Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 374

 

Т.Содбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Соёмбо,

ялтан Т.Содбаатар /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Ж.Даариймаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Содбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Содбаатарт холбогдох 201626020252 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Түвшинжаргалын Содбаатар, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-299 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТЕ86111075/,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний хорих ял биечлэн эдлэх хугацааг 9 жилээр тогтоосон,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарыг хорих ялаар тус тус шийтгүүлж,

-2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 58-Ө дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.

 

Т.Содбаатар нь урьд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан суллагдсан байх боловч тэрээр ялтай байдал арилаагүй байх хугацаандаа:

-2016 оны 1 дүгээр сарын 9-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хороолол, Дархан төвийн орчим хохирогч Б.Чулуунбаатарын ар нуруу хэсэг рүү нь хүчтэй цохин газарт унагааж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, гар цүнхтэй эд зүйлсийг нь дээрэмдэж авсны улмаас 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед, давтан үйлдлээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 2 дугаар орцонд С.Бямбадоржийг гэр рүүгээ орж явахад нь араас нь боож унаган, гар цүнх, зүүн гарын дунд болон чигчий хуруунд байсан монетон бөгж, мөн баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж авсны улмаас 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр давтан үйлдлээр, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 304 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд Ж.Дариймааг гэр рүүгээ орох гээд явж байхад нь ар нуруу хэсэг рүү нь цохин, газар унагааж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, гар цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж авсны улмаас 905.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Урьд ялтай байх хугацаандаа, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” эмийн сангийн орчим С.Дарьсүрэнгийн “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Содбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Түвшинжаргалын Содбаатарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Т.Содбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Т.Содбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялын зарим болох 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 1 сар хорих ялаар тогтоож,

Т.Содбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцож,

Т.Содбаатарт оногдуулсан 13 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Т.Содбаатарын цагдан хоригдсон 391 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Содбаатараас нийт 3.955.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Бямбадоржид 2.180.000 төгрөг, хохирогч Ж.Даариймаад 905.000 төгрөг, хохирогч Б.Чулуунбаатарт 870.000 төгрөг тус тус олгож,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Содбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн хяналтын прокурор Л.Соёмбо болон тус дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч М.Цогзолбоо нар нь хэт нэг талыг барьж, хийгээгүй хэргийн нотлох баримт хүчээр цуглуулж, булаалтын хэргийг дээрмийн хэрэг болгож, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлсөн. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг 2 удаа биелүүлээгүй, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн нь тодорхой байна.

Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэс дээр хохирогч Б.Чулуунбаатар, Ж.Даариймаагийн хэрэгт миний бие холбогдож, батлан даалтанд байх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үүсгэгдэж шалгагдсан. Мөрдөн байцаагч Цогзолбоо нь хавтаст хэргийг Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү татаж авсан. Хохирогч гэх Бямбадоржийн хэргийг надад хүчээр тулгаж хүлээлгэх гэж цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан хорьж мөрдөх хугацаа дуусахад мөрдөн байцаагч Цогзолбоо нь Б.Чулуунбаатар, С.Бямбадорж, Ж.Даариймаа нар хохирогчоор тогтоогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болгож, хугацааг сунгасан.

