Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2023/00706

 

 

 

 

 

    

 

                           2023      02        09

              182/ШШ2023/00706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүргийн 0 дугаар хороо, Х гудамж, 0 тоот хаягт оршин суух, П овогт Д-гийн Ө /000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, З овогт Ч-ын М /РД:00000000/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Z.W /гадаад паспортын дугаар 0000000/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 гудамж, А төв, 0 давхарт байрлах, “М” ХХК /РД:0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Z.W-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.Ө нь нөхөр БНХАУ-ын иргэн Z.W-тай 2012 онд гэр бүл болсон бөгөөд 2017 онд бизнес эрхлэх зорилгоор нөхөртэйгөө хамт “Ч” ХХК-ийг байгуулж, хувьцааны 24 хувийг нөхөр болох  Z.W, 76 хувийг Ө эзэмшиж, гүйцэтгэх захирлаар  Z.W томилогдсон.

Улмаар “Ч” ХХК нь “М” ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Сэрвэн гэдэг газарт эзэмшдэг 0 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг 115,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд энэхүү ажилд зуучилж тусалсан Ч.Мд баярлаж, талархсаны илэрхийлэл болгон нөхөр Z.W-тай ярилцаад өөрийн эзэмшиж буй хувьцааны 50 хувийг үнэ төлбөргүй шилжүүлж, тэрээр уурхай үйл ажиллагаа явуулахад Монгол талыг төлөөлөн төрийн байгууллагуудтай харилцах, жонш олборлоод Хятад улсын хилээр гаргах хүртэлх асуудлыг хариуцаж ажиллах талаар тохиролцсон...

Тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсны дараа Өын нөхөр Z.W нь Хятад улсын иргэн С гэх хүнээс 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч нийт 777,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид оруулж, нийт 977,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг уурхайд хийсэн байдаг.

Ч.Мд тусгай зөвшөөрлийг шилжүүлснээс хойш тэрээр өөрийн хариуцсан ажлуудаа хийгээгүй, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт хийгээд үүнийгээ борлуулж, уурхайн 1-2 тоног төхөөрөмжүүдийг худалдаж борлуулсан асуудлууд үүссэн. Тухай үед үүнээс болоод үл ойлголцлууд үүссэн.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас болж уурхай тэр чигээрээ үйл ажиллагаа нь зогсож ямар ч олборлолт явуулах боломжгүй болж орлого олоогүй. Гэтэл Мгийн зүгээс Ө болон Z.W нарт яаралтай мөнгө өг гээд амандаа хэлсэн мөнгөнүүдийг нэхэмжилж эхэлсэн. Уурхай үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас хариуцагчид мөнгө өгч чадахгүй гэж хэлэнгүүт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Энэ шалгуулсан асуудал нь нэхэмжлэгчийн нөхөр Z.W-г 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувьдаа авсан. Мөн 60 орчим тонн жонш олборлоод мөнгийг огт хуваагаагүй гэдэг гомдлыг гаргасан байдаг.

Үүнийг Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаад Хан-Уулын дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1009 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

Үүний дараа М нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Z.W болон Ө нар нь орон нутгийн захиргаанд мэдэгдэлгүйгээр зөвшөөрөлгүйгээр жонш олборлож, жоншны уурхайд хууль бусаар олборлолт явуулж байна гэх өргөдлийг гаргасан.

Үүнийг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 427 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Үүнд нь М гомдол гаргаж Хэнтий аймгийн ерөнхий прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 41 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ асуудлуудыг яагаад хэлж байгаа бэ гэхээр М нь цар тахлын нөхцөл байдалд компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж цагдаагийн газар гомдол гаргачихдаг. Үүнээс улбаалаад “Ч” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг ашиглах талаар Ашигт малтмалын газарт үйл ажиллагааны төлөвлөгөө өгч чадаагүй. Мөн уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй нөхцөл байдлуудаас болоод компанийн үйл ажиллагаа доголдож ямар ч ашиг, орлого олох боломжгүй нөхцөл байдлууд үүссэн.

Иймээс дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 280.1.1-т заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон зөрчилд орж байна. М биднийг цагдаагийн байгууллагад удаа дараа шалгуулснаас болоод компанийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна.

Тийм учраас яаралтай бэлэг хүлээн авагчийн үйлдлийг таслан зогсоож, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн “Ч” ХХК-ийн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шаардлага гаргаж байна” гэв.

