ази” нэртэй зочид буудалд уулзаж хамт хоносон юм. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө Нарангарав бид хоёрыг тухайн зочид буудалдаа байж байхад Нарангаравын утас руу Баярмаа гэх найз нь залгасан, дараа нь бид хоёрын байсан буудалд Баярмаа нь Сүхээ гээд найз залуутайгаа хамт гаднаас орж ирсэн. Тэгээд бид дөрөв хэсэг юм ярьж буудалдаа байж байгаад 11 цагийн үед буудлаасаа гарсан. Дараа нь бид нар нэг шил архи уух гэсэн чинь бүгд мөнгөгүй байсан учир Нарангаравын гар утсыг Төмөрзамд байдаг нэг дэлгүүрт 20.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөрөө нэг шил архи аваад Төмөрзамын нэг байрны орцонд орж архиа уусан. Орцонд архи ууж байхад Нарангарав одоо хэд хоног утасгүй байна гэхээр нь би өөрийн барьж байсан Anycall маркын гар утсыг өгсөн чинь хажуунаас Баярмаа надад хандаж чи тэгээд утасгүй яах юм бэ энийг түр барь гээд надад жижигхэн Самсунг маркийн хар өнгөтэй гар утас өгсөн. Тэгээд би тэр утсыг аваад өөрийн 89896500 дугаарын сим картаа хийж ашиглаж байгаад хажуу айлын найз Баярбаатартай хамт гадуур явж байгаад нөгөө утсыг нь Баярбаатарт цэнэглэчихээрэй гээд өгсөн юм. Тэрнээс хойш 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр намайг Цагдаагийн байгууллагаас дуудсан. Би 2015 оны 8 дугаар сард гадуур явж байгаад л Нарангаравтай танилцаж байсан. Түүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын үед Нарангарав надад Баярмааг надтай хамт ажилладаг гэж танилцуулсан. Нарангарав, Баярмаа нар Төмөрзамд байдаг “Ангара” нэртэй зочид буудлын саунд ажилладаг юм байна лээ. Яг юу хийдгийг нь би сайн мэдэхгүй. Баярмаа надад дээрх утсыг өгөхдөө ямар нэгэн зүйл хэлээгүй, чи утасгүй болчихож байгаа юм чинь энийг түр барьж бай гээд л тухайн утсыг надад өгсөн. Харин би тэр утсыг аваад ашиглаж байхад Баярмаа над руу хэд хэдэн удаа залгаж нөгөө утсаа авмаар байна, манай ээжийн утас байгаа юм хэрэгтэй байна гээд залгаад байсан. Тэгэхээр нь би ажил ихтэй, завгүй байгаад байна, чи завтай бол ажил дээр ирээд авчих гэхэд ирээгүй. Баярмаа, Сүхээ нар Нарангарав бид хоёрыг буудлын өрөөнд байхад ирэхдээ тэд хэзээ хаана уулзсан, хаанаас ирж байгаа талаар огт хэлж яриагүй. Нарангарав, Баярмаа нартай тэр өдрөөс хойш огт уулзаагүй. Харин Нарангаравтай ганц нэг удаа мэнд мэдэж утсаар ярьсан. Баярмаа над руу утсаа нэхэж 2-3 удаа залгасан, өөрөөр огт холбоо бариагүй. Нарангаравын утасны дугаар 95918111, Баярмаагийн дугаарыг мэдэхгүй байна” /1-р хх-н 39-40/ гэсэн,

гэрч Ганбаатарын Баярбаатарын “... би дээрх 99684967 гэх мобикомын дугаарын 2008 оноос хойш барьж байгаа. Би 357794050017869 imei кодтой Самсунг маркийн хар өнгийн гар утсанд өөрийн 99684967 мобикомын сим картаа хийж тухайн утсыг хоёр хоног барьсан нь үнэн. Дээрх гар утсыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Баярсайхан миний барьж байгаа утасны цэнэг нь дуусчихаад байна. Чи надад утсаа түр өгч бай гээд миний утсыг аваад оронд нь цэнэггүй Самсунг маркийн хар өнгийн гар утсыг өгсөн. Тэгээд би тухайн утсыг цэнэглээд барьж байсан юм. Тухайн утсыг хэзээ, хэнээс авч байснаа надад яриагүй учир би мэдэхгүй байна” /1-р хх-н 41/ гэсэн,