С.Бямбадоржийн дээрэмдүүлсэн гэх хэргийг хүчээр тулгаж шийдсэн байдаг. С.Бямбадорж нь эхний мэдүүлэгтээ “2 хүн намайг дээрэмдсэн, нэг нь араас боогоод, нөгөө нь миний эд зүйлийг тайлж авсан” гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгтээ “одоо бодоод байхад ганцаараа намайг дээрэмдсэн байх” гэж мэдүүлсэн. Мөн хохирогч С.Бямбадорж нь эхний мэдүүлэгтээ өөрийн дээрэмдүүлсэн гэх эд зүйлсээ нэхэмжилж мэдүүлэхдээ өөрийн барьж байсан гар утас болох “ай фон-5” загварын гар утас байсан гэдэг. Дараагийн мэдүүлэгтээ “...хоёр гар утастай байсан, нэг нь “Самсунг” загварын хар өнгийн гар утас, нөгөө нь “ай фон-5” загварын гар утас байсан гэж илт худал мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргээс харагддаг. Мөн миний бие хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хорооллын “турбо” гэдэг бааранд 20 цагийн үед ороод 23 цагийн үед гарсан байдаг. Миний бие уг хэрэгт ямар ч холбогдолгүй ба баарны камерын бичлэг, тэр өдөр үйлчилж байсан зөөгч, бармен нарыг шалгуулах хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа гаргаж байсан. Гэтэл миний гаргасан хүсэлтийг авч үзээгүй. Гэрч эхнэр Г.Адъяасүрэн, төрсөн ах Т.Саруулбаатар нарын “...Т.Содбаатар мөн байна, шууд таньж байна, эргэлзэх зүйлгүй, андашгүй танигдаж байна” гэсэн мэдүүлгээс үзэхэд мөрдөн байцаагч нь хөтөлж, тулгаж байцаалт авсан нь мэдэгддэг. Би эхнэр Г.Адъяасүрэнгээс “яагаад намайг худлаа гэрчилсэн юм бэ” гэж асуухад “би тэгж хэлээгүй” гэсэн. 2016 оны 1 дүгээр сарын 9-ний орой нь 18 цагийн үед хохирогч Б.Чулуунбаатар нь дээрэмдүүлсэн гэж анхны мэдүүлэг өгөхдөө “...Миний бие гэр рүүгээ орох гээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Дархан төвийн орчимд явж байхад үл таних нэг залуу миний араас цүнхийг маань шүүрээд далан дундуур ороод зугтаагаад явсан. Одоо бодоод байхад 2-3 лаа явж байсан байна. Тэр залуучуудын нэг нь худлаа хашгираад араас нь гүйж байсан. Дараа нь хурдан алга болсон байсан.” гэж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны шүүх хурал дээр хэлж байсан. Тэр өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр миний бие найз Өлзий, Баярсайхан нартай цуг хамт явж байсан. Тэр өдөр хохирогч Б.Чулуунбаатарын араас бид гурав дагаж байгаад Москва хороолол, Дархан төвийн хажууд явж байхад нь Баярсайхан гэх манай найз Б.Чулуунбаатарын араас гүйж очоод цүнхийг нь шүүрээд далан дундуур гүйгээд явахад нь Өлзий бид хоёр араас нь худлаа хашгираад хөөгөөд зугтаасан. Тэгээд Баярсайхан дээр очоод цүнхэн дотор байсан юмыг нь ухаж үзээд түрийвч, гар утас байсныг нь авч гурвуулаа хувааж аваад салсан. Тухайн үед хурууны хээ таарч байсан учир “ганцаараа үйлдсэн” гэж мэдүүлсэн. Одоо үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө барагдуулахын тулд хамсаатан болох Өлзий, Баярсайхан нарыг хэрэгт татах талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн.