 

            2. Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч нь Хэнтий аймагт хувиараа жонш олборлож “М” ХХК-д худалддаг байсан. “М” ХХК нь орос эзэнтэй тусгай зөвшөөрөлтэйгөөр жонш олборлодог байсан бөгөөд үйл ажиллагаа явуулж байх үедээ Ч.Мгаас жонш худалдаж аваад 250,000,000 төгрөгийн өглөгтэй болсон.

“М” ХХК нь 250,000,000 төгрөгийнхөө өрөнд Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах 0 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэхээр санал болгосон байдаг. Энэхүү тусгай зөвшөөрлийг иргэний нэр дээр шилжүүлэхгүй, харин компанийн нэр дээр шилжүүлдэг болохоор тухайн үедээ зөвшөөрөөгүй.

Харин энэ үеэр “Ч” ХХК-ийн захирал Z.W буюу Т /Монгол нэр нь/ надтай уулзаад хамтран ажиллахаар болж, “М” ХХК-иас авах 250,000,000 төгрөгийнхөө авлагад 0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Ч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой зардлыг “Ч” ХХК төлөх, М нь тус компанийн хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон...

Хэлцлийн нэг хэсэг болох бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид компанийн 50 хувийг шилжүүлэх үүргээ биелүүлж байгаа зүйл...

Нөгөө талдаа бол хамтран ажиллах хэлцлээр байгуулагдсан байна гэж дүгнэж болж байгаа. Өнөөдрийн хэрэгт цугларсан баримтуудаар “М” ХХК нь Мд өгөх ёстой байсан 250,000,000 төгрөгийнхөө өрөнд тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн гэдгээ хэлсэн.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг цагдаад өгснөөрөө ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй, харин ч 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 2 дах заалтаар бэлэглэгч компанийн хувьцаа эзэмшигч Ө нь бэлэг хүлээн авагч Мд хувь нийлүүлсэн хөрөнгийн эрхээс 50 хувь буюу 10,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн байдаг.

Хариу төлбөргүй байж юу шаардаад байгаа юм бэ, М Монгол талыг хариуцах ёстой гэсэн үг энэ гэрээнд чинь байх ёстой биздээ. Тэгэхээр энэ хувьцаа, бэлэглэлийн гэрээ хариу төлбөр байгаагүй.

 Бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэгчийн бэлэглэлийг хүчингүй болгох эрхтэй. Ямар тохиолдол ноцтой гэж үзэх нь тухайн тохиолдлоос хамаарна. Бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр, суурь нэр хүнд эсвэл бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал мөн цаашлаад гомдоосон үйлдлийг нийтэд ил эсвэл харилцан муудалдсан эсэх, эсвэл бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийг өөрөө өдөөн хатгасан эсэх, бэлэг хүлээн авагчийн үйлдлийг хувь хүний үүднээс ойлгох боломжтой байсан эсэх үйлдлүүд хамаарна.

Бэлэглэгч буюу нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон ямар үйлдлийг нийтэд ил болгосон юм бэ. Өөрийн хууль ёсоор олж авсан буюу хувьцаа бэлэглэлийн гэрээгээр олж авсан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь яагаад саад учруулаад байгаа юм бэ. “Ч” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь М байгаа. Хэнтий аймгийн Батноров суманд байгаа жоншны уурхай дээр очоод үзвэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа.

740,000,000 төгрөгийн зээл авсан үүнийг хамтарч хувааж төлөх ёстой гэж байна гэтэл энэ зээлийг Z.W авсан үүнийг авахад М оролцсон, зээлийг авахад хамт хурал хийгээд, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараад энэ зээлийг бүгдээрээ авна гээд авсан юм уу, тийм зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

            3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн захирал А.А.Б гэдэг орос хүн байдаг бөгөөд Мд өгөх өрөндөө Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах 0 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосон учраас би “Ч” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн...

Би энэ зүйлийг маш тод санаж байна. Шүүхэд худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээдэг. Z.W гэдэг хүнийг сайн санаж байна. 2017 онд Z.W нь Мтай хамт манай компани дээр ирж уулзаж байсан. Ингэж уулзаж байхдаа хятад нэр нь Z.W, монгол нэр Түмэн гэж хэлж байсан.

Z.W гэдэг хүнийг манайтай уулзахаас өмнө Мд өгөх өр, авлагын талаар яригдаж байсан. “Ч” ХХК-д тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулахдаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойно байдаг нотариатч дээр байгуулж байсан. Тухайн үед “Ч” ХХК нь М, Z.W, түүний эхнэр гээд гурван эзэмшигчтэй байсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулахын өмнө компани нь энэ гурван хүний эзэмшилд байсан.