гэрч Амармаагийн Баярмаагийн “... 2016 оны 1 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Яармагт найзындаа очиж хоноод архи, пиво уусан. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өглөө найзынхаа гэрээс нь 07 цагийн үед гараад ажил руугаа явж байгаад ажлын баруун талд байдаг Тэнгис нэртэй дэлгүүрийн урд нэг танихгүй залуутай таарсан. Тухайн үед дээрх залуу намайг танилцъя, завтай бол хоёулаа хэдэн үг солъё, би буудалдаа ганцаараа байгаа юмаа хоёулаа миний буудлын өрөөнд юм ярингаа нэг шил архи хуваагаад уучихъя гээд байсан. Тухайн үед миний урьд шөнө уусан архи гараагүй байсан учраас би тэр залуутай хамт буудлын өрөөнд орсон. Тэр залуу манай хажуу талын Тэнгис нэртэй буудлын гурван давхарт хамгийн захын өрөөнд орсон юм байна лээ. Тэгээд бид хоёр буудлын өрөөнд орж юм ярьж сууж байхдаа нөгөө залуу 0.33 граммтай Ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид хоёр тэр архийг хувааж уусан. Дээрх архийг хувааж уугаад сууж байхад тэр залуу би чамтай цаашид найзууд байж болох уу, чи надад холбоо барих утасны дугаараа өгөөч гэхээр нь би надад утас байхгүй, харин дугаар бол байгаа гэж хэлсэн чинь нөгөө залуу надад хар өнгийн жижигхэн Самсунг маркийн гар утсыг өгөөд чи энэ утсанд өөрийнхөө дугаарыг хийгээд барьчих гэхээр нь би тэр утсыг аваад өөрийнхөө утасны дугаарыг тэр залууд өгсөн. Тэгээд би нэг их удалгүй тэр буудлаас гарч явсан. Би тэр залуугийн өгсөн гар утсыг нь найз Нарангаравын найз залуу болох Баярсайханд түр өгчихсөн юм. Би тухайн залууг урьд нь таньдаггүй байсан харж ч байгаагүй. Одоо харвал танина. Тэр залуу надтай анх уулзахдаа нилээн халамцуу байсан. Тухайн зочид буудалд найзуудтайгаа орсон найзууд нь бүгд өглөө үүрээр гараад явсан гэж ярьж байсан. Тухайн үед надад нэрээ хэлж байсан ч мартчихсан байна. Надад өгсөн Самсунг маркийн гар утсанд сим байгаагүй. дээрх залуу 30 гаруй настай, 160-166 см өндөртэй, нүүрээрээ махлаг, биеэрхүү залуу байсан. Миний утасны дугаарыг авсан ч надтай ерөөсөө холбогдоогүй” /1-р хх-н 42/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Монгол зурхайн цаг тооны бичиг”-ийн ар талын хавтасны гадаргуугаас илэрсэн 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Бусад эд зүйлийн гадаргуугаас гарын мөр илэрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Цаг тооны бичигийн ар талын хавтасны гадаргуугаас ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Нарантунгалагийн илрүүлэн бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр санд байх Түвшинжаргал овогтой Содбаатарын баруун гарын эрхий хурууны дардастай тохироч байна” гэсэн 628 тоот дүгнэлт /1-р хх-н 180-181/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 30/ зэрэг нотлох баримтуудаар,

 

түүнчлэн шүүгдэгч Т.Содбаатар 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58-Ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж ялтай байдал дуусаагүй байхдаа 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, “Хангарьд” эмийн сангийн орчим хохирогч С.Дарьсүрэнгийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Сүхбатын Дарьсүрэнгийн “... би 2016 оны 2 дугаар сарын 5-ны орой 17 цаг өнгөрч байхад ээж Дэлгэрсүрэнтэйгээ хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 8 дугаар орцонд байх “Хангарьд” эмийн сан руу орох гэж байгаад хүрэмнийхээ баруун талын халаасанд хийсэн байсан гар утсаа хулгайд алдсан. Миний хулгайд алдсан гар утсыг олж өгсөн болохоор надад гомдол санал байхгүй. Миний алдсан гар Самсунг Галакси Эс 6 маркийн, шаргал өнгөтэй, гадуураа өнгөгүй резинэн гэртэй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй гар утас байсан. 2015 оны 9 дүгээр сард АНУ руу 1.500.000 төгрөг өгөөд захиж авчруулж байсан юм. Би гар утсаа одоо 1.200.000 төгрөгөөр үнэлэх хэдий ч гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /1-р хх-н 103/ гэсэн түүний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 100/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-н 101/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Боржигон овогт Түвшинжаргарлын Содбаатарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар,

бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар түүнд тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Т.Содбаатарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүдээс үзвэл тэрээр 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58-Ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлжээ.

Ялтны эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэнээс хойшхи хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн ялтай байдал тоологдох бөгөөд энэ хугацаа нь шүүгдэгч Т.Содбаатарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамаарах төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Содбаатарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзсан болно.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Т.Содбаатар урьд өмнө буюу 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 7 жилийн хорих ялаар,

2005 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүнд нийт 9 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор эдэлсэн 2 жил 5 сар 18 хоногийг хасч, нийт 6 жил 6 сар 12 хоног хорих ялаар,

2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,

2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Дээрх байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад хамаарах тул шүүгдэгч Т.Содбаатарыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцох хуулийн үндэслэлтэй.

Түүний хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч Т.Содбаатар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас бусдад нийт 4.555.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хохирогч болох иргэн С.Дарьсүрэн нь 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Харин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болох иргэн Б.Чулуунбаатарын 870.000 төгрөгийн хохирол, иргэн С.Бямбадоржийн 2.180.000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Дариймаагийн 905.000 төгрөгийн хохирол тус тус төлөөгүй байх тул тус бүрийн хохирлыг шүүгдэгч Т.Содбаатараас гаргуулах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Түвшинжаргарлын Содбаатарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Т.Содбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Т.Содбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 6 жил хорих ялын зарим болох 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 13 /арван гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Т.Содбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсугай.

 

5. Т.Содбаатарт оногдуулсан 13 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар онцгой дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Т.Содбаатарын цагдан хоригдсон 391 /гурван зуун ерэн нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Содбаатараас нийт 3.955.000 төгрөг гаргуулж,

хохирогч С.Бямбадоржид 2.180.000 төгрөг, хохирогч Ж.Дариймаад 905.000 төгрөг, хохирогч Б.Чулуунбаатарт 870.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Содбаатарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧ                                               Ц.ДАЙРИЙЖАВ

 

                        ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