Хохирогч С.Дарьсүрэнгийн “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг хулгайлсан үйлдлийг эвлэрүүлж хэрэгсэхгүй болгосон байхад мөрдөн байцаагч Цогзолбоо нь хэргийг дахин сэргээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хохирогч С.Дарьсүрэнгийн “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг хулгайлсан нь үнэн гэж мэдүүлэг өгсөн боловч уг гар утсыг Б.Сэргэлэнбат гэдэг найз хулгайлсан. Дараа нь надтай 3, 4 дүгээр хороололд тааралдаж архи хувааж уухдаа “найзыг нь дүүрэг болгоноос хайгаад байгаа, асуудалд орчихсон” гэж хэлж байсан. Тэгээд нэг утас гаргаж ирээд “миний гар утас юм аа, миний найз зараад өгөөч” гэхээр нь би нэг таньдаг ченж залууд 360.000 төгрөгөөр зарсан. Гэтэл эрүүгийн төлөөлөгч Доржбат гэдэг хүн намайг барьж аваад “Чи энэ Тулгаа гэх ченжид “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг зарсан байна. Чи хулгайлсан уу” гэхээр нь “тийм” гэж хэлсэн. Тэгээд би ченж хийдэг Тулгаа гэх залуугаас өгсөн утсаа авах гэтэл өгөөгүй. Дараа нь эрүүгийн төлөөлөгч Доржбаттай цуг очоод үнэн учраа хэлж зарсан гар утсаа эргүүлж авсан. Тухайн үед Б.Сэргэлэнбат нь хэрэг гардаг өдөр надтай таарахдаа “дүүрэг болгоноос хайгаад байгаа” гэж ярьж байсан болохоор миний бие энэ хэргийг хийсэн болсон. Хохирол төлбөрийг барагдуулж, эзэнд нь буцааж өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоор Б.Сэргэлэнбатыг хэлээгүй юм. Энэ талаар мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид хэлж шалгуулах талаар хүсэлт гаргасан боловч миний эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг барьж, дарамталж, хэргийн үнэн зөвийг ялгаж салгах ямар ч сонирхолгүй, зөвхөн хэргийг хурдан шийдэж дуусгах зорилготой байсан. Миний талд ашигтай нотлох баримт олдох боломжтой байсан ч тодорхой шалтгаанаар зарим гэрч, хохирогч нараас байцаалт аваагүйд гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Т.Содбаатарын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Содбаатар давж заалдах гомдолдоо өөрийн хүсэлтийг тодорхой бичсэн учир нэмж хэлэх зүйлгүй. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Ж.Даариймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Содбаатарын үйлдсэн хэрэг нотлогдсон. 2016 оны 1 дүгээр сарын 17-ны оройн 18 цаг 40 минутын үед намайг дээрэмдсэн. Намайг хөгшин настай, биеэ авч явж чадахгүй хүн гэдгийг далимдуулж, цохиж унагаад дээрэмдсэн. Би араас нь орилж гүйгээд нэмэр болоогүй.” гэв.

 

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Содбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Т.Содбаатар 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байх хугацаандаа иргэн Дарьсүрэнгийн гар утсыг булаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байгаа асуудалд, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж суллагдсан боловч түүний ялтай байдал арилаагүй байх хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хангарьд” эмийн сангийн орчим иргэн С.Дарьсүрэнгийн “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Т.Содбаатарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Т.Содбаатар гаргасан давж заалдах гомдолдоо “мөрдөн байцаагч, прокурор хэт яллах талыг барьж хэргийг шалгасан. Хэргийн оролцогч нарыг хүчлэх, тулгах, хөтөлж асуусан. Тэднийг хөлсөлж авсан” гэж байгаа ч ийм зүйл огт байхгүй. Хэргийн оролцогч, гэрчүүдэд хууль сануулан мэдүүлэг авч байсан бөгөөд өөрсдөд нь уншиж танилцуулан гарын үсгийг нь авч, баталгаажуулж байсан. Эрүүгийн 201626020252 дугаартай хэргийн холбогдогч Т.Содбаатар нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа одоо яригдаж байгаа асуудлуудыг ярьж байгаагүй. Хэрэг шүүхэд очсоны дараа “би хэргээ задалмаар байна. Энэ хэргийг би бусадтай бүлэглэн үйлдсэн” гэх зэргээр ярьж эхэлсэн. Түүний мэдүүлгийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, холбогдох ажиллагааг хийхэд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтуудаар Т.Содбаатар уг хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Т.Содбаатар давж заалдах гомдолдоо “миний гаргасан хүсэлт, гомдлыг удаа дараа шийдвэрлэхгүй орхиж байсан” гэж байна. Мөрдөн байцаагч, прокурорын зүгээс Т.Содбаатарын гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн авч, тухай бүрт нь хариу өгч байсан. Т.Содбаатараас хулгайлсан утасны талаар эрүүгийн төлөөлөгч “чи хулгайлсан уу” гэж асуухад “тийм би хулгайлсан” гэж хэлснээс харахад түүний мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хэргээ хүлээж байсан нь харагдаж байна. Т.Содбаатарт холбогдох 201626020252 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэг зэргээр Т.Содбаатарын үйлдсэн хэрэг нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Т.Содбаатар нь урьд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан суллагдсан байх боловч тэрээр ялтайд тооцогдох хугацаандаа:

-2016 оны 1 дүгээр сарын 9-ний оройн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хороолол, Дархан төвийн орчим хохирогч Б.Чулуунбаатарын ар нуруу хэсэг рүү нь хүчтэй цохин газарт унагааж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, гар цүнхтэй эд зүйлсийг нь дээрэмдэж авсны улмаас 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 1 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед давтан үйлдлээр, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 2 дугаар орцонд С.Бямбадоржийг гэр рүүгээ орж явахад нь араас нь боож унаган, гар цүнх, зүүн гарын дунд болон чигчий хуруунд байсан монетон бөгж, мөн баруун гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж авсны улмаас 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр давтан үйлдлээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 304 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд Ж.Даариймааг гэр рүүгээ орох гээд явж байхад нь ар нуруу хэсэг рүү нь цохин, газар унагааж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, гар цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж авсны улмаас 905.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн урьд булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялтайд тооцогдох хугацаандаа, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хангарьд” эмийн сангийн орчим иргэн С.Дарьсүрэнгийн халааснаас “Самсунг Галакси Эс-6” загварын гар утас хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

ялтан Т.Содбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 5-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарьд эмийн сангийн тэр хавьцаа явж байтал миний урд талд 2 эмэгтэй нэг автомашинаас буугаад миний урдхан талд алхаж явж байгаад Хангарьд эмийн сан руу орох гээд алхаж байхаар нь шатан дээр дөнгөж гарч байхад нь би нэг эмэгтэйгийнх нь халааснаас гар утсыг нь авахад мэдчих шиг болсон. Тэгээд тэр эмэгтэй буцаж харахаар нь “эгчээ таны гар утасыг нэг эрэгтэй хүн аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй надад “заагаад өгөөч” гэх хэлсэн, тэгэхээр нь би байрны булан руу заагаад л өгсөн. Тэгээд би тэр эмэгтэйтэй хамт гүйж байгаад та нөгөө талын замаар нь яв гэж хэлээд би өөрөө автобусанд суугаад яваад өгсөн. Тэгээд би хулгайлсан гар утасаа гаргаж ирээд харахад саарал өнгөтэй “Самсунг Галакси Эс 6” загварын гар утас байсан. Тэр гар утсыг Цамбагаравын тэнд нэг утасны ченжид 360.000 төгрөөр өгсөн. Би тэр мөнгөөрөө архи авч уусан, идэх юм авсан. Тэгээд л дууссан.” /хх1, х106/,