Тэгээд гэрээ байгуулахын өмнө манай захирал А.А.Б бид хоёр Z.W, М хоёртой уулзсан. Тэгээд захирал Орос явах ажилтай байсан учраас надад тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулах эрхийг өгсөн. Манай орд газар бол 170,000 тонн жоншны нөөцтэй газар байсан. Манайх ажиллах хугацаандаа 12,000 тонныг ашигласан бөгөөд бусад жоншийг хувь хүн болон өөр газруудаас худалдаж аваад экспортолж байсан.

Маш их үнэтэй 158,000 тонн жоншны үлдэгдэлтэй ордыг 100,000,000 төгрөгөөр өгнө гэж байх уу. Ямар ч эдийн засгийн ухаанд багтахгүй зүйл. Гэхдээ манай компани Мд төлөх 250,000,000 төгрөгийнхөө өрийг тэглэх зорилгоор тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн.

Тусгай зөвшөөрөл шилжүүлсэнтэй холбогдуулаад 100,000,000 төгрөгийг “Ч” ХХК-иас 2 хувааж авсан нь үнэн. Яагаад 2 хуваасан бэ гэхээр 50,000,000 төгрөгийг ажилчдын цалинд, нөгөө 50,000,000 төгрөг тусгай зөвшөөрлийн мэдээллийг шилжүүлэхэд зарцуулсан.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн мэдээлэл нь төрийн өмч байдаг. Гэхдээ мэдээллийг худалдаж болдог. Тэгээд гэрээгээ хууль ёсоор нь хийгээд 15,000,000 төгрөгийн татварыг нь төлсөн. Бүх төлсөн бичиг баримт нь надад байгаа. Манай компанийг 2019 онд хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж аваад манайх 4 жил эрхээ хэрэгжүүлж чадахгүй явж байсан. 2022 оны 12, 2023 оны 01 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2 дараалсан шийдвэр гараад манай компанийг хууль бусаар дээрэмдэж авсан гэдэг нь тогтоогдоод манай компанийн эрхийг сэргээсэн байгаа...

            Мгаас дээрх тусгай зөвшөөрлийг манай компани буцааж авахгүй...” гэв. 

 

            4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Z.W-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжпэгчээр оролцож буй Д.Ө нь миний гэр бүлийн хүн, эхнэр маань бөгөөд бид хамтдаа 2017 онд уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар “Ч” ХХК-ийг байгуулсан. Ингээд уул уурхайн аль ашигт малтмалаар үйл ажиллагаа явуулахаа мэдэхгүй олон хүмүүстэй уулзаж байхад Монгол Улсад тогтмол хөрөнгө оруулалт хийдэг БНХАУ-ын иргэн С-тэй уулзсан. Уулзах үед Сүн “Жоншны гайгүй уурхай худалдаж аваад хамтарч ажиллах” санал тавьсныг хүлээн авч, эрэл сурал болсны эцэст одоогийн Хэнтий аймагт байрлах “М” ХХК-иас зарна гэсэн 0 тоот тусгай зөвшөөрөл бүхий жоншны уурхайг сонирхон, компанийн холбогдох хүмүүстэй уулзсан.

Уулзалтаар “М” ХХК-ийн ОХУ-ын эзэд нь эхнээсээ нутаг буцсан, хөрөнгө оруулалтгүй таг гацсан учир яаралтай зарж хөрөнгө оруулагчид руугаа шилжүүлэх хэрэгтэй болсон хэмээн тайлбарлаж байсан. Ингээд харилцан тохиролцон худалдаж авахаар болсон.

Үүний дагуу лицензийг шилжүүлж авах үед Ч.Мтай танилцсан бөгөөд Ч.Мн зүгээс “Уурхайн үйл ажиллагаа хэвийн явуулах тал дээр бүхий ажлыг гүйцэтгэнэ, Эрх мэдэлтэй бүх хүмүүсийг танина. Компанийн тал хувьцааг аваад асуудалгүй арыг нь даана. Ашгаас тодорхой хувийг авна” хэмээн итгэл төрүүлсэн тул эхнэр Д.Өын эзэмшдэг компанийн хувьцаанаас 50 хувийг Ч.Мд шилжүүлж өгсөн.

Ингээд лицензийг шилжүүлж авсны дараа уурхайн үйл ажиллагааг жигдрүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, санхүүжилт, лицензийн төлбөр, үйл ажиллагааны зардал зэргийг шийдвэрлэх шаардлагатай болж, хөрөнгө оруулагч С эхний ээлжинд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 800,000,000 төгрөгийг би өөрөө гаргасан.

Ч.М нь компанийн хувьцаа авснаас хойш Монгол талыг хариуцна гэсэн хүн чинь ямарч ажил хийхгүй, уурхайн үйл ажиллагаа жигдрүүлэх тал дээр ажил хийгээгүй. Харин ч уурхайгаас тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй авч явах, эсхүл дур мэдэн жонш олборлож, түүнийг зарж борлуулж, мөнгийг нь шууд авах зэргээр дураараа аашилснаас үүдэн бидний хооронд үл ойлголцлууд гарч эхэлсэн.

Уурхайн үйл ажиллагаа дөнгөж жигдэрсний дараагаас эхлэн Ковидын нөхцөл байдал үүсч өнөөдрийг хүртэл уурхайд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Ковид эхэлснээс уурхай хаалгаа барин зогссоны дараа М мөнгө өгөхийг шаардаад өгөхгүй болохоор нь тоног төхөөрөмжийг дур мэдэн аваад худалдан борлуулаад сүүлдээ эхнэр бид хоёрыг компанийн хөрөнгийг дураараа захиран зарцуулсан, мөнгө идэж уусан хэмээн Хан-Уул дүүрэг, Хэнтий аймгийн цагдаагийн газруудад удаа гомдол өгч шалгуулсан байдаг.

Тухай бүрт нь эхнэр бид хоёр тайлбаруудыг өгч, холбогдох баримтуудыг гаргаж, цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэг үйлдээгүйг минь шалгаж, цагаатгасан.

Энэ мэт Мн дураараа аашилдаг үйлдлээс болж уурхайн үйл ажиллагааг төлөвлөгөөт хугацаандаа эхлээгүй, мөн хөрөнгө оруулагч болох Сүн өдөр бүр надаас оруулсан мөнгөө шаардаж, хэрвээ төлөхгүй бол цагдаад өгнө, эсвэл компанийн тал хувьцааг өг хэмээн шаардсаар байна.

Хэрвээ М анх хэлсэн шигээ компанийн үйл ажиллагаанд бүхий л талаараа туслалцаа үзүүлсэн бол компани өнөөдрийн энэ хүндрэлтэй байдалд хүрэхгүй байсан. Харин ч эсрэгээрээ эхнэр бид хоёрыг шалгуулж компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, ихээхэн хэмжээний хохирол амсаад, цаашдаа дампуурах дээрээ тулаад байгаа.

Иймд Д.Өын нэхэмжлэлтэй Ч.Мд холбогдох иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье...” гэжээ.

 

            5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2021.09.22-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /1 хх-ийн 4-5 х/,

            -Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай “Ч” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /1 хх-ийн 10 х/,

            -”Ч” ХХК-ийн дүрэм /1 хх-ийн 11-13 х/,

            -2017.06.27-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” /1 хх-ийн 14 х/,

            -2017.06.27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” /1 хх-ийн 15 х/,

            -Гэрлэлтийн гэрчилгээ /1 хх-ийн 16 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.09-ний өдрийн 182/ШЗ2022/08415 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /1 хх-ийн 19-21/,

-2021.09.02-ны өдрийн “Ч” ХХК-ийн тайлбар /1 хх-ийн 22 х/,

-2021.08.27-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 23 х/,

-2021.09.11-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ” /1 хх-ийн 29-31 х/,

-2017.10.20-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хх-ийн 90 х/,

-2017.09.26-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт /1 хх-ийн 91 х/,

-2022.04.05-ны өдөр Э.Ж-д олгосон итгэмжлэл /2 хх-ийн 115 х/,

            -2022.04.29-ний өдрийн 12/22 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /2 хх-ийн 123 х/,

 

            5.1. Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан 2021.12.03-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /1 хх-ийн 65-66 х/,

            -”М” ХХК-ийн 2013.09.06-ны өдрийн “Дэд захирлаар томилох тухай” тушаал /1 хх-ийн 69 х/,

            -2022.06.16-ны өдрийн 0298 тоот Т.М-д олгосон итгэмжлэл /2 хх-ийн 157 х/,

            -Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.12.15-ны өдрийн 1/10794 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /4 хх-ийн 24 х/,

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗВБ нь шүүхэд 2022.11.21-ний өдөр Б.Б-т олгосон итгэмжлэл /2 хх-ийн 221 х/,

            2023.02.08-ны өдрийн 0062 тоот Б.Б-т олгосон итгэмжлэл /4 хх-ийн 59-62 х/,

 

5.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК нь шүүхэд -”М” ХХК-ийн 2022.11.07-ны өдрийн 22/10 тоот тайлбар /2 хх-ийн 203 х/,