“...хажууд нэг настай гэмээр эгч баруун гар талдаа хар өнгийн цүнх барьчихсан явж байхаар нь зүүн гараараа араас нь түлхээд баруун гараараа цүнхийг нь булааж аваад зугтаасан юм. Би тэр эгчийн цүнхийг булаагаад төв зам гарч гүйгээд 10 дугаар хорооллын цэнхэр байрнуудын голоор гүйгээд 10 дугаар хорооллын арын далангийн урд 5 давхар цагаан байрны хамгийн эхний орц руу гүйж ороод 2 билүү 3 давхарт нь гараад цүнхийг нь онгойлгож үзэхэд цүнхэн дотор нь 2 ширхэг утас, түрийвч зэрэг зүйл байхаар нь цүнхийг түрийвчтэй нь тэр орцонд хаяаад түрийвчинд нь задгай 20.000 орчим төгрөг, банкны виза карт 2 ширхэг байхаар нь 2 картыг нь өөрийнхөө түрийвчинд хийгээд, 2 утасыг нь аваад тэр хавийн нэг дэлгүүр орж 500 граммын “Хараа” архи аваад  нэг байрны орцны үүдэнд сууж байгаад ганцаараа уучихаад вокзал руу явган явсан юм. Тэгээд вокзалын арын саарал байрны гадна очиход миний таньдаг Хүслэн гэдэг залуу, танихгүй 2 эмэгтэй, 1 эрэгтэйн хамт байрны гадаа архи ууж байхаар нь хамт нийлж суугаад ууж байтал Хүслэн миний халааснаас миний түрийвчийг ухаж гаргаж ирээд нөгөө 2 картыг үзээд “энэ хэнийх юм бэ, дотор нь мөнгө байгаа юм уу” гэхээр нь “манай эгчийн карт байгаа юм, мөнгөтэй эсэхийг нь мэдэхгүй” гэсэн чинь хамт сууж байсан хүүхнүүдээрээ “дэлгүүрт уншуулж үзье” гэхээр нь бид нар төмөр замын нэг супер маркет руу 2 эмэгтэйг оруулаад гадаа нь хүлээгээд зогсож байхад боодолтой хүүхдийн памперс, мерси гэдэг шоколад зэрэг зүйл авч гарч ирээд төмөр замын ойролцоо “Оюут” гэдэг буудал руу тавуулаа хамт орж байрлаад би гарч тэр дэлгүүрээс 1 шил 750 граммын хэмжээтэй хараа архи, шампунь зэрэг зүйлийг авваад буудалдаа орж, тэр хэдтэй хамт ууж идэж хоносон. Бид нартай хамт хоносон тэр карт уншуулсан 2 эмэгтэйг Туяа, Баярмаа гэдэг ба маргааш нь өглөө нөгөө дэлгүүрээс авсан пампарсыг аваад гарч явсан ба буцаж орж ирэхдээ 2 шил архи барьчихсан хагас пампарсаа зарчихлаа гээд орж ирж байсан. Тэгээд бид нар хамт тэр буудалд ууцгааж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед буудлаас хамт бөөнөөрөө гараад би харихаар тэд нараас салаад “Оюут” буудлын хажууханд байдаг жижигхэн мини маркетад нөгөө эгчээс булаасан хоёр утасны нэгийг нь өөрийнхөө утас болон эхнэрийн утасны хамт 12.000 төгрөгийн архинд тавиад ганцаараа архи уусан юм. Харин хоёр симтэй гар утсыг нь “Оюут” буудалд тооцоонд өрөөний үнэнд тавьсан.” /хх1, х155-156/,

“...Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Яг байрлалыг нь ч сайн мэдэхгүй байна. Би ер нь хотын байршлыг сайн мэдэхгүй. Бүрэнхий болсон хойно ганцаараа явж байгаад нэг эмэгтэй явж байхаар нь гартаа барьж явсан цүнхийг нь булаагаад зугтсан. Тэгэхэд тэр эмэгтэй цүнхнийхээ оосорноос зууралдаж намайг зугтах үед газарт унасан, тэгээд би зугтаасан. Тэр эмэгтэйн цүнхэнд хүн авчихмаар зүйл байгаагүй. Би тэр хүнийг түлхэж унагаагүй. Өөрөө цүнхээ тавихгүй гэж зууралдаж байгаад л унасан.” /хх1, х196/,