            -2021.08.26-ны өдрийн 21/05 тоот Ж.С-т олгосон итгэмжлэл /4 хх-ийн 40-41 х/,

            -2023.01.23-ны өдрийн 23/07 тоот “Төлбөр тооцооны тухай” албан бичиг /4 хх-ийн 47 х/

            2021.08.26-ны өдрийн 21/05 тоот Ж.С-т олгосон итгэмжлэл  хх-ийн /4 хх-ийн 58 х/,

 

5.3. Талуудын хүсэлтээр шүүх Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.08.10-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” /1 хх-ийн 43-47 х/,

            -2021.04.01-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 48 х/,

-Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.09.27-ны өдрийн 1009 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /1 хх-ийн 49-51 х/

-Хэнтий аймгийн Прокурорын газраас 2021.12.14-ний өдрийн 41 тоот “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /1 хх-ийн 82-83 х/,

-Хэнтий аймгийн Прокурорын газраас 2021.12.18-ны өдрийн 427 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /1 хх-ийн 84-85 х/,

-Нэхэмжлэгчээс 0 дугаартай “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл” /1 хх-ийн 92-94 х/,

-Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газарт орших 41,7 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 0 дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг /1 хх-ийн 146-2 хх-ийн 87 х/,

-”М” ХХК-ийн 2022.10.26-ны өдрийн 22/49 тоот “Иргэн Д.Өын нэхэмжлэлтэй хэргийн талаар” албан бичиг /2 хх-ийн 191х/,

-”М” ХХК-ийн 2022.11.27-ны өдрийн 22/51 тоот “Д.Өын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” албан бичиг /2 хх-ийн 201 х/,

-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022.11.01-ний өдрийн 8352 тоот албан бичиг /2 хх-ийн 202 х/,

-Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс “М” ХХК-ийн 2010-2018 оны хүртэлх хугацааны санхүүгийн тайлан /2 хх-ийн 224-243 х/,

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас “М” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэрэг /2 хх-ийн 247-4 хх-ийн 8 х/,

-Баянгол дүүргийн Татварын хэлтсээс “М” ХХК-ийн 2010-2018 оныг хүртэлх хугацааны санхүүгийн тайлан /4 хх-ийн 17-22 х/ баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Ч.Мд холбогдох 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлэг хүлээн авагч Ч.М нь бэлэглэгч Д.Ө болон түүний нөхөр Z.W нарыг үндэслэлгүйгээр гүтгэж Хан-Уул дүүргийн болон Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны улмаас “Ч” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг ашиглах талаар зохих газарт нь үйл ажиллагааны төлөвлөгөө болон уулын ажлын төлөвлөгөө батлуулж чадахгүй нөхцөл байдлуудаас болоод компанийн үйл ажиллагаа доголдсон ямар ч ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдлууд үүссэн, хувьцаа эзэмшигч нарын бизнесийн нэр хүндэд халдаж бэлэглэгчийг ноцтой гомдоосон,

Мөн уурхайн үйл ажиллагаа явуулахад Монгол талыг төлөөлж, төрийн байгууллагуудтай харилцах, жонш олборлоод Хятад улсын хилээр гаргах хүртэлх асуудлыг хариуцахаар тохиролцсон байсан боловч өөрийн хариуцсан ажлаа хийгээгүй учраас Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь “М” ХХК-иас Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах 0 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг өрөндөө авч “Ч” ХХК-д хөрөнгө оруулсан учраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” тус тус байгуулсан. Хамтын бизнес эрхэлдэг “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч Д.Ө болон түүний нөхөр Z.W нарыг компанийн эд хөрөнгө зарсан, завшсан үйлдэлд нь холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Бэлэглэлийн болон хувьцаа шилжүүлэх гэрээнүүд нь ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, бэлэглэгчийг ноцтой гомдоосон зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа бэлэглэлийн гэрээ”-нүүдийг нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ч.Мтай 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус тус байгуулжээ. /1 хх-ийн 14, 15 х/,

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ч.Мд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 20,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй “Ч” ХХК-ийн 50 хувийн эрхээ буюу 10,000 төгрөгийг Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хувьцаа эзэмшигчийн эрхээ эрх шилжүүлэн авагчид шилжүүлэхээр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасныг үндэслэн тус компанид өөрийн эзэмшдэг хувь нийлүүлсэн хөрөнгийн 76 хувь буюу 15,200 төгрөгөөс 50 хувь буюу 10,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагч Ч.Мд бэлэглэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний дагуу “Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан компанийн дүрэмд хариуцагч Ч.М үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, гаргасан хувьцааны 100 ширхэг, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10,000 төгрөгийн буюу 50 хувийн хувьцааг эзэмшихээр болж 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 000133257 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1 хх-ийн 10, 11-13 х/

 

Энэхүү үйл баримтын талаар талууд хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй байдаг.