хохирогч С.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед манай дэлгүүр хаагаад, би дэлгүүрээсээ 19 цаг 10 минутын үед гараад гэр ойрхон болохоор хойшоо гэр рүүгээ алхсан. Тэгээд би орцондоо ороод 2 давхарт алхаад явж байхад араас нэг хүн боосон. Тэгээд би их айсандаа дугарч чадахгүй ухаан санаа балартаад тэр дороо шоконд орсон. Тэр үед би шатан дээр суучихсан нэг залуу миний зүүж явсан ээмэг, бөгж, хүзүүнд байсан монетан гинжийг тайлаад авч байсан. Мөн миний барьж явсан бор цоохор өнгийн цүнхийг булааж аваад зугтаагаад явсан. Үүнээс хойш би гэртээ яаж орсон талаар мэдэхгүй, санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэртээ ороод ирчихсэн гэрийнхээ утсаар өөрийн охин Уянга руу утсаар ярьж, бусдад дээрэмдүүлсэн талаараа хэлсэн. Тэгэхэд миний охин Уянгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн. ...Тухайн залуу миний зүүж явсан ногоон өнгийн шигтгээтэй монетан хос ээмэг, зүүн гарын дунд хуруунд байсан ногоон шигтгээтэй монетан бөгж, баруун гарын ядам хуруунд байсан монетан бөгж, хүзүүнд байсан монетан гинж, миний барьж явсан бор цоохор өнгийн зөөлөн материалтай арьсан цүнхийг дээрэмдсэн. Миний цүнхэнд хар өнгийн арьсан түрийвч, орифлэймийн улаан цахилгаантай жижигхэн цүнх, “Ай Фон 5 Эс” загварын гар утас, мөн “Самсунг” загварын хар өнгийн гар утас, энергийн саваа, энергийн гинжтэй зүүлт, тэгээд миний өөрийн хэрэглээний гоо сайханы эд зүйлс байсан. Түрийвчинд бэлнээр 2 өдрийн орлого болох 800.000 гаруй төгрөг байсан. Ногоон өнгийн шигтгээтэй монетан хос ээмэг, мөн ногоон өнгийн шигтгээтэй бөгжийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Зүүн гарын чигчий хуруунд байсан монетан бөгж гольцоо 40.000 төгрөг, баруун гарын ядам хуруунд байсан монетан бөгж, гольцоо 40.000 төгрөг, хүзүүндээ зүүж явсан монетан гинжээ 120.000 төгрөг, би өөрийн барьж явсан бор цоохор өнгийн зөөлөн материалтай арьсан цүнхээ 420.000 төгрөгөөр авч байсан ба тухайн үнээр үнэлнэ. Хар өнгийн арьсан түрийвч 100.000 төгрөг, “Ай Фон 5 Эс” загварын гар утсаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн “Самсунг” загварын гар утсаа 70.000 төгрөгөөр үнэлнэ, энергийн саваа 100.000 төгрөг, энергийн гинжтэй зүүлт 60.000 төгрөгөөр тус тус үнэлнэ.” /хх1, х33/,

хохирогч С.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 5-ны орой 17 цаг өнгөрч байхад ээж Дэлгэрсүрэнтэй хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 6 дугаар орцонд байх Хангарьд эмийн сан руу орох гэж байгаад куртикны баруун талын халаасанд хийсэн гар утсаа хулгайд алдсан. Тэгээд л өргөдөл гаргасан юм. ...Алдсан гар утас “Самсунг Галакси Эс 6” загварын гар утас байсан. 2015 оны 9 дүгээр сард Америк улс руу 1.500.000 төгрөг өгч захиж ирүүлсэн: Би гар утсаа 1.200.000 төгрөөр үнэлж байна.” /хх1, х103/,

хохирогч Ж.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 1 дүгээр сарын 17-ны орой 18 цаг 40 минутын үед ажлаасаа гараад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түвшин өргөө хотхоны 304 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд буюу гэрийнхээ гадаа явж байтал миний араас нэг хүн ар нуруу руу цохиход нь би автомашин мөргөж газар унасан. Тэр үед миний барьж явсан гар цүнхийг тэр залуу гарнаас минь булаагаад зугтаасан юм. Миний цүнхэн дотор бор хүрэн түрийвч, 1 грамм орчим цагаан циркон шигтгээтэй өрөөсөн монетан ээмэг, хар өнгийн “Нокиа Си-2” загварын гар утас, саарал өнгийн 2 сим ордог “Самсунг Галакси Вин” загварын гар утас, бэлнээр 130.000 төгрөг, ууж байсан эм, тангууд зэрэг эд зүйлс байсан. Тэгээд маргааш нь банкин дээр очоод дансаа шалгуулахад “өчигдөр орой таны данснаас 375.000 төгрөгийг дэлгүүрээр уншуулж авсан байна” гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа цүнхийг маань хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн миний ажлын хаягаар авчирч өгсөн. Цүнхэнд байсан зүйлсээс минь 2 гар утас, “Хас” банкны виза карт, автобусны карт, цалингийн карт, гоо сайханы хэрэглэл, 130.000 төгрөг, өрөөсөн монетан ээмэг зэрэг маань байхгүй, бусад зүйл нь байсан юм. Хаанаас олсон талаар асуухад 10 дугаар хорооллын байрныхаа орцноос олоод түрийвчинд байсан нэрийн хуудаснаас миний утсыг олж над руу яриад ажил дээр авчирч өгсөн. ...Би гар цүнхээ 120.000 төгрөгөөр, өрөөсөн монетан ээмэг 100.000 төгрөгөөр, “Самсунг Галакси Вин” загварын гар утас 2015 оны 11 дүгээр сард 350.000 төгрөөр авч байсан болохоор тэр үнээр нь, “Нокиа Си-2” загварын гар утсыг  бэлгэнд 3 жилийн өмнө ирж байсан, 80.000 төгрөгөөр, түрийвчийг 75.000 төгрөгөөр, гоо сайханы хэрэглэлийг 30.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 168-170 см орчим өндөр нуруутай, туранхайдуу, 25-28 орчим настай, хар өнгийн үстэй захтай юүдэнтэй, хар бараан өнгийн куртиктэй залуу байсан.” /хх1, х148-149/,

хохирогч Б.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн хүмүүсийг танихгүй. Тэр үед миний араас түлхэж газар унагаасан. Тухайн хүнийг хараад танихгүй, миний араас түлхэж унагаагаад миний гараас бариад явж байсан миний гар цүнхийг аваад далан дундуур ороод зугтсан. Тэр залууг би хараад танихгүй. Биеийн өндөр нь 170 см орчим, туранхайвтар залуу байх шиг байсан. ...Бичиг баримт болон ээмэг, шармал бөгж, бугуйвч, бэлэн мөнгө 150.000-160.000 төгрөг, бусад эд зүйл алдсан.” /хх1, х177-178/,

гэрч Д.Буянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг ажлын байран дээрээ байхад шөнө 04 цаг өнгөрөөгөөд нэг туранхай шөвгөр бор царайтай, 165 см орчим өндөртэй, хар өнгийн үстэй куртик өмссөн, 25-30 орчим настай залуу орж ирсэн. Тэгээд 2 ортой өрөө асуухаар нь би байгаа гэж хэлээд бичиг баримтыг нь асуухад надад Түвшинжаргал овогтой Содбаатар гэх иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Тэгээд би зургийг тулгаж үзэхэд дээрх хүний өөрийнх нь иргэний үнэмлэх мөн байсан. Тэгээд дээрх залуу халааснаасаа их хэмжээний 20.000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд надад буудлын 40.000 төгрөг төлөөд 1 номерын өрөөнд орсон. Тэд олуулаа явж байсан байна лээ, араас нь 2 эмэгтэй, 3 эрэгтэй ямар ч байсан орж байсан. Тэгээд тэд нар дээрх өрөөндөө орсноос хойш 20-30 минутын дараа нөгөө буудлын мөнгө төлдөг Т.Содбаатар гэх залуу ганцаараа гарч ирээд надад цагаан өнгийн “Ай Фон 5 Эс” загварын гар утас өгөөд “та миний утсыг түр хадгалж байгаач, алга болчихож магадгүй. Олуулаа байгаа юм чинь” гээд надад өгсөн. Тэгээд тэд нар өрөөндөө байцгааж байгаад өглөө 7-8 цагийн үед 2 залуу, 2 эмэгтэй, мөн нөгөө Т.Содбаатар гэх залуу гар утсаа аваад түрүүлээд гараад явсан.” /хх1, х34/,