 

Хуульд заасны дагуу бэлэглэгчийг гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгоно. Улмаар ноцтой гэдэгт дээрх гомдоосон гэх үйлдэл нь бэлэглэгчид болон түүний ойр дотны хүнд сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөхөөр байх юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдгийг өөрт нь болон түүний нөхөр БНХАУ-ын иргэн Z.W нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “...компанийн хөрөнгийг хувьдаа завшсан...”, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “Ч” ХХК-ийн эцсийн өмчлөгч надад болон орон нутгийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр Бэрх суман дахь жоншны уурхайд хууль бусаар олборлолт явуулж байна...” гэх гомдол гаргаж бэлэглэгчийн болон гэр бүлийнх нь хүний бизнесийн нэр хүндэд халдаж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж тодорхойлдог.

 

Хариуцагч Ч.М нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт, “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд “... компанийн хөрөнгийг хувьдаа завшсан...,  Ж ХХК-тай гэрээ байгуулж тухайн компани манай компанид 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар яригдаж байтал намайг Хятад хэл мэдэхгүйг далимдуулан бүтээгүй мэт ойлгуулж, тус хөрөнгө оруулалт болох 200,000,000 төгрөгийг өөрөө хувьдаа авсан болохыг 2020 оны өвөл мэдсэн, цаашид олборлосон бүтээгдэхүүнийг 70:30 хувиар хамтарч ажиллана гэж тохирсон байсан...” гэх гомдлыг,

мөн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “...Д.Ө болон Z.W нар “Ч” ХХК-ийн эцсийн өмчлөгч надад болон орон нутгийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр Бэрх суман дахь жоншны уурхайд хууль бусаар олборлолт явуулж байна...” гэх гомдлыг тус тус гаргаж байжээ.

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 21-нд нээсэн ... хэрэг бүртгэлтийн 211000891 дугаартай хэргийг хаах тухай саналыг прокурорт 2021 оны 9 дүгээр сарын 14-нд гаргасны дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1009 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” прокурорын тогтоол гарч “...нэхэмжлэгч Д.Ө, түүний нөхөр БНХАУ-ын иргэн Z.W нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, ...Г.С-д 2017 онд тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх мөнгө шилжүүлсэн баримтуудыг үндэслэн Ч.Мгийн гаргасан гомдлыг ... тодорхой эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулан өгсөн, “Ч” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг боловч тухайн компаниас авах эд хөрөнгөтэй болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэлээр /1 хх-ийн 49-51 х/,

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Ч нь 3188 дугаартай ... гомдол, мэдээллийг шалгаад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорын хяналтад ирүүлснийг Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 427 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол гарч “...Б.Ө, БНХАУ-ын иргэн Z.W, Д.Ө нарын мэдүүлгийг үндэслэн ...хууль бусаар жонш олборлосон болох нь тогтоогдохгүй..., гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэл /1 хх-ийн 84-85 х/-ээр Ч.Мгийн гаргасан гомдолд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.М нь “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар нэхэмжлэгч Д.Ө, түүний нөхөр БНХАУ-ын иргэн Z.W нарт холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсан, эрх бүхий байгууллагаас гомдлыг нь үндэслэлгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан нь талуудын 2017 он 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Д.Өыг ноцтой гомдоосон үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдоосон гэх бусад үндэслэл нь бүхэлдээ гүтгэсэн гэх агуулгатай байх ба аливаа этгээдийг гүтгэх үйлдлийн объект нь хүний нэр төр, алдар хүнд байх бөгөөд объектив тал нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаасан, муучилсан, худал мэдээлэл тараасан үйлдэл байдаг. Бие хүний нэр хүндийн асуудал дангаараа яригддаг бол бизнес эрхлэгчийн хувьд нэр төрөөс гадна ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголт байдаг. Нэр төр, ажил хэргийн нэр хүндийн аль, аль нь хуулиар хамгаалагдсан эрх бөгөөд энэхүү эрхээ аливаа халдлагаас хамгаалах, зөрчигдсөн гэж үзвэл сэргээлгэхээр шаардах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч өөрийнх нь болон гэр бүлийнх нь хүний бизнесийн нэр хүндэд халдаж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа нотлоогүй, энэ талаар хариуцагчийн гэм бурууг нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч “Ч” ХХК нь “М” ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Сэрвэн гэдэг газарт эзэмшдэг 0 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг 115,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд энэхүү ажилд зуучилж тусалсан Ч.Мд баярлаж, талархсаны илэрхийлэл болгон нөхөр Z.W-тай ярилцаад өөрийн эзэмшиж буй хувьцааны 50 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн, энэхүү гэрээгээр хариуцагч Ч.М “...уурхайн үйл ажиллагаа явуулахад Монгол талыг төлөөлж, төрийн байгууллагуудтай харилцах, жонш олборлоод Хятад улсын хилээр гаргах хүртэлх асуудлыг хариуцахаар тохиролцсон байсан боловч өөрийн хариуцсан ажлаа хийгээгүй...” гэж,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох БНХАУ-ын иргэн Z.W “...лицензийг шилжүүлж авах үед Ч.Мтай танилцсан бөгөөд ... зүгээс уурхайн үйл ажиллагаа хэвийн явуулах тал дээр бүхий ажлыг гүйцэтгэнэ,  ...Компанийн тал хувьцааг аваад асуудалгүй арыг нь даана... хэмээн итгэл төрүүлсэн тул эхнэр Д.Өын эзэмшдэг компанийн хувьцаанаас 50 хувийг шилжүүлж өгсөн. ...компанийн хувьцаа авснаас хойш Монгол талыг хариуцна гэсэн хүн чинь ямарч ажил хийхгүй, уурхайн үйл ажиллагаа жигдрүүлэх тал дээр ажил хийгээгүй...” гэж тус тус тайлбарласан.

 

Дээрх тайлбарууд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.С “...Z.W гэдэг хүнийг сайн санаж байна. 2017 онд Z.W нь М хамт манай компани дээр ирж уулзаж байсан. Ингэж уулзаж байхдаа хятад нэр нь Z.W, монгол нэр Түмэн гэж хэлж байсан.  Z.W гэдэг хүнийг манайтай уулзахаас өмнө Мд өгөх өр, авлагын талаар яригдаж байсан... Манай компанийн захирал А.А.Б гэдэг орос хүн байдаг бөгөөд Мд өгөх өрөндөө Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах 0 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосон учраас би “Ч” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

Z.W нь “М” ХХК-ийн 0 дугаартай “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн авахаар “М” ХХК-ийн төлөөлөгч Ж.С-д 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөгийг дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн байх ба энэ талаар маргаагүй. /1 хх-ийн 90, 91, 92 х/

 

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газарт орших 41.7 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн 0 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь анх 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот “Ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх гэрээ”-ний үндсэн дээр иргэн Х.Х-гээс “Р” ХХК /1 хх-ийн 204-207 х/-д, 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот “Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-ний үндсэн дээр “Р” ХХК-иас “М” ХХК /1 хх-ийн 157-159 х/-д, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17/ТА002 тоот “Техникийн мэдээ мэдээлэл худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ” /2 хх-ийн 2-3 х/, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 623 тоот “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэр /1 хх-ийн 244, 245 х/-ээр “М” ХХК-иас “Ч” ХХК-ийн нэр дээр тус тус шилжин бүртгэгдсэн.

 

Мөн “Ч” ХХК нь 0  дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 17 дахь жилдээ төлж байгаа болох нь “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай” тодорхойлолт, гэрчилгээний 1 дүгээр хавсралтаар тус тус тогтоогдож байна. /1 хх-ийн 223, 225-226 х/

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэхэд 0 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл “М” ХХК-иас “Ч” ХХК-ийн нэр дээр бүртгэхээс өмнө “Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан компанийн дүрэмд хариуцагч Ч.М үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, гаргасан хувьцааны 100 ширхэг, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн  үнэтэй 10,000 төгрөгийн буюу 50 хувийн хувьцааг эзэмшихээр болж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 000133257 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, хариуцагчийн “М” ХХК-иас Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах 0 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг өрөндөө авч, “Ч” ХХК-д хөрөнгө оруулсан учраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” тус тус байгуулсан гэх тайлбараар тогтоогдсон.

 

Талуудын тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд заасан тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээний талаар тайлбарласан гэж үзэхээр байна.

 

Гэвч маргаж буй бэлэглэлийн гэрээнд энэ талаар заасан зүйл байхгүй учраас хариуцагчийн “...нэхэмжлэгчийг цагдаад өгснөөрөө ноцтой гомдоосон үйлдэл хийгдээгүй, харин ч 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 2 дах заалтаар бэлэглэгч компанийн хувьцаа эзэмшигч Д.Ө нь бэлэг хүлээн авагч Ч.Мд хувь нийлүүлсэн хөрөнгийн эрхээс 50 хувь буюу 10,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн..., Ч.М компанийн Монгол талыг хариуцах ёстой гэсэн үг энэ гэрээнд байхгүй...” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна.