гэрч Г.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би дээрх 2 бичлэгийг үзлээ, эхний бичлэгэн дээрх эмэгтэйн ард нь дагаад явж байгаа үстэй хар өнгийн куртик өмссөн залуу манай нөхөр Т.Содбаатар мөн байна. Би өмсөж яваа хувцас, мөн араас нь хараад явж байгаа байдлыг нь хараад шууд эргэлзэх зүйлгүй таньж байна. Миний нөхөр Т.Содбаатар 2016 оны 1 дүгээр сарын эхээр ботинк өмсөөд хөл нь бага зэрэг цэврүү үсрээд холгосон байсан. Тэгээд бага зэрэг хазганаж яваад байсан, дээрх бичлэгийг үзэхэд яг мөн байна. Мөн 19 цаг 24 минут 30-38 секундын бичлэгэн дээрх эмэгтэйг дагаад явж байгаа үстэй, хар өнгийн куртик өмссөн залуу манай нөхөр Т.Содбаатар мөн байна. 35-37 секундэд “Ариун” гэх хүнсний дэлгүүрийн урд талаар явж байгаа бичлэгийг үзэхэд хаалганы тод гэрлэнд зүс царай нь бараг танигдаж байна.” /хх1, х35-36/,

гэрч Т.Саруулбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би дээрх бичлэгийг үзлээ, тухайн бичлэгт туссан хар өнгийн үстэй куртик өмссөн залуу миний төрсөн дүү Т.Содбаатар мөн байна. Зүс царай нь андашгүй танигдаж байна. Дээрх хар бараан өнгөтэй урт куртик, цагаан өнгийн гутал өмссөн, дээгүүрээ хар саарал өнгийн үстэй малгайтай хар саарал өнгийн үүргэвч үүрсэн эмэгтэйн араас дагаад явж байгаа хар өнгийн үстэй куртик өмссөн залуу миний дүү Т.Содбаатар мөн байна. Би явж байгааг нь харахад явдал нь эргэлзэх зүйлгүй яг мөн байна.” /хх1, х38/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Монгол зурхайн цаг тооны бичгийн ар талын хавтасны гадаргуугаас илэрсэн 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Бусад эд зүйлийн гадаргуугаас гарын мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Монгол зурхайн цаг тооны бичгийн ар талын хавтасны гадаргуугаас Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Нарантунгалагийн илрүүлэн бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр санд байх Түвшинжаргал овогтой Содбаатарын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэх 628 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х180-181/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х163/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х164/,

Эд зүйлийн үнэлгээ /хх1, х16, х99, х133, х174/, /хх2, х62-65/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Ялтан Т.Содбаатарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Т.Содбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

 

Харин анхан шатны шүүхээс Т.Содбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн” үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар Т.Содбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох болсон үндэслэлийг тодорхой заагаагүй, зөвхөн урьд ял шийтгүүлсэн байдлыг дурьдах төдийгөөр “Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад хамаарна” гэж дүгнэсэн нь хангалтгүй байна.

 

Ялтан Т.Содбаатар нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүнд нийт 9 жилийн хорих ял оногдуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарыг хорих ялаар тус тус шийтгүүлж, нийт дөрвөн удаа ял шийтгүүлснээс Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр хэрэгт хоёр удаа, хүнд хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байжээ.

 

Түүний хувьд, 2003 онд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлэхдээ насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасанчлан онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход хамаарахгүй байна.

 

Харин 2007 онд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа ялтайд тооцогдох хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь 2014 онд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв хэдий ч:

1-т урьд үйлдсэн гэмт хэргийн хууль зүйн үр дагавар арилаагүйн улмаас сүүлийн гэмт хэргийн зүйлчлэл онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах болсон,

2-т нэгэнт ялтайд тооцогдох байдлаас хамаарч онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн байхад дахин хүндрүүлж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, улмаар ял эдлүүлэх дэглэмийг онцгой дэглэмд эдлүүлж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг улам дордуулсан төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

    

Иймд ялтан Т.Содбаатарын гаргасан “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтаар дахин шалгуулахыг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т.Содбаатарыг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцсон 4 дэх заалтыг хүчингүй болгож,

- тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Т.Содбаатарт оногдуулсан 13 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар онцгой дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Содбаатарт оногдуулсан 13 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан Т.Содбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