 

Зохигчийн хооронд хувьцаа бэлэглэх гэрээнээс гадна компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэмэгдсэн, нэхэмжлэгч Д.Өаас хариуцагч Ч.Мд компанийн хувьцааны 50 хувийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн. Энэхүү гэрээнүүдэд хариуцагч буюу бэлэг хүлээн авагч нь ямар нэг нөхцөл буюу уурхайн үйл ажиллагаа явуулахад Монгол талыг төлөөлж, төрийн байгууллагуудтай харилцах, жонш олборлоод Хятад улсын хилээр гаргах хүртэлх асуудлыг хариуцах, “М” ХХК-тай харилцан тохиролцож тус компанийн эзэмшлийн 0 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг худалдан авахад зуучлах, энэ үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд буцаан шилжүүлэх талаар тохиролцоогүй байна.

 

Нөгөө талаар бэлэглэгч Д.Ө болон түүний нөхөр Z.W нарыг үндэслэлгүйгээр гүтгэж, Хан-Уул дүүргийн болон Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны улмаас “Ч” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг ашиглах талаар зохих газарт нь үйл ажиллагааны төлөвлөгөө болон уулын ажлын төлөвлөгөө батлуулж чадахгүй нөхцөл байдлуудаас болоод компанийн үйл ажиллагаа доголдсон ямар ч ашиг орлого олох боломжгүй нөхцөл байдлууд үүссэн, хувьцаа эзэмшигч нарын бизнесийн нэр хүндэд халдаж бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэсэн үндэслэл нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн агуулгын нөхцөлд хамаарахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Z.W-г бусдаас их хэмжээний зээл авч, компанийн үйл ажиллагаанд зориулсан бөгөөд хариуцагч нь энэ зээлийг хамтарч төлөхөөс татгалзсан, хариуцагчийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсны улмаас “Ч” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг ашиглах талаар Ашигт малтмалын газарт үйл ажиллагааны төлөвлөгөө өгч чадаагүй. Мөн уулын ажлын төлөвлөгөө батлуулж чадахгүй нөхцөл байдлуудаас болоод компанийн үйл ажиллагаа доголдсон, ямар ч ашиг орлого олох боломжгүй, нөхцөл байдлууд үүссэн гэх тайлбараа нотолж чадаагүй. Энэ талаар ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Харин “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын дотоод зөрчилтэй холбоотой, компанийн тухай хуулиар зохицуулагдах тусдаа асуудал гэж үзнэ.

 

Иймээс хариуцагч Ч.Мд холбогдох 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасны дагуу талуудын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2022/10372, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2022/13603 дугаар шүүгчийн захирамжуудаар “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, БНХАУ-ын иргэн  Z.W, “М” ХХК-ийг тус тус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн. /2 хх-ийн 164-166, 196-198 х/

 

Хэрэгт “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А, Дэд захирал Г.С гэх гарын үсэгтэй, 2 өөр хаягтай, 2 өөр тамганы дардас бүхий албан бичгүүд тус тус ирсэн /2 хх-ийн 201, 203 х/ бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10/10272 албан бичгийн хавсралтаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Г.А байна гэжээ. /2 хх-ийн 201, 203, 244-248 х/

 

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А нь тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 27-нд 22/51 тоот албан бичгээр “...Д.Ө болон Ч.М нарын хоорондын маргаан манай компанид ямар ч хамааралгүй байх тул, энэхүү хэрэг маргаанд манай компанийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн. /2 хх-ийн 201 х/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/10794 тоот “М” ХХК-д хүргүүлсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “....энэхүү хяналт шалгалтын хүрээнд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаарын мэдээлэлд өөрчлөлт оруулсныг бүртгэж дахин гэрчилгээ олгосон 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэл, мөн ... гүйцэтгэх удирдлагыг өөрчилж дахин гэрчилгээ олгосон 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэл, хаяг өөрчилж, эцсийн өмчлөгчийн мэдээлэл бүртгэгдсэн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг ... 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 7457 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн...” гэжээ. /4 хх-ийн 24 х/

 

Энэхүү албан бичгийг үндэслэн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А-г бүртгэсэн бүртгэл хүчингүй болсон гэж үзэж А.А.Б захирлаас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэд захирал Ж.С-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцуулсан болохыг дурдаж байна.

 

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Z.W-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно

 

Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 140,400 /70,200+70,200/ төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Мд холбогдох 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                    Х.ДАШДЭЧМАА